Төсвийн ерөнхийлөн захирагчид хариуцлага тооцох ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Төсвийн ерөнхийлөн захирагчид хариуцлага тооцох ёстой гэв

УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны хуралдаан болж, Монгол Улсын 2010 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2010 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг авч хэлэлцлээ.

Үндэсний аудитын газраас гаргасан тайланд дурдсанаар нийт найман газар хязгаарлалттай гэсэн дүгнэлт авчээ. Энэ нь үндсэндээ Төсвийн хуулийг зөрчсөн гэж үзэж болох аж. Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг газрууд оржээ. Гэвч тус дэд хорооны хуралдаанд эдгээр газруудын олонхиос нь холбогдох албан тушаалтнууд оролцоогүй тул тодорхой тайлбар авч чадсангүй. 

Гэхдээ Гадаад харилцааны яамны хувьд хилийн чанад дахь Монгол Улсын Элчин сайдын яам, консулын газруудын санхүүгийн тайлан батлагдаагүй гэсэн үндэслэлээр энэ удаад Үндэсний аудитын газраас хязгаарлалттай гэсэн дүгнэлт авчээ. Гадаадад Монгол Улсыг төлөөлсөн 35 дипломат газар бий. Тэр бүгдэд хүрч очиж, санхүүгийн үйл ажиллагааг нь шалгах боломж хомс аж. Гэхдээ өнгөрсөн оноос эхэлж үндсэндээ 13 дипломат газрын санхүүд шалгалт хийсэн гэсэн мэдээллийг тус яамны санхүүгийн албаны эрхэм өгсөн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд “Жил бүр УИХ-аар төсвийн гүйцэтгэл, жилийн эцсийн тайланг авч хэлэлцдэг, Төсвийн тухай хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой” гэсэн санал шүүмжлэл өрнүүлдэг ч энэ нь биелэлээ олдоггүй. Цааш явсаар төрийн мөнгийг үр ашигтай зарцуулах ёстой гэсэн үндсэн зорилгод хүрч чадахгүй байгаа тул дэд хорооны зүгээс ажлын хэсэг байгуулан ажиллах. Тэр дундаа зөрчил гаргасан гэх найман газрын санхүүгийн тайланг дэлгэрэнгүй авч үзэж, дүн шинжилгээ хийх. Хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлагыг нь тооцох гээд бодитой дүгнэлт гаргах ёстой гэсэн шүүмжлэлийг гишүүд хэллээ. Мөн төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг хувьчлахгүй бол ашигтай ажилладаг газар байдаггүй. Нэг төгрөгийн үнэтэй барааг гурван төгрөгөөр худалдан авч, хэргээр шахааны бизнес хийдэг гээд яривал асуудал олон аж. Түүнчлэн дулааны цахилгаан станцуудад анхаарлаа хандуулах цаг болжээ. 2010 онд эдгээр газруудад 5.5 тэрбум төгрөгийн татаас өгсөн ч түүнээс илүү гарсан үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа гэнэ. Уг нь төрөөс өгч байгаа татаасын хүрээнд өр зээлээ барагдуулах, алдагдлаа багасгаж, улмаар 2013 оноос бие даах ёстой ч одоогоор эерэг үр дүн бага аж. Гэхдээ үүнд нөлөөлж буй хэд, хэдэн хүчин зүйл бий аж. Тухайлбал, цахилгаан, дулааны үнийг төрөөс ямагт барьдаг. Үнийг чөлөөлье гэдэг саналыг холбогдох газруудаас удаа дараа гаргадаг ч “Нэг бол өвөл болох гэж байна, эс бөгөөс сонгууль дөхөж байна” гээд асуудлыг шийдвэрлэдэггүй. Нөгөөтэйгүүр, төрийн өмчийн оролцоотой нүүрсний уурхайнууд нүүрсээ хямд үнээр станцуудад нийлүүлдгээс ашигтай ажиллаж чаддаггүй. Дээр нь “Улаанбаатар төмөр зам”-ынхан уурхайгаас олборлосон нүүрсийг дулааны цахилгаан станцуудад хүргэхдээ алдагдалтай үнээр тээвэрлэдэг гээд өөр хоорондоо гинжин урвалд орсон алдагдалтай бизнес одоо хэр нь үргэлжилсээр байгаа тул энэ асуудлыг цогцоор харах шаардлагатай тухай ч гишүүд хөндлөө.

Мөн олон жилийн турш ярьж буй ч шийдвэрлэгддэгүй бас нэг асуудал  Хадгаламж зээлийн хоршоодтой холбогдов. Иргэдийн хохирлыг төлөх зорилгоор төрөөс ихээхэн хэмжээний хөрөнгө гаргасан. Битүүмжилсэн хөрөнгөөр улс хохирлоо буцаагаад төлөөд авчих боломжтой гэж хэдэн жилийн өмнө ярьж байсан ч өнөө үлгэр болж буй юм байна. Учир нь битүүмжилсэн хөрөнгүүдийн дийлэнх нь алга болсны зэрэгцээ заримыг нь зарах аргагүй. Эвдэрсэн, тоногдсон. Гэтэл наад зах нь 70-80 тэрбум төгрөгийн асуудал байдаг. Тиймээс одоо битүүмжлэлд байгаа эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийг зарж, улс хохирлоо барагдуулж авах талд ажиллахгүй бол эцсийн дүндээ дахин татвар төлөгчдийн мөнгийг урсгах болж буй тухай УИХ-ын гишүүн Ч.Улаан хөндөж, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллахыг дэмжсэн юм. Ингээд энэхүү төсвийн гүйцэтгэл болоод санхүүгийн тайланг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж