Фото: EPA
"Талибан" хөдөлгөөний дайчид 28-ны өглөө Афганистаны зүүн хойд Тахар мужийн районы төв Даркад хотыг эзэлсэн тухай Tolo-News агентлаг дамжуулжээ.
Есдүгээр сарын сүүлчээр хэт даврагчид Баглан, Тахар, Кундуз мужуудад 300 мянган хүнтэй хотыг эзэлсэн байв. Хожим засгийн газрын цэрэг Кундузыг эргүүлэн чөлөөлсөн.
Аравдугаар сарын 2-нд талибууд Бадахшан мужийн Вардуж тойрогт хяналтаа тогтоож чаджээ. Түүний өмнө тэд Баглан мужийн Тала-ва-Барфак, Тахар мужийн Хважа Гхар районуудыг эзэлсэн байна.
Аравдугаар сарын 5-нд Hama Press агентлаг талибууд Афганистаны хойд хэсэгт довтолгооноо үргэлжлүүлж байна гэсэн юм. Tolo-News агентлагийн мэдээлснээр дайчид Тажикистаны хилийн зүг эрчтэй ойртож байгаа ажээ.
"Талибан" гэх хэт радикал исламын хөдөлгөөн Афганистан, Пакистан хоёрт үйл ажиллагаагаа явуулдаг. Тэр байгууллагыг Оросын дээд шүүх террорист гэж үзээд нутагтаа үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон байгаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР