Аяганы алагаас агтны алаг

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Аяганы алагаас агтны алаг

Хуульч О.Алтангэрэл "Шүүхийн шинэтгэл" сэдэвт цуврал нийтлэлээ манай уншигчдад хүргэж байна.

Эрүүгийн хуульд танхай гэдэг гэмт хэрэг бий. Энэ зүйл ангиар жилдээ хэдэн зуун залуус шүүхийн хаалга татдаг, тэгээд азтай нь тэнсэн авч азгүй нь шорон руу ачигддаг. Хэн нэг этгээд “бусдыг илт үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол” шууд л танхайн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно. Энэхүү хэргийг бүлэглэж үйлдсэн бол 3-5 жил, хэрвээ зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жилийн хугацаатай хорих ялаар шийтгэнэ.

Амьдрал дээр залуучууд хэд хэдээрээ, найзуудтайгаа нийлж дарвиж байгаад зодоон цохион хийж хэрэгт холбогдох нь олон. Тэгвэл “бүлэг” гэж байгаад л 3-5 жилийн ял өгдөг. Та захын шүүх, цагдаагаар ороод асуугаарай, 181-ээр зүйлчлэгдсэн хэрэг байна уу гэж.  Өмнөөс чинь хавтас, хавтасаар нь сарвайна.
Зодооныг салгах гэж байгаад хомрогод өртсөн, хэл ам, ахуй байдлаараа доромжлогдсондоо тэсвэр алдаж хэн нэгнийг цохиод авсан, архи ууснаа арслан бар болсон мэт санаж хөөрцөглөсөн олон зуун залуусыг шорон руу илгээсэн хар мөртэй зүйл анги юм энэ 181.

Үнэн сэтгэлээсээ гэмшиж, хохирлоо бүрэн барагдуулж, дахиж л энэ муухай цагдаа прокурорын хаалгыг татахгүй юм шүү гэтлээ хаширчихаад байхад нь төр төмөр нүүрээ харуулан “Үгүй ээ, чамайг заавал хорино, шоронд их юм сураарай” гэсэн мэт заавал хорих ял шийтгэдэг тул үүнийг нь аргалах, өөр зүйл анги болгож өгөх нэрийдлээр ард иргэдийг маш ихээр чирэгдүүлж, дундаас нь ашиг хонжоо гаргадаг ашигтай зүйл анги юм, зарим албан хаагчдад.

Энэ талаар гарсан Дээд шүүхийн томоос том тогтоол бий. Гэтэл бүх зүйлийг бантан болгож хутгасан энэ тогтоол эргээд хэрэгт холбогдсон этгээдэд туйлын ашиггүй тусдаг. Ухаан нь хүн өөрийг нь цохиод унагахад өөдөөс нь чулуу бариад босоод ирэхэд л зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн болчихож байгаа юм. Энэ логикоор бол “Атар” талхны хатсан булангаар дэлсээд авсан ч “зэвсгийн чанартай талхны булан” хэрэглэж хохирол учруулсан гээд яллачих бүрэн боломжтой. За тэгээд олон нийтийн газар гэдэг нь хаа сайгүй. Тэр байтугай гэртээ хүнтэй маргалдсан ч энэ зүйл ангиар зүйлчилдэг. Ямар сайндаа л цагдаа нарын дунд ийм яриа гарсан юм “Ууланд хашгирсан ч танхай” гэж.

Энэ бол нэн даруй эрүүгийн хуулиас хасч хаявал зохих, соёлтой газрын боловсронгуй хуультай орны хуульчдад бол дурсахаас ч ичмээр нэн гажиг зүйл анги даа. Үүн дээр нь мөрдөн шалгах ажиллагаа нь бараг байхгүй, ганцхан байцаалт, гэрчийн мэдүүлэг дээр үндэслэдэг манай эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нэмэгдэхээр хэнийг ч шорон руу илгээх томоохон цоорхой үүсч байгаа юм. Юун тэр хүний эрх.

Гэтэл түмний нүдэн дээр танхайрсан үйлдэл хийгээд байхад засаг төр нүдээ аниад өнгөрөөсөн тохиолдол гараад өнгөрлөө. Нум сум агссан этгээдүүд Төрийн ордон руу харваад, харвасан сум нь цонх хагалахад уухайн түрлэг өргөөд, одоо л энэ хэдийг аваад явах нь дээ гэтэл юу вэ, бүүр таг чиг. Дахиж танхайрна гэж өнөө хэд нь зурагтаар маасайгаад л.

Би хувьдаа энэ хэдийн байгаль орчноо гэсэн сэтгэлийг ойлгодог. Тэр дундаа Ч.Мөнхбаяр гуайг төрсөн нутгийн маань хөвөөг чимсэн Онги голыг хамгаалан олон жил тэмцсэн болохоор хүндэтгэдэг учраас энэ хэдийг заавал бариад, хорих хэрэгтэй гэж уриалах гэсэнгүй. Гагцхүү энэ танхайрах гээч гэмт хэрэгт холбогдсон олон сайхан залуусыг таньдаг, өмгөөлж яваад шорон руу илгээж, мунхаг хуулийн өмнө цөхөрч явсан өмгөөлөгч хүний хувьд “Битгий ингэж ялгаварлаач, үнэхээр ингээд зүгээр өнгөрөөж болдог юм бол бүгдийг нь сулла, одоо мөрдөгдөж байгааг нь хэрэгсэхгүй болго” гэж хэлмээр, бүүр хашгирмаар байна.

Өмгөөлөгчдийн холбооноос жил бүр төлбөрийн чадваргүй 2-оос доошгүй иргэнийг өмгөөл хэ­мээн өмгөөлөгчдөө томилдог. Энэ хэргүү­дийн дийлэнх нь хуулийн мэдлэггүй, амьдралын нөхцөл, залуу наснаасаа болж алдсан залуустай холбоотой байдаг. Манай хууль хатуу, харж хандах, хөөцөлдөж гүйх хүнгүй, хөрөнгө бэлгүй нэгэнд бүүр ч хатуу тул дийлэнх нь ял аваад явдгийг манай хуулийнхан бүгд мэднэ дээ.

Гэтэл байнга хэвлэлийн бага хурал хийдэг, эртний загвартай бөөрөнхий малгай өмсдөг, гадаадын байгууллагуудаас шагнал авдаг хүн Төрийн ордны цонхийг хага харваад зүгээр өнгөрдөг, хэн ч таньдаггүй, хуулиас байнга айж яваад нэг удаа алдсан нь дээлээ нөмөрдөг байх нь шударга уу. Тал тоосго, гудамжны чулуу, зэвтэй төмрийн өөдөс шууд л зэвсэг, зэвсгийн чанартай зүйлд тооцогдож байхад нум сум юунд тооцогдох вэ.

2008 оны долдугаар сарын 01-ний өдөр МАХН-ын байр шатсаны улмаас хүн түлэгдэж нас барсан хэрэг гарсан. Гал тавьсан, шатаасан эзэд нь дүрс бичлэгээр баталгаажаад, нэр устайгаа тов тодорхой байхад төр өршөөл үзүүлсэн. Энэ үед айлын хашаа шатааж хүний амь бүрэлгэсэн нөхөр “Адилхан л шатаасан бол шатаасан, намайг өршөөх ёстой” гэсэн ч цааз сонссон юм. Жигшүүрт муухай хэрэг үйлдсэн ч гэсэн хүн л юм болсон хойно барьцаж байгаа нь тэр. Хуулийн дагуу цээрлэл хүлээсэн нь шударга ёсонд нийцнэ, гэхдээ л хүн бол хүн шүү дээ.

Аяганы алгаас агтны алаг гэдэг, энэ цөөхөн монголчуудыгаа хэнийг нь барьж хориод хэнийг нь давраагаад байгаа нь ойлгогдохгүй ийм ялгавартай байснаас Монгол төр танхай гээч хэрэгт холбогдсон бүх иргэнээ яг одоо өршөөх нь зүйд нийцнэ. Танхай гэгч зүйл ангийг эрүүгийн хуулиас хассан ч болж байна.

Эрүүгийн хуулиас гадна Захир­гааны хариуцлагын тухай хуульд танхайрсан этгээдэд хариуцлага хүлээлгэх тухай заалт бий. Энэ нь хуулийн давхардал бий болгож байгааг манай эрдэмтэн судлаачид олон жил хэлж, бичиж ирсэн ч тодорхой үр дүнд хүрдэггүй. Би л хувьдаа давхцах нь байтугай ийм төрлийн гэмт хэрэг гэж огт байж болохгүй гэж үздэг, энэ талаараа “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд өгүүлэл хүртэл хэвлүүлж байсан. Гол утга нь учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр нь яллах ёстой, үйлдэл талаас нь бол захиргааны журмаар хариуцлага оногдуулах бүрэн боломжтой гэж үзсэн юм.

Тиймээс учруулсан хохирлыг нь төлүүлээд танхайн хэрэгт холбогдсон иргэдийн хэргийг бүгдийг нь хэрэгсэхгүй болгох нь шударга ёсонд нийцнэ. Мэдээж хэрэг хагарсан цонхыг шиллүүлэх мөнгийг Ч.Мөнхбаяраас гаргавал таарна. “Гарын таван хуруу” кинонд айлын хүүхдэд үхрийн пүнзнийхээ цонхыг хагалуулсан эмэгтэй юу гэдэг билээ, “би ч яахав, муу тугал маань л хөөрхий” гэдэг шиг цонхоо харвуулсан төрийн түшээд маань хөөрхий шүү дээ.

Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж