Хятад улс Тайвань руу дайрахаар бэлтгэлээ хангаж байна. Хятадын армийн хүчин чадал 2020 он гэхэд хангалттай хүчирхэг болохыг Тайваний цэргийн шинжээчид мэдээлэв.
Улстөрийн харилцаа холбоог үл харгалзан Хятад том хэмжээний дайнд бэлтгэж байна хэмээн Тайваний цэргийнхэн үзжээ. Хятадын армийн төсөв өнгөрсөн 10 жилийн турш нэмэгдсээр АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэх болсонд олон улсын зүгээс болгоомжилж буй. Гэтэл бодит байдал дээр Хятадын батлан хамгаалахын төсөв олон улсад мэдээлснээс хоёроос гурав дахин их болохыг Тайваний батлан хамгаалах яамны мэдээлэлд дурьджээ. Хятадын эрх баригчид тэнгисийн цэрэг болон нисэх хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхэд илүүтэй анхаарч байгаа аж. Хятадын хувьд Тайваний аралд дайралт хийхэд гуравдагч хүчний хөндлөнгийн оролцоо хамгийн ихээр саад болж байгаа гэнэ.
Үүний зэрэгцээ Тайвань өнгөрсөн есдүгээр сард удаан хүлээсэн дизель-цахилгаан хөдөлгүүртэй шумбагч онгоц бүтээх төслийг эхлүүлэхээр болсон юм. Үүний тулд Тайвань 2016 оны батлан хамгаалахын төсөвтөө гурван тэрбум тайвань долларыг тусгажээ. Тайваньд дэлхийн II дайны үеийн насжилттай дөрвөн хуучин шумбагч онгоц л байдаг аж. Гэтэл Хятад улс нь олон төрлийн зориулалттай 70 орчим шумбагч онгоцтой юм.
Хятад болон Тайваний арал 1949 оны иргэний дайны төгсгөлд салсан аж. Гэвч Хятадын зүгээс Тайванийг өөрийн нэг муж гэж үзсээр байдаг. Гэхдээ Тайваний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөх орны тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа юм. Бээжинд талтай Ма Инь-жоу Тайваний ерөнхийлөгч болсноос хойш Хятадтай харилцаа нэлээд нэмэгдсэн байна. Хятадтай эдийн засаг, соёлын солилцоо нэмэгдсэн нь Тайваний “дархлааг” сулруулж байна хэмээн үзэх хүмүүс их байгаа аж. Тайвань, Хятадын хоорондын худалдаа наймаа өнгөрсөн онд 198 тэрбум ам.долларт хүрснийг арлын статистикийн мэдээнд дурьджээ.
Тайванийн ард иргэд ирэх нэгдүгээр сард шинэ ерөнхийлөгчийг сонгох юм. Уг сонгуульд тусгаар тогтнолын төлөөх сөрөг хүчний “Ардчилсан дэвшилтэд намын” нэр дэвшигч Цай Инг-вен ялах магадлал өндөр байгаа аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Channel News Asia, Taipei Times