NEWS агентлаг философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Либертари булан”-г хэрэглэгчиддээ хүргэж байгаа билээ. Либертари сэдвээрх асуулт, хариулт, ярилцлагуудыг та бүхний хүртээл болгоно.
АГУУЛГА: (Эдийн засгийн либертари онолын үргэлжлэл) (Яагаад хувийн өмч гэж? Дутагдахуй нь хувийн өмч үүсэх шалтгаан мөн. Халамжгүй халамж. “Үнэгүй хоол” хэмээх зохиомж, татвар хэмээх дээрэм, даатгал хэмээх хуурамбайн тухай. Татвараас Чөлөөлөгдөх Өдөр. Улсын өмч, тэр нь яагаад үр ашгаа өгдөггүй вэ?)
ЯРИАНЫ СЭДЭВ:
Би нэгэн байгууллагатай 10 сая төгрөгийн гэрээ хийж, ажлаа гүйцэтгэчхээд мөнгөө авах гэтэл 9 сая төгрөг өгдөг юм байна. 1 саяыг нь төр дундаас нь “туучихжээ”, тэр мөнгө хэн нэг дарга юм уу, түүний эхнэр хүүхдийн машины бензинд явж байгаа даа. Ажил, хөдөлмөр хийж арайхийж хэдэн төгрөг олсны маань 10%-ийг төр хүчээр авч, өөрийнхөө хүмүүст өгөөд байдаг, үнэхээр харамсалтай. Тэр байгууллага 10 саяыг зарлагадсан нь үнэн юм чинь 10 саяар хийлгэсэн гэж ярина, би 9 саяыг авсан нь үнэн юм чинь 9 саяар хийсэн гэж ярина. Ингээд бид хоёрын хэн хэн нь хохирч, юу ч хийгээгүй төрийн хүн дундаас нь хожоод л өнгөрч байгаа юм.
Энэ бүхний талаар Х.Х-д хэлэв. Мань эр өлгөж аваад ярьж байна аа. Түүний хэлж байгаагаар, саявтар телевизээр төрийн нэг зүтгэлтэн татварын ач холбогдлын тухай мөн ч их сургаал айлдсан гэнэ. Монголын иргэд бид “татвар төлөгчдийн 7 хоног” гэгчийг тэмдэглэж байгаа аж. Манай улсад 5-р сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн долоо хоног” гэж үздэг юм байна. Тэгээд л тэр түшмэл татварын ач холбогдлын тухай баахан юм ярьсан юм байх. Бидний төлсөн татварын мөнгө боловсрол, эрүүлийг хамгаалах, цэрэг арми, цагдаад очдог тухай, гудамж талбай гэрэлтүүлэхэд зарцуулагддаг тухай гээд нөгөөх улиг болсон сэдвүүдээ ярьсан бололтой. Ихэнх тохиолдолд энэ бүхэн худал болохыг илчлэхэд бид хоёрын ээлжит яриа чиглэсэн юм.
Х.Х: Дэлхийд хамгийн чөлөөт эдийн засгийн системийг амжилттай байгуулсан орон АНУ мөн үү? Америкт Европын цагаачид очоод, эдийн засгийн ямар тогтолцоог буй болгосон юм бэ гэсэн энгийн асуултаас яриагаа эхлэх үү?
Б.Б: Тухайн үеийн Америкийн колониудыг (Европын цагаачдын очоод, бий болгож байсан нэгдэл, хамтран аж төрөх хэлбэрийг ингэж нэрлэдэг. Б.Б.) эдийн засгийн боолчлол, эрхтэн ямбатны дарлал, дундад зууны оюун санааны хүлээснээс зугтаж очсон хүмүүс бий болгосон. Тэд Америкт ирээд урьд нь хэний ч өмч биш, зөвхөн Бурхны мэдэлд байсан газар-шороо, эд юмсад өөрийн хөдөлмөрийг “шингээсний” (Локкийн хэлснээр) үндсэн дээр тухайн юмсыг өмчлөх эрхийг олж авсан юм. Тухайн зүйлд шингээсэн хөдөлмөр нь уг зүйлийг эзэмших эрхийг нээж өгчээ. Тэдгээр цагаачид нэг л зүйлийг яс махандаа хүртэл ухамсарладаг байв. Тэр нь юу вэ гэвэл, хэн нэгний цаг заваа барж, хүч хөдөлмөрөөрөө бүтээсэн зүйлийг өөр нэгэн ирээд (жишээ нь, төр өөрийн цагдаа, түшмэлийг явуулаад) авчхаж болохгүй гэсэн зарчим. Тухайн хүний бүтээсэн зүйлийг хүн авч болохгүй юм бол тэр хүн ч бусдын хүч хөдөлмөр, цаг заваа заран байж бүтээсэн зүйлийг авч болохгүй гэсэн үг.
АНУ-ыг үндэслэгчид. Европоос гарч “Шинэ тив” буюу Америкт очихдоо далайн болон элдэв халдварт өвчин, өлсгөлөн зэргээс болж замдаа хамт гарсан хүмүүсийн хагасыг үрэгдүүлсэн энэ хүмүүс “юу ч үгүй тэр газар” очиж дэлхийн хамгийн хөгжилтэй гүрнийг бий болгосон юм.
Х.Х: Америкт очсон Европын цагаачид гэхээс либертариуд цагаачлалын асуудлыг эерэг талаас нь авч үздэг юм шиг байна лээ, тийм үү?
Б.Б: Хүмүүс улс төрийн дарлал, эдийн засгийн боолчлолоос зугтаж, хаана нэг газар (улс-оронд) амьдрах эрхтэй. Энэ бол амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх гэсэн төрөлх эрхээс урган гардаг шаардлага. Чөлөөт цагаачлал байхгүйн улмаас одоо олон оронд маш олон хүн зовж, тарчилж байна. Дашрамд хэлэхэд, АНУ анхнаасаа л цагаачдын эх орон шүү дээ.
Х.Х: Тэгэхээр өмч гэж юу болохыг тодруулснаар яриагаа эхэлбэл яасан юм бэ?
Б.Б: Амьдрал, эрх чөлөөгөөрөө бий болгосон бүх зүйл тань таны өмч. Өмч гэдэг бол хөдөлмөрийн тань үр шим. Зарцуулсан цаг хугацаа, хүч, авьяасын тань төлөөсөнд ирж буй зүйл.
Х.Х: Тэгвэл Пьер Жозеф Прудон 1840 онд бичсэн Өмч гэж юу вэ? хэмээх бүтээлдээ “Өмч бол хулгайч” гэсэн тодорхойлолт өгч, шуугиан тарьж байсныг юү гэх вэ?
Б.Б: Тийм ээ, энэ бол түүний цэвэр социалист байр суурин дээр байх үедээ өгсөн тодорхойлолт. Прудон ч оюун санааны их хувьслыг дамжсан хүн шүү дээ. Сүүлдээ анархист болсон.
Энэ бүхэн яах вэ. Би хэллээ, Прудон социалист байран дээр байхдаа тэр үгийг хэлсэн гэж. Социализм бол хэн илүү бүтээлч, илүү ухаалаг, илүү авьяаслаг байна, түүний хөдөлмөрийг нөгөөдүүл нь мөлжиж байдаг нийгмийн байгууламж шүү дээ. Харин социализмын энэ шинжийг зах зээлийн нийгэмд тод томруун харуулдаг ганц үзэгдэл бол төр юм.
Либертариуд өмчийг бүтээлч хүч гэж үздэг. Өмчлөх эрх бол асуух ёсгүй 3 эрхийн нэг. “Чи яагаад өмчтэй байгаа юм бэ?” гэж асуух нь “Чи яагаад амьдрах гээд байгаа юм бэ?”, “Чи яагаад эрх чөлөөтэй байгаа юм бэ?” гэж асуухтай адил утгагүй сонстдог.
Х.Х: Би Прудон шиг “өмч бол хулгайч” гэх гээгүй л дээ. Гэхдээ өмчтэй холбоотойгоор дандаа муу муухай зүйл гараад байх шиг?
Б.Б: Манайд л ийм байгаа юм. Энэ нь үндэстний ёс суртахуун, соёл, уламжлалтай холбоотой. Тэгээд ч манайд жинхэнэ капитализм биш хулгай, дээрэм, тонуул, залилангийн капитализм байна.
Х.Х: Хувийн өмчид сайн тал гэж байна уу? Хувийн өмчийг тэгш бус байдлын уг сурвалж гэдэг шүү дээ?
Б.Б: Сүүлийн асуултаас чинь эхэлье. Тэгш байдал гэдэг маань өөрөө асар шударга бус байдлын илэрхийлэл шүү дээ.
Х.Х: Тийм гэж үү, яахаараа тийм байдаг билээ?
Б.Б: Энэ ертөнц дээр оюун ухаан, авьяас чадвар, хөдөлмөрлөх хүч чадал, авхаалж самбаагаараа яг ижил хоёр хүн гэж хаана ч байхгүй. Гэтэл дурдагдсан энэ бүх зүйлс бол баялаг бүтээх хүчин зүйлс. Баялаг бүтээх хүчин зүйлс хүн бүрд өөр, өөр байдаг тул үр дүн нь ялгаатай байх нь зүй. Гэтэл хөдөлмөрийн бүтээмж ихтэй хүний хөдөлмөрийн үр дүнг хөдөлмөрийн бүтээмж багатай хүнд тэгш хувааж өгнө гэдэг бол шударга үйлдэл байж чадах уу? Ингээд байх юм бол залхуу нь хөдөлмөрч хүмүүсээ мөлждөг нийгэм бий болно. Социализм гэдэг ердөө ийм л нийгэм байсан шүү дээ. Хөдөлмөр, авьяас чадвар, оюун ухаанаа маш үр дүнтэй ашиглаж байж бий болгосон зүйлээ юу ч хийдэггүй хэн нэгэнтэй хуваагаад байх юм бол бусдаас илүү хөдөлмөрлөж, ухаан гаргаж, авьяасаа шавхаж байх хэрэг юу байна.
Х.Х: Хувийн өмчийн сайн тал гэж дээр асуусан ?
Б.Б: Хувийн өмчтэй хүн баялаг бүтээх тал дээр улам бүтээлч, хөдөлмөрч болдог. Адам Смит хувийн өмч гэсэн урамшуулал байсан учраас хүн бусдад (нийгэмд) хэрэгтэй зүйл бүтээж, түүнийхээ үндсэн дээр өмчөө арвижуулах сэдэлтэй байдаг гэсэн. Улсын байгууллагад бол ийм сэдэл бараг байдаггүй.
Х.Х: Яагаад?
Б.Б: Хувийн өмчтөнүүд асуудалд хандахдаа танил тал, арын хаалганы үүднээс биш нийгмийн агуулгаар ханддаг. Учир нь нийгмийн хүсэж буй зүйлийг бүтээхгүй бол өмч нь арвижихгүй. Өмчийн эзэн өмчөө нийгэмд хамгийн хэрэгцээтэй газар байршуулж, үр дүн өгөхүйцээр ашигладаг. Тиймээс хувийн өмч бол өмчийн эзний төдийгүй нийгмийн хөгжлийн үндэс. Улсын байгууллагын дарга чадвар муутай танил тал, хамаатан саднаа ажилд авлаа гэхэд өөрөө хохирдоггүй. Дарга ч тэр, танил нь ч үр бүтээлтэй ажилласан ч, бүтээмж муутай ажилласан ч улсаас авдаг цалингаа л авна. Ийм учраас ажил хийдүүлдэг, бүтээлч бус хүмүүс улсын байгууллагад ажилд орох дуртай байдаг. Хувийн компанид ийм байх аваас бүтээмж буурч, орлого хомсдсоноор компани дампуурах учир эзэн нь боловсон хүчний асуудал дээр шударга байж л компаниа өсгөж өндийлгөдөг.
Жишээ авч харьцуулах юм бол хувийн өмч, төр хоёр эрс өөр зан чанартай, хоорондоо таардаггүй хүмүүс л гэсэн үг. Учир нь хувийн өмчийг шударга, чөлөөт, бүтээлч, өрсөлдөөнт, эрэлттэй гэх мэт шинжүүд дагалддаг бол төрийг дагалдан хүчирхийлэгч, дангаар ноёрхсон, өрсөлдөөнгүй, бусдын хөдөлмөрийг мөлжсөн, танил тал дээр тулгуурласан, авилгач гэх мэт шинж гарч ирдэг. Иймээс энэ хоёр бие, биедээ харшилтай байхаас өөр арга байхгүй.
Хувийн өмчийн нэлээд ач холбогдолтой үр дагавар бол төрөөс хараат бус байх бололцоо олгодог. Уг чанараараа ийм байхаас аргагүй. Учир нь өмчтэй хүн төрөөс халамж, өглөг горьддоггүй.
Х.Х: Төрөөс өгч буй халамж, өглөгийн муу гэж юу байх вэ дээ?
Б.Б: Муу тал бас байна аа. Төрөөс халамж авч буй хүн өөрийн төлөө бусдыг дээрэмдэх бололцоог төрд олгож байдаг. Төр, халамжлуулагчид мөнгө өгөхийн тулд өөр нэгнийг дээрэмдэх далимтай болж байна. Иймд төрийнхөн халамж гуйж буй хүмүүст их тааламжтай ханддаг. Тэд халамж нэхэгсдийн хүсэлтийг сонсоод, хөхөн баясаж “За, та нар хар, нийгэмд халамж шаарддаг хүмүүс байдаг юм” гээд баялаг бүтээгсдээс авах татвараа нэмэгдүүлнэ. Тэгээд дундаас нь асар их мөнгө зувчуулан, төрөө данхайлгахад (ер нь, хувьдаа ашигладаг гээд хэлчхэд хол зөрөхгүй) зориулдаг. Тийм учраас л Кэн Скүландын зохиолын баатар Жонатан “Хүн өөрийн төлөө төрийг бусдын эсрэг турхирч болохгүй” хэмээсэн байдаг.
Халамжийн өөр нэг муу тал нь хүнийг хариуцлагагүй, арчаагүй, бусдын гар харамтгай болгодог. Халамж гэдэг бол өөрийгөө болон нэр төрөө боддог хүмүүсийн хувьд дорд үзсэн нэр томьёо. Халамж авах гээд дараалалд зогсох, теллер хүүхний доромж харьцааг тэсвэрлэх нь өөрийгөө ихээхэн хэмжээгээр доош хийж буй хэрэг мөн.
Харж байхад, мөн ч олон халамж байх юм. Хэзээ зах зээлийн нийгэм, капитализм ийм байсан юм. Ердөө л социализм. Нэг хэсэг нь иргэд, залуучуудаа зах зээлийн мэдлэг, ухамсар, дадал заншилтай болгох гэж ядаад байдаг. Гэтэл улс төрчид нь социализм уруу “уруу” татаад л. Ер нь Монголын ардчилагчид социализмаас сөөм хүрэхгүй зайд байдаг хүмүүс шүү дээ. Энэ нь тэдний явуулж буй бодлого, хэлж ярьж буй зүйлс, улс төрийн нэгдэж салах явцаас нь илт харагддаг.
"Чамаас авсан бүх мөнгөө энэ ядуу хүүхдэд өгсөн шүү!"
Х.Х: Монголын төр яагаад халамжлах дуртай байдаг юм бэ? Манайх хөгжингүй орныг бодвол тийм баян биш, гэтэл тэднээс дутуугүй халамжийн бодлого явуулах юм.
Б.Б: Тэр ойлгомжтой, өөрийнх нь хармаанаас мөнгө гардаггүй болохоор халамжлах дуртай байдаг юм. Халамж гэдэг бол төрийн хувьд өөрийгөө нийгэмд хэрэгтэй гэж үзүүлэх хамгийн том боломж (далим). Халамжаар далимдуулан, өөртөө асар их мөнгө унагадаг. Ядууст халамж үзүүлэх нэрээр биднээс авсан 1000 төгрөг тутмаас 600-гаадыг мөнгө цуглуулах, зохион байгуулах, гэрээ хэлцэл, халамжийн мөнгө тараахад гаргасан зардал нэрээр өөртөө үлдээдэг.
Монгол төрийн велфар бодлого (халамжийн бодлого) бол товчоор хэлэхэд, хуурамч хөөрхийлөл. Халамжгүй халамж.
“Төрийн халамжийг хүртэхийн тулд”
Х.Х: Тэгээд ч манайхан “үнэгүй хоолонд” нугасгүй дуртай болохоороо халамжийн бодлогыг их дэмждэг юм байх аа даа.
Б.Б: Дахин дахин хэлэхэд, халамжийн бодлого явуулахдаа төр ихээхэн өгөөмөр сэтгэл гарган, “үнэгүй хоол” өгч буй мэт сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг. Гэтэл “Үнэгүй хоол” гэдэг бол эдийн засгийн утгаараа хамгийн утгагүй, хаана ч байдаггүй зүйл. Ямар ч бараа таваар, үйлчилгээг хэн нэгэн цаг заваа баран, хүч хөдөлмөрөө шингээн байж бий болгодог. Халамжаар тарааж буй тэр мөнгө, бараа таваар тэнгэрээс бэлнээр буугаад ирдэг юм биш. “Үнэгүй хоол” гэдэг бол уг бараа таваар, баялгийг бүтээсэн хүмүүсийн хүч хөдөлмөрийг үгүйсгэн, тэдгээрийг бий болгосон гавьяаг өөртөө авах гэсэн төрийн оролдлого.
Үнэгүй боловсрол, үнэгүй эрүүл мэндийн систем гэх мэт нь ямар нэг бараа таваар, үйлчилгээг хүн хөдөлмөрлөхгүйгээр бий болгодог гэдэгтэй адил утгагүй зүйл. “Алтан загасны үлгэр” болон арабын үлгэрт гардаг шидэт бөгжийг эзэмшсэн хүн л үнэгүй зүйлийг бий болгодог байх. Харин эдийн засгийн бодит амьдралд үнэ өртөггүй зүйл гэж байдаггүй. Үнэгүй хэрэглэж буй бараа таваар, үйлчилгээний төлбөрийг гарцаагүй хэн нэг нь хийсэн байдаг (гэхдээ, төр хийдэггүй нь лавтай). Төрөөс халамж авч буй хэн ч, өөр нэгний бүтээсэн зүйлийг “завшиж” буй хэрэг.
Х.Х: Тэгээд ч төрийнхнийг халамжаа буруу тараагаад байна гэсэн яриа байдаг байх шүү?
Б.Б: Тийм ээ, төр халамжийн бодлогоороо иргэдийг ангилан соортолж, ялгаварлан гадуурхдаг. Халамжийн мөнгийг бий болгож буй хүмүүс төр, хэсэг хүнийг халамжлахын тулд нөгөө хэсгээс мөнгийг нь аваад байна, “төр биднээс мөнгө авчхаад халамжлах ёстой хүмүүсээ халамжлахгүй, тэгшитгэн тараагаад байна, бас дундаас нь өөрсдөө асар ихээр завшиж байна” гэдгийг мэддэг болжээ.
“Төр ядууст халамж үзүүлэхдээ яг л ингэж харьцдаг.”
Х.Х: Өмчийн тухай ярьж байх үед чинь асуухаа мартчихаж. Ер нь өмч гэдэг зүйл хүн төрөлхтний түүхэнд хэрхэн үүсчих вэ?
Б.Б: Энэ тухай Жонатан Вольф Улс төрийн философийн удиртгал номдоо маш ойлгомжтой өгүүлсэн байдаг. Хэрэв би андуураагүй бол Хоббсын тухай хэсэгт байдаг шиг санагдаж байна.
Х.Х: Тэр номыг чинь санаж байна. Хоёр дахь удаагийн монгол хэвлэл нь гарсан уу даа?
Б.Б: Гарсан шүү, нийгэм, улс төрийн асуудлыг сонирхож, ном уншдаг философичид бүгд л тэр номыг ашигладаг юм билээ.
Х.Х: Тэгээд өмч хэрхэн үүссэн юм бэ?
Б.Б: Хатуу боловч гарцаагүй үнэн бол хүний хэрэгцээ хязгааргүй бөгөөд тэр бүхнийг хангах нөөц бололцоо хүн төрөлхтөнд ямагт дутагдсаар ирсэн. Дутагдахуй нь хувийн өмчтэй байх шалтгаан болно. Бүх юм бүгдэд хүрэлцээтэй байсан бол хувийн өмч байх шалтгаан байхгүй гэж либертари үзэл үздэг. Эхлээд газар бүх хүнд хүрэлцээтэй байсан, тэр үед “энэ газар минийх” гэх шаардлагагүй байв, хаа сайгүй байгаа тэр зүйлийг өмчлөх нь утгагүй, харин яваандаа хүрэлцэхээ больж, дутагдаад ирэх үед өмчлөх болсон хэмээн Хоббс өгүүлсэн байдаг.
Х.Х: Хүрэлцэхээ больсон юм бол хэн нь түүнийг авах ёстой гэж? Арай хүчтэй, түрэмгий, арга зальтай нь биш биз дээ? Одоогийн манай бизнесмэнүүд шиг “Чадаж буй юманд арга байхгүй” гээд хармаалаад байгаагүй л байлтай?
Б.Б: Мэдээж, тэгээгүй л дээ. Өмчийг шударгаар олж авах нь хувь хүний төдийгүй нийгмийн зүй ёсны (justice) илрэл. Түрүүнд би хэлсэн, хувь хүн урьд нь хэн ч эзэмшиж байгаагүй зүйлд “хөдөлмөрөө шингээснээр” түүнийг өмчлөх эрхтэй гэж. Эсвэл хэн нэгнээс хууль ёсоор өвлөх замаар өмчтэй болж болно. Робэрт Нозик ингэж үзэж байсан (Анархи ёс, төр, утопи үзэл зохиол). Энэ хоёр арга зам бол яах аргагүй зүй ёсонд нийцэж байгаа юм. Ер нь, Нозик энэ бүтээлдээ Локкийн өмчлөх эрхийг маш хүчтэй хамгаалсан. Өмчлөх эрх гэдэг бол хүний төрөлх эрх, түүнд хэн ч халдах ёсгүй, тэр ч бүү хэл, төр ч халдах ёсгүй гэдгийг маш үндэслэлтэй гаргасан юм.
“Энэ сүрэг бол минийх, яагаад гэвэл би түүнийг өдөр шөнөгүй маллаж, халуунд халж, хүйтэнд хөрж байж бий болгосон. Миний энэ өмчийг хэн ч авч болохгүй. Төр татварлаж, хулгайч хулгайлж, дээрэмчин дээрэмдэж болохгүй. Учир нь энэ баялгийг бий болгоход тэд юу ч хийгээгүй. Харин хэн нэгний албадлага, шаардлагагүйгээр би өөрөө хүнд сайн дураараа өгч болох юм (Өгөхгүй ч байж болно, энэ бол миний эрх).”
Х.Х: Өмчлөх эрхийг хүний төрөлх гурван эрхийн нэг гэж дахин дахин хэлээд байгаа биз дээ?
Б.Б: Тийм ээ, өмчлөх эрхийг хүний гол эрх гэж үзнэ. Хувь хүн өмчөө хэрхэн захиран зарцуулахаа өөрөө мэддэг байх ёстой. Энд хөндлөнгийн төлөвлөлт, журамлалт, зохицуулалт байх ёсгүй. Өмчийн эзэн өөрөө л төлөвлөж, журамлаж, зохицуулна. Тэгж байж гэмээнэ, тухайн өмчийн эзэн болох нь батлагдана. Өөрийнхөө өмчөөр юу хийхийг төрөөс төлөвлөж, журамлаж, зохицуулаад байх юм бол өмчийн эзэн нь тэр хүн биш төр болж таарна биз дээ.
Өмчлөлийн асуудал дээр иргэдийн захирагдах ёстой нэгэн зүйл байх бөгөөд тэр нь талууд хоорондоо сайн дураараа хийсэн гэрээ хэлцэл юм. Сайн дураар!!! Сайн дураар хийсэн гэрээгээ зөрчих нь хулгай, дээрэм хийхтэй адил. Гэрээ бол тохиролцоо гэсэн үг. Энэ бол либертариудын хувьд маш чухал зүйл. Хэн нэгэн нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр хүч түрж давамгайлахгүй, хоорондоо сайн дурын үндсэн дээр хэлцэнэ гэсэн үг. Энд заавал хуулийн гэрээ хэлэлцээрийн тухай ярьж байгаа юм биш. Хоёр хүн хоорондоо ямар нэг зүйлийн талаар тохирно (жишээ нь, цаг болзоод уулзах) гэдэг нь гэрээ хийж байна гэсэн үг. Либертариуд гэрээгээ биелүүлэх, ө.х. хэлсэн амандаа хүрэх явдлыг нэр төрийн хэрэг гэж үздэг. Либертари үзлийн үүднээс гэрээ гэдэг бол итгэлцэл.
Энэ бүхэн бидний хувьд жаахан хийсвэр сонстож байж магадгүй. Учир нь монголчууд бид хэлсэн амандаа хэзээ ч хүрдэггүй. Манай орчин бол угаасаа либертари бус орчин шүү дээ. Хувь хүн, төр-засаг аль нь ч гэрээгээ биелүүлэхгүй байх нь хэвийн үзэгдэл.
Х.Х: Локк яагаад өмчлөх эрхийг амьд явах, эрх чөлөөтэй байх эрхүүдтэй эн тэнцүү төрөлх зүйл гэж үзэж байсан юм бол? Үндэслэлийг нь сонсмоор байна. Амьдрах, эрх чөлөөтэй байх гэдэг нь өмчлөх эрхээсээ хамаагүй чухал юм шиг санагдаад л ингэж асууж байна л даа.
Б.Б: Учир нь өмч гэдэг бол эрх чөлөөтэй байсны үр дүн, амьд явах баталгаа. Тэгэхээр өмчлөх эрхийг нь үгүйсгэснээр нөгөө хоёрыг нь (эрх чөлөө, амьд явах хоёрыг) бас үгүйсгэж байна гэсэн үг.
Хувь хүний зарцуулсан хөдөлмөр, цаг хугацаа, авьяас чадварын үр дүн болох өмчид хэн ч халдаж болохгүй. Татвар бол өмчлөх эрхэд халдаж буй нэг хэлбэр гэдгийг дахин тодруулъя. Учир нь татварын талаарх либертари сэдэв хүмүүст тун хачин сонсогддог бололтой юм билээ. Татвар. Өгч байгаа хүний хувьд хулгайд алдах, дээрэмдүүлэх, татварлуулахын аль нь ч адилхан, өөрийн хөдөлмөрлөж байж олсон эд хөрөнгө, мөнгөө эргэж ирэхгүйгээр алдаж байгаа хэрэг. Костюмтай хүн цагдаа дагуулж ирээд авч байна уу, эсвэл түүнээс арай муухан хувцастай хүн ганцаараа байна уу гэдэг нь түүний хувьд огт ялгаагүй. Аль нь ч байлаа гэсэн мөнгөө өгч буй хүн л хохирч байна. Тиймээс татвар нь зөөлөн хэлэх юм бол хулгай, хатуухан хэлэх юм бол хөдөлмөрийнх нь үр шимээс авахын тулд ажиллуулж байгаа утгаараа боолчлол мөн.
Татвар гэсэн нэрийн доорх энэ хулгай-дээрэм жирийн хулгай-дээрмээс юугаараа ялгагддаг вэ гэвэл хуулийн нэрэн доор хийгддэгээрээ ялгаатай.
Х.Х: Нийгэмд амьдарч байгаагийн хувьд төрд хэдэн төгрөг тушаах л хэрэгтэй болох байх даа.
Б.Б: Хэн нэгэн том биетэй, зэвсэг барьсан хүн ирээд, хөдөлмөрлөж олсон мөнгөний тань тавны нэг юм уу, аравны нэгийг авчихлаа гэж бодъё. Тэр хүн биеэр том, түүнээс гадна хутгатай байгаа учраас та хүчин мөхөсдөхийн эрхэнд хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө өгч л таарна. Энэ бол дээрэм. Тэгвэл тэр хүний оронд хуулийн нэр барьсан цагаан цамц, зангиатай хүн ирээд дээрхтэй адил шаардлага тавибал та бас л мөнгөө өгөхөөс өөр аргагүй. Учир нь, түүний ард цагдаа, хууль гээд танаас хүчээр илүү олон зүйл байдаг. Тэгэхээр энэ хоёр хүний хооронд ёс суртахууны ялгаа байна гэж үү!
Х.Х: Төр татвараар дамжуулан хувь хүний өмч, элдэв төрлийн хуулиар дамжуулан эрх чөлөө, амьдралд нь халдаж байна хэмээн үзэж болох л юм байна.
Б.Б: Яг үнэн. Хувь хүн өмчөө алдвал урьд өмнө хийж бүтээсэн зүйлээ алдаж байгаа учраас өнгөрснөө, эрх чөлөөгөө алдвал өнөөгийн амьдрал нь утга учиргүй болж одоогоо, амь насаа алдвал хойшдын амьдрал үгүй болох учраас ирээдүйгээ алдаж байгаа хэрэг.
Төр-засгаас эрх чөлөө байна хэмээн тунхаглаж болно, зарлаж болно. Гэтэл бодит байдал дээр тэр нь үнэхээр байна уу, үгүй юү гэдэг хүний өмчлөх эрхээр л бодитой харагддаг. Тиймээс М.Ротбард “эрх чөлөөний хамгийн тод илрэл бол эдийн засгийн эрх чөлөө” гэсэн юм.
Х.Х: Татвар гэдэг чинь тэгэхээр, надад дахиж ашиг өгөхгүйгээр миний мөнгөнөөс авч буй утгаараа торгуультай адил зүйл болох нь ээ.
Б.Б: Яг үнэн (томоор бичсэн доорх эшлэлийг харна уу).
“Торгууль гэдэг бол буруу юм хийсний төлөө авч буй татвар байдаг бол татвар гэдэг нь зөв юм хийсний төлөө ногдуулж буй торгууль.”
Х.Х: Эрх чөлөөний бодит илрэл бол хувийн өмч, бусад тохиолдолд эрх чөлөө хийсвэр зүйл гэж байна. Үүнийгээ тайлбарлаач, өмчгүй, ядуу хүн угаасаа эрх чөлөөтэй байх тавилангүй гэсэн үг үү?
Б.Б: Хувийн өмч гэдэг бол зөвхөн нийгмийн чинээлэг хэсгийн хөрөнгө-мөнгөний тухай ойлголт биш. Бүх хүнд өмч буй. Хамгийн үгээгүй хүнд ч түүний бие махбодь, оюун санаа, авьяас, хөдөлмөрлөх чадвар зэрэг зүйлс байдаг. Үүнийг өөрийнхөө төлөө ашиглах бололцоо, эрх, хууль зүйн орчин байна уу, үгүй юү гэдгээр л эрх чөлөө нь тодорхойлогддог. Түүнээс биш үг хэл-яриа, лоозун, хуулиар эрх чөлөөг зарлах нь бодит зүйл биш.
Х.Х: Хүн хөдөлмөрлөх чадвараа ашиглах бололцоог нь хааж боож гэж юу вэ? Ямар ч нийгэмд үүнийг хааж боохгүй биз дээ?
Б.Б: Социализмд хаадаг байсан. Бид мэднэ дээ, Лоохууз гуайг хувиараа ногт чөдөр хийж зараад баяжлаа гээд шоронд хийж байсан. Мөн 1970-аад оны үед 40 мянгатад байсан По-Намжил гэдэг гэрэл-зурагчинг (По гэдэг нь Польш гэсэн үг, нэгэн цагт тэнд сурч байсан юм уу, тийшээ явсан хүн байсан бололтой, Тэгээд ийн нэрлэх болсон хэрэг) мөн л фото-зургаар баяжлаа гээд шоронд хийсэн гэдэг.
Х.Х: Телевизээр сая нэг төрийн түшээ Монгол улсад 5-р сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн долоо хоног” гэж үздэг, энэ баярыг тэмдэглэх ёстой гэж ирээд мөн ч их юм ярьж байна лээ.
Б.Б: “Мөнгөө алдсаны баяр” хийх юм болж байна уу! Тэр төрийн түшээ шүүх, цагдаа нартайгаа нийлж байгаад, надаас хэдэн төгрөг салгаж чадсандаа баяртай байгаа учраас баяраа хийг!
Хөгжингүй орны ухамсарт иргэдийн хувьд Татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэнэ гэвэл ёстой ундууцах байлгүй. Харин тэнд Tax Freedom Day буюу Татвараас Чөлөөлөгдсөн Өдрийг тэмдэглэдэг. Улс орон бүрийн татвар төлөгчдийн төлж буй мөнгөний хэмжээг тооцоолон гаргах Адам Смитийн Хүрээлэнгийн аргачлал байдаг. Энэ аргачлалаар тооцоолоод үзэхэд, монголчууд 6-р сарын 1 хүртэл олсон мөнгөө улсад өгөөд, харин түүнээс хойш олсныгоо өөртөө болон гэр бүлдээ зориулах бололцоотой болдог. Тэгэхээр Татвараас Чөлөөлөгдөх Өдөр бол үнэхээр тэмдэглэх ёстой өдөр мөн байлгүй яах вэ.
Гэтэл энэ төр бидний ухвар мөчдийг мэдчихээд “Татвар төлөгчдийн 7 хоног” гэх мэтээр үнэхээр даапаалж, жирийн нэг хулгайч луйварчнаас дор, увайгүй аашилж байна!
Х.Х: Яагаад хулгайч, дээрэмчнээс дор гэж?
Х.Х: Жирийн нэг хулгайч, луйварчин миний хэдэн төгрөгийг “шуучихсан” бол аль болох түргэн, бас тэгээд сэмхэн зугтахыг бодно оо доо. Гэтэл энэ төрийнхөн хэдэн төгрөгийг минь хүчээр авчхаад бас дээрээс нь инээж, баясгалантай байхыг шаардаж байна шүү дээ. Мөнгөө алдчихаад би яаж баяртай байх юм бэ!
Х.Х: Түүхэнд татвард эргэлзэж байсан сэтгэгчид хэдий үеэс бий болсон юм бол?
Б.Б: Христийн тухай нэгэн домог байдаг юм билээ! “Татвар төлөх ёстой юу?” гэсэн дагалдагчдынхаа асуултад Христ “Цезарьт (төрд) өгсөн зүйл Цезарийнх болно, харин Бурханд өгсөн зүйл Бурхных болно” гэж хариулсан гэдэг. Эндээс л төрд татвар өгөх нь зөв үү, буруу юу гэсэн эргэлзээ эхэлсэн болов уу.
Таны амьдралын ургац бол таны өмч мөн. Энэ нь таны хөдөлмөрөөс урган гарсан үр жимс, зарцуулсан хугацааны үр дүн, таны авьяас чадвар, хүч хөдөлмөрийн гаргалгаа юм. Энэ бүхэнд халдах бололцоо олгодог нийгмийг эрх чөлөөгүй нийгэм гэхээс өөр аргагүй.
Х.Х: Татвар төлснөөр нийгэм дэх бүх хүн хождог гэж төрийнхөн хэлээд байгаа шүү дээ.
Б.Б: Худлаа. Бүх хүн биш, төрийнхөн хамгийн их хождог. Харин жирийн иргэд бид татварт төлсөн мөнгөнөөсөө юу ч авч чаддаггүй. Тэгэхээр “Татвар доор хэн оршдог вэ?” гэвэл “Төр оршдог” гэх нь хамгийн зөв. Төр таны өгсөн татварын мөнгөөр л амь зуудаг. Гэтэл төр гэдэг чинь юу билээ гэдгийг бодоод үзье. Энэ бол хоосон хийсвэр зүйл биш, түүний цаана тодорхой хүн байдаг. Мэдээж, амьдрал нь хамгийн таатай бөгөөд хангамжтай. Тэгэхээр хэн ч гэсэн тэнэг л биш юм бол мөлжүүлж байхаар мөлжигч байвал дээр гэдгийг мэдэж таарна. Ингээд л цэцэрлэгийн насныхнаас эхлээд их, дээд сургууль төгсөж буй бүх монгол хүүхдүүд “эрхэм гишүүн” болохыг мөрөөдөж эхэлж байгаа юм. Тэд бүгд биш юм гэхэд зарим нь (төр гэдэг нь хэмжээтэй сав юм болохоор бүгдээрээ тэнд очих бололцоо байдаггүй) “цуцалтгүй хөдөлмөрийнхөө” үр дүнд төр-засагт том, жижиг байр суурь эзэлцгээнэ. Мөлжигч нь хөдөлмөрлөгчөө, бэртэгчин нь ёс суртахуунтай хүнээ дарамталж эхэлдэг Монголын ерөнхий дүр зураг эндээс үүдэлтэй.
Тэгэхээр “татвар оршихуй доор цагаан цамц өмсөж, зангиа зүүсэн тарган эр тансагладаг”. Бид тэр цадиггүй нөхөрт мөнгөө алдсанаа баяр гэж үзэн, тэмдэглэх ёстой болох нь!
Х.Х: Чамайг хүссэн, хүсээгүй төр байх л болно. Тэнд хэн нэг нь очиж л таарна. Түүнийг цалинжуулахын тулд бас татвар авч л таарна. Төр өөртөө баялагтай байхгүй бол болохгүй шүү дээ.
Б.Б: Либертари үзэлтнүүдийн хэлдэгээр баялагтай болох хоёр арга бий: нэг нь, эдийн засгийн арга. Энэ нь үйлдвэрлэх, худалдаа арилжаа хийж, баялаг хуримтлуулна гэсэн үг. Нөгөө нь, улс төрийн арга. Энэ нь дайн байлдаан, хүч хэрэглэх, эс бөгөөс хуулиар далайлгасан татвараар дамжуулан баялагтай болох гэсэн үг (Мөррэй Ротбардын Төрийн анатоми зохиолд яг ингэж хэлсэн байдаг).
Х.Х: Тэгвэл, цагаан цамц өмсөж, зангиа зүүсэн тэр нөхрийн тансаг амьдралын төлөө хөдөлмөрлөж байгаа юм бол бид чинь боол юм байна л даа.
Б.Б: Тэгж хэлж болно. Өөрийнхөө төлөө биш, тэр нөхрийн төлөө хөдөлмөрлөж байгаа утгаараа албадлагын хөдөлмөр хийж байна гэсэн үг л дээ. 7 хоногт 40 цаг хөдөлмөрлөөд авсан мөнгөнийхөө 10%-ийг татварт өгдөг бол 40 цагийнхаа 1/10-д албадлагын хөдөлмөр эрхэлж байдаг болж таарна! Тэгэхээр татвар гэдэг бол мөн л зөөлөн хэлэхэд хулгай, шулуухан хэлчхэд боолчлол. Либертари үзэлтнүүд үүнийг олон түмэнд ойлгуулахын төлөө байдаг учраас төрийнхөн либертари үзлийг их ад үздэг.
Х.Х: Манайд чинь Татварын алба гээд мундаг том алба байдаг байх аа?
Б.Б: Тийм ээ, “чиний хийж бүтээсэн баялгийн 10% нь минийх гэж хэлж чаддаг ганц байгууллага” даа.
Х.Х: Төр энэ албанд их ач холбогдол өгдөг биз дээ?
Б.Б: “Цаад олон түмнээсээ улам сайн татварлаарай, тэгвэл та нарыг бүр том сайхан байшинд суулгаж, цалинг чинь нэмж, сайхан машин унуулж, эрх ямбыг чинь дээшлүүлнэ шүү” гэж хэлж буй хэрэг. Төр ингэж л өөрийгөө томсгодог байхгүй юү! Биднийг дээрэмдэхдээ бидний мөнгийг ашиглаж байна шүү дээ. Татварынхан өөрсдийгөө, бусдын мөнгийг сайн авлаа гэж хэдэн арван саяар урамшуулдаг гэж байгаа. Төрийнхөн ингэж л биднээс худал хэлж мөнгө авчхаад өөрсдөө завшиж байна.
Х.Х: Хүмүүс энэ бүхнийг мэддэггүй учраас татварын асуудалд хүлцэнгүй ханддаг байх л даа. Татварын сөрөг үр дагаврын талаар товч бөгөөд тодорхой хэлээд өгөөч?
Б.Б: Шууд тооччихъё. Нэгд, Илт харагддаг нэг зүйл бол татвар нь хүний орлогыг багасгадаг. Хоёрт, Олсон мөнгөө бусдад алдаад байгаа хүний ажиллах идэвх, санаачилга сулардаг. Гуравт, Татварт дарамтлагдсан жижиг, дунд бизнесийнхэн зах зээлээс шахагддаг. Эсвэл “болох-болохгүй” зүйл хийж эхэлнэ. Буруу зүйл хийдэггүй юм гэхэд борлуулах гэж байгаа бараан дээрээ татварын мөнгийг нэмнэ, тэгснээр худалдан авагчид хохирно (Миний бодлоор, худалдан авагч хохирч байгаа юм бол дэлгүүрийн эзэн ч цаагуураа мөн л хохирч таарна). Дөрөвт, Татвар нь хөрөнгө оруулагчдыг хөрөнгөө эрэлт ихтэй, ашигтай салбар уруу биш, татвар багатай, нийгэмд ашиггүй салбар уруу оруулахад хүргэдэг. Тавд, Татвар хүний цагийг үнэхээр “алж” байдаг. Та урьд өмнө өөрийн хөдөлмөрөөр бүтээсэн эд хөрөнгө, одоогийн хөдөлмөрөөс татварлуулснаар өнгөрсөн хийгээд одоогоо алдана.
Хүчирхийлэгч нь хэсэг хүнийг эрхшээлдээ оруулж, улмаар тэднийг байгаа зүйлээрээ төлбөр хийхийг шаарддаг, түүнийг ТАТВАР гэх бөгөөд түүнээс ТӨР үүсдэг. Франц Оппэнхэймэр (“Төр” бүтээлээс)
Х.Х: Ер нь бидний татварт өгсөн мөнгө хааччихдаг юм бэ? Төрийн түшээд болохоор эмнэлэг, боловсрол, батлан хамгаалах, цагдаагийн хөлсөнд явдаг гээд байдаг.
Б.Б: Цаадуулын чинь яриад буй зүйлс бол харагдаж байгаа нь! Харагдахгүй байгаа зүйл нь татвар төлөгч хүмүүсийн амсаж буй хохирол.
Улсын төсвийг бидний татвар бүрдүүлдэг, тэр мөнгө үр хүүхдийг маань сургах, эмчлэх, цагдаа-хуулийнханд зарцуулагддаг гэдгийг мэднэ. Ингээд биднээс авсан юмаа үнэхээр, эргүүлээд бидэнд эргүүлээд зориулдаг бол бидний бухимдаад байдаг буруу л даа! Үнэндээ, нийгэмд өгсөн тэр мөнгөнөөс тань төр асар их хэмжээгээр завшдагт гол учир байгаа юм.
Ер нь тэгээд, бидний татварт өгсөн мөнгө үнэн зөв зарцуулагддаг юм гэхэд эндээс юу харагдах вэ? Боловсрол, эрүүлийг хамгаалахад зориулсан мөнгө алс хэтдээ тустай байдаг бол төрд зориулсан мөнгө ирээдүйд ч, одоо ч ашгаа өгдөггүй, элсэнд ус асгахтай адил алга болдог.
“Таны юм бол миний юм” гэж чангаас чанга хэлж чаддаг, ингэж хэлэхийг хуулиар зөвшөөрсөн ганц байгууллага. “Төр биднээс авсан мөнгөөрөө Татварын Алба зэрэг байгууллагуудыг санхүүжүүлдэг. Ингэснээрээ цаашид биднээс улам ихийг авахын тулд бидний мөнгийг зарцуулдаг байх нь.”
“Татварыг бууруулах ганц арга зам бол төрийн эрх мэдлийг багасгах явдал” Либертари ишлэл
Х.Х: Та нар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын талаар бас сөрөг зүйл яриад байдаг байх аа?
Б.Б: Ер нь, аливаа даатгалын утга нь эрсдэл, хохирлыг олон хүнд бага, багаар тархааж, нэг хүн дээр буух их хэмжээний хохирлыг багасгаж байгаа хэрэг юм шүү дээ. Ийм арга хэмжээ сайн дурын үндсэн дээр явагдах ёстой. Гэтэл манайд даатгалууд бараг бүгд албан журмынх болсноор бид учиргүй олон татвартай болчихсон. Даатгалд мөнгө төлөөд л байдаг, эргээд ямар ч ашиггүй. Эрүүл мэндийн, автын даатгалаас эргээд нөхөн төлбөр хийлгэх боломж бараг байдаггүй. Тиймээс даатгалд өгөх мөнгөө өөртөө хадгалах нь хамаагүй ашигтай.
Х.Х: Яагаад, үндэслэлээ хэлэх үү?
Б.Б: Иргэн хүн даатгалд өгөх мөнгөө хувьдаа хадгалаад байвал насан өндөр болсон хойноо ч юм уу, эсвэл шаардлагатай үед өөрөө бүрэн хэрэглэж чадна.
Бас тэгээд одоогийн журмаар бол 30-40 жил нийгмийн даатгалд мөнгө төлж, төлчхөөд гай болж тэтгэвэрт гарсныхаа дараа өдөр мажийчихвал тухайн хүний дөчин жил улсад хураалгасан мөнгө дарга нарын хармаанд орно. Гэтэл та тэр мөнгийг хувьдаа хадгалж байсан бол ядаж үр хүүхдэд тань өвлөгдөх болно шүү дээ.
Х.Х: Гэхдээ улсад хадгалуулах нь найдвартай гэж бодогдоод байх юм!
Б.Б: Үгүй яах вэ, чи үнэхээр тэсвэр тэвчээргүй, өөрийнхөө мөнгийг өөртөө байлгаснаас өөр хэн нэгэнд хадгалуулах нь дээр, би бол биеэ барих чадваргүй, араа даахгүй хүн гэдгээ мэдэж байвал тэгсэн нь дээр л дээ. Уг нь цаад төр чинь таны ингэж хэлэхийг хүлээж байдаг юм шүү дээ. Төр “Таны мөнгийг [би] хадгалж байя, надад хадгалуулах нь найдвартай, та бол хүүхэд шиг тэсвэргүй, хойшдынхоо аж амьдралыг боддоггүй. Тэгэхээр, та 60 хүрээд тэтгэвэрт гарсан хойноо (үхчихгүй бол шүү дээ) сар бүр энэ мөнгөнөөсөө бага, багаар авч байгаарай” гэдэг.
Одоо иргэд миний нийгмийн даатгалд өгсөн мөнгө нэр дээр минь байгаа гэж бодож байгаа байх. Гэтэл энэ асуудлыг хариуцсан төрийн нэг түшмэл иргэдийн нэрийн данс аль хэдийн улайчихсан (2014 оны XI сарын сүүл) гэж хээв нэг өгүүлж байна лээ. 10 гаруй жилийн өмнө бас л ингэж хэлж байсан. Төрд мөнгөө хадгалуулахаар ингээд мөнгөөр минь бизнес хийж, өөртөө ашиглаад байдаг л байхгүй юү!
Х.Х: Үнэндээ, монгол хүн ч тэсвэр тэвчээргүй, хойдхоо боддоггүй шүү дээ. Ихэнх нь өөрсдөө үрчихнэ, эс бөгөөс үр хүүхэд нь нэхсээр байгаад хадгалсан мөнгийг нь авчихна.
Б.Б: Тэгвэл, одоо яая гэх вэ дээ. Хүсэхгүй байгаа зүйлийг нь хүчээр хийлгэлтэй биш. Өөрөө өөрийгөө мэддэггүй, бусдад хувь заяагаа даатгаад явдаг хүмүүсийн тоонд ороод л явж байхаас. Өөр яах ч арга байхгүй. Үнэндээ, либертари аж төрөх ёсонд таарахгүй хүн гэж бас байдаг л даа. Насаараа бусдад толгойгоо мэдүүлээд ирсэн хүмүүсийн хувьд бие дааж амьдрах гэдэг хэцүү. Энэ сэдвээр дэлгэрэнгүй ярих бололцоо дараа гарна аа.
Х.Х: Түр хүлээгээрэй. Манайд чинь нас барчихвал нөгөө 30-40 жил хураалгасан мөнгө ар гэрийнхэнд нь олддоггүй бил үү?
Б.Б: Олддоггүй шүү дээ, хуулиараа тэр мөнгө улсын (улсын ч гэж дээ, нөгөө тарган эрийн) мэдэлд очдог. Тэгэхээр “тэтгэвэрт гарсан хойно надаас аваарай” гээд мөнгийг чинь авчихсан төр (төр ч гэж, бас л нөгөө тарган нөхөр) бараг таныг бушуухан үхээсэй гэж бодох байлгүй. Тэгвэл өөрийн чинь 30-40 жил хураалгасан мөнгө түүний мэдэлд очих юм чинь.
Х.Х: Тэгвэл, нийгмийн даатгал гэдэг чинь нэгэн төрлийн татвар юм байна л даа. Эрүүл мэндийн даатгал бас хэрэггүй юү?
Б.Б: Эрүүл мэндийн даатгалаа зохих ёсоор төлчхөөд хариуд нь ямар ч үйлчилгээ авч чадахгүй бол бас л хэрэггүй эд. Маш олон хүн эрүүл мэндийн даатгалд мөнгөө төлсөөр ирсэн атлаа хариуд нь юу ч авч чадахгүй өөд болж байна шүү дээ. Өөрөө хариуцлагатай, эрүүл мэндээ боддог, угаас бие тэнхээ сайн, эрүүл чийрэг хүн бол насаараа энэ даатгалыг хий дэмий төлж байна.
Х.Х: Тэгэхээр, ер нь даатгал гэж зүйл хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу?
Б.Б: Амьдралд юу ч тохиолдож болох учраас даатгал хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Гэхдээ энэ ажлыг төрд өгөлгүй, иргэд хоорондоо нэгдэн, хоршоолол маягаар хийж болно шүү дээ. Чили зэрэг зарим оронд ийм туршлага байдаг.
Х.Х. Өмчийн тухай яриа уруугаа эргэж оръё. Улсын өмчийн талаар асуухгүй бол болохгүй.
Б.Б: Улсын буюу нийтийн өмч гэдэг бол нийгэм дэх баялгийн хамгийн үр ашиггүй хэлбэр бөгөөд үнэндээ, тэр нь хэний ч өмч биш байдаг. Харин яван явсаар эрхтэн дархтнуудын өмч болдгийг бидний өнгөрсөн түүх харуулсан.
Х.Х: Нээрэн, улсын өмч жаахан эзэнгүйддэг тал бий шүү.
Б.Б: Хүн бүр халбагадаж болдог нийтийн тогоо байхад хэн ч гэсэн л түрүүлж, бас тэгээд томоор халбагадахыг хичээх нь мэдээжийн хэрэг. Хэн нэг нь халбагадахыг хүсэхгүй байлаа гэхэд бусад нь халбагадаад дуусгачихна. Тэгэхээр халбагадаагүй нь хохироод, халбагадсан нь хожоод өнгөрөх юм чинь хүн бүр л өрсөхийг хүснэ.
Улсын өмч хамгийн ихээр шамшигддаг газрууд бол улсын томоохон өмчийн газрууд. Монголд гэхэд л Цахилгаан станцууд, МИАТ, Эрдэнэт үйлдвэр гэх мэт газрыг сайтар шалгаж үнэн мөнөөр нь гаргаж ирж чаддаг бол мөн ч их юм гарна даа.
Х.Х: Нэг инээдтэй түүх санаанд орчихлоо. 1930-аад оны үед Монголд коммун байгуулах болж, малчдын малыг нийтээр нийгэмчилжээ. Тэгснээр малчид өглөө бүр хэний яндангаас утаа гарах нь вэ гэж бусдыгаа хянах ажилтай болж.
Б.Б: Тэгдэг нь яаж байгаа юм бол?
Х.Х: Мэдээж юм биш үү, утаа гарна аа гэдэг чинь хоол, цай хийж байна аа гэсэн үг биз дээ (зуны цаг юм гэнэ лээ). Бүгд адилхан бүх хөрөнгөө нийгэмчилсэн болохоор хэн ч илүү идэж болохгүй, бүгд адил идэх ёстой (Гэхдээ, чиний хэлснээр цаагуураа өрсөлдөж иддэг нь үнэн юм чинь). Жил хүрэхгүй хугацаанд 6 сая гаруй малаа хагалаад идчихсэн гэдэг. Тэр үед Монгол цөөн малтай байлаа шүү дээ. 15 сая хүрч байсан юм уу, үгүй юү! Гэтэл 1/3-ийг нь идчихсэн байгаа юм даа. Нийтийн тогооноос чадахаараа халбагадахыг бодохоос өөр яах вэ, тэгэхгүй бол адилхан өгчхөөд юу ч үгүй хоцорно гэдэг бол харамсаад барахгүй шударга бус явдал болно оо доо.
Б.Б: Нийтийн буюу улсын өмчийн талаарх хоржоонтой түүх байна шүү. Үнэндээ, ийм “шог” явдал зөвхөн 1930-аад онд л тохиолдсон юм биш, социализм, коммунизм гээчийг байгуулж байсан 1921-1990 онд нийгэм тэр чигээрээ ийм л байдалтай байлаа шүү дээ. Нийтийн тогоонд багахан хийж, ахиухан халбагадах!
Х.Х: Гэхдээ л, социализмын үед шударга сайхан хөдөлмөрлөдөг байсан, тэр хэрээрээ гавьяа шагнал авч, амьдрал ахуй нь дээшилдэг байсан тухай хүмүүс их ярих юм даа.
Б.Б: Үнэндээ бол, тийм биш л дээ. Социализмын үед хүмүүсийн хөдөлмөрийн үр шим нэг тогоонд орж, тэр тогооноос тэгшитгэх зарчмын дагуу хуваарилагддаг байсан учраас шаргуу хөдөлмөрлөх шаардлагагүй юм байна гэдгийг эрт, орой нэгэн цагт хүн бүр л ухаарсан. Шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд сайндаа л нэг гялгар төмөр энгэрт нь зүүж өгнө. Нийгэм даяар үүнийг ухаарах хэрээр нийгмийн хэмжээнд хөдөлмөрийн бүтээмж буурах нь тодорхой.
Х.Х: Эдийн засгийн талаар ярьж байж, мөнгөний талаар асуухгүй бол болохгүй байх? Ялангуяа одоо их явагдаад буй инфляцийн (мөнгөний ханш уналтын) талаар? Мөнгө гэж ер нь юу вэ?
Б.Б: Төлбөрийн хэрэгсэл. Энэ хэрэгсэл улс-орон даяарх бараа таваартай эквивалент байх ёстой. Ө.х. төлбөрийн хэрэгсэл нь төлбөр хийх зүйлтэйгээ тэнцүү байх ёстой гэсэн үг. Зах зээл дээрх мөнгөний хэмжээ бага байвал ханш нь сайн байдаг. Харин мөнгө ихээр хэвлээд байвал эсрэгээрээ түүний ханш сулардаг. Ингэж мөнгө “барлаж” мөнгөний ханш унагах ажлыг төр (Монгол банк гэдэг л дээ. Үнэндээ төр.) хамгийн сайн хийдэг. Тодорхой утгаараа мөнгө гэдэг чинь цаас юм шүү дээ. Дашрамд хэлэхэд, одоо гарч буй мөнгөн дэвсгэрт дээрх гарын үсгийг ажиглаарай. Золжаргал гэдэг гарын үсэг байх аваас саяхан “барласан” мөнгө, Золжаргалыг Монгол Банкны Ерөнхийлөгч болсноос хойш “канондсон” мөнгө гэсэн үг.
Хэнри Хаазлит Эдийн засгийг нэгэн хичээлд номдоо өгүүлснээр жинхэнэ баялаг бол мөнгө биш, харин машин, онгоц, барилга байшин, гүүр, ном, гар утас, телевизор, талх тариа, үр жимс, мах юм. Мөнгө их хэвлэснээр жинхэнэ баялаг ихэсэхгүй.
Х.Х: За, сайхан ярилцлаа. Дараа үргэлжлүүлье.
“ХХ зууны Бастиа” гэж алдаршсан Америкийн либертари үзэлтэн Хэнри Хаазлит, (1894.11.28-1993.7.9)
Эхний яриа: Нэгэн “хачин жигтэй” үзлийн тухай
Хоёр дахь яриа: Төр бага бол зардал бага
Гурав дахь яриа: Хууль хэрхэн гууль болдог вэ?
Дөрөв дэх яриа: Зөнд нь орхичих, дэлхий өөрөө эргэдэг юм!
Тав дахь яриа: Хувийн өмч vs улсын өмч
Зургаа дахь яриа: Олонхийн дарангуйллын эсрэг хувь хүн
Долоо дахь яриа: Амиа бодоход учир бий
Найм дахь яриа: “Намайг хэн мэдэх ёстой вэ, төр үү эсвэл би өөрөө юү?”
Ес дэх яриа: Эрх чөлөө, эрхийн талаарх өмнөх сэдвээ үргэлжлүүлье
Арав дахь яриа: Либертари үзэл улс төрчдийн багийг хуу татдаг
Арваннэг дэх яриа: Эс сонголт нь өөрөө сонголт мөн
Холбоотой мэдээ