Засгийн газрын шийдвэрийг хангалтгүй гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Засгийн газрын шийдвэрийг хангалтгүй гэж үзжээ

Нефть импортлогчид Засгийн газрын шийдвэрийг хангалтгүй гэж үзжээ

Шатахуун түгээх станцын гадна бухимдуухан зогсох жолооч нартай уулзлаа. Тэд “Нефть импортлогч компаниуд  түлш, шатахууны үнийг үгсэн хуйвалдаж нэмсэн нь гарцаагүй. Нэг л өглөө ШТС-ууд ижил үнэ тогтоочихсон байсан шүү дээ” гэв.  Ганц ч хүн үнэ нэмэх зайлшгүй шалтгаан байсан байх гэсэнгүй. Харин ШТС-ын ажилтнууд “Ах ахуйн нэгж, иргэд шатахууныг их хэмжээгээр авах болсон. Нөөцөлж байгаа байх. Үнэ нэмэгдсэн нь огт нөлөөлөхгүй байгаа. Шатахуун бага, багаар ирдэг. Гэвч хүрэлцэхгүй хэвээр байна” хэмээсэн юм. Нэг ёсондоо “Ирэх сард АИ-92 бензингүй болж магадгүй” гэсэн таамаглал хаана, хаанаа байгаа аж.  
Жолооч нарын хэлсэнчлэн нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниуд үнэхээр үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн эсэх тал дээр холбогдох байгууллагуулд ямар хариулт өгөхийг сонирхсон юм.  “Нефть, хий ассоциаци”-ийнхантай хамгийн эхэнд уулзлаа. Тус ассоциацийн гүйцэтгэх захирал Л.Норовренчин “Чухам яагаад үнэ нэмсэн талаарх мэдээлэл одоохондоо алга. Засгийн газрын хуралдаанаар шатахууны гаалийн онцгой албан татварыг бууруулах, дизель түлшний татварыг тэглэх шийдвэр гаргасан. Магадгүй энэ нь хангалттай санагдаагүй юм байлгүй” гэсэн хариултыг өгөв. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хийсэн хуралдаанаар нэг тонн А-80 бензинд ноогдуулах гаалийн онцгой албан татварыг 80 мянган төгрөг, АИ-92 шатахууны татварыг 100 мянган төгрөг болгох шийдвэр гаргасан. Мөн дизель түлшнээс татвар авахгүй байхыг хэвээр үлдээхээр болсон юм. Гэсэн ч энэ нь  Засгийн газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны түлш, шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах бодлогод нэмэр болсонгүй. Харин ч дээрх шийдвэр гарсны маргааш өглөөнөөс эхлэн импортлогч компаниуд дизель түлшний жижиглэнгийн үнийг 1750 төгрөг, АИ-92 шатахууны үнийг 1500 төгрөг болгож нэмчихээд байгаа нь энэ. “Шунхлай” компанийнхантай холбогдоход “Түлш, шатахуун бага хэмжээгээр ирж байгаа. Гэсэн ч хүрэлцээ муу байгаа. Манай компани л гэхэд АИ-92 шатахууны хангалттай нөөцгүй. Тиймээс ирэх сард шатахуунгүй болохгүй гэх баталгаа алга. ОХУ-аас өндөр үнээр шатахуун авч байгаа болохоор үнээ нэмсэн” гэлээ. “Сод Монгол” компанийн гүйцэтгэх захирал н.Ганболд мөн адил “Өндөр үнээр шатахуун импортолж байгаа. Засгийн газраас ямар шийдвэр гаргахыг энэ сарын 1-ээс хойш харж, хүлээсэн. Гэсэн ч дорвитой арга хэмжээ аваагүй. Үгсэн хуйвалдсан зүйл байхгүй” гэсэн юм. Ерөнхийдөө импортлогч компаниуд  гаалийн албан татварыг дээр дурьдсанаас илүү хэмжээгээр бууруулах хэрэгтэй хэмээн үзэж байжээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэг­чийн төлөө газар (ШӨХТГ) Монголын нефтийн зах зээлд давуу эрхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудын өнгөрсөн амралтын өдөр гаргасан шийдвэр, үйлдэлд судалгаа хийсэн эсэхийг тодруулсан юм. Тус газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга З.Энхболд “Үнийг ШӨХТГ хянадаггүй. Нефтийн бүтээгдэхүүн импортолдог компаниудын үнээ нэмэх асуудалд манай байгууллага оролцдоггүй юм” гэв. Тэрбээр яагаад ийн хэлснийхээ учрыг ч тайлбарласан. Өрсөлдөөний тухай хуульд зүй ёсны монополь аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг өөрчлөхөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дүгнэлт гаргуулна хэмээн заасан байдаг аж. Гэтэл нефть импортолдог зургаан аж ахуйн нэгж хаа сайгүй байдаг дэлгүүрийн нэгэн адил ердийн гэсэн тодотголд багтдаг байна. Импортлогч компанийн гаргасан шийдвэр нийгэмд үүсгэж буй хор хөнөөл, үр дагаврыг нь харвал монополь буюу давамгай аж ахуйн нэгжийн тоонд яалт ч үгүй орно гэдгийг ч тэрбээр хэлсэн.  Гэхдээ хууль нь тийм болохоор “Танайх үнээ ямар шалтгаанаар нэмсэн. Үнээ буулга” гэх эрх зүйн үндэс нь байдаггүй гэнэ. Ямартай ч тус газраас “Нефть импортлогч компаниудын үгсэн хуйвалдсан уу гэдгийг шалгана” гэдгээ хэлэв. Гэхдээ шалгалтын хариу тун удахгүй гарч, эмх замбараагүй байдал арилна гэдэгт нэг их найдаад хэрэггүй аж. Учир нь ШӨХТГ-аас хийх шалгалтын хариу дор хаяж хоёр сарын дараа гарна гэсэн. Гэхдээ нэг өдрийн дотор бүгд үнээ нэмсэн нь үгсэн хуйвалдсан гэж үзэх  нэг шалтгаан  болоод байна.

Т.УРАНГЭРЭЛ

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж