Энэтхэгт хүүхдүүд алга болсоор байна

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Энэтхэгт хүүхдүүд алга болсоор байна

Дайн байлдаан,  газрын  тосны төлөөх дажингийн хажуугаар хүний наймаа тэр дундаа хүүхдийн эд эрхтний наймаа ихсэх хандлагатай болжээ. Сүүлийн үед “Энэтхэгт  хүүхдүүд  хүний  наймааны золиос болсоор байна” гэсэн сэтгэл сэртхийм мэдээллүүд дуулдах боллоо. 

Дэлхийн  хамгийн их хүн амтай хоёрхон улсын нэг нь Энэтхэг. Нөгөө нь БНХАУ. Хятадын  хувьд хүн амын хурдацтай өсөлтөө   багасгахын тулд Засгийн газраас нь “Нэг гэр бүл,  нэг хүүхэд” арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж буй.

Энэтхэг улсын нийт хүн ам нэг тэрбум 340 гаруй саяд хүрээд байна. Харин энэ тооны гуравны нэгийг 0-18 насны хүүх­дүүд эзэлдэг.  Английн колони байсан энэ улсын хөгжил дэвшил хүний тооноосоо нэг их дутахааргүй урагшилсаар байгаа.  Гэвч баян, ядуугийн ялгаа тэнгэр, газар шиг зөрүүтэй байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Үүний  нэг жишээ  дэлхийг шуугиулаад амжсан “Ядуусын хо­рооллын саятан” хэмээх уран сайхны кино. Энэтхэгийн ядуусын хорооллын хүүхдүүд хэрхэн өсч хүмүүжиж байгааг хөндсөнөөрөө энэхүү бүтээл энэтхэгчүүдийн дур­гүйг хүргээд авсан билээ. Ер нь энэтхэг хүүхдүүд хар багаасаа л хүнд хэцүү ажил хийж, хүчирхийлэлд өртдөг. Тэгээд  нийгэмд эзлэх байр суурь гэж үгүй. Хаа сайгүй харгислал,  хар тамхи,  хүчин, аллага, бас тэгээд хүний наймаа. Бодит байдлыг огтхон ч нэмж хачирлалгүйгээр өгүүлснээрээ   “Ядуусын хорооллын саятан” Оскар хүртсэн юм. Тэгвэл одоо Энэтхэгт энэ байдал хэвээрээ бөгөөд сүүлийн үед хүүхдүүд алга болох нь эрс олширчээ. 

Энэ он гарснаас хойш 3-14 насны  хүүхдүүд хүний наймаанд өртөх болсон талаар зарим эх сурвалж онцолж байна. Энэ талаар Энэтхэгийн  хэвлэлийнхэн ч бичсээр байгаа. Бомбей хотын цагдаагийн газраас гэр оронгүй, асран хамгаалагчгүй хүүхдүүдийн тоо өнгөрсөн гурав­дугаар сараас хойш огцом цөөр­чээ. Нийгмийн асран хам­гаалах ажилтан болон дотоодын мэргэжилтнүүд “Шинэ Дэли хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тооллого хийхэд 40 мянган хүүхэд хамрагдсан. Харин өнгөрсөн тавдугаар сарын тооллогоор 15 мянга болтлоо буурсан” гэж онцолжээ. Энэ тоо л тэднийг түгшүүрт автуулжээ.  Гэхдээ энэ бол ганцхан хотын жишээ. Цаашлаад олон хот,  хэдэн зуун  тосгон бий.  Тэдний нэгдсэн тоог гаргавал юу болохыг бүү мэд. Тэгэхээр хөөрхий хүүхдүүд хаачсан тухай асуулт хариу нэхсээр байна. 

Энэтхэгт   хүүхэд  эцэг эхийн халамжинд байвал азтайд тооцогдох учиртай. Харин орон гэргүй харж хандах хүнгүй бол нийгмээс тус­гаарлагдлаа л гэсэн үг. Энэ улсын нийт хүүхдийн 65 гаруй хувь нь эрэгтэй. Тэнд хөвгүүд  хэн нэгний боол болж, хүнд ажил хийх нь энгийн л  үзэгдэл. 

НҮБ-аас 2007 оны хийсэн судалгаагаар Энэтхэг улсад хүүх­дийн тоо огцом өсчээ. Үүнтэй холбогдуулан хүний наймааны асуудал ч яригдаж бай­сан билээ. Харин өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах бай­гууллагаас “Энэтхэгт гэр оронгүй хүүхдүүд хүний наймаанд өртөх болсон”  гэж онцгойлон анхааруулж байгаа  юм. Мөн  нийт хүүхдүүдийнх нь 40 гаруй хувь нь бүрэн дунд боловсрол эзэмшдэг гэсэн судалгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргажээ. 

Гэр оронгүй хүүхдүүдийн хий­дэг ажил нь үнэхээр аймшигтай. Эрэгтэй хүүхэд ихэвчлэн машин  угааж, хүнд жинтэй бараа зөөнө, хар тамхи наймаална, газар дор уурхайд ажиллана гээд юу л бол юу хийнэ. Харин эмэгтэй хүүхдүүд багаасаа айлын үйлчлэгч нэрийн дор хамаг муу муухай зүйлийг нь хийдэг аж.  Орой үдэш баар цэнгээний газарт үйлчлэгч, зөөгч хийж, мөн биеэ үнэлэх хувь тавиланг үүрнэ. Гэвч Энэтхэгт  эмэгтэй хүүхдүүдэд  олдоод байх ажил бараг байдаггүй гэнэ.

Мөн хүний наймаанд өртсөн хүүхдүүдийг Энэтхэгийн далай бо­лон Хятадын хилээр тээвэрлэдэг  тухай эх сурвалжууд таамаглаж байгаа аж. Тэд ихэвчлэн Азийн орнууд руу хүний эд эрхтний наймаанд өртдөг талаарх аймшигтай мэдээллийг эх сурвалжаа нууцалсан зарим байгууллага гаргасан байна. Энэ тухай “Asianews” мэдээлжээ.  Харин одоогоор хүний наймаачид баригдсан тухай ямар ч мэдээлэл байхгүй байгаа нь харамсалтай хэрэг.

Б.БААТАР

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж