С.Отгонбаярын буруугүйг дахин нотолжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

С.Отгонбаярын буруугүйг дахин нотолжээ

С.ОТГОНБАЯР ГЭМ БУРУУГҮЙ БАЙСНЫГ ХУУЛЬ, ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ДАХИН НОТОЛЖЭЭ

Онцгой байдлын сайд асан С.От­гон­баяр өчигдөр хэвлэлийнхэнд хан­­даж, мэдээлэл хийв. Тэрбээр юу­­ны өмнө Онцгой байдлын сайд асны хувьд “Ми-8” нисдэг тэрэг осол­­догсдын гэгээн дурсгалыг хүн­дэтгэн, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэр­хийлэв. Сайд асан С.Отгонбаяр сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэ­рэгс­­лүүдээр өөрийнх нь талаар гарч буй мэдээллүүдэд албан ёсны үнэн бодит хариу өгөхийн тулд хэв­лэлийнхэнтэй уулзаж мэдээлэл өгө­хөөр шийджээ.

Тэрбээр энэ удаа өмгөөлөгчтэйгээ хамт иржээ.  Түүний өмгөөлөгчийн хэлсэнчлэн УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярт холбогдох хэргийг 2008 онд анхан шатны, 2009 онд давж заалдах шатны шүүх хурлаар хэлэлцэж, дөрвөн жилийн ял оноосон. Дараа нь хяналтын шат­ны шүүх хэргийг хянаж үзээд уг хэрэг нотлогдохгүй байна гэж үзээд, мөрдөн байцаалтад буцаасан байна. Уг хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэл­туяа хянаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй бол­гожээ. Харин өмгөөлөгчийн зүгээс үүнийг эсэргүүцсэн. Учир нь гэм бу­руу­тай этгээдийг өршөөнө үү гэхээс гэм буруу нь нотлогдоогүй байхад ийм шийд гаргах нь зохимжгүй гэж үзсэн байдаг. Эцэст нь Нийс­лэ­­лийн прокуророос хяналтын шат­­ны шүүхийн шийдвэрийг хү­чин­гүй болгож, гэмт хэргийн бү­рэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хам­гийн сүүлийн шийдвэр энэ. Гэвч өн­гөрсөн хугацаанд С.Отгонбаяр эрүүл мэнд, сэтгэл санаа, эд мате­риалын асар их хэмжээний хохи­рол амссан. БНСУ-ын “Асан” эмнэл­гийн тодорхойлолтоор түүний өвч­нийг “Элэгний үрэвсэл, гадны нө­лөөллөөс үүссэн хүчтэй хордлого илэрсэн” хэмээн оношилсныг ч тэр­­бээр сэтгүүлчдээс нуусангүй.  Түү­­нийг хохироосон гол буруутан нь Ул­сын ерөнхий прокурор асан М.Ал­танхуяг бөгөөд өөрөө ч сайд асан С.Отгонбаярын өмнө буруу­гаа хүлээсэн гэнэ. С.Отгонбаяр М.Ал­танхуягтай  уулзаж, өөрт нь хол­богдох хэргийг яагаад ийнхүү хууль бусаар зохион байгуулж, зо­лиос­лон хэлмэгдүүлсний учрыг асуу­хад “Ажил амьдралаа бодсон юм, уучлаарай. Энэ бүхний улмаас би одоо хүртэл сэтгэлийн шарх тээж явдаг” хэмээжээ. Гэвч С.Отгонбаяр “Нэ­гэнт надад холбогдсон хэрэг ца­гаатгагдсан учраас цаашид улс­төрчид, хуулийнхны завхралыг илч­­лэхээс эмээхгүй. Надаас бу­сад хү­мүүст ийм хэрэг битгий тохиол­доо­сой гэсэндээ гэм буруутай эт­гээдүүдэд хариуцлага тооцуулахын тулд цөхрөлтгүй шалгуулах болно” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

С.Отгонбаярыг зо­хион байгуулалттайгаар хэрэгт хол­бог­дуулах ажиллагааны цаад захиалагч нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэнэ. Хэргийн гарал үүслийн тухайд юуны өмнө тэрбээр Онцгой байдлын сайдаар ажиллаж байх үедээ тус байгууллагын өмнөх удирдлагуудын  олон жилийн турш улсын хөрөнгийг хуйвалдан завшиж байсан хэргийг илчилж, хуулийнхнаар шалгуулсан нь өөр дээрээ гал дуудсан хэрэг бол­сон гэж ярилаа. Мөн “Тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр түүнийг өмөөрч байсан, Н.Энхбаярын захиалгаар УИХ-ын нэр бүхий гурван гишүүнийг “Хадгаламж” банкны 14.5 тэрбум төгрөгийг завшсан хэ­рэгт буруутган, уг асуудлыг хэлэл­цэх үеэр нотлох баримт нэхэж эсэр­гүүцсэнийхээ хариуд намайг удаа дараа дарамталж, сүрдүүлсний эцэст зохион байгуулалттайгаар хэрэг тулгасан. Амь нас, эрүүл мэндэд хо­хи­рол учруулах оролдлого хийх болсон” гэв. Тэрбээр хоригдож байх үедээ эрүүл мэнд нь эрсдэлтэй тулгарч байсан ч эмнэлэгт хэвтэж, улмаар гадаадад явж эмчлүүлэхээс аргагүй болсон гэнэ. Хожим нь энэ хэргийн учир шалтгааныг олохоор хувиараа судалсны эцэст албан ту­шаалаа урвуулан ашигласан, шударга бус шүүгчдийг хүртэл улайлгажээ. С.Отгонбаяртай уулзсан шүүгчид “Танд долоон жил хүртэл хугацаагаар хорих ял өгөхгүй бол болохгүй байна” хэмээн өчиж, даалгавар өг­сөн цаад эздийг ч нэрлэсэн аж. С.От­гонбаяр уг хэрэгт холбогдох албан бичгүүдийн хуулбар, нотлох баримтуудыг сэтгүүлчдэд тараасан. Үүнд Тагнуулын ерөнхий газраас “Манай ажилтан М.Гомбожав нь Тагнуулын байгууллагын албан хааг­чийн ёс зүйн дүрэм болон дотоод дүрэм журмыг зөрчсөн нь тогтоогдсон тул арга хэмжээ авсан. Үндэслэлгүй мэдээлэл бүхий тоотыг эрх мэдлээ хэт­рүүлэн бусад байгууллагад явуулж таны нэр хүндийг хохироосон ажилт­нуудынхаа ёс зүйгүй үйлдэл гаргас­ны төлөө уучлал хүсэж байгаагаа илэрхийлье” гэсэн албан тоот байна. Мөн Үндэсний аюулгүй бадйлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцын гарын үсэгтэй албан бичиг, Ерөнхийлөгчийн Тамгын газ­раас М.Гомбожав, А.Баяраа нарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай хариу бичиг сэлтийг сэт­гүүлчдэд танилцуулав. Хамгийн гол нь Нийслэлийн прокурорын газ­раас иргэн С.Отгонбаярт  энэ оны хоёрдугаар сарын 15-ны өд­рийн 1/225 тоот албан бичигт уг хэр­гийг хэрэгсэхгүй болгосон ту­хай мэдэгдсэн байлаа. Энэ бол С.Отгонбаярт холбогдох хэрэг гэгч дуусгавар болсны баталгаа юм. Цаашид улстөрчид, шүүх, про­курорын хэрэгт хуруу дүрж, өс хон­зонгийн сэдлээр хандаж, ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх явдлыг таслан зогсоохын төлөө чадах бүхнээ хийх болно хэмээн Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр сэтгүүлчдэд хэлсэн юм.

С.Отгонбаярын хэвлэл мэдээллийнхэнтэй өрнүүлсэн ярилц­­лагын үеэр онц сонирхолтой нэ­­гэн мэдээлэл анхаарал татсан юм. Энэ нь өмнөх парламентад ги­шүүн байсан нэг нөхөр улсын нөө­цийн бараа бүтээгдэхүүнийг олон жилийн турш гэрээгээр авч ашиглан төлбөрөө хийгээгүй байжээ. Онцгой байдлын ажилтнууд түүнд олон тэрбум төгрөгийн өр төлбөрөө барагдуул гэсэн шаардлага тавихад “М.Алтанхуягийн дүүд өгчихсөн . Дүү нь төлж чадахгүй нас барсан, тул уг өрийг барагдууулах эзэн байхгүй. Ийм шаардлага ихээхэн тавиад байвал шоронд хоригдоно гэж мэдээрэй” хэмээн хариулж бай­сан гэнэ.  Тэр нөхөр хэн байсан, яагаад хуулийн байгууллагын өндөр ал­бан тушаалтны нэрээр далайлган хохирол учруулсаар байсан, эдүгээ өр төлбөрөө барагдуулсан талаар хол­богдох байгууллагууд судалж үзэж, хариуцлага тооцоход яаравчлах хэрэгтэй болов уу.

У.ОРГИЛМАА

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж