Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван улсын албаныхны уулзалт ирэх арванэгдүгээр сарын эхээр болох гэж байна. Энэ уулзалт гурван жилийн дараа дахин болох гэж буйгаа онцлог. Хятадын Гадаад хэргийн яамнаас уулзалтын товыг мэдээлээгүй боловч Японы хэвлэлд8 арваннэгдүгээр сарын 1-нд Сөүлд болно гэжээ. Хятадын ерөнхий сайд Ли Кэцян аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд Өмнөд Солонгост айлчлах аж.
Өмнө нь энэ сарын эхээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе гурамсан уулзалтаар Японтой харилцаагаа сайжруулж, Зүүн Хойд Азийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх найдвар тавьж буйгаа мэдэгдсэн юм. Харин Хятадын талаас гурван орны дунд эдийн засгийн нийтлэг ашиг сонирхол байгааг онцолжээ.
Гурван улсын албаныхны уулзалт 2008 оноос 2012 оны хооронд жил бүр болж байсан юм. Хөрш гурван орны гадаад хэргийн сайд нар өнгөрсөн гуравдугаар сард уулзахдаа хамтын ажиллагааг саммитын түвшинд хэлэлцэх, уулзалт хэлэлцээг сэргээхээр ярилцжээ.
Дэлхийн II дайны үеийн Японы түрэмгийлэл нь Хятад, Өмнөд Солонгостой харилцах харилцаанд тээг болсоор ирсэн юм. Японы ерөнхий сайд Шинзо Абе өнгөрсөн оны сүүлээс хойш Хятадын дарга Си Жинпинтэй хоёр ч удаа уулзсан боловч Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хетэй 2012 оны сүүлээс хойш тусгайлан уулзаагүй аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS