Шатахуун экспортлох цаг удахгүй ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Шатахуун экспортлох цаг удахгүй ирнэ

Б.ОЧБАДРАХ: ШАТАХУУН ЭКСПОРТЛОХ ЦАГ УДАХГҮЙ ИРНЭ

Ардын намын дэргэдэх Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Очбадрахыг “Ярилцах танхим”-даа урилаа. Тус хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг Ардын нам эхлүүлэхээр болсон юм.

-Танай байнгын хороо­ноос Монголд нефть бо­ловсруулах үйлдвэр ба­рих боломжтой гэдгийг су­­дал­гаагаар тогтоож, на­мын­хаа Удирдах зөвлөлд зөв­лөмж хүргүүлсэн. Нефть боловсруулах үйлдвэр бай­гуу­лах судалгааг хэзээнээс хийж эхлэв?

-Ардын намын дэргэд Эдийн засгийн байнгын хороог байгуулахаас өмнө буюу 2008 онд Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай судалгааг би хийж эхэлсэн. Харин Ардын намын дэргэд Эдийн засгийн байнгын хороо байгуулж, намайг даргаар нь сонгоход Монголын эдийн засгийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийн дүнд ма­най улсын эдийн засагт тул­гамдаж буй хоёр асуудлыг тодор­хойлсон. Нэгдүгээрт, ашигт малтмалын асуудал хөн­дөгд­сөн бол хоёрдугаарт, газ­рын тосны асуудлыг сөхөж, нефть боловсруулах үйлдвэр бай­гуулах талаар ярилцсан юм.

-Нефть боловсруулах үйлдвэр барих нь шатахууны хомсдол, хоёр хөршийн хараат байдлаас эдийн засгаа хамгаалах шалгарсан арга мөн гэдгийг эртнээс л хүлээн зөвшөөрч, дэмжиж байсан. Гэхдээ одоо болтол энэ нь бодит биеллээ олоогүй л байна. Харин та бүхний гаргасан зөвлөмжийг Ардын намын Удирдах зөвлөлийн хур­лаар дэмжсэн. Энэ зөвлөмжийг гаргахад мэргэжилтнүүд хэрхэн ороцлсон?

-Ардын намын дэргэдэх байнгын хороод хариуцсан асуудлуудаа хамруулсан хэлэлцүүлэг өрнүүлж, мэргэшсэн судлаачид болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдийн санал, санаачилгыг сонсдог. Үүний нэгэн адил Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлэгт салбар хариуцсан яамны газрын дарга нар болон Ашигт малтмалын газрын дарга нар, мэргэшсэн судлаачид, иргэний нийгмийн болон нефть импортлогчдын төлөөллийг урьж, хэлэлцүүлэг өрнүүлсний эцэст монголчууд нефть боловсруулах үйлдвэр байгуулах боломжтой гэсэн зөвлөмжийг гаргасан. Тэгэхээр зөвлөмж гаргахад мэргэжлийнхний санал, санаачилга нэвт шингэсэн гэж болно. Энэ санаачилгыг Ардын намын удирдах зөвлөлөөс дэмжих, шийдвэр гаргасанд их баяртай байна.

-Зөвлөмжийн дагуу дар­ханд япо­ны хөрөнгө оруулалтаар нефть бо­ловс­руулах үйлдвэр бари­хаар болсонд нефть бо­ловсруулах үйлдвэр бай­гуу­лахаар зүт­гэж буй жижиг компаниуд “Ул­саас том төслийг дэм­жээд жижиг төслүүдийг орхиг­дуулж байна” гэсэн шүүмжлэл гар­гаж байгаа?

-Газрын тосны үйлдвэр байгуулах саналыг 17 байгууллага Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд тавьсан байдаг юм билээ. Үүнийг нь яамнаас хянаж үзээд дөрвөн газарт нь зөвшөөрөл өгсөн гэсэн. Үүний дагуу Эрдэнэт хотод Оросын хөрөнгө оруулалттай хийн болон машины тосолын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Харин Дархан хотод Японы хөрөнгө оруулалтаар байгуулах гэж байгаа үйлдвэрийн төсөл болон “СодМонгол” груп­пийн төслүүд одоохондоо хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Манай хорооны хэлэлцүүлгийн дүнд Дархан хотод Япо­ны хөрөнгө оруулалтаар бай­гуулах нефть боловсруулах үйлд­вэрийн төслийг дэмжихээр бол­сон. Энэ төслийн бүх зүйл нь бэлэн болчихсон ганцхан хөрөнгө оруулалтын асуудлаа л шийдэж чадахгүй гацаанд орчихоод байсан юм билээ. Төслийн дагуу барих үйлдвэр жилд хоёр сая тонн нефть болосруулах хүчин чадалтай. Техник, эдийн засгийн үндсэлэл нь бэлэн байсан. Бид энэ төслийг улс төр болон геополитик гээд байж болох бүх л талаас нь судалж үзсэний үндсэн дээр хэрэгжих боломжтой гэсэн шийдэлд хүрсэн юм. Газар зүйн байршил, дэд бүтэц талаас нь аваад үзэхэд Дархан хот нэн тохиромжтой.

-Манай улсын шатахууны жилийн хэрэгцээ хоёр сая тоннд хүрэхгүй. Тиймээс япон улс өөрийн хэрэгцээнд шатахуун боловсруулах нь гэсэн хардлага газар аваад байх юм?

-Манайх жилд нэг сая орчим тонн шатахуун хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Энэ хэрэглээ жил ирэх бүр 10 хувиар өсч байгаа. Энэ маягаар цаашид өсөөд байвал 2015 он гэхэд 1.5 сая орчим тонн шатахууны хэрэглээтэй болно гэж тооцоолж байгаа. Тиймээс жилд хоёр сая тонн нефть болосруулах үйлдвэр бидний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг цаашид хангана гэж үзсэн нь энэ төслийг дэмжих бас нэг шалтгаан болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, ирээдүйд бий болох хэрэгцээг тооцоолсны үндсэн дээр тулгамдаад буй асуудлаа нэг мөр шийднэ гэсэн үг. Дээр асуусантай адилхан жижиг төслүүдийг дэмжих байсан юм гэсэн шүүмжлэлүүд гарч байсан. Тухайлбал, Тамсагт “Хэт” компанийн 160 гаруй мянган тонн нефть болосруулах үйлдвэр барьж байгаатай ижилхэн төслүүдийг дэмжлээ гэхэд хэрэгцээгээ хангаж чадахгүй. Дутуу алсан могой шиг л асуудал болж хувирах байсан юм. Тэгэхээр нэгэнт шатахууны хомсдлын зовлонг үзчихсэн юм чинь асуудлыг нэг мөсөн шийдэх нь зүйтэй гэдэг шийдэлд хүрсэн юм. Харин хэрэгцээнээсээ илүү гарсан шатахуун үйлдвэрлэж, экспортлох хэмжээнд хүрвэл сайхан шүү дээ. Гэхдээ Монгол Улс шатахуун экспортлох цаг удахгүй ирнэ гэж найдаж байна.

-Манай түүхий нефтийн нөөц энэ үйлдвэрийн түүхий эдийн хэрэгцээг хангаж чадах уу. Түүхий эдийн асуудлыг хэрхэн шийдэх юм бэ?

-Манай улс жилд 380 орчим мянган тонн түүхий нефть олборлодог. Гэхдээ энэ тоо ирэх гурван жилд өсөх нь мэдээж. Мөн яамны шугамаар  Эрхүүгийн нефтийн үйлдвэртэй нефть боловсруулах үйлдвэр байгуулсны дараа түүхий нефть импортлох гэрээ хийсэн. Үүнээс гадна Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад жил бүр нэг сая тонн түүхий нефть хямдралтай үнээр авах гэрээг Кувейт улстай хийж байсан. Нөгөөтэйгүүр улс төрийн хэмжээнд Казахстан улстай хоёр сая тонн газрын тос авч байхаар ярьсан байдаг. Тэгэхээр энэ хугацаанд дээрх бүх яриаг баталгаажуулж, гэрээ хэлцэл болгох асуудал чухал байна л даа. 

-Үйлдвэр барихад хэчнээн төг­рөгийн хөрөнгө оруулалт шаард­лагатай юм бэ. Япон улс хө­рөнгө оруулсныхаа төлөө ямар шаард­лага тавьж байгаа юм бол?

-Үйлдвэр байгуулахад нийт 600 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байсан. Үүнийг Японы Засгийн газрын банк буюу Олон улсын хамтын ажиллагааны банк нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгохоор болсон байсан юм билээ. Харин үүнийхээ төлөө Монгол Улсын Засгийн газраас эргэн тө­лөгдөх баталгаа гаргаж өгөх шаард­лага тавьсан байсан. Харин Японы  “Тоёо инженеринг” гээд дэлхийн 60 гаруй оронд 150 төсөл хэрэгжүүлсэн корпораци нь үйлдвэр барьж өгөхөөр тохиролцоо хийсэн гэж байсан. Япон бол техник технологийн дэвшлийн хаан болсон орон. Нефть боловсруулах үйлдвэрт зориулан гаргадаг тоног төхөөрөмж нь л гэхэд нефть боловсруулалтын түвшнийг 95 хувь хүртэл хийдэг. Энэ нь  дутуу материал хаяна гэсэн асуудал үүсгэхгүй гэсэн үг. Энэ үйлдвэрийг барихад бэлэн болсон харин баталгаа гаргаж өгөх л дутуу байгаа юм.

-Ардын нам үүнийг дэмжиж байгаа. Тэгэхээр нефть боловс­руу­лах үйлдвэр асуудалгүй баригдах нь гэж ойлгож болно. Харин эрсд­лийг нь Засгийн газар хүлээх нь ээ?

-Дээрх санхүүжилт бол Засгийн газрын зээл биш тиймээс Засгийн газар баталгаа гаргаж өгөх нь зүйтэй гэж бид үзсэн. Гэхдээ заавал Засгийн газар гэхгүй Хөгжлийн банкаар дамжуулан ба­талгаа гаргаж болох юм гэдэг саналыг  дэвшүүлсэн. Энэ төсөл бол найдвартай. Үүнийгээ эдийн засгийн тооцоогоороо баталчихсан. Тооцоогоор дөрвөн жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоотой. Дөр­вөн жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхнө гэдэг бол сайн төсөл юм. Ер нь 10-15 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхдөг төслийг л сайн гэдэг шүү дээ. Тиймээс эрсдэл байхгүй гэсэн үг.

-Тэгэхээр Хөгжлийн банк­­наас 600 сая ам.дол­ларын баталгаа гаргахаар болсон гэсэн үг үү?

-Асуудлыг тодорхой ший­­дээгүй байгаа. Ар­дын на­мын бүлгийн хурал­даанаар оруулсны дараа хол­богдох байнгын хорооны хурлаар  хэлэлцэх байх. Гэхдээ бид дээрх зөв­лөмжийг намынхаа нөхдөд өгч байгаа. Үндсэндээ улс төрийн шийдвэрийг гар­гачихсан. Цаашид шат шатандаа асуудлыг ший­дээд явах байх. Тиймээс асуудлыг хур­дан шийдэж, энэ зундаа багтаад үйлд­вэрийн шавийг тавих ёстой гэж бодож байгаа юм. Энэ төслийг 2010 онд УИХ-аар оруулж 45 дугаар тогтоол гэж гаргасан юм билээ. Дараа нь энэ төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн Засийн газрын 302 дугаар тогтоол гарсан. Тиймээс энэ асуудлыг яаравчлуулах ёстой.

-Үйлдвэрийг яг хэ­зээ гэхэд ашиг­лалтад оруулах тооцоо байна вэ?

-Төслийн техник, эдийн засгийн үндэслэлээр гурван жилийн до­тор үйлдвэр барьж дуусгах юм. Тэгэхээр 2014 он гэхэд ашиглалтад орж, дөрвөн жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөх юм.

-Манай улсад нефть боловс­руулах үйлдвэр гэж байгаагүй учир гурван жилийн дараа гэхэд мэр­гэжилт­нүүдийн эрэлд гарах нь ээ. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Үйлдвэр ашиглалтад орсны дараа 600 мэргэжилтэн ажлын бай­раар хангагдана. Тэгэхээр үйлдвэр барих хугацаанд төрийн бодлогоор зохицуулалт хийж, хүний нөөцийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Мэр­гэжилтнүүдээс гадна үйлчилгээ, хан­гамжийн зэрэг салбар дагалдан хөг­жиж маш олон хүн ажлын байраар хан­гагдана. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүн 12 хувиар өсч, 560 сая ам.доллараар манай улсын эдийн засаг тэлнэ. Улсын төсвийн орлого 20 хувь буюу 270 сая ам.доллараар өсч, гадаад худалдааны алдагдалгүй болно гэх маягаар эдийн засаг эрүүлжих юм.  

-Японы талаас үйлдвэрийн удирд­лагын бүтцэд орох ямар нэ­гэн санал тавьсан болов уу. Гад­нын хөрөнгө оруулалттай гэхээр л иймэрхүү хардлага гараад байдаг шүү дээ?

-Бид үүнийг тооцож үзээгүй биш үзсэн л дээ. Стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг утгаар нь тус үйлдвэрт төрийн оролцоо байх нь зайлшгүй. Энэ тухай хууль ч бий. Төслийн хувьд хуулийн хүрээнд бүх зүйлийг хийнэ. Тухайлбал, санхүүжилтэд төр баталгаа гаргаж өгснийхөө төлөө доод тал нь 75 хувийг эзэмших юм. Гэхдээ яг хэдэн хувь эзэмшихийг ойрын үед тодорхой болгохоор ажиллаж байна.

-Харин үлдсэн хувийг нь хэн эзэмших вэ?

-Анх төсөл санаачилсан “Монгол Секю” гэдэг компани үлдэх хувийг эзэмших юм.

-Сүүлийн үед төрд өмч байх ёсгүй. Төрийн өмчийн компаниуд ямар ч хариуцлага, ашиггүй ажил­ладаг. Харин зардал их гаргадаг гэх яриа гарах болсон. Үүнтэй ижил­хэн зүйл болчихгүй гэх батал­гаа бий юу?

-Энэ ажлыг яаралтай эхлүү­лэхийн тулд Засгийн газрын байн­гын бүрэн эрхт төлөөлөгч томилж, эрчимжүүлэх санал тавьсан. Тэгэхгүй бол төр оролцож байгаа гээд л Төрийн өмчийн хорооноос бүх зүйл хамаарах ёсгүй. Энэ бол Монголын эдийн засгийн аюулгүй, тусгаар байдлын түлхүүр асуудал юм. Тиймээс ашиг олохгүй, зардал гарна гэх асуудал гарахгүй байх.

-Одоогийн нефть импорт­логчид шиг монопольчлохыг үүсэ­хийг зарим хүн үгүйсгэхгүй бай­гаа шүү дээ. Яваандаа Японы үйлд­вэр болчих вий гэх хардлага ч бий?

-Япон улстай энэ асуудлыг холбож тайлбарлах нь утгагүй байх. Япон улс хөрөнгө гаргаад бариад өгье. Харин нэг ч хувь эзэмшихгүй гэж байгаа. Төрийн оролцоотой монополь бий болох эсэх нь барьсны дараа ярих асуудал байх. Үүний дараа нь хувьд шилжүүлэх эсэхийг шийдэх боломжтой шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа

Р.САРАНГОО

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж