Тэр миний төлөө өөрийгөө золиосолж чадна

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Тэр миний төлөө өөрийгөө золиосолж чадна

Daisy, Daisy, Daisy… Түүнээс содон мэдрэмж, тод өнгө, гоё хоолой, өвөрмөц ертөнц мэдрэгддэг. Тэгсэн хэрнээ даруу, чимээгүй байдгийг нь гайхдаг. Харин энэ удаа дуучин Daisy түүний уран бүтээлийг сонсдог фэнүүддээ шинэ мэдээ дуулгаж байна. Daisy зургадугаар сарын 25-нд тоглолтоо хийхээр болжээ.

Удаан хүлээлгэсэн дуу хоолой, гоё мэдрэмж, шинэ дуу… Энэ бүхнийг сонсч, Daisy-гийн үдшээр зочлохыг хүсвэл та зургадугаар сарын 25-нд “iLoft” клубыг зориорой.

Түүний уран бүтээл таалагддаг бол танд барих бас нэгэн сюрприз байна. Энэ бол дуучин Daisy-гийн “Play me” сэтгүүлд 2009 онд өгч байсан маш сонирхолтой ярилцлага. Хүсвэл та үргэлжлүүлж уншаад, Daisy-гийн ертөнцөөр аялаарай. Харин дараа нь заавал түүний тоглолтод ирэхээ мартуузай.

DAISY: ТЭР МИНИЙ ТӨЛӨӨ ӨӨРИЙГӨӨ ЗОЛИОСОЛЖ ЧАДНА

Анх сонсоод л сэтгэгдэл төрүүлж чадвал тэр “жинхэнэ” гоё дуу. Гэхдээ тийм дуу хэр олон байдаг билээ дээ.

…Сэрж чадамгүй дурласан зүрхээ
Сэтгэлдээ би яаж ойлгуулах вэ?
Сэвтээж боломгүй нандин хайр минь
Чамд би яаж хэлэх вэ?
Дурлал чи надаас юу хүснэ вэ?…

Олон хүний хувьд “жинхэнэ” гоё дуу байж чадсан энэ дуунд та ч бас дуртай биз дээ. Daisy гэх энэ дуучин бүсгүйн жинхэнэ нэр Дэлгэрцэцэг. Түүнийг олон хүмүүс “Зөрлөг” киноны энэ дуугаар нь илүүтэй мэдэх болсон. Харин зарим хүмүүс түүнийг 2000 оны эхээр “Madness” хамтлагтай амьд дуулдаг байсныг, “Сансара” амьд хөгжмийн эмэгтэй хамтлагийн дуучин байсныг сайн мэдэх байх аа. “Prosound” студи дээр түүнтэй уулзахаар очиход тун удахгүй маамуулах гэж байгаа Daisy биднийг угтан авлаа. Тэр нөхөр Гангынхаа хамт “Prosound” студид харьяалагдаж, тэнд уран бүтээлээ хийж байгаа гэсэн.

-Хөөх, ямар хөөрхөн юм бэ. Одоо хэдэн сартай вэ?

 
-Одоо найман сартай. Есөн сард төрнө.

-Охин болов уу, хүү болов уу?

-Хүү байгаасай гэж бид хоёр их хүсч байгаа. Гэхдээ бурхны бэлэг юм чинь аль нь ч яадгийн тээ. /инээв/

-Ядарч байна уу. Бие давхар байж уран бүтээлээ хийгээд л үнэхээр шаргуу байна шүү?

-Ядрахын хувьд бол гайгүй ээ. Харин хоолой бичүүлэхэд амьсгааны тал дээр жаахан хүндрэл байгаа. Жирэмсэн байхад амьсгаа их өөрчлөгддөг юм байна. Амьсгааны асуудал жаахан гарсан. Гэхдээ миний дуунууд характерийг нь гаргаад дуулчихвал л болно. Нэг их диапозон шаардаад байхгүй болохоор зүгээр ээ. Манай хүн /нөхөр Гангыг хэлж байна/ яг өөрөө л миний дуунууд дээр ажилладаг. Хэрвээ өөр хүн хийчихсэн байх юм бол “Чи поп дуучин шиг юун гоё дуулчихсан юм болиоч. Энэ дууны характер огт биш байна” гээд л загнана шүү дээ.

-Диапозон гэж дуучны хамгийн дээд өнгөндөө хүрэхийг хэлж байна уу?

-За ерөнхийдөө тийм. Диапозон сайтай дуучид зөндөө байна. Дуучид бие биедээ онгирдог ш дээ. Би тэд хүрдэг, эд хүрдэг гэдэг ч юм уу. Хэрвээ өөртөө итгэлтэй байгаа бол чи тийшээ хүрдэггүй биз дээ гэж дээрэлхэж харьцаж бас болно ш дээ. /инээв/. Миний үнэлэмжээр диапозон сайтай дуучид гэвэл Наран эгчийг хамгийн түрүүнд хэлнэ. Тэгээд Алтаа эгчийг хэлнэ. Өөр мэдэхгүй. Дуучин болгоны стиль гэж байна л даа. Ерөнхийдөө поп дуучид илүү их диапозонтой дуулалтыг үзүүлдэг. Би жишээлбэл диапозон харуулна гээд л орилоод байвал шал тэнэг л дээ.

-Mariah Carey дэлхийн хамгийн дээд өнгөтэй дуучин гэж Гиннесийн номд орсон байдаг. Тэр хамгийн дээд өнгөө “Emotion” дуун дээрээ гаргасан гэдэг. Үүнийг яг нарийн тооцоолж, өндөр ноттой дуучдаа жагсаадаг юм байна лээ?

-Mariah Carey, Celine Dion нар попын хатан хаанууд. Гадаад байдлаараа ч яг л поп хөгжимд зориулагдсан нь гоё шүү, тээ. Манай Монголд ч гэсэн диапозон сайтай дуучид байгаа. Би Наран эгч, Алтанцэцэг эгч хоёрыг маш сайн диапозонтой гэж боддог.

-Яг жирэмсэн байх үетэйгээ ингэж давхцуулж шинэ цомгийн ажлаа хийж байхыг бодоход чи яарч байгаа бололтой?

-Харин ч би цаг хугацааны хувьд яараагүй. Яг энэ цаг хугацааг маш тэвчээртэйгээр хүлээж байсан. Ямар ч байсан өөртөө маш их таалагдсан цомог гаргамаар байсан. Миний хувьд өөрөө өөртөө таалагддаг болохыг их хүссэн л дээ. Хүмүүст танигдахыг яарч, нэр хүнд бодсон бол “Сансара” хамтлагтай байхдаа “Сансара” гэж цомог гаргаад л. “This is Band” гээд эрэгтэй амьд хамтлагтай байхдаа ч бас нэг цомог гаргаж болох л байсан. Тэр үедээ зүтгэсэн бол болох л байсан. Харин би тэгээгүй. Энэ цомог маань харин ч их оройтож байна. Дөнгөж анхны цомог шүү дээ.

-Би таныг нэлээд хэдэн жилийн өмнөөс “River Sounds” болон зарим клубүүдэд амьд дуулдаг байсныг чинь мэднэ. “No Doubt”-ын “Don’t speak” гээд л…?

-Тийм ээ, би анх “Madness” хамтлагтай дуулж эхэлсэн. Зөвхөн “Madness” хамтлагтай амьд дуулах гэж би бүтэн жил хагас гэртээ өөрөө бэлтгэл хийж байсан. Анх рок мангас Мөнхсайхан ах намайг “Madness”-тэй танилцуулж өгч байсан юм. Би чинь дуулаачийн чиглэлээр сургуульд сураагүй. СУИС-ийг 97 онд жүжигчнээр төгссөн ш дээ. Тэгсэн мөртлөө жүжигчин болохоос илүү дуулах дуртай байсан. Тэгээд "Madness"-ийнхэн намайг бэлтгэл хийгээд бэлэн болохоороо ирж шалгуул гэсэн. Жил хагас гэртээ бэлтгэл хийгээд очиж шалгуулсан өдрөө “Madness”-ынхэнтэй хамт анх удаа “River Sounds”-т амьд дуулж байсан.

-Нөхөртэйгээ анх яаж танилцсан бэ?

-Миний нөхөр “Madness” хамтлагийн анхны соло гитарчин залуу. Би “Madness”-тэй хамт дуулж эхлэх үеэсээ л Ганг, Ганг гэж зөндөө сонсдог байсан. "Madness"-ынхан байнга Гангын тухай ярина. Манай Ганг байсан бол тэгэх байсан, ингэх байсан гээд л… Тэгээд эмэгтэй хүн чинь чихээрээ дурладаг юм уу хаашаа юм, бүү мэд. Одоо сүүлд бодохоор инээд хүрмээр байдаг юм. Тэр үед залуучууд эргүүлдэг байхад тоохгүй өөр л нэг юм хүлээгээд байдаг байсан.

-Хараагүй мөртлөө сэтгэлдээ бараг дурлачихаад байсан тэр залуутайгаа хэзээ анх уулзсан бэ. Чихээр сонссон бүхэн чинь хэр үнэн байна?

-2004 онд Ганг ирсэн. Тэгээд л ирснийх нь дараа уулзсан. Анхны сэтгэгдлээр бол ер нь тийм их таалагдаагүй. Эмэгтэй хүн шиг хоёр хажуугаараа туг үс унжуулаад ардаа боочихсон. Тэгээд одоо л таргалчихсан болохоос тэр үед цаадах чинь их туранхай байсан ш дээ. Нэг тийм их өвөрмөц царайтай санагдаж байсан. Анх би харчихаад "За, энэ ч царай муутай л юм байна даа“ гэж бодож байсан /инээв/. Тэгээд хувцаслалт нь хүртэл тухайн үеийн залуучуудынхаас шал өөр, их өвөрмөц стильтэй байсан. Нүдэнд дасаагүй болохоор ч тэр үү, бүр л сонин харагдаад байсан. Одооны альтернатив залуучуудын өмсдөг трапецандуу стилийн жийнсэн өмд, кеттэй. Дээгүүрээ урдуураа задгай, тайлаараа бариудуу нэг тийм цамц өмсчихсөн байсан. Тэгээд уулзаад байх тусам бага багаар татагдаад, бие, царай нь хүртэл таалагдаж эхлээд л …/инээв/. Би ер нь эрэгтэй хүний их хачин хачин юмыг хардаг юм аа. Нүүр, толгойны хэлбэр гээд л. Гонзгой толгойтой, гонзгой нүүртэй залуучуудад ер нь дуртай. Тэгээд манай Гангын биеийн пропорц надад аягүй таалагдсан. Нэг тийм урт хөлтэй, европжуу стилийн биетэй санагдаж байсан.

-Тэгээд удалгүй жирийн найзууд болжээ. Түүнээс хойш хэр удаж дотно харьцаатай болсон бэ?

-Хоёр жил гаруй жирийн л найзын харилцаатай байж байгаад дотноссон. Манай Ганг чинь хүүхэн энэ тэр найрахдаа үнэн авьяасгүй. Анх намайг эргүүлэх оролдлого хийгээд тэр нь аягүй тийм бүтэлгүй болсон байхгүй юу. Тэгээд аймаар том шантарсан гэсэн. Би шууд өөртөө итгэх ямар ч итгэл найдваргүй болтол нь загнаад “Чи бараг л юу юм. Дахиж манайхаар битгий ирээрэй. Чи яахаараа манай гэрийг мэддэг юм. Чи бид хоёр огт өөр хүмүүс” энэ тэр гээд л. Тэгээд тэрнээс хойш хөндийрсөн, нэг хэсэгтээ. Сүүлд Ганг өөрөө надад “Би эмэгтэй хүнд их сайн болчихоод аймаар шантарч үзсэн” гээд ярьж байсан. Хэдий анхандаа би тэгж янз бүрийн ааш гаргаж байсан ч дотроо Гангын авьяасыг их хүндэлдэг, хайрладаг байсан. Найзлаад зохиосон дуу, ая энэ тэрийг нь сонсоод улам их хүндэлж хайрладаг болсон.


-Авьяастай хүнийг л хайрла. Бусад нь яаж амьдрахаа мэднэ гэж нэг алдартны хэлсэн үг надад их гоё сэтгэгдэл үлдээсэн?

-Яасан гоё үг вэ. Үнэхээр авьяастай хүнийг хайрлах хэрэгтэй. Бүр хайрласан шиг хайрлах хэрэгтэй л гэж би боддог. Энэ хүнийг сайхан хайрлавал илүү ихийг хийж чадна гэж би бодож байсан. Тэр үед Ганг найзууд, танилуудтайгаа нийлээд нэлээн уучихдаг байсан. Уул нь илүү гоё өөр орчинд амьдрах ёстой хүн өөрт нь шал тохироогүй орчинд амьдраад байх шиг санагддаг байлаа. Эмэгтэй хүний хайр дутагдаад тэгж амьдраад байгаа юм шиг л санагддаг байсан. Авьяастай хүнд дутагдал их байдаг юм шиг ээ. Бусад хүмүүс амьжиргаатай, арчаатай байдаг шүү дээ.

-Тэгээд тэр хүний дутагдлыг хүлээн зөвшөөрөөд суух шийдвэрийг гаргажээ дээ?

-Энэ хүнтэй нийлэх үү, нийлэхгүй юу гээд л би өөрөө өөртэйгээ нэлээд зөрчилдөж байсан л даа. Одоо бол ихэнх эмэгтэйчүүд залуу хүүхнүүд аль болох бэлэн амьдралыг л хүсдэг ш дээ. Заримдаа надад шантармаар үе байсан. Хоёр тэс ондоо хүн гэнэтхэн л нэг дор амьдраад эхэлдэг. Өөрийгөө буруутгах ч үе зөндөө байсан. Би бурхан уу, хаашаа юм, эсвэл би өөрийгөө бурхнаас хүчтэй гээд ч бодчихсон юм уу, яагаад би бүхэл бүтэн хүнийг авчирчихаад хүмүүжүүлэх гээд өөрийгөө ч зовоогоод, тэр хүнийг ч зовоогоод байгаа юм гэж боддог байсан. Уучихсан байгаа үед нь зөрчил их гардаг байсан. Тэгэнгүүт их хэцүү. Би өөрөө түүнийхээ цаад сэтгэлийг нь сайн мэддэг болохоор аягүй хэцүү байсан л даа. Цаад санаа нь, сэтгэл нь сайхан гоё хүн байгаад байдаг. Үүнийг хэр баргийн эмэгтэй хүн ойлгохгүй. Би заримдаа өөрийгөө ямар тэвчээртэй юм бэ гэж гайхдаг байсан. Тэр их тэвчээр хаанаасаа гардаг байсныг би бүр ойлгохгүй байгаа /инээв/. Миний аав бас жаахан уудаг хүн байсан л даа. Тийм болохоор би архи уудаг хүнийг ер нь жаахан мэднэ. Тэгээд ээжээсээ хүртэл би нэг удаа асууж байсан юм, “Ээжээ, надад нэг залуу байна, надад тэр хүний сайхан сэтгэл нь яг л миний аав шиг санагдаад байна. Гэхдээ жаахан уудаг. Би яах вэ?” гэж асуусан. Тэгсэн чинь ээж “Миний охин өөрөө л мэд. Уудаг хүнтэй байх хэцүү шүү” гэж хэлж байсан. Гэхдээ эцсийн эцэст бид хамтдаа аз жаргалтай амьдарч байна. Мэдэхгүй ээ, би сэтгэлийг нь бодохоор л дотор өмрөөд байдаг. Дотор нь үнэхээр гоё хүн байдаг. Тэгээд л би аягүй зоригтойгоор шийдвэр гаргасан. Чи бодоод үз дээ. Хэрвээ чи л тэр хүнд байхгүй бол тэр хүн амьд явж чадахгүй, ажлаа хийж чадахгүй, юу ч хийж чадахгүй. Тэгээд бодоод үзэхээр их сонин. Өөрийнх нь төлөө өөрийгөө бүрэн золиосолж чадах тийм эр хүн байхад ямар ч эмэгтэй хүнд гоё л байдаг байхгүй юу. Би их жаргалтай байгаа.

-“Зөрлөг” киноны дуу хүмүүст их таалагдсан. Бараг сонссон хүн болгон л сонссон даруйдаа дуртай болж байсан.

-Их санаандгүй байж байгаад тэр дууг дуулсан л даа. Энэ дууны үг, аяыг манай Ганг зохиосон. Тэгээд анх Нара дуулах гэж байсан. Тэгээд Нарагийн хоолой нь болоогүй. Тэгээд цаанаас киноныхон дуугаа яаруулаад Ганг намайг “Чи дуулаад үзэх үү” гэсэн. Тэгээд л би дуулсан.

-Тэр дуу поп стилийн дуу байсан. Гэхдээ байдаг л нэг поп дуунуудаас арай өөр маневртай байсан болохоор надад ч гэсэн их таалагдсан. Ер нь Daisy  поп чиглэлээр дуулах уу?

-Баярлалаа. Тийм шүү. Надад ч бас тэр дуу их таалагдсан. Нэг тийм өөр маневртай болсон нь үнэн. Акустик гитартай дуулсан болохоор илүү амьд шинж орж өгсөн байх. Зарим хүмүүс тэр киноны чинь дуу их гоё, тиймэрхүү дуунууд дуулаач гэдэг. Яах юм тэгж, тийм биз дээ. Энэ дуунд хүмүүс дуртай гээд л яг тэрэнтэй төстэй дуунууд үйлдвэрлээд дуулаад, хит болоод байж болох байх л даа. Гэхдээ би тэгмээргүй байна. Огт өөр зүйл хиймээр байна.

-Энэ цомгийнхоо ажлыг хэзээнээс эхэлсэн бэ. Нөхөртэйгээ хамтарч уран бүтээл хийхээр хэр гар нийлж байна?

-Гурван сараас эхэлж бичлэгийн ажилдаа орсон ч гэсэн энэ цомог бол миний хувьд урт хугацааны бүтээл л дээ. Бид хоёр нийлснээс хойш Ганг миний sound продюсероор ажиллаж байгаа. Анхны цомог маань 11-12 дуутай гарна. Нөхөртэйгээ хамтарч ажиллах үнэхээр гоё л доо. Бие биенээ маш сайн мэддэг болохоор уран бүтээлийн тал дээр амар. Гэхдээ нэг хэцүү нь ажил их удаан яваад байна /инээв/.

-Ерөнхийдөө Daisy одоо ямархуу урсгал чиглэлээр дуулж байна. Шинэ цомгийн чинь хандлагыг бас сонирхож байна л даа?

-Ганг, бас л нэг альтернатив талдаа биз дээ? /нөхрөөсөө ингэж асуулаа/ Гэхдээ альтернатив гэхээр бас арай биш. Ер нь нэг тийм өөр стиль ээ. Би ер нь ямар нэг стильд баригдах их дургүй. Тэр тусмаа өөрийгөө альтернатив дуучин ч гэдэг юм уу, эсвэл рок дуучин гэж цоллож хэлэх аягүй дургүй. Тэгж стилийг өөрийн болгож өмчлөх тэнэг санагддаг. Би өөрийгөө сорьё гэж бодож байвал юу ч дуулж болно л гэж боддог.

-Ямар хамтлаг, дуучдад дуртай вэ?

-Би ерөнхийдөө дээр үеийн дуучдад дуртай. Бүдүүн хоолойгоор “ход, ход, ход инээгээд” гээд дуулдаг Цэцгээ гээд дуучинд би их хайртай. Гэхдээ харамсалтай нь одоо байхгүй. Нандинцэцэг эгчийг, дуучин Эрдэнэцэцэг асан, “Соёл-Эрдэнэ” гээд олон хамтлаг, дуучдыг сонсдог, хүндэлдэг. Одоо бол Аяагаа /Харангын Лхагвааг хэлж байна/ сонссоор л байна. Чингис хааны Жагаа ахыгаа сонссоор л байна.

-Аяатай дотно уу?

-Дотно шүү.

-Хоригдож байхад нь эргэж очсон уу?

-Би уулзаж амжаагүй байгаа. Манайхан тэнд байхад нь эргэнэ гээд би явах гэсэн чинь хүмүүс жирэмсэн гээд авч яваагүй. Тэгээд очсон хойноо Аяаг надтай утсаар яриулсан л даа. Тэгээд “Ах нь удахгүй гарах гэж байгаа юм чинь чи жирэмсэн байж ирээд яадгийн” гээд ярьж байсан.

-Амьд хөгжмийн хамтлагаас бусад манай дуучид амьдаар дуулах гэдгийг бараг мартсан юм шиг ээ?

-Уул нь бол болохгүй л юм байгаа байхгүй юм. Хүмүүс тэр байдлыг өөгшүүлээд байгаа. Ямар ч цензур тавих хүн байхгүй. Үнэхээр Пентатоник академи ч юм уу цензур тавьдаг хүмүүс нь хянах л ёстой байх даа. Гэтэл тэр хүмүүс нь дундаа орчихоор яах ёстой юм бол бүү мэд. Энэ тал дээр шаналж байгаа хүмүүс зөндөө байгаа. Эрээний чанаргүй хямдхан бараа зөөж ирээд монголчууддаа хямдхан зардагтай адилхан урлагийг ч гэсэн тийм болгож байна ш дээ. Рок попын дуучид өөрсдөө зохиолын дуучдыг муулаад л байдаг хэрнээ одоо заримынх нь дуунууд тэр зохиолын дуутайгаа яг адилхан болчихоод байна. Яг зохиолын дуу шиг нэг тийм хачин эрлийз болчихсон. Эстрад, эстрад гээд л байдаг. Гэтэл эстрад гэдэг чинь тийм мундаг ч урлаг юм уу, бүү мэд.

-Тэгвэл та өөрөө ам барьдаг уу?

-Би нэг л удаа ам барьж дуулж үзсэн. Ёстой чадахгүй юм байна лээ. Надад аймаар ичмээр байсан. Уг нь би жүжигчний мэргэжилтэй хүн чинь яаж л бол яаж ам баривал барина ш дээ. Яаж ийж жүжиглэж байгаад бүр ихэнх дуучдаас илүү ам барьчихаж болмоор. Гэтэл би тэгж чадахгүй юм байна лээ. Тэр өдөр надад үнэхээр муухай байсан. Би аймаар хөлдүү дуулсан. Бүр микрофоныхоо цаана амаа нуугаад, ямар ч сэтгэл хөдлөлгүй ёстой аймшигтай дуулсан. Надад өгч байгаа хэдэн төгрөг нь хүртэл ямар ч үнэ цэнэгүй байсан. Амьд хамтлагтайгаа өөрөө амьдаараа дуулахад цөөхөн мөнгө авсан ч гэсэн тэр нь надад аягүй амттай байдаг.

-Ам барина гэхээр микрофоноо хаачихаад өөрөө тэрүүхэндээ аяархан дуулаад л зогсоно гэсэн үг биз дээ?

-Ихэнх дуучид микрофоноо хаачихаад тэрүүхэн тэндээ аяархан дуулна. Бичлэг чанга явж байгаа болохоор тэрүүхэндээ тайзан дээр дуулахаар сонсогдохгүй л дээ. Харин зарим дуучид нэмж дуулдаг юм. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө хоолойны бичлэгтэй давхар дуулна гэсэн үг л дээ.

-Тэгж дуулах хэцүү биш үү?

-Хэцүү шүү. Цуг дуулахдаа үнэхээр сайн дуулдаг дуучид байна. Яг бичлэгээ дагаад хоолойтойгоо зөрөхгүйгээр дуулна гэдэг бол авьяас байх л даа.

-Тэгээд тийм их авьяастай юм бол яагаад амьд дуулж болдоггүй юм бол?

-Очиж дуулах газруудынх нь техникийн шаардлага их нөлөөлнө. Тэгээд л тэгдэг байх.

-Та тоглолтоо хэзээ хийх вэ. Телевизээр зүгээр л “American Idol"-ын төгсгөлийн шат энэ тэрийг үзэхээр сэтгэл хөдлөөд уйлмаар санагддаг. Тийм тоглолтыг үзэгчид их хүсдэг байх?

-Тэр бол яах аргагүй дуучин, үзэгч хоёрын хоорондох контакт байх. Шууд сэтгэлийнхээ хүчээр холбогдоод л. Би ч гэсэн “American Idol"-ыг үзээд охинтойгоо зэрэгцээд нулимс унагаад л суудаг ш дээ. Дуучид сэтгэл хөдлөлийг гаргаж дуулна гэж дуучин хүнд өөрт нь заавал байх ёстой зүйл. Даруухан суугаад дуулж байгаа нь хүртэл хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг дуучин байна. Тэгэхээр нэг тийм увидас байгаа гэсэн үг. “Хөөе, орилоорой, орилоорой” гээд манайхан шиг тэгж хүмүүсийн сэтгэл рүү орохгүй л дээ. Тайзнаас юм хүлээгээд сууж байгаа хүн бол байнга л бэлэн байдаг. Би ямар ч гэсэн хийнэ ээ. Амлачихъя. Одоохондоо төлөвлөөгүй байна. Гэхдээ цомгоо гаргаад дараа нь нэг их удахгүй хийнэ гэж бодож байна.

-“Тунирхаж бас аргадаж чадна” гээд яруу найрагч Эмүжингийн шүлгийг дуу болгож амилуулсан. Тэр үнэхээр гайхалтай дуу болсон?

-Аяыг нь Долгион ах хийсэн. Үнэхээр гоё ч шүлэгтэй, гоё ч аятай дуу л даа. Надад клип нь таалагдаагүй. Анх би хоолойгоо бичүүлчихээд Долгион ахад сонсгосон чинь аягүй их баярлаж байсан. “Ямар гоё болгосон юм бэ” гээд. Тэгэхэд би өөрөө ч гэсэн аягүй их баярласан. Таалагдах болов уу, яах бол гэж жаахан айж байсан. Шинэ цомогтоо би тэр дуугаа өнгийг нь жаахан доошлуулаад бага зэрэг өөрчлөөд оруулсан байгаа. Өмнө нь болохоор би дахилтан дээрээ хагас хоолойгоор дуулсан байсан юм. Jazz Blues маягийн дуу ш дээ.

-Шинэ цомогт чинь орсон дуунуудаас өөрт чинь маш их таалагдаж байгаа дуу мэдээж байгаа байх, тийм ээ?

-Тийм, би хоёр дуундаа хамгийн их дуртай. Нэг нь “Мөрөөдлийн төгсгөл” гээд дуу байгаа. Үг нь аймаар гоё. /ингэж хэлээд Дээгий аялж үзүүлэх/

“Ээ бүү гунигла
Сунадаг шат надад бий
Цэнхэр торгон утсыг хөвөөд
Хоёул хамтдаа тэнгэрийн үүдийг чимэглэе
Гараас минь хөтлөөч
Өнөөдөр би оёдолчин
Өглөөний шүүдрийн дусал бүрийг
Мэдрэх гэсэндээ
Улгүй шаахай нэхлээ
Мөрөөдөл минь надаас холдоод хэдийнэ оджээ
Мөнхийн зүйл үгүй еэ
Энэ голын урсгал эргэх цаг ирнээ”
… аягүй гоё үгтэй байгаа биз?

-Тийм байна. Үнэхээр гоё юм аа?

-Гангын хийж байгаа ажил. /инээв/ Гоё, гоё үгтэй дуунууд байгаа. Ганг маань төрсөн ганц дүүгээ алдсан юм. Тэгээд түүндээ зориулж хоёр ч дуу зохиосон нь миний цомогт багтаж байгаа. Тэр дуунд би бас маш их дуртай. Зургаа, долоон жилийн өмнө Европт байхдаа зохиосон дуу. “Angel” гэдэг нэртэй. Энэ дууг би энэ хорвоо дээр ирсэн бүх авьяастай хүмүүст зориулсан дуу гэж боддог.

“Хаврын харзан дээгүүр чи зовлонгоо тээсэн
Мөс цөмөрч ороход чи сэтгэлээ гээсэн
Өршөөл үгүй нуурын гүнд чирч одсон
Цөхрөл чиний зүрхийг эзэмдэхэд
Түнэр харанхуйд чи үлдэхээр шийдсэн
Харин зовлон чинь хичнээн хүнд байсан ч
Харзны ирмэг дээрээс зүүгдээд үлдсэн
Чамд тэр дассан байсан
Харз руу түлхсэндээ харамссан
Энэ ертөнц чамайг ойлгож чадсангүй
Дуулах гэж ирснийг чинь тэд мэдсэнгүй
Чамайг би хамгаалж чадсангүй
Чамайг тэнгэрийн элч байсныг чинь мэдсэнгүй
Зөвхөн оньсон хөгжмийг чинь л авч үлдээ”
гээд л цаашаа үргэлжилдэг. Ямар ч дахилт энэ тэр байхгүй, зүгээр тийм өгүүлэмжтэй дуу. Тэгээд ерөнхий агуулга нь их гоё. Сүнс нь их далай, элсэн цөлийг гатлаад тэнүүчлээд явж байхдаа оньсон хөгжим урлаад түүнийгээ эгшиглүүлсэн гэдэг юм  л даа. Тэгэнгүүт дуут шувууд сүргээрээ нисч ирээд түүний аялгууг сонсоод тэгэнгүүт тэр сүнс дуут шувуудад сэтгэлээ нээгээд тэдэнтэй нисээд одсон гэдэг.

-Та одоо хэд дэх хүүхдийнхээ ээж болох гэж байна?

-Би хоёр охинтой. Том нь аравтай, бага нь хоёртой. Мундаг ээж байгаа биз дээ? Миний том охин их мундаг охин бий. Одоо надад байнга тусалдаг. Одоо гэртээ дүүгээ харж байгаа ш дээ. Эмэгтэй хүүхэд тийм хөөрхөн.

-Уучлаарай, анхны амьдрал чинь бүтэлгүйтсэн бололтой?

-Тэр яах вэ, хүний амьдралд байдаг л зүйл. Би нэг их ач холбогдол өгөөд байдаггүй юм аа. Миний охин хүн хайрлахгүй байхын аргагүй хөөрхөн, мундаг охин. Гангыг анх хараад л би таныг “аав аа” гэж дуудна гэсэн. Одоо аав, охин хоёр их найзууд ш дээ. Бага нь дуу хөгжимд их дуртай. “Зөрлөг”-ийн дуунд бол бүр дуртай. Байнга л “дуу тавь, дуу тавь” гээд байдаг юм. Би ер нь аль болох олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Амьдрал болж байвал яадаг юм тээ? Болж өгвөл тав, зургаан хүүхэдтэй болохыг хүсдэг. Гэхдээ энэ мөрөөдөл байх л даа. Нээрээ манай хоёрын зургийг үзэх үү? /гар утаснаасаа охидынхоо зургийг үзүүллээ/

-Бага нь яг аав юм. Өхөөрдөм юм аа. Харин том нь энэтхэг охин шиг яасан ч хөөрхөн юм бэ?

-Тийм, бага бол яг аав байгаа биз дээ. Том охины маань аав герман хүн байдаг. Манай охин чинь аягүй ухаантай. Дүүгээ байнга өхөөрдөж эрхлүүлнэ. Би одоо гарах хүүхэд маань дахиад охин байвал эгчдээ өгнө гээд ярьсан чинь аягүй уурласан. Танд хэрэггүй байдаг юм байгаа биз, надад хэрэгтэй, би дүүгээ өөрөө өсгөчихнө гээд. Миний багын хамгийн эгдүүтэй юм уруул нь. Бид нар багыгаа юун Анжелина Жоли гэдэг юм. Унтаж мунтаж байхдаа уруул нь жигтэйхэн гоё харагдана. Би чинь заримдаа гурван хүүхэдтэй ээж шиг л байдаг ш дээ. Ганг надад их эрхэлнэ ээ. Хошуугаа унжуулаад зогсч байдаг юм. Тэгэнгүүт манай том охин “Ээж ээ, аав танд эрхлээд байна ш дээ, аав руу очооч” гэдэг юм. /инээв/ Тэгээд “Би дүүүтэйгээ гадаа гарлаа. Та хоёр эрхлээрэй” гээд л. Их айхтар.

-Гадаа бороо орж байна. Daisy ямар өдөрт дуртай вэ. Рокуудын тухай нэг хэвшмэл ойлголтууд байдаг тийм ээ. Тэд нар хар хувцсанд дуртай, бүрхэг саарал өдөр, гутранги маягийн үзэл бодол гээд л…

-Тийм шүү. Бороотой өдөр ч гоё шүү, бас. Гэхдээ ойрд хэтэрхий их бороо орсон болохоор жаахан залхаж байна. Рокерууд дандаа хар хувцас өмсдөг болохоор нартай өдөр шатаж үхнэ ш дээ. Тэгээд л бүрхэг сэрүүхэн өдөрт дуртай байдаг байх. /инээв/

-Та бас хэдий жирэмсэн ч гэлээ стильдээ үнэнч харагдаж байна шүү.

-Би гэхдээ хааяа цагаан магаан даашинз энэ тэр өмсөнө ш дээ. Өнөөдөр нартай өдөр байсан бол би урт даашинз өмсөөд л ирэх байсан. Ер нь би даашинз өмсөхөөр их намбалаг гоё болчихдог ш дээ. Хувцсандаа зохицуулж хувирна шүү дээ /инээв/

-Нөхрөөсөө хамгийн сүүлд ямар бэлэг авсан бэ?

-Бид хоёр хоёулаа нэг тийм хүүхэд шиг. Маш жижигхэн юманд аймаар баярладаг. Би ерөнхийдөө нэг тийм өвөрмөц нэг их байдаггүй юм хуманд дуртай. Манай хүн ч гэсэн бас тиймэрхүү. Тэгээд бид хоёр тохиролцолд хүрсэн л дээ. Дэлгүүрээр хамтдаа яваад бие биенийхээ дуртай юмыг авч өгч байвал зүгээр юм байна гэж /инээв/. Тэгээд бид хоёр одоо энд тэнд дэлгүүрээр хэсэхээрээ хоёулаа зөвлөлдөөд өөрсдийн бэлгээ авчихдаг ш дээ. Ер нь бид хоёрын хэн хэн нь нэг их эд материал тоодоггүй. Миний хувьд Ганг миний анхны цомгийг хийж өгч байгаа нь хамгийн том бэлэг. Түүний минь сэтгэл зүрх тэр чигээрээ энэ цомогт шингэсэн. Анх би 98 онд Герман явахгүй юу. Манай ганган гэдэг ойлголт тэр үед ямар инээдтэй байсан юм бэ? Аль байдгаараа гангалчихаад явж байгаа нь л аймаар инээдтэй байсан. Хар свитер өмсчихсөн, тэгээд тэрэн дээрээсээ монетон гинж, минж баахан ээмэг бөгж зүүчихсэн, тэгээд савхин хүрэмтэй. Тэр үед би өөрөөсөө аймаар ичсээн. Жаахан ч байсан, гадагшаа жилийн дээс анх алхаж байгаа нь тэр л дээ. Тэгэхэд онгоцонд нэг герман хөгшин эмэгтэй зүгээр нэг донжтой төмөр ээмэг зүүчихсэн надаас хамаагүй залуухан харагдаж байгаа юм чинь. Тэгж  би ганган байх гэдэг чинь маш энгийн юмыг л хэлдэг юм байна гэдгийг ойлгосон ш дээ. Ерөөсөө л ганган байдал гэдэг донж байсан юм билээ. /инээв/ Алт энэ тэр бол залуу хүнд онц биш санагддаг. Харин гоё мөнгөн эдлэлд бол дуртай шүү.

-“Сансара” хамтлагт байхдаа нэлээн хэдэн дуу гаргасан. Тэр дуунууд энэ шинэ цомогт багтах уу?

-Үгүй, дараа “Сансара” гэсэн өөр цомог гаргана гэж бодож байгаа. “Сансара” хамтлагт байсан охидуудад маань ч гэсэн дурсгалтай гоё байх.

-Та их нийтэч байх аа. Олон найзтай юу?

-Би ер нь их нийтэч шүү. Хүн болгонтой л нийцтэй аятайхан харьцахыг хичээдэг. Гэхдээ найзын хувьд бол цөөхөн хэдэн сайн найзтай. Амьдралын найз гэдэг шал өөр л дөө, тээ. Ер нь багаасаа л би их эршүүд хүүхэд байсан. Охидуудтай найзлахдаа хов жив энэ тэр гэсэн юм огт ярьдаггүй байсан /инээв/. Эмэгтэйчүүд “Тэр залуу ингээд, тэгээд. Би тэгээд, ингээд гэдэг ч юм уу. Тийм будаг, ийм хувцас” гээд л ярьцгаадаг ш дээ. Би тийм яриа энэ тэрт ёстой сонирхол байдаггүй. Тиймэрхүү яриа өрнөж байвал гараад л явчихмаар санагддаг. Миний санааг их сонсдог, бас эргүүлээд надад янз бүрийн гоё санаанууд өгдөг тийм хүнтэй найзлах дуртай. Харин энэ хүнтэй суугаад би их эмэгтэйлэг болсон. Дотроосоо их өөрчлөгдсөн гэх үү дээ. Эмэгтэй хүний дотоод гоо сайхан гэдэг хамгийн гоё. Тэрийг их тодруулсан хүн бол манай нөхөр. Магадгүй эмэгтэй хүнийг тэгж бодтол нь хүн хайрладаг байх л даа. Дотоод гоо сайхныг маань нээн гэдэг хамгийн мундаг эр хүний шинж гэж би боддог ш дээ. Дотоод гоо сайхнаа нээсэн хүн гаднаасаа ч гэсэн гоё харагддаг. Сэтгэл санаа нь тайван дөлгөөн. Хүний жаргал чинь сэтгэлийн л тайвшрал биз дээ, эцсийн эцэст. Би өмнө нь өөрөө их адгуу бачимдуу байсан. Өөрийгөө олон олтлоо нэг тийм үе хүн бүрт л байдаг ш дээ. Өөрийгөө олох гэж явж байхдаа бүдэрч ч болно. Одоо бол би их өөрчлөгдсөн. Их тайвширсан ч гэх юм уу.

-Саяхан жилдээ ганц болдог амьд хөгжим сонирхогчдын хамгийн том наадам “Playtime” болж өнгөрлөө. Мэдээж очсон байх. Ямар болсон бэ?

-Гоё байсан шүү. Зөндөө их майхан байсан. Бас цаг агаар нь үнэхээр сайхан байсан. Хоёр хоног эрүүл агаарт сайхан амралт болсон. Их сайхан зохион байгуулалттай болсон.

-Гоё гэж тоочих шалтгаан ингээд л боллоо гэж үү?

-Үнэнийг хэлэхэд, бид нар бүгд л гоё шинэ зүйл сонсох болов уу гэж их горьдсон. Үнэхээр сонсоогүй. Тэнд очсон дөч шахам хамтлагийн бараг ихэнх нь нэг бол “А Sound” шиг, нэг бол “Lemons” шиг дуулаад байсан. Би болохоор олон залуус амьд хөгжим тоглож байна, хөгжиж байна гэж бодож байсан. Гэтэл зүгээр л даган дууриах бол хөгжил биш ш дээ. Өөрсдөө шинээр сэтгэх хэрэгтэй. Гэтэл “A Sound”-ын Тэмүүлэн ямар сонин, өвөрмөц сэтгэлгээтэй, хөдөлмөрч, боловсролтой, мундаг залуу гэж санана. Одоо Ганг “Доз” энтертайнментийн нэг шинэ киноны дуун дээр ажиллаж байгаа юм. Тэгээд Тэмүүлэн тэр киноны дууг дуулж байгаа. Тэгээд л манайд ирж очоод л байж байдаг юм. Аягүй сонин хүн ш дээ, чи дараагийн ярилцлагадаа оруулаарай. Хамт бид нар байж байхад бараг юу ч ярьдаггүй. Гэнэт байж байснаа “Дээгий, Ганг бөө гэдэг чинь ийм юм байдаг юм байна ш дээ, би ийм ном уншиж байгаа байхгүй юу, тэгсэн энэн дээр ийм юм байх юм” гэдэг ч юм уу…

Нэг тиймэрхүү олсон уншсан мэдсэнээ хуваалцаж, хүнтэй ярих их дуртай. Ойр зуурын юм хум огт ярихгүй. Тэгэхээр залуу хамтлагууд өөрсдийгөө хөгжүүлэх сэтгэлгээгээ задлах, сурч мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй хий хоосон Тэмүүлэнг дууриагаад яах юм бэ. Ганг “Playtime” дээр оччихоод бас ажлаа хийгээд л өвөрмөц хөөрхөн дуугаралттай хамтлаг байвал хамтран ажиллах юмсан гээд л хараад байсан. Үнэндээ байхгүй байгаа юм чинь. Бүгд адилхан.

Ярилцсан Ж.НАНДИНЗАЯА

Photo by Тавка /www.baabar.mn/

Эх сурвалж: “Play me” сэтгүүл /2009 оны 09 сарын дугаар/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж