ТОКҮДА сангаас Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд Гемодиализийн 10 аппарат бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

ТОКҮДА сангаас Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд Гемодиализийн 10 аппарат бэлэглэлээ

 

Сүүлийн жилүүдэд бөөрний дутагдалтай гэсэн оноштой хүний тоо нэмэгдэх болсон. Манай улсын хэмжээнд жилд бөөрний дутагдалд орсон 100-150 хүн эмнэлгийн туслалцаа, үйлчилгээ авах шаардлагатай байдаг. Гэтэл тэдэнд амьдрал бэлэглэх ганц найдвар болсон гемодиализ/химийн бөөрний аппарат/-ийн аппарат нь улсын хэмжээнд 60 гаруй хувийн хангалттай буюу ердөө 90 орчим байгаа нь харамсалтай бас чамлалтай үзүүлэлт юм. Гемодиализийн аппаратад хөдөө орон нутаг, нийслэлийн алслагдсан дүүргийн иргэд хамрагдан эмчлүүлж чаддаггүй байна. Иймд Японы “Токүшюүкай” группийн “Токүда” сан түүний харьяа “Токүда-Монгол” сангийн шугамаар Налайх дүүрэг, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус бүр 5 ширхэг бөөрний аппарат бэлэглэхээр болсон юм. Өнөөдөр Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 5 ширхэг бөөрний аппарат гардуулан өгөх ёслолын ажиллагаа боллоо. Эдгээр аппарат болон холболтын тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ нь ойролцоогоор 240 орчим мянган доллар юм.

 

 

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Уул уурхайн сайд, “Токүда-Монгол” сангийн удирдах зөвлөлийн гишүүн Р.Жигжид, “Токүшюүкай-Шонан Камакүра” эмнэлгийн дэд дарга Ш.Кобаяши, “Токүда” сангийн тэргүүн, хатагтай  М.Токүда, Налайх дүүргийн  Нэгдсэн эмнэлэгийн дарга Б.Эрдэнэбат нар оролцлоо.

 

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Монгол Японы харилцаа сүүлийн жилүүдэд иж бүрэн түншлэлийн зарчмаар эрчимтэй сайхан өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглэлээ.

 

Хэдхэн хоногийн өмнө Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ манай оронд ажлын айлчлал хийж Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам эрчимжүүлэн хөгжүүлэх чиглэлийг тодорхойлоод явсан билээ.

 

 

Өнөөдөр бид Монгол, Японы хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд "Токүда" сангийн шугамаар Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хиймэл бөөрний аппарат бэлэглэх ёслолын арга хэмжээнд ийнхүү оролцож байна. Одоогоос 4 жилийн тэртээ Токүда-Монгол сан болон “Хавдаргүй Монгол” сангийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын Нэгдсэн 1 дүгээр эмнэлэгт хиймэл бөөрний төв байгуулах буяны үйлсэд миний бие УИХ дахь Монгол, Японы бүлгийн даргын хувиар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байсны хувьд талархаж байна.

 

 

Энэ завшааныг ашиглан Япон улсын нэрт улс төрч, Токүшюүкай группыг үүсгэн байгуулагч ноён Токүда Торао болон Токүда сангийн нийт хамт олонд Налайх дүүргийн болон нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье хэмээн хэллээ.

 

Монгол, Японы найрсаг харилцаа улам батжин бэхжих болтугай!

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж