Төслийг богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэхийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Төслийг богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэхийг хүслээ

Сангийн сайд С.Баярцогт Монгол улсад зохион байгуулагдаж байгаа Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Комиссын хуралдааны дараа тус комиссын Хятадын хэсгийн дарга, БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Чэн Зянийг хүлээн авч уулзлаа.  

Энэ уулзалтын өмнө хоёр тал гарын үсэг зурсан Засгийн газар хоорондын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Эксим банкны хооронд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын орон сууцны төсөл”, “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн худалдан авах төсөл”-ийн зээлийн тусгайлсан хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээ амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа Сангийн сайд илэрхийлж, Хятадын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 30 сая юаний буцалтгүй тусламжийн хөрөнгийг ард иргэдийн ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлж, нийслэлийн автозам, гэрэлтүүлгийг сайжруулах төсөл хөтөлбөрт ашиглах сонирхолтой байна гэлээ. Түүнчлэн өмнө хийгдэж байсан БНХАУ-ын буцалтгүй тусламжийн үлдэгдэл хөрөнгийг Бээжин хотын нэрэмжит гудамж, замын тохижолт, их дээд сургуулийн хотхон барьж байгуулахад ашиглахаар төлөвлөөд байгаагаа мөн танилцуулсан юм. 

БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан 300 сая ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн даруу Монгол улсын Засгийн газраас хариуцах 15 хувийн урьдчилгаа төлбөрийг тодорхой хувиар хувааж төлөхөөр Эксим банктай тохиролцоод байгаа. Үүний хамт төслийн тодорхой санхүүжилт хийгдэж, бэлтгэл ажил хангагдаад, үйл ажиллагаа тасралтгүй хэрэгжих нөхцөл бүрдсэн. Тиймээс Хятадын талын гүйцэтгэгч компаниуд хоёр орны хамтын ажиллагааг эрчижүүлэх, найрсаг харилцааг улам бэхжүүлэх үүднээс төслийг аль болох богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна гэдгийг Сангийн сайд С.Баярцогт хүслээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж