Гарцаагүй “boom”
Цөмийн эрчим хүч болон уран олборлохыг эсэргүүцдэг хэсэг бүлгийнхэн “Ерөөсөө ертөнцийн улс орнууд уранаас татгалзаж байна” гэж сурталчилж байгаа. Үнэхээр тийм байна уу гээд албан ёсны мэдээллүүдийг ухаж төнхөж үзвэл хандлага харин ч эсрэгээрээ байна. Өнөөдөр дэлхий дээр 31 оронд нийт 438 реактор ажиллаж байгаагийн 33 нь ОХУ-д, 23 нь Хятадад байна. Оросын инженерүүд дэлхийн анхны хөвөгч атомын цахилгаан станц бүтээж эхэлснээ ноднин зарлахдаа 2016 онд ажиллаж эхэлнэ гэсэн. Европын холбооны улсууд Крымын асуудлаас болоод бүхэлдээ хориг тавьчихсан байхад Финланд ОХУ-аар атомын цахилгаан станц бариулах ажлаа огтхон ч зогсоосонгүй. Манай өмнөд хөрш Фукушимагийн цунамигаас хойш жил дараалан хоёр ч цөмийн цахилгаан станц ашиглалтанд оруулсны дээр нэмээд 26-г шинээр барьж байна.
Сүүлийн жилүүдэд Азийн орнууд маш хурдацтай, эрчимтэйгээр цөмийн цахилгаан станцтай болцгоож байна. Ойрын хэдхэн жилд дэлхий хэмжээнд 39 цөмийн цахилгаан станц шинээр баригдсаны 22 нь Азид босчээ. Реакторынхоо тоогоор өнөөдөр Өмнөд Солонгос тэргүүлж байгаа бөгөөд үйлдвэрлэж буй нийт цахилгааныхаа 27.6 хувийг цөмийн цахилгаан станцаас гарган авч байна. Цаашид энэ тоог 2035 он гэхэд 29 хувьд хүргэхээр төлөвлөж буй аж. Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн мэдээлснээр, Вьетнам 2020 онд ашиглалтанд оруулахаар дөрвөн атомын цахилгаан станц барьж байна. Үүнийхээ хоёрыг ОХУ, үлдсэн хоёрыг нь Японы тусламжтайгаар барих ажилдаа оржээ. Арабын Нэгдсэн Эмират улс 1400 МВт чадалтай дөрвөн реактор бүхий станц барьж, 2020-иод онд ашиглалтанд оруулах 20.4 тэрбум долларын өртөгтэй гэрээг БНСУ-тай байгуулаад ажиллаж байна. Иордан мөн л 2020 онд эрчим хүчний анхны реактороо ажилд оруулахаар дэд бүтцээ татаж эхэлж. Турк Улс ОХУ-аар 4 атомын цахилгаан станц нутагтаа бариулж байна. Мөн Турк Улсын Засгийн газар Франц-Японы загвартай 4 атомын цахилгаан станц бариулахаар Японтой гэрээ хийсэн байна.
Энэ мэтчилэн Индонез, Египет, Бангладеш зэрэг олон орон цөмийн эрчим хүчийг ашиглахаар бэлтгэж, төлөвлөж байна. АНУ 5 реактор шинээр барьж байна. 2020 оноос АНУ-д зарим шинэ цөмийн реакторууд ажилд орох гэнэ. ОХУ 10-ыг барьж, 14-ийг төлөвлөөд байгаа. БНСУ-д 5-ыг барьж, 6-г төлөвлөж байна. БНХАУ, Энэтхэг, Англи, Канад зэрэг орнуудад ч бүтээн байгуулалт өрнөж байна.
Энэ олон станцууд ажиллаад эхлэхээр тэдгээрт шаардагдах түлш буюу ураны хэрэгцээ огцом өсч, эрэлт нь ёстой л “boom” үүсгэх нь гарцаагүй юм. 2020 онд ураны зах зээл одоогийнхоос 20 орчим хувиар тэлнэ гэж ОУАЭА тооцоолжээ. Нөгөөтэйгүүр ураны хоёрдогч эх үүсвэр буюу хүйтэн дайны үед хуримтлуулсан нөөц 2012-2020 оны хооронд 30 гаруй хувиар багасах аж. Түүнчлэн АНУ, ОХУ-ын цөмийн зэвсэгт ашиглаж байсан баяжуулсан ураныг цөмийн түлш болгож байсан хөтөлбөр дуусна.
Казахстаны “зам”
Цөмийн эрчим хүчний хэрэглээний энэ өсөн тэлэх хандлагыг урьдаас олж харсан Казахстан улс байгалийн нөөц баялагтаа тулгуурласан хөгжлийн шинэ бодлогыг тодорхойлон, 20 шахам жил тууштай хэрэгжүүлж байна. Газрын тос, үнэт метал, ховор элемент гээд байгалийн асар их баялагтай энэ орны нэг чухал бүтээгдэхүүн нь уран байлаа. Өнөөдрийн байдлаар ОУАЭА-т албан ёсоор бүртгэгдсэн дэлхийн ураны нийт нөөцийн 15 хувь нь Казахстанд бий. Засгийн газар хамгийн үр дүнтэй аргаар уран олборлох, их хэмжээний нөөцөө зүй зохистой захиран зарцуулж экпортоо нэмэгдүүлэх үүднээс шинэ зах зээл нээхэд гол анхаарлаа хандуулан ажиллав. Тодорхой чиг зорилготойгоор шургуу зүтгэсний хүчинд энэ улсын цөмийн эрчим хүчний бизнес маш хурдацтай хөгжиж, уран олборлолтоороо өнөөдөр дэлхийд тэргүүлэх болжээ. 1990-ээд онд ердөө ганц реактортай байсан Казахстан өнөөдөр ОХУ-тай хамтран хоёр ч шинэ станц барьж байна. Олборлолтдоо түшиглэн шар нунтгийн томоохон үйлдвэрүүдтэй болж амжсан энэ улс уранаа дан зарах бус, өөрсдөө боловсруулж, түлш болгон худалдах бодлого баримтлаад зогсохгүй 2016 онд дэлхийн цөмийн түлшний зах зээлийн 30%-ийг “эзлэн авах” зорилттой.
Уур амьсгал, эрдэсжилт болон газарзүйн онцлог, ард түмний амьдралын хэв маягаараа манай улстай адил Казахстанд өнөөдөр ураны 14 уурхайд олборлолт явагдаж байна. Цөмийн энерги, ураны салбарт Засгийн газрын оролцоог хэрэгжүүлдэг үндэсний оператор компани болох “КазАтомПром” зөвхөн уурхайн 17 төсөл хэрэгжүүлж байгаагийн 5 нь өөрийнх нь бүрэн мэдлийнх юм. Өөрөөр хэлбэл, Казахстаны Засгийн газар ураны олборлолтыг гадаадын хөрөнгө оруулалт болон мэргэжил, технологийн дэмжлэггүй бие даан хийх чадвартай болсон гэсэн үг. Хүчил үйдвэрлэх шинэ нэгжүүд барьснаар үйлдвэрлэлийн гарцыг хязгаарлаж байсан газар доор уусган олборлоход шаардлагатай хүхрийн хүчлийн хомсдлыг арилгаж чадсан байна. Бусад төслүүдээ олборлолтын туршлага, технологи хангалттай хуримтлуулсан Канад, Франц, Япон, Орос, Киргизийн мэргэшсэн хувийн компаниудтай хамтран хэрэгжүүлдэг.
Казахстаны ураны үйлдвэрлэл бүс нутгийн болон улсын эдийн засаг, хөгжилд тогтвортой эерэг нөлөө үзүүлж байна. Ялангуяа нутгийн иргэд үйлдвэржилтээ дагаад мал аж ахуйгаас уул уурхайн салбарт эрчимтэй шилжин ажиллах болжээ. Нийт эдийн засаг дотроо бүтээмж өндөртэйд тооцогдож байгаа уул уурхай, тэр дундаа ураны салбарын цалин хөлс улсын дунджаас хоёр дахин өндөр байгаа юм. Энэ нь хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлж, чинээлэг дундаж давхаргын “бүл”-ийг улам өнөр өтгөн болгож байна. Улмаар Казахстаны эдийн засаг, нийгмийн бусад салбарыг санхүүгээр тэтгэх гол эх үүсвэр нь эрдэс баягийн салбар болдог агаад энэ үзүүлэлтээрээ “хүртээмжтэй” үйлдвэрлэл хэмээн үнэлэгдэж байна. Тийм ч учраас тус улсын засаг захиргаа олборлох салбарт улам ач холбогдол өгч, нөөц боломжоо нэмэгдүүлэхэд анхаарах болжээ. Одоо олборлолт явуулж байгаа ураны уурхайнуудын ихэнх нь Казахстан Улсын төв болон өмнөд бүс нутагт бий. Засгийн газар нөөцөө нэмэгдүүлэх, олборлолт үйлдвэрлэлийнхээ цар хэмжээг тэлэх зорилгоор хойд нутгуудад эрэл хайгуул явуулан, илэрцүүдэд геологи, эдийн засгийн бүрэн шинжилгээ, үнэлгээ хийж эхлээд байна.
КАТКО-гийн “шан”
Азийн төдийгүй дэлхийн түлш, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй зах зээлд байр суурийг бэхжүүлэх зорилготой КазАтомПром уран болон цөмийн эрчим хүчний салбарын тэргүүлэгч тоглогчидтой хамтран ажилладгийн нэг нь Францын Арева групп. Түншлэлээ 1996 онд эхлүүлж, КАТКО хамтарсан компаниа байгуулсан нь өнөөдөр дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болоод байна. Өмнөд Казахстаны Сузак мужийн нутагт буй Мойынкум, Торткудукын ордуудад газар дор уусган олборлох аргаар олборлолт явуулж байгаа тус компаний 51 хувийг Арева, 49 хувийг КазАтомПром эзэмшдэг.
Ураны үйлдвэрлэл нарийн түвэгтэй. Үе шат бүртээ урт удаан хугацаа, ажиллагаа, хөрөнгө оруулалт шаардана. ордууд дахь хайгуул, нарийвчлалын ажлаа КАТКО таван жил хийсний эцэст туршилтын олборлолтоо 2004 онд эхэлсэн байна. Анх хоёр ордоосоо нийтдээ 1500 тонн уран жилд олборлох зорилт тавьж, үүндээ 2008 онд хүрчээ. Улмаар 2012 онд 3661 тонныг олборлож, хүчин чадлаа нэмэгдүүлсэнээр өнгөрсөн оноос 4005 тонныг авч байна.
КАТКО компани нийгмийн оролцоо ба хариуцлагаараа танигдсан Сузак мужийн хамгийн том ажил олгогчдын нэг болж чаджээ. Ажиллах нөхцөл сайн, өндөр цалин авахын зэрэгцээ сургалтанд тасралтгүй хамрагдан, оюунаа хөгжүүлдэг болохоор мужийн залуус уурхайд олноороо ажиллах болсон байна. КАТКО ажилчдынхаа нийгмийн эрхийг баталгаажуулж, тэднийг төдийгүй гэр бүлийнх нь гишүүдийг ч эрүүл мэндийн үнэ төлбөргүй даатгалд хамруулах, хүүхдийн зуслангийн тусгай төсөв зэрэг олон боломжийг олгож иржээ. Ажилчдын дийлэнх нь урт хугацаанд тогтвортой ажиллаж байгаа бөгөөд ураны уурхайд ажиллах болсноосоо хойш гэр бүл зохиож, үр хүүхдүүдтэй болсон хүмүүс олон. Дунджаар 3-4 хүүхэдтэй, тэд нь эрүүл саруул, торниун сайхан өсч, хүмүүжиж байгаа КАТКО-гийн ажилчид гэр бүл, ахуй амьдралдаа сэтгэл хангалуун.
Орон нутаг КАТКО-гаас татвар татаас авахаас гадна хүний хөгжил, нийгмийн салбарт хамтарч ажилладаг. Хүүхдийн цэцэрлэг, сургууль, малын эмнэлгийн шинэ барилгууд барьж өгчээ. Мөн мужийн орлого багатай айл өрхийн хүүхдүүдийг хичээлийн хэрэгсэл, хувцсаар хангах, хүүхдийн зусланд амраах зэргээр сурч боловсрох явдлыг санхүүжүүлж тусалдаг. Энэ бүхний үр дүнд Сузак муж Казахстаны бусад дүүргээс хөгжлөөрөө тэргүүлж явна.
Уран олборлохыг эсэргүүцдэг хүмүүс цацраг идэвхийн хор хөнөөлийн тухай айдас төрүүлэм зүйлс ярьдаг. Гэвч Сузак мужийн малчид, ураны уурхайн ажилчид ч тэр бүхнийг үгүйсгэж байна. ГДУО технологид хэрэглэж байгаа хүхрийн хүчлийг хааш хаашаа үл нэвчих шавар доторлогоо бүхий цооногт шахдаг болохоор газрын хөрс, ундны усанд нэвтэрч хордуулдаггүй аж. Компани уурхайн орчимд цацрагийн тунг хэмжих хяналтын төхөөрөмж байрлуулан, өдөр тутмын үзүүлэлтийг нягталж байдаг төдийгүй сар бүр мужийн хэмжээнд хүн амын эрүүл мэндийн тайлан гаргадаг аж. Мөн олборлож дууссан талбайд заг ургуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.
Алдраагүй итгэл
АРЕВА Казахстанд КАТКО-г байгуулсан яг тэр үеэсээ эхлэн манай улсад ажиллаж эхлэсэн. Нарийвчилсан хайгуулынхаа үр дүнд Дорноговь аймгийн нутаг дахь Дулаан Уул, Зөөвч Овоо ордуудад төвлөрөн хайгуул хийж байгаа. Эдгээр ордууд Мойынкум, Торткудукын ордуудтай төстэй хэв шинжтэй. Нөөц баялгийн хэмжээгээрээ ч ойролцоо. Хэрвээ ашиглалт явуулж эхлэвэл хөрөнгө оруулалт, технологи, олборлолтын хэмжээ, ажилчдын тоо ч КАТКО-гийнхтой жишиг байх болно. Үйлдвэрийн хүчин чадлаас хамаараад багаар бодоход жилд 1000-3000 хүртэл тонныг олборлож эхлэх магадлал бий.
Б.БААТАР