Баянзүрх дүүрэг дэх "Баян Монгол" хорооллоос Нарны зам руу холбогдох төмөр зам доорх тунелин замын чанх хойшоо явган хүн гарах гарцан тэмдэглэгээг "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл"-ээс хийжээ. Замын тэмдэглээг стандартын дагуу дулаан температурт хийх ёстой. Иймээс цаг агаар хүйтрэхээс өмнө өнгөрсөн Бямба гаригт гарцны тэмдэглээний цагаан зураасыг тавьсан байна. Ингэхдээ гарцны тэмдэглэгээг холбогдох стандартыг баримтлан явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс замын голоор дамжин алхаж, зам хөндлөн гарах зохицуулалтыг хийжээ. Уг нь хамгаалалтын хайс, замын голоорх явган замыг барьсаны дараа ойлгомжтойгоор гарцны цагаан зураасыг тавих байсан ч цаг агаараас шалтгаалж, гарцны тэмдэглэгээг түрүүлж тавьсанаар олон нийтийн шүүмжлэлд өртсөн гэсэн тайлбарыг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл"-ээс хийсэн юм. Өчигдөр орой /10.27/ 18.00 цагийн орчимд явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлах, гарцыг дамжин гарах явган замын хайсыг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл"-ээс суурилуулж байлаа.
Дээрх замын зургийг шууд харвал гарцны тэмдэглэгээг шууд хөндлөн хийж болохоор харагдаж болно. Гэхдээ зүүн талын урсгалын замыг хөндлөн гарсан шугамыг шууд хөндлөн хойш нь гаргаж болохгүй, стандартанд нийцэхгүй гэнэ. Холбогдох стандартаараа бол автобусны буудлын харалдаа гарцыг хийж болдоггүй аж. Нөгөө талаас баруун тийш урсгалтай замын гарцны тэмдэглэгээг мөн шууд урагш гаргах гэхээр уулзвар таарсан. Иймээс л сөөлжилж буюу замын дундуур хөдөлгөөн хязгаарлах төмөр хашилт байрлуулж, баруун гар тийш эргэн алхаж дараагийн гарцанд хүрч тухайн замыг хөндлөн гаргах стандартад нийцсэн ганцхан сонголт байсныг албаныхан тодотгон ярив.
Нарны зам хөндлөн "Баян Монгол" хороолол руу чиглэж, урагшаа хойшоо зам хөндлөн гарах иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэх болжээ. Иймээс зайлшгүй явган хүний гарцыг хийх ёстой гэсэн байр суурь дээр нийслэлийн Авто замын газар, Замын цагдаагийн газар нэгдэж, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл" гарц гаргах ажлыг хариуцан ажиллажээ. Энэ нь ийм сөөлжилсөн явган хүний гарц гаргасан хоёр дахь тохиолдол аж. Өмнө БЗД-ийн Засаг даргын Тамгын газрын чанх хойшоо ийм муруй гарцыг хийсэн байдаг аж.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ