Тамхины импорт 22 сая ширхгээр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

Тамхины импорт 22 сая ширхгээр нэмэгджээ

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар 1274.2 сая ам.доллар, үүнээс экспорт 574.4 сая ам.доллар, импорт 699.8 сая ам.доллар боллоо. Гадаад худалдааны тэнцэл 125.3 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.
Экспортод зэсийн баяжмал 37 хувь, нүүрс 17.9 хувь, цайрын хүдэр, баяжмал 7.7 хувь, төмрийн хүдэр, баяжмал 7.3 хувь, боловсруулаагүй нефть 7.2 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 6.1 хувь, молибдений хүдэр, баяжмал 2.5 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.4 хувь, самнасан ноолуур нэг хувь, үлдсэн 10.9 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.

Манай улсын нэг тонн зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ гуравдугаар сарын 15-ны байдлаар 1295.3 ам.доллар байсан бол дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар дундаж үнэ 1296.9 ам.долл болж, 1.6 ам.долл буюу 0.1 хувиар өслөө. Харин нэг тонн цайрын баяжмалын экспортын дундаж үнэ 1149.7 ам.доллар болж, сарын өмнөхөөс 24.8 ам.доллар буюу 2.1 хувиар буурсан байна.

Автобензиний импортын  биет хэмжээ гуравдугаар сарын эцсийн байдлаас 6.3 мянган тонн, үнийн дүн таван сая ам.доллараар, дизель түлшний импортын биет хэмжээ 9.5 мянган тонн, үнийн дүн долоон  сая ам.доллараар өссөн байна. Гадаадаас оруулж ирсэн ачааны машины тоо өнгөрсөн сарынхаас 235 ширхгээр, суудлын тэрэг 659-өөр нэмэгдсэн байна. Мөн энэ сард өмнөх сараас 22 сая ширхгээр олон янжуур импортолжээ. 

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж