Эгийн голын УЦС-ын ажил эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Эгийн голын УЦС-ын ажил эхэлнэ

Эгийн голын усан цахилгаан станц төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын концессын гэрээ баталгаажиж, эхний санхүүжилт орж ирэхэд бэлэн болжээ. Хөрөнгө оруулагч компани эхний ээлжинд 10 сая ам.доллар гаргахаар төлөвлөсөн байна. Төслийн хэрэгжих хугацаа богино учраас  энэ өвөл зарим ажлаа эхлүүлэхээр төлөвлөж, зураг төсөл, түр байгууламж, гүүрний шон, суурины барилгын ажлыг өвөлдөө багтаан хийж, дэд бүтцээ 13 сарын хугацаанд барихаар төлөвлөсөн байна. Эгийн голын 315 МВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станц ашиглалтанд орсноор манай улсын эрчим хүчний систем бие даасан байдалруу шилжиж , импортын эрчим хүчний төлбөрт төлж буй гадагшлах мөнгөн урсгалыг зогсоон дотооддоо үлдээх боломжтой болох бөгөөд цэвэр усны нөөц бүрдэх давуу талтай аж. Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг Хятадын төрийн өмчийн “Чайна гэжүба групп лимитэд”  компани концессын гэрээний дагуу гүйцэтгэнэ.

Эгийн голын усан цахилгаан станцыг Концессийн хуулийн дагуу “барих-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд 500 гаруй ажлын байр бий болох  боломжтой юм байна.

“Чайна гэжүба групп лимитэд” компани нь эрчим хүч, зам гүүр, далан, усны байгууламж, бусад дэд бүтцийн чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд манай улсад 146,5 км авто зам барьж, ашиглалтад өгсөн туршлагатай. Эрчим хүчний салбарт тэр дотроо усан цахилгаан станц, түүний дэд бүтцийг барих чиглэлээр Хятад улсдаа төдийгүй олон улсад тэргүүлдэг, хөрөнгийн биржид бүртгэлтэй, дэлхийн шилдэг 50 компанид багтдаг байна. Суурилагдсан хүчин чадлаар дэлхийд нэгд тооцогддог Гурван хавцлын усан цахилгаан станцын барилгын ажлын 70 илүү хувийг тус компани гүйцэтгэжээ.

Хятадын Засгийн газраас хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай олгохоор яригдаж буй  нэг тэрбум ам.долларыг Эгийн голын цахилгаан станцыг барих төслийг санхүүжүүлэхээр болсон, мөн урт хугацаанд өртөгөө нөхөх том төсөлд зээлийг зарцуулах учраас хугацаагаа 30 жил болгох саналыг манай зүгээс тавьжээ.  Хэрэв Хятадын Засгийн газраас зөвшөөрсөн  тохиолдолд  нэг тэрбум ам.долларын 85 хувийг нь Хятадын “Эксим” банкнаас гаргах юм байна.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж