Овоотын төмөр замыг 1.3 тэрбумаар барина

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Овоотын төмөр замыг 1.3 тэрбумаар барина

Овоотын төмөр замыг 1.3 тэрбумаар барина

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:


-Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн эрчим хүчний цогцолбор барих асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий төслийн нэгжийг “Эрдэнэс МГЛ” компанийн дэргэд байгуулах шийдвэр гаргалаа. Шивээ-Овоогийн нүүрсний орд нь нүүрсний баялаг нөөцтэй. Үүнийг түшиглэн эрчим хүчний цогцолбор барих асуудлыг 2005 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн төрийн дээд айлчлалаар ярьж эхэлсэн. Энэ асуудал 2010 онд зогсонги байдал байснаа 2013 оны долдугаар сард Засгийн газар, Эрчим хүчний яамнаас БНХАУ-ын талд төслийг эхлүүлэх саналыг тавьсан. Ингээд ЭХ-ний сайдын зүгээс 2014-2015 онд БНХАУ-ын тал хамтран  удаа дараа шаардагдах уулзалтыг хийсэн. Хоёр тал удаа дараа ярилцсаны дараагаар Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний олборлолтын байдал, Монгол Улсын хууль эрхзүйн байдалтай танилцсан. Ингээд 2015 оны зургадугаар сард тухайн орд газрын усны нөөц, уурхайн олборлолтын байдал бусад асуудлыг цахилгаан станцын инженерийн төлөвлөгөөг судлан үзээд дүгнэлт гаргасан. Жилдээ ордоос 34 сая тонн нүүрсийг олборлох уурхай, 9240 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, 8 сая кВт цахилгаан дамжуулах шугам барих бололцоотой гэсэн дүгнэлт гаргасан. Одоо ТЭЗҮ боловсруулах ажил эхлээд явж байгаа. Монгол орны нүүрсний нөөцийг зарим судалгаагаар 170 тэрбум тонн хүртэл гэж үздэг. Нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах, эцсийн бүтээгдэхүүн болгон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, үүнийгээ гадагш экспортолвол Монгол Улс цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох бололцоотой. Эндээс үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний дийлэнхийг БНХАУ-ын талд экспортлох боломж нээлттэй байгаа. Тодорхой хэсгийг нь Монголын цахилгаан эрчим хүч шаардлагатай хэсэгт нийлүүлнэ. Ингэснээр эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Төслийн нэгж байгуулагдсанаар эрчим хүчний цогцолбор байгуулах ажил хүчээ авч байгаа юм хэмээлээ. Мөн баруун хойд бүст төмөр замын суурь бүтцийг барих төслийг хэлэлцжээ. Өнгөрсөн хавар“Нортерн рейлвейс” консерциумд концессоор төмөр замын суурь бүтцийг барих, зураг төслийг боловсруулах, ашиглах, шилжүүлэх эрхийг Хөрөнгө оруулалтын газраас олгосон байна. “Нортерн рейлвейс консерциумд наймдугаар сард концесс эзэмших эрхээ авчээ.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Зам тээврийн сайд М.Зоригт энэ талаар танилцуулга хийсэн байна. Төмөр замын суурь бүтцийг барих эрхийг тус консерциумд таван жилийн хугацаатай олгожээ. Энэ нь Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд хүртэл 581 км төмөр зам аж. “Төмөр зам баригдсанаар Орхон, Булган, Хөвсгөл аймаг дахь ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, хот хоорондын төмөр замын сүлжээг бий болгох ач холбогдолтой. Дээр нь далайн чинад дахь хэрэглэгчид Монголын ашигт малтмалыг хүргэнэ. Төмөр зам барих нийт өртөг 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй. Орон нутагт ажлын байр бий болж ачаа тээврийн урсгал нэмэгдэнэ. Нэг үндсэн өртөөтэй, хоногт 16 хос галт тэрэг явна, жилдээ 20 сая тонн ачаа тээвэрлэнэ. Баруун хойд зүгээс ОХУ-тай холбогдох боломжтой гэж судлаачид үзэж байгаа. Концессоор нийт 30 жилийн хугацаанд өртгөө нөхөж Монголын талд шилжүүлнэ  хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр хэвлэлийнхэнд дуулгалаа.

 

Т.СОЛО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж