“Харвони” эмийг хэзээ олгох вэ?

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

“Харвони” эмийг хэзээ олгох вэ?

“Харвони” эмийг хэзээ олгох вэ?

Элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг хэзээ олгох вэ гэх асуулт иргэдийн дунд түгээмэл байна. Тэгвэл энэ талаар news.mn сайт Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тодруулсан юм.

“Харвони” эмийн эхний ээлжийг ирэх сарын дундуур Монголд оруулж ирэхээр болжээ. Ингээд эхний ээлжинд 1300 хүнд олгох юм байна. Ингэхдээ иргэд С вирусээ шинжлүүлж, тоолуулсан байх учиртай.

Иргэдийн хувьд элэгний С вирустай эсэхээ мэдэхгүй тохиолдолд нэн тэргүүнд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах юм. Орон нутаг, хөдөөгийн иргэд аймгийнхаа эмнэлэгт хандаж шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Элэгний С вирустай нь тогтоогдвол ХӨСҮТ, улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандаж бүртгүүлэх юм. Тухайн эмнэлэг бүрт сургалтад хамрагдсан мэргэжлийн эмч бий. Эдгээр эмч нар нийслэлийн бүх дүүрэг, аймгуудын эмнэлэгт ажиллаж байгаа аж. Энэ бүртгэлийг эмийн компани руу илгээх юм.

Дараагийн ээлжинд итгэмжлэгдсэн лабораторит С вирусаа тоолуулна. Энэ шинжилгээг дараах батламжлагдсан 10 лабораторит тоолно. Үүнд:

  • "Грандмед" эмнэлэг,
  • "Интермед" эмнэлэг,
  • "Гялс" анагаах ухааны төв,
  • "Хаппи веритас" лаборатори,
  • "Сонгдо" эмнэлэг,
  • Элэгний төвийн лаборатори,
  • "Мед-Аналитик" лаборатори,
  • "Онкоген" лаборатори,
  • "Стандлаб" лаборатори,
  • "Итгэл" эрүүл мэндийн төвийн лаборатори шалгарчээ.

Тэгвэл иргэдийн зүгээс лабораториуд С вирус шинжлэхдээ өөр өөр хариу гаргаж байна гэх гомдол ирүүлэх болжээ. Тухайлбал, нэг лабораторит  С вирустэй, нөгөө нь вирусгүй гэж гарах тохиолдол байгаа аж. Лабораториуд хэр найдвартай вэ, ямар аргаар вирус шинжилж байгаа вэ?

 

Хэрвээ лабораториудын шинжилгээний дүн өөр гарсан тохиолдолд яах вэ гэх асуулт иргэдийн дунд үүсчээ. Энэ тохиолдолд иргэд ХӨСҮТ-д хандах хэрэгтэй гэдгийг санууллаа. ХӨСҮТ-д хөндлөнгийн хяналтаар баталгаажсан лаборатори бий учраас дахин шинжлүүлэх боломжтой гэв. Ингээд шинжилгээ өгч, вирусээ тодорхойлсон иргэд дундаас өвчин нь архагшсан, нэн яаралтай эм уух шаардлагатай 1300 иргэнийг эхний ээлжинд сонгож “Харвони” эмийг олгоно. Дараагийн ээлжинд 2016 оны хоёрдугаар сард 2000 иргэнд эмийг олгоно. Энэ мэтчилэн “Харвони” эмийг шат дараатайгаар иргэдэд олгоно. Гэхдээ иргэд эм дуусна гэж сандрах зүйлгүй, хүртээмжтэй гэдгийг сануулсан юм.

Энэ бол нэгэнт С вирусээр өвчилсөн хүнд авах арга хэмжээ юм. Тиймээс иргэд С вирустэй болсныхоо дараа бус, өмнө нь энэ талын мэдээлэл, мэдлэгтэй байж эрүүл мэндээ хамгаалахыг мэргэжилтнүүд санууллаа.

 

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж