УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төслүүдийг тус бүр хэлэлцээд “Төрийн албан хаагчдын цалинг хасахгүй” гэдгээ бүлгийн дарга С.Бямбацогтоороо дамжуулав. Энэ бол тус намын ирэх сонгууль оноо түүх гэсэн нэг тактик. Шилэн данс, Чингис бондоор багагүй пиар хийсэн Ардын намынхан энэ удаад төрийн 170 мянган албан хаагчдад хайр зарлан, сонгуулийн оноо цуглуулахаар тооцжээ. Түүнээс 170 мянган хүний ар гэр, амьдралын асуудлыг бодсондоо “цалинг нь хасах хэрэггүй” гэж хэлж байгаа юм биш болов уу.
Сонгууль бараг хаяанд шахуу ирчихээд байхад сандал ширээ тойрон хэрэлдэж, Ч.Сайханбилэгийгээ “Үгэнд орохгүй бол огцруулна шүү” гэж айлгаж суугаа Ардчилсан намынхныг амаа ангайгаад алмайрч байх хойгуур МАН-ынхан аль хэдийнэ бүх талын сөрөг давшилтад оржээ. Тэд сөрж довтолж, бултаж, бухаж, эрх баригчдын дунд хор найруулж, иргэдийн тархийг угаахаар бүх л арга чарга, ов мэхээ ашиглаж байна.
Гэтэл АН-ынхныг хар. Албан тушаалын донгоо дарж чадахгүй хэрэлдэж, авлигачдаа өршөөхөөр “албинтаж” байх зуур Ардын намынхан арван хоёр оны даагаа нэхэхээр “Бид хамтдаа” сэдэвт 800 гаруй төлөөлөгч оролцсон томоохон хэлэлцүүлэг хийж, эрх баригч намаас бусад парламентад суудалтай намуудыг урьж авчраад хөгжлийн “Туг бодлого” гээчийг зарлаад сууж байна.
Үүнийгээ “Тодорхой бөгөөд Тогтвортой, Урт хугацааны, Гарц гаргалгаатай байх учиртай” хэмээн товчоор тайлбарлаад сууж байгаа МАН-ын энэ форум сонгуулийн пиар ч гэлээ эрх мэдлээ булаацалдаж байгаа эрх баригчдаас дээр юм даа гэе.
Уг нь эдийн засгийн хямралаас гаргах шинэ тэнцвэрийн бодлогоо Ардчилсан намынхан Ардын намынхны өөдөөс сөргүүлээд тавьж байх ёстой байлаа. Харамсалтай АН хаана байна? Бодлого где?
Б.ТУНГАЛАГ