Долоо хоногийн онцлох сэдэв

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох сэдэв

Инфляци өсөхгүй гэсэн яалаа?

Инфляци өсч 8,7 хувьд хүрчээ. Оны эхний сард таван хувьтай байсан инфляци ийнхүү 50 илүү хувь өсөхөд энэ өвлийн цас зуднаас гадна иргэн бүрт бэлнээр тараасан 70 мянган төгрөг нөлөөлсөн  гэдгийг Дэлхийн банкнаас онцгойлон мэдэгдэв. Эдийн засагчид инфляци өсөх вий гэж анхааруулахад баахан олон тайлбар хийж эсэргүүцэж байв даа, улстөрчид. Ялангуяа эрх баригчид олны бухимдал гоморхлыг дарж л байвал эдийн засагт учрах хор нөлөө нь хамаагүй мэт аашилж, эдийн засагч мэргэжилтэй зарим нь нүүрээ улалзуулан байж ”Инфляци өсөхгүй ээ” гэж донгодож байв даа. Тэр бүү хэл дахиад ч 115 тэрбум төгрөгийг бэлнээр тараахаар бэлтгэлээ базаагаад байна. Зарим хүмүүс “70 мянгаас татагалзъя, тэр мөнгөөрөө нэг сайхан эмнэлэг бариад өгөөч ээ” гэсэн эх оронч санаачлага гаргаад ч бараагүйы. Дахиад цаана хүн бүрт нэг сая төгрөгийг бэлэн бусаар, 500 мянган төгрөгийг бэлнээр өгөхөө Засгийн газар амлалаа. Өнгөн дээрээ амласнаа биелүүлж, ард олноо гийгүүлж байгаа мэт харагдавч “Өдөр бүр нэг талх өгснөөс талх барих аргыг нь зааж өг” гэсэн мэргэн сургаалыгурвуугаар хэрэгжүүлж эхэллээ, Монголын төр засаг. Гэтэл Дэлхийн банкны экспертүүд “Бодит орлого болон худалдан авах чадварыг өндөр инфляци муутгаж байгаа үед бага орлоготой айл өрхүүд хамгийн хүчтэй өртдөг” гэсэн анхааруулгыг хоолойгоо сөөтөл хэлж байна. Гэвч үнэн боловч хатуу сонстох энэ үг хадны цуурай болон үлдэж, хөөрхий бага, дунд орлоготнууд л инфляцийн өсөлтөд өртөөд өнгөрөх нь бололтой. Энэхүү инфляци гэх “мангас”-ын аманд хамгаас түрүүн орох магадлалтай хүмүүсийн тоонд хөдөө орон нутгийн малчдыг нэрлэж болохоор байна. Зургаан сая гаруй толгой мал зуданд зуларч одсоны тал хувь нь ямаан сүрэг. Жил жилийн хаварт малчдын орлогын ганц эх үүсвэр болсон ноолуурын хэмжээ эрс буурах нь мэдээж. Үүнээс үүдэн хотоо харлуулсан малчид гэрээ ачин хотын хаяа бараадах нь дамжиггүй. Түрүүлж ирснийг нь идээшүүлж амжаагүй их хот хөдөөгийнхний хөлд дарагдан ачааллаа дийлэхгүй аахилж эхлэх дүр зураг ирэх намрын өнгийг тодорхойлно. Тэр үед эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд одоогийнхоос дээрдэх болов уу.
Бас нэгэн анхаарал татсан мэдээлэл хоёрдугаар сарын тоймд оржээ. “Банкны салбарт чанаргүй зээлийн багц тогтворжих хандлага байгаа хэдий ч хугацаа хэтэрсэн үндсэн өрийн төлбөр (үндсэн өрийн төлбөр 90 хоногоос дээш хугацаа хэтэрвэл чанаргүй зээл болж ангилагддаг) нэмэгдэж байгаа тул энэ нь түр зуурын сайн мэдээ байх нь нотлогдож болзошгүй” гэсэн нь банкны салбар сэргэх хараахан болоогүйг илтгэнэ. Гэтэл манай статистикчид эдийн засгийн үзүүлэлтүүдийг Дэлхийн банкныхнаас эрс өөрөөр тольдон харсан байдаг юм. “Банкны системийн хэмжээнд чанаргүй зээлийн хувьд 416.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 6.3 хувиар буурчээ” гэсэн мэдээллийг нэг өдөр бараг нэг цагт сэтгүүлчдэд өгчээ. Хэнд нь итгэх вэ, хэнийх нь илүүүнэн бодитой мэдээлэл бол? Зарааны зулзага ч ээждээ зөөлөн гэдэг шиг манай статистикчид эерүү дурангаар эх орноо тольдоод байдгийг урьд өмний жишээнүүд харуулж байдаг. Дундговь аймагт цагаан сараас хойш сүү огт зарагдаагүй, нийслэлийн жижиг дэлгүүрүүдэд 1800-1900 төгрөгөөр зарагдаж эхэлсэн цагаан будаа зарим газарт 1100 төгрөгийн үнэтэй байна гэсэн тэдний мэдээнд та итгэх үү. Би л хувьдаа итгэхгүй байгаа. Сүүлийн хоёр сарын турш “сopy”-доод тавьчихав уу гэлтэй ижилхэн мэдээллийг долоо хоногийн тоймдоо тавьж, тархи угаасан статистикийнханд итгэхэд үнэндээ л хүнд байна. “Чанаргүй зээл буурчээ”, “Хэрэглээний үнийн индекц 7,4 хувиар өсчээ”, “Үнэт цаасны зах зээл сэргэж эхлэв”, “Татварын орлого өсөв” гэхчилэн сайн сайхнаар дүүрсэн статистик мэдээллүүдээр сэтгүүлчдийг бөмбөгдсөн нь өчигдөрхөн. Ингэж мэдээлэхийг “дээр”-ээс даалгадаг ч биз. Гэтэл энэ бүхний тусгал эгэл жирийн бидний амьдралд харагдахгүй байгаа нь хамгийн харамсалтай билээ. Цаасан дээрх тоон үзүүлэлт Төрийн ордны зоогийн газрын хоолны үнэ шиг шал худлаа гэдгийг эрх баригчдад дуулгахад илүүдэх юун.

Д.Цээпил

www.news.mn  2010 оны 4 сарын 15

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж