Хуримтлал хэзээ ч хямрахгүй

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

Хуримтлал хэзээ ч хямрахгүй

Эдийн засаг хямарчихсан, ажилгүй, орлогогүй хүний тоо нэмэгдчихсэн энэ цагт 1-3 өрөө байрууд зарагдаад байгаагийн учир юу вэ. Эрх баригчид болохоор “Орон сууцны борлуулалт сайн байгаа нь эдийн засаг хямраагүйг харуулж байна” хэмээн өөрсдийгөө уснаас хуурай авч гарахаар оролдож байгаа. Үнэндээ тийм биш. Мөнгөө хуримтлуулдаг, банкинд хадгалуулдаг хүмүүс л байрны үнэ унасан энэ цагт үл хөдлөх хөрөнгө худалдан авч, ирээдүйд үнэ нь өсөхөөр зарах гэж буй нь тэр юм. Нэг ёсондоо хямрал гэдэг зүйл хуримтлалтай хүмүүст илүү их ашиг олох, мөнгөө өсгөх сайхан боломж болдог бол ямар ч хуримтлалгүй, хоёр идэхгүй ч хоосон хонолгүй явж ирсэн хүмүүсийг ядуурлын ангал руу түлхдэг муухай дайрлага юм. Улс орны хувьд ч ялгаагүй. Монгол Улсад ямар ч хуримтлал байхгүй учраас эдийн засгийн хямралын энэ үед барьц алдан, олон арван бүтээн байгуулалтаа царцаах, Засгийн газрын үнэт цаас гаргах, төрийн албан хаагчдаа цомхтгох зэргээр бүсээ чангалж байна. Уг нь Нийгмийн даатгалын сан хуримтлалын мөнгөнөөс бүрддэг. Ажил хийдэг хүн бүрийн цалингаас, ажил олгогчийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл суутган авч, энэ санд хуримтлуулдаг ч мөнгийг нь улс өсгөж үржүүлж, улам их болгохын оронд улсын төсвийн цоорхойг цойлдоход ашиглачихсан. Үүнийг мэддэг болоод ч тэр үү, нийгмийн даатгал төлсний ашиг тус гэж гавьтай зүйл байдаггүй учраас ч тэр үү иргэд энэ шимтгэлийг төлөх дургүй. “Нийгмийн даатгал төлж байснаас банкинд хадгалуулчихвал хүү нь өсөөд ашигтай юм биш үү” гэж ярих хэрнээ үнэхээр цалингаасаа илүүчлэн хуримтлуулсан, хадгаламжтай хүн Монголд хэд байгаа бол. Монголбанкны ерөнхий эдийн засагч С.Болд энэ оны хоёрдугаар сард хэвлэлд ярилцлага өгөхдөө “Өнгөрсөн 20 жилийн эдийн засгийн түүхээс авах гол сургамж нь эдийн засгаа бүтцийн хувьд төрөлжүүлэх явдал. Үүний тулд ашигт малтмалын бус салбарын хөрөнгө оруулалтыг, үйлдвэрлэлийг, улмаар экспортыг нэмэгдүүлэх, байгалийн баялгийн менежментийг эдийн засгийн бүтцийн шинэчлэлд, хуримтлалын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх ёстой болж байна” гэж хэлсэн байдаг. Засгийн газар алт, зэс, нүүрсээ зарж олсон мөнгөө өсгөж биш, үрж сурсан. Алаагүй баавгайн арьсыг хувааж нөмрөв гэгчээр олоогүй мөнгөө хүртэл урьдчилаад үрчихсэн. Гэтэл нефтиэр баян Евразийн орнууд өнгөрсөн 10 гаруй жилд газрын тосны орлогоосоо 350 гаруй тэрбум ам.доллар хуримтлуулжээ. Харин манай улсад тийм хуримтлал алга. Баялгийн сантай болохоор дөнгөж ярьж эхэлж байна. Юутай ч хуримтлал хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон нь сайн хэрэг. Харин одоо маш хурдан хуримтлуулж эхлэх хэрэгтэй. Нэг хэсэг Солонгост очиж хар ажил хийх хүн олдохоо байж, сая төгрөгийн цалинтай ажлыг голж шилэх нь холгүй болж байхдаа монголчууд үнэхээр цамаархсан даа. Тэр зуршил нь одоо ч хэвээрээ. Гаргаад тоолох бэлэн мөнгөгүй хэрнээ зээлээр үнэтэй гар утас худалдан авч байгаа нь үүний бодит баримт юм. Гэхдээ бас ч гэж хүмүүс мөнгөө хуримтлуулаад эхэлжээ. Банкинд хадгаламж нээлгэсэн иргэдийн тоо энэ оны эхний хагас жилд 66.000-аас давсан нь чихэнд чимэгтэй мэдээ. Монголд хуримтлалын бүлэг байгуулагдан, үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байна. Орлогоо дундын дансанд нийлүүлж хадгалдаг, түүнийгээ бусдад хүүтэй зээлүүлж ашиг олдог ийм бүлэг хүн мөнгөө өсгөөд зогсохгүй санхүүгийн боловсрол олж авч, мөнгөө захиран зарцуулж сурдаг. Энэ бол тун сайн зүйл юм. Гэвч хуримтлуулдаг хүн чамлахаар цөөн байна. Хаяанд байгаа хятадууд тэгэхэд хямрал гээч зүйлийг бараг мэдрэхгүй байгаа хэрнээ тун сайн хуримтлуулж байна. Хятадын Засгийн газар хэрэглээнд тулгуурласан эдийн засагтай болохоор зорьж байгаа ч иргэд нь мөнгөө хэрэглэхийн оронд хадгалахыг илүүд үздэг байна. Тус улсын дундаж өрх орлогынхоо 30 хувийг хуримтлуулдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм. Иргэдийнх нь эд юмс худалдан авдаг мөнгө нь БНХАУ-ын ДНБ-ий 35 хувийг бүрдүүлдэг. Энэ бол хятадууд олсон мөнгөнийхөө нэлээд хэсгийг хадгалдаг болохыг харуулна. Гэтэл Америкийн дундаж өрх орлогынхоо дөнгөж 5-6 хувийг хуримтлуулж, худалдаанд өгдөг мөнгөөрөө ДНБ-ий 75 хувийг бүрдүүлдэг. Энэ бол америкчууд олсныхоо тун багахан хувийг хадгалж, ихэнхийг нь үрдэг болохын нотолгоо. Тэгэхээр Хятад улс үндэсний хуримтлалын хэмжээгээрээ Америкаас түрүүлжээ. 2013 оны байдлаар Хятадын үндэсний хадгаламжийн хэмжээ нь ДНБ-ий 51 хувьтай тэнцэж байхад Америкт 17 хувь байв. Хятадууд яагаад мөнгөө хадгалдаг юм бол. Тэд тэтгэвэрт гарсныхаа дараа хэн нэгний гарыг харахгүйгээр, ганц хүүхдэдээ дараа бололгүй амьдрахыг хүсдэг. Тэгэхийн тулд мөнгөтэй байх ёстой. Тиймээс яг одооноос мөнгөө хуримтлуулах хэрэгтэй гэсэн зарчимтай. Ийм ч учраас өнөө цагийн хятадуудын орлого нэмэгдэхийн хэрээр амьдрал нь сайжирч, хуримтлалын хэмжээ нь ч нэмэгдсээр байгаа аж. Үүнээс үзвэл хятад хүн “Манай улс хөгжиж байгаа учраас ирээдүйдээ мөнгө хадгалах хэрэггүй” гэж тайвшралгүй, алсыг харан хуримтлуулдаг мөнгөнийхөө хэмжээг харин ч нэмсээр байгаа байх нь. Хятадын айл өрхийн таван хувь нь л чинээлэг. Тэд орлогынхоо 70 хувийг хуримтлуулдаг агаад хадгалсан мөнгө нь нийт айл өрхийн хуримтлуулсан мөнгөний 50 хувьтай тэнцдэг. Гэтэл монголчууд бид яадаг билээ дээ. Ахмадуудад маань хадгалсан мөнгө байхгүй учраас Цагаан сар тэмдэглэхийн тулд тэтгэврийн зээл авдаг. Тэгээд бүтэн жил тэтгэврийн бараа харалгүй явсаар дахиад л Цагаан сартай золгоно. Тэр хооронд үр хүүхдүүдээсээ мөнгө царайчилна. Мөнгөний асуудлаас болоод бөөн бухимдал үүснэ. “Газар дороо асар их баялагтай, 40 сая малтай, өргөн уудам нутагтай хэрнээ гуравхан сая иргэнээ сайн сайхан амьдруулж чадсангүй” хэмээн төр, засгаа буруутгана, улам бухимдана. Бидний бодит төрх ийм. Залуус бид ч гэсэн одооноос мөнгөө хуримтлуулж эхлэхгүй бол ирээдүйд ийм л дүр зураг хүлээж байж ч мэднэ. Харин япончууд 1970-аад онд нийт орлогынхоо 23 хувийг хадгалдаг байсан бол 2000 оноос хуримтлуулдаг мөнгөнийх нь хэмжээ багассаар 2013 онд 0.2 хувь болжээ. Япон хүн урт насалдаг болсноор мөнгө хагалдаг хүний тоо цөөрч, хадгалснаа хэрэглэж байгаа хүний тоо нэмэгдэж байгаагаас Японы үндэсний хуримтлалын хэмжээ ийн багасчээ. 2000 онд тус улсын хүн амын 23.8 хувь нь 65-аас дээш насных байсан бол 2010 онд 31.2 хувь болж нэмэгдсэн байна. БНСУ-д ч гэсэн өндөр настны тоо нэмэгдэж, төрөлт багассанаар 65-аас дээш настай хүмүүс хүн амын 14 хувийг эзэлдэг болжээ. 2040 он гэхэд нийт хүн амын 30 хувь нь ахмадууд болох төлөвтэй. Тус улсын өрхийн хадгаламжийн түвшин 2014 онд долоон хувьд хүрсэн нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Ер нь эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй, хүн ам олонтой орнууд иргэдээ мөнгөө хадгалаасай гэж биш, мөнгөө зарцуулаасай гэж хүсдэг. Учир нь хүмүүс мөнгөө зарцуулахын хэрээр бараа бүтээгдэхүүн гүйлгээтэй, үзвэр, үйлчилгээний газрууд хөл ихтэй, тэр хэрээр аж ахуйн нэгж, байгууллагууд орлоготой байж, улсад их татвар төлнө. Үүний үр дүнд эдийн засаг өсдөг. Тиймээс Төв банк нь мөнгөний бодлогын хүүгээ сулруулах хүртэл арга хэмжээ авдаг ч хүн амын насны бүтэц, хөгшчүүлийн сэтгэхүйгээс шалтгаалаад нэг их үр дүн гардаггүй байна. Тэгвэл монголчууд бид хэзээнээс хадгалж эхлэх вэ. Япон, Солонгос, Хятад зэрэг бидний нэгэн адил Ази тивийн улс орнуудын туршлагаас харахад иргэд нь их мөнгөтэй, илүү их цалинтай болохоороо мөнгө хадгална гэж хүлээдэггүй, сард олсон мөнгөө хоол хүнс, унаа, байр, аялал, эрүүл мэнд, хуримтлал гэсэн хэсгүүдэд хуваадаг байх юм. Өндөр хөгжилтэй, хөгжиж буй эдгээр улс анхнаасаа ийм байгаагүй. Манайхтай адил ядарч, хямарч үзсэн. Бараа бүтээгдэхүүний үнэ ч тэнгэрт хадаж байсан үе бий. Гэсэн ч тэд бидэн шиг мөнгөтэй болохоороо, өндөр цалин авахаараа хадгална гэж хойш тавьж байгаагүй юм билээ. Түүнийхээ үрээр өнөөдөр баян чинээлэг амьдарч, дэлхийгээр аялж зугаалж явна. Манай хөгшчүүл шиг тэтгэвэр буух өдрийг хүлээж биш, хадгаламжийнхаа хүүг юунд яаж зарцуулахаа төлөвлөж сууна. Хятад, солонгосчууд төр, засгаа буруутгахын оронд ирээдүйгээ гартаа авчээ. Харин бид тэдэн шиг хуримтлуулж сурахгүй бол ирээдүйд бид тэтгэврийн хямралд өртөх болно. Учир нь монголчууд ч урт насалж, цөөн хүүхэд төрүүлдэг болсон. Япон, Солонгост одоо тулгараад буй асуудад ирээдүйд бидэнд тулгарна гэсэн үг. Тэтгэвэр авдаг хүн олон болж, баялаг бүтээдэг хүн цөөрөх үед ямар мөнгөөр тэтгэвэр тавих вэ, хөгшүүдээ яаж тэжээх вэ, тэднийг хэн харж хандах вэ гэдэг асуудал үүснэ. АНУ-д ийм асуудал хаалга тогшиж эхэлжээ. Учир нь америкчууд бол мөнгө үрэгчид. Жорж Буш Ерөнхийлөгч байх үедээ “Америкчуудын эх орондоо хийх хамгийн сайн зүйл нь юм худалдан авах” гэж хэлж байжээ. Шинэ байр, машинаа зээлээр авч, их дээд сургуульд суралцах мөнгөө ч зээлдэг. Тэгээд насан туршдаа төлдөг. Энэ нь муу зүйл биш ч гэлээ өдөр тутмын энгийн зүйлээ хүртэл зээлийн картаар авдаг нь гол асуудал юм. Гэтэл Засгийн газар нь үүнийг хязгаарлах, хумих бодлого баримтлахын оронд харин ч өөгшүүлдэг. Эдийн засагчид, шинжээчдийн үзэж буйгаар америкчууд бүгдийг зээлээр авдаг, замбараагүй хэрэглэдэг гэмээ ухаарахгүй бол удахгүй тэтгэврийн хямралд өртөх аж. Принцтоны их сургуулийн түүхийн ухааны профессор, “Дунджаас доогуур: Яагаад бүх дэлхий хадгалж байхад америкчууд үрдэг вэ?” номын зохиогч Шэлдон Гарон “2008 оны хямралын дараа ч америкчууд хэрэглээний зуршлаа өөрчлөөгүй. Өрхийн хуримтлалын түвшин таван хувиас ердөө 5.5 хувь л болж нэмэгдсэн” гэжээ. Ипотекийн зээлээс үүдсэн тэр хямралаас америкууд сургамж аваагүй аж. Хямрал нүүрлэхийн өмнө америкчууд орлогынхоо 1.5 хувийг л хуримтлуулдаг байсан бол 2008 оны хямралын үед 5.5 болгож, жаахан нэмсэн ч байдал намжингуут дахиад үрж эхэлсэн нь 2011 онд үндэсний хуримтлалын түвшин 4.2, 2012 онд 3.9, 2013 онд 2.6 хувь болж багассанаас харж болно. Харин мөнгө санхүүгээ хямгатай зарцуулдаг Европт байдал огт өөр. Францад үндэсний хуримтлалын түвшин 12.3, Германд 10.5, Шведэд 10 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт юм. Германд хүссэн хүн бүр орон сууцны зээл авч чаддаггүй. Хэрэглээний зээл гэж байдаггүй учраас иргэд нь машин, байртай болохын тулд багаасаа л мөнгөө хуримтлуулж хэвшсэн байдаг аж. Манайх шиг гар утас, угаалгын машин, унтах ороо хүртэл зээлээр авна гэсэн ойлголт тэнд байхгүй. Европын орнууд иргэдээ өрийн дарамтад оруулахгүй байхаар банк, санхүүгийн бодлогоо гаргажээ. Хуримтлалгүй хүн тэтгэвэрт гарсан ч япон, солонгос, европчууд шиг дэлхийгээр аялж зугаалж амьдрах биш, үргэлжлүүлэн ажил хийх, эсвэл өтөл насандаа тэтгэврийн хэдээ яаж хүргэх вэ гэсэн түгшүүртэйгээр амьдрах сонголттой нүүр тулна. Ихэвчлэн хоёр дахь сонголт л тулгардаг нь үнэн билээ. Үүнээс гарах цорын ганц гарц бол хуримтлал гэдгийг бидний эргэн тойрон дахь жишээ баримт харуулж байна. Тэгэхээр бид яг одооноос хадгалж эхлэх л үлдэх шив.

Эх сурвалж: ӨНӨӨДӨР СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж