Өнгөрсөн Пүрэв гаригт /10.22/ нийтийн тээврээр зорчих дамжин суултын эхний 30 минутыг үнэгүй болгох шийдвэрийг нийслэлийн Иргэдийн хурлын ээлжит бус хуралдаанаас гаргасан. Гэхдээ яг хэзээнээс иргэд дамжин суултандаа мөнгө төлөхгүйгээр явах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Энэ долоо хоногтоо багтаад нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан нийтийн тээвэртэй холбоотой тогтоолын санал, дүгнэлтийн ажил цэгцлэгдэж дуусна гэж НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Энхболд мэдээллээ. Нийслэлийн Тээврийн газраас мэдээлснээр дээрх НИТХ-ын тогтоол ийнхүү баталгаажсаны дараа иргэд эхний сэлгэн суултандаа мөнгө төлөхгүйгээр явж эхлэх аж.
Өнөөдрийн байдлаар 75 чиглэлд 1015 тээврийн хэрэгсэл, үүнээс 18 угсраа, 40 троллейбус, 918 их, 39 дунд багтаамжийн автобус зорчигчдод үйлчилж байгаа юм байна. Эдгээр тээврийн хэрэгслийн төрөл тус бүрээр машин цагийн нэгж зардлыг тооцоолжээ. Тухайлбал, угсраа автобусыг 39731 төгрөг, автобусыг 32 933 төгрөг, троллейбусыг 24 425 төгрөг, дунд багтаамжийн автобусыг 33 377 төгрөг байхаар НИХТ-ын ээлжит бус хуралдаанаар баталсан. Өөрөөр хэлбэл, зорчигч автобусуудын явах чиглэлийн урт, замын хөдөлгөөний ачаалалыг бодолцож, дээрх машин цагийн зардлыг тооцон гаргажээ. Харин жолоочийн цалин нэг сая 100 мянган төгрөгөөс доош байхгүй гэсэн саналд талууд нэгджээ. Ингэснээр автобусууд хэр олон рейс хийхээсээ үл хамаарч, зардал, орлогоо дээрх цагийн зардлаар тэнцүү тооцуулж "Улаанбаатар смарт карт" компаниас авах юм. Энэ нь том оврын автобусууд хоорондоо уралдах, автобусны буудлууд дээр хүн хүлээж, удаан зогсох зэрэг зөрчлүүд арилна гэдгийг нийслэлийн Тээврийн газраас тодотгон ярив.
30 минутын дотор дараагийн автобусанд дамжин суувал нэг удаа үнэгүй байх хөнгөлөлтийг зөвхөн цахим карттай иргэд эдлэнэ. Үүнийг хэрэгжүүлэхэд салбарын алдагдал 2,1 тэрбум төгрөг болж 2015 онд 20,3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Нийслэлийн төсөвт учрах хүндрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээнд зохих тооны шалгагч ажиллуулж, шугамын орлого төвлөрүүлэлт, үйлчилгээний чанарт хяналт тавих, одоо ажиллаж байгаа автобусны тоог 10 хувиар бууруулж үйл ажиллагааны орлого, зардлыг төсөөлж үзэхэд жилдээ нийт 88,7 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж 132,4 тэрбумын зардалтай ажиллах тооцоо гарчээ.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД