Сэлэнгэчүүд нэрт бөхдөө хөшөө босголоо

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

Сэлэнгэчүүд нэрт бөхдөө хөшөө босголоо

Олимпийн наадам, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Оюунболд агсны түүхэн амжилтыг мөнхөд дурсгах хүрэл хөшөө аравдугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн төвд сүндэрлэлээ.

Хөшөөний нээлтийн ёслолд Сэлэнгэ нутгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат нарын төрийн түшээд оролцож, хүндэтгэл үзүүлэв. Түүнчлэн түүний гэр бүл, Сэлэнгэ аймгийн удирдлагууд, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газар, МҮОХ, Монголын чөлөөт бөхийн холбоо, чөлөөт бөхийн үе үеийн төлөөлөл, талийгаачийн үүсгэн байгуулсан "Хангай" клубын  шавь нар, спортын их гэр бүлийнхэн нь Сэлэнгэ нутгийг зорин очиж, алдарт бөхийн хөшөөний нээлтэд оролцлоо.

Хөшөөний нээлтийн ёслолтой хамтатган түүний шавь, найз нөхдийн санаачлага, МЧБХ, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газар, бөхийн “Хангай” клубын дэмжлэгээр Д.Оюунболд агсны нэрэмжит тэмцээнийг зохион байгуулсан юм.

Гавьяат тамирчин Д. Оюунболд агсны тив дэлхий, олимпийн дэвжээнд гаргасан амжилтыг алдаршуулж, Гэрэлт хөшөөний нээлтийн ёслолд зориулан, чөлөөт бөхийн шилдэг тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, залгамж халааг бэлтгэх, тэмцээний туршлага суулгах, дасгалжуулагчийн ур чадварыг үнэлэхэд тэмцээний зорилгоор зохион байгуулж байгаа билээ.

Тэмцээн эрэгтэй 57, 61, 65, 74 кг, эмэгтэй 53, 69 кг-ын жингүүдээр явагдах бөгөөд 1998 оноос өмнө төрсөн бөхчүүд өрсөлдсөн байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж