Мишелиний одыг хэрхэн олгодог вэ?

Хуучирсан мэдээ: 2015.10.25-нд нийтлэгдсэн

Мишелиний одыг хэрхэн олгодог вэ?

Дэлхийн өндөр зэрэглэлийн зоогийн газруудыг дүгнэдэг томоохон шалгуур болох Мишелиний Одын талаар ярихад Францын дугуй үйлдвэрлэгч “Мишелин” компаний талаар дурдахаас өөр аргагүй юм. Тэгвэл яагаад машины дугуй үйлдвэрлэгч компани зоогийн газруудыг дүгнэж эхлэв гэдэг нь тун сонирхолтой түүхтэй.

 

 

1900 онд Франц улсад байсан нийт машины тоо 3000 ч хүрэхээргүй цөөн байсан нь ах дүү дугуй үйлдвэрлэгчид болох Андрэ Мишелин болон Эдоуард Мишелин нарын бизнест саад учруулж байв.

 

 

Иймээс ах дүү нар дугуйны борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд Франц улс дахь автомашиний эрэлтийг ихэсгэх зорилт тавьжээ. Үүний тулд машин сонирхогч, болон аялах дуртай хэн бүхэнд шаардлагатай газрын зураг, машин засах заавар зөвлөмж, шатахуун түгээгүүрийн станц, зочид буудал зоогийн газруудын байршил үйлчилгээний талаар бүхий  л мэдээллийг нэг дор нэгтгэж чадсан,
"Мишелин Хөтөч" нэртэй номыг 35000 хувь хэвлүүлж, иргэдэд үнэгүй тараасан байна.

 

 

Тэр үеэс одоог хүртэл энэ сэтгүүл дэлхийн нэг болон хоёрдугаар дайны үед л хэвлэлтээ түр хугацаагаар зогсоож байсныг үл тооцвол, тасралтгүй зуу гаруй жилийн турш жил бүр уншигчдад хүрч байна.

 

 

Компаний эзэд хэдэн жилийн дараа "Жинхэнэ эр хүн мөнгө төлсөн зүйлээ л хүндэлж чаддаг" гэсэн үгийг үндэс болгон "Мишелин Хөтөч" номондоо үнэ шингээн, төлбөртэйгээр борлуулж эхэлсэн байна.

 

Ийнхүү 1926 оноос  рестораны үнэлгээг сайжруулж, тэдгээрийн дунд зэрэглэл тогтоож, үйлчлүүлэгч нарт зөв сонголтоо хийхэд нь туслахын тулд хоол хийх урлагт автсан, амт болон өнгө үзэмжний нарийн мэдрэмжтэй, амссан хоолныхоо амтны талаар ой санамж сайтай, бусад төрлийн хоолтой харьцуулах чадвартай хоолны шүүмжлэгч нарыг ресторан зоогийн газрууд руу нууцаар илгээж судалгаа аван, шалгуурт тэнцсэн зоогийн газруудыг нэг одоор дүгнэж эхэлжээ.

 

 

Харин таван жилийн дараа буюу 1931 оноос Мишелин Хөтөч ном цэнхэр хавтсаа улаан болгон сольж, Мишелиний Од нь нийт гурван төрлийн байдаг болжээ.

 

 

Эдгээр одууд нь:

 

  • : "Салбар дундаасаа ялгарсан маш сайн ресторан"

  • : "Сонголтондоо харамсахааргүй сайхан хоолтой"

  • : "Хоол хийх урлагийн шилдэг төлөөлөл" гэсэн утгатай дүйцнэ.

 

 

Мөн хоол шүүмжлэгч нь олны дунд ороод уусах чадвартай, хэн ч харсан шүүмжлэгч гэж мэдэгдэхээргүй энгийн үйлчлүүлэгч мэт биеэ авч явах ёстой ажээ. 

 

 

Онилсон зоогийн газраараа үйлчлүүлэх бүрийнхээ дараа хоол шүүмжлэгч нар тэмдэглэл хөтөлж, бусад шүүмжлэгч нартай хамтран энэ жил ямар ресторан одоо ахиулж эсвэл бууруулахыг зөвлөлдсөний үндсэн дээр Мишелиний Од олгогддог байна.

 

 

Хоол шүүмжлэгч нарын гол анхаарал хандуулах зүйл нь хоолны амт чанар, тогоочийн ур чадвар, бусад төрлийн хоолноос ялгарах онцгой шинж болон уг хоолны орц найрлаганы хоорондын нийцэл гэх мэт зүйлс байдаг байна.

 

 

Эдгээр үзүүлэлт дунд  рестораны дотоод засал болон үйлчилгээний чадвар зэргийг төдийлөн хайхарч үздэггүй байна. Мэдээж шүүмжлэгч нарын захиалсан хоолны бүх төлбрийг "Мишелин" компани гаргадаг.

 

2009 онд The New Yorker сэтгүүл бичихдээ:

 

-Компаний гүйцэтгэх албаны хүмүүсийн ихэнхи нь хэзээ ч шүүмжлэгч нартай уулзаж үзээгүй хүмүүс байдаг бөгөөд шүүмжлэгчид хаана ямар ажил хийдэг гэх мэт мэдээллээ ойр дотныхон болон гэр бүлийнхэндээ мэдэгдүүлэх эрхгүйн дээр Мишелин компаний зүгээс хоол шүүмжлэгч нарыг сэтгүүлчдэд ойртохыг хориглодог гэжээ.

 

Bib Gourmand

 

 

Bib Gourmand гэдэг нь 1955 оноос хойш олгогдож эхэлсэн шинэ зэрэглэл юм. Энэ нь нэг бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй ресторануудтай харьцуулахад харьцангуй хямд үнэтэй менюг санал болгосон, салшгүй амттай хоол бүхий ресторануудад олгогддог байна.

 

                                                                                                            Бэлтгэсэн: Г.СҮМБЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж