Японы ерөнхий сайд Шинзо Абе /Х.22-28/ Төв Азийн айлчлалаа Монгол улсаас эхлүүллээ. Шинзо Абе мөн Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистанд айлчлах юм. Шинзо Абегийн айлчлалын гол зорилго нь байгалийн баялаг арвин нөөцтэй Төв Азийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх аж. Тэрээр дэд бүтцийн төслүүдийг дэмжих болон түүхий эдийн нийлүүлэлтийн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Энэ нь Японы ерөнхий сайдын сүүлийн 10 жилд энэ бүс нутагт хийж байгаа анхны албан ёсны айлчлалт болж байна. Дэлхийн эдийн засгийн гурав дахь том тоглогч болох Япон улсын ерөнхий сайдыг 50 гаруй фирмийн төлөөлөгчид дагалджээ.
Шинзо Абе Казахстанд Японы АЦС-ын технологи, тоног төхөөрөмжийг сурталчлах аж. Харин Тажикистанд автозамыг сайжруулах болон бусад дэд бүтцийн төсөлд хамтарч ажиллах гэрээ хэлцэл байгуулахаар төлөвлөсөн аж. Туркменистаны байгалийн хийн ордуудад үйлдвэр барихтай холбоотой нэг их наяд иен /8.3 тэрбум ам.доллар орчим/ гэрээг Японы “JGC” инженерийн фирм болон өөр дөрвөн компани хүсч байна. Мөн Сумитомо корпораци болон Мицубиши Хитачи эрчим хүчний систем Туркменистанд цахилгаан станц барих 40 тэрбум иений гэрээ байгуулахаар төлөвлөжээ. Абегийн айлчлал Узбекистанд харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг үзэглэснээр өндөрлөх аж. Ерөнхийдөө Японы корпорациуд Шинзо Абегийн айлчлалаар Төв Азийн орнуудтай хоёр их наяд иений /16.5 тэрбум ам.доллар/ гэрээ хэлцэл байгуулахаар зэхжээ. Төв Азийн айлчлалыг Шинзо Абе өнгөрсөн наймдугаар сард төлөвлөсөн юм.
Японы ерөнхий сайдын айлчлал Төв Ази дахь Хятадын нөлөө нэмэгдэх болон ОХУ-аас санхүүгийн хараат байдлын эсрэг чиглэсэн хэмээн ажиглагчид дүгнэж байна. “Хэрэв Япон Төв Азид эдийн засгийн нөлөөлөөрөө Хятадтай мөр зэрэгцэж чадвал, үүнийг ОХУ сайшаан хүлээн авна. Эцэст нь Япон улс ОХУ-ын эсрэг тоглох нэг дипломат хөзөртэй болно гэсэн үг” хэмээн тодорхойлжээ. Төв Ази дахь Хятадын худалдаа наймааны харилцаа өсөхийн хэрээр ОХУ шахагдах болсон аж. Мөн Хятадын санаачилсан Азийн дэд бүтэц хөрөнгө оруулалтын банкны эсрэг Япон улс Төв Ази дахь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг 2020 он гэхэд 30 их наяд иенд хүргэхээр зорьжээ. Бээжингийн зүгээс Азийн дэд бүтэц хөрөнгө оруулалтын банкыг байгуулснаараа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай өрсөлдөхийг хичээж байгаа юм. Хятадын ерөнхийлөгч Си Жинпин Торгоны зам эдийн засгийн бүсээр дамжуулан Евроази даяар эдийн засгийн интеграци болон худалдаа наймааг өргөжүүлж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа 2013 онд Казахстанд хийсэн айлчлалынхаа үеэр мэдэгдсэн юм.
Б.АНХТУЯА