Ганцаардсан “дайчин”

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Ганцаардсан “дайчин”

Өнгөрөгч баасан гаригт СТӨ-нд хоёр дахь өдрөө үргэл­жилсэн “Соён гэрээрлийн өдрүүд” номын үзэсгэлэн яар­маг, нээлттэй хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өөрийн “албат”-уудтайгаа зоч­лоод гарав. Төрийн байгуу­лал­тын байнгын хорооны дарга асан Ө.Энхтүвшин, Хууль зүйн байнгын хорооны дарга асан Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын бүлгийнхэн, ИЗНН-ын дарга Д.Энхбат, бие даагч гишүүн З.Алтай гээд баахан хар костюмтай эрхмүүд хүн­дэт зочдын суудалд суун “Монголын түүх гэрэл зургийн хуудаснаа” хэмээн XIX зууны эхэн үеийг харуулсан ховор сонин зургуудаар бүтсэн гэрэл зур­­­гийн том номыг “нээсэн” юм.

Нээх ч гэж дээ, угаасаа Монголын олон түүхчид суд­лаад, бичээд хэвлүүлчихсэн номыг эрж хайгаад, эсвэл олж нээгээд байху байх вэ дээ. Ийм том гэрэл зургийн эх сурвалжтай болсныг тэмдэглэсэн нэг ёсны номын баяр гэх юм уу даа. Өөр ч олон гоё номуудыг бас энэ өдөр нээсэн л дээ. Харин УИХ-ын дарга нээлтэд нь морилсон нь нь л уг ном юм.

Философич Д.Батчулуун, “Эдмон”-ын Д.Энхбат, Төрийн шагналт Н.Жанцанноров, АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэл гээд өөрсдөөс нь ч илүү оюунлаг эрхмүүдийг бүдгэрүүлэнхэн СТӨ-ний гуравдугаар давхарт заларсан УИХ-ын даргын энэ том “десант”-аас ганц хүн шоовдорлогдсон нь МАН-ын гишүүн асан, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр. МАН-ын гишүүд, УИХ-ын бусад гишүүд Д.Дэмбэрэл даргатай зэрэгцэн хүндэт зочдын суудалд тэргүүн эгнээнд заларч байхад мань хүн суудлын ар хавиар гүйн ганц нэг хүнтэй уулзаж, цай кофе эргүүлнэ. Мань хүнд энэ өдөр сурталчлах, болж өгвөл “нээчих” ном олдоогүй учраас МАХН-аа л сурталчлах ажилтай явсан болов уу.

Ингэхэд МАХН-ыг дээд шүүхэд бүртгүүлэх ажил юу болсон бэ, Ц.Шинэбаяр гишүүн ээ. Түүнтэй хамт Их хуралдайг зохион байгуулсан, сэтгүүлч А.Баатархуяг нэг хэсэг “хувьсгал хийчих гээл, бараг хийчих гээл, болж өгвөл төрийг эргүүлчих гээл” мөн ч их явсан даа. Тэгээд одоо нөгөө их хувьсгалын үр нь оройтож ирсэн энэ зуны наранд хатцарч, хувьсгалчид ч нутаг орондоо буцаад дуусчих шив. Ц.Шинэбаяр гишүүн бас л МАХН-ын нэрийг Улсын дээд шүүхээс авчих гээл, авчих гээл яваа хүн дээ. Харин хэр удаан тэсэх юм бол.

Нээрээ мартсанаас Ц.Шинэ­баяр гишүүнийг арай гэж хувьс­га­лаас ангижирсан МАН-ын бүл­гээс суга татаж гаргаад, МАХН-ын “хувьсгалт зам”-д уруу татаад оруулчихсан Н.Энхбаяр гэдэг хүний л рейтинг сүүлийн үед санал асуулга, судалгаа болгоноор урагш цой­лоод улам улам өндөр аваад байдаг, харин түүнийг дагасан Ц.Шинэбаяр гишүүний рейтинг Н.Энхбаяр даргынхтай яг урвуу хамаарлаар ухраад байдаг нь сонин юм шүү. Алгебр хүртэл амьдрал дээр “буруу дэвээд” байх нь бас л хачин юм шүү.
Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэж хууччуул ярьдаг байлаа. Харин одоо бол “ганц дайчин ганцаардаггүй“ моод гарсан юм чинь. Ман ч хүн ч МАХН-ын нэрийг УДШ-ээс авчих гээл, бараг л авчих гээл амьдраад байгаа хүн дээ, Ц.Шинэбаяр гишүүн. “Амьдрах гээд л байгаа биз, амьдрах гээд л байдаг юм даа, хүүхдүүд” гэж…

Б.ГАЛ

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж