Төр надаас эхлээд уучлал гуйх ёстой

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Төр надаас эхлээд уучлал гуйх ёстой

УИХ-ын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаяр өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, 2007 оноос хойш өөрт нь холбогдуулан шалгасан албан тушаалыг хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай, мөн өөрт нь тулгасан зохиомол хэргийн хариуцлагыг хэн хэн хүлээх ёстой талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Түүнийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын албан тушаал хашиж байхдаа албан тушаалаа ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр 2008 онд анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож, хяналтын шатны шүүх ялыг хэвээр баталсан ч 2009 оны дөрөвдүгээр сарын 8-ний өдөр Улсын дээд шүүхээс “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж үзэн хэрэгсэхгүй болгосон билээ.

Гэвч хяналтын шатны прокурор Г.Гэрэлтуяа уг хэргийг хянах явцдаа “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн шүүхээс буцсан хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгоод дарсан байна. Харин сайд асан С.Отгонбаяр энэ явдлын талаар Нийслэлийн прокурорт гомдол гаргаж байж, хоёр жилийн дараа буюу энэ оны хоёрдугаар сард түүнд холбогдох хэргийг хуулийн дагуу зүйлчлэлийг нь өөрчлөн хэрэгсэхгүй болгосон тухай Нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Бат-Оршихийн гарын үсэгтэй, Нийслэлийн прокурорын мэдэгдэх хуудсыг хүлээж авчээ.

Өршөөлийн хуульд тухайн хүний гэм буруутай нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийг хамруулдаг атал “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж үзэж хэрэгсэхгүй болгосон хэргийг өршөөлд хамруулсан нь түүнийг санаатайгаар гэмт хэрэгтэн болгох гэсэн прокурорын байгууллагын санаатай үйлдэл гэж тэр үзэж байгаа юм.
Харамсалтай нь хилс хэрэгт холбогдон “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвд хоригдсоноосоо хойш дөрвөн жил гаруйн хугацаанд эмнэлгээр явж, “элэгний хурц хордлого” гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа сайд асан С.отгонбаяр өөрийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс гадаадад эмчлүүлж байсан нь энэ хэргийг цаг тухайд нь хөөцөлдөж үнэн мөнийг тогтоох бололцоо олгоогүй гэдгийг ч сайд асан ярьж байна.

Түүнчлэн өөрийг нь хилс хэрэгт хутгах үүргийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шахалтаар Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуяг хуулийн байгууллагуудад өгч, тэд нь гардан гүйцэтгэж байсныг ТЕГ-ын дарга асан Р.Болд, АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нарын өөрт нь гаргаж өгсөн тодорхойлолтууд дээр үндэслэн ярьсан юм. Тодруулбал, сайд асан С.Отгонбаярыг Улсын нөөцийг шатахууныг зарж борлуулах үүрэг даалгавар өгсөн тухай мэдээллийг тагнуулын байгууллагын тусламжтайгаар илрүүлсэн гэх АТГ-ын ахлах мөрдөн байцаагч Э.Амарбат нь албаны шугамаар ТЕГ-аас ямар ч мэдээлэл аваагүй бөгөөд цагдаад хамт ажиллаж байсан найз М.Гомбожав, түүний өмнөөс гарын үсэг зурсан А.Баяраа нараар хуурамч материал гаргуулан АТГ дээр хэрэг үүсгэсэн байдаг аж. Энэ хууль бус үйлдлийнх нь төлөө ТЕГ-ын дарга Р.Болд ажилтнуудынхаа өмнөөс уучлал гуйсан боловч тэдэнд хуулийн ямар нэг хариуцлага тооцоогүй байна. Ч.Сангарагчаа даргын хувьд ч мөн ялгаагүй, “Э.Амарбат нь манай албаны шугамаар ТЕГ-т хандаж, ямар нэг баримт мэдээлэл аваагүй” гэдгийг залруулсан боловч, хувийн харилцаагаа ашиглан хүнийг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн Э.Амарбатад хуулийн хариуцлага тооцохоо бас л мартсан байх жишээтэй.

Эцэст нь, УИХ-ын гишүүн, төрийн сайд хүнийг ингэж эрх мэдлээрээ далайлган хилсээр яллаж чадаж байгаа юм чинь цаана нь жирийн иргэдийг яаж ч хохироож чадах бусармаг ажиллагаа хуулийн байгууллагад үүрлэсэн байна шүү гэдгийг сэрэмжлүүлэх үүднээс энэ мэдээллийг хийх болсноо тайлбарлаад, “Ганц би биш, маш олон улс төрчид хуулийн байгууллагыг хувьдаа өмчилж авсан эрх мэдэлтнүүдийн ийм дарамт шахалт, шантаажин дор амьдарч байгаа, харамсалтай нь хэн ч дуугарч чадахгүй байна” гэсэн юм. УИХ-ын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаярын сэтгүүлчдэд хийсэн дээрх мэдээллийн дараа түүнтэй уулзаж ярилцлаа.

-Тантай холбогдох хэрэг шүүхээр шийдэгдэж, гэм буруугүйг тогтоосноос хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд та өөрийг нь буруутгаж байгаа М.Алтанхуяг прокурортой уулзсан уу? Яагаад ингэх болсон талаар асуусан уу?

-Би уулзсан. Шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл би гурван жилийн турш эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төрөөрөө хохирсон. Амь насаа ч алдаж болох байсан. Сүүлийн хоёр жилийн турш би биеэ эмчлүүлэхийн хажуугаар хуулийн байгууллагууд яагаад ингэж ажилласан, хэнээс эхтэйг тодруулах гэж хөөцөлдсөн. АТГ-аас эхлээд шүүх, прокурор нь хүртэл яагаад ингэж ажилласан юм. Нэг л цэгт очдог байхгүй юу. Ерөнхий прокурор байсан М.Алтануяг гэдэг хүн дээр. Тэгээд би “Яагаад ингэж хүний амь нас, эрүүл мэнд, нэр төрөөр даажигнаж чадаж байгаа юм бэ” гэж нүүр нүүрээ харж байгаад өөрөөс нь асуусан. Тэгэхэд “Ажил амьдралаа авч үлдэхийн тулд тэгэхээс өөр арга байгаагүй” гэсэн ганц л үг хэлж байна лаа. “Чиний хэргээс болж би сэтгэлдээ гүн шахртай үлдёэн шүү” гэж. Тэгвэл би ч гэсэн шархлаагүй юм уу. Ерөнхий прокурор, хуулийн байгууллагуудын удирдлагыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилдог. Гэтэл томилогдсон хүмүүс нь хуулийг сахиж ажиллахаасаа илүүтэй “Намайг хэн томилсон билээ” гэж бодож ажилладаг юм байна. 
 
-М.Алтанхуяг прокурор Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын даалгавраар энэ бүхнийг зохион байгуулсан гэж та түрүүн хэлсэн. Яагаад Н.Энхбаяр ийм даалгавраар өгсөн гэж?

-2007 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гурван гишүүний, Г.Занданшатар, Т.Бадамжунай, У.Хүрэлсүх гурвын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Ерөнхий прокурор УИХ-д оруулж ирсэн. Тэгэхэд би үүнийг эсэргүүцэж, “Яагаад ийм баримт, нотолгоогүй зүйлээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирж байгаа юм бэ, хэний хатгаас вэ” гэдэг асуултыг Ерөнхий прокурорт тавьж байсан. Тэгэхэд М.Алтанхуяг прокурор над руу яаж дайрч байсныг та нар санаж л байгаа байх. Утсаар ч янз бүрээр дарамталж байсан. УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг оруулж ирэхэд ч гэсэн би Н.Энхбаярт энэ асуултыг дахиад тавьсан. Түүний оруулж ирсэн асуудал болгоныг эсэргүүцэж байсан хүн нь би юм байна л даа. Нэг муу жижиг намын жижиг сайд. Тэрний төлөө надтай хариуцлага тооцсон нь тэр юм байна лээ, би хожим сонссон. Бүр 2004 оны сонгуулиас эхтэй өс хонзон ч бий. Намынх нь нөлөө бүхий улстөрч түүнээс “С.Отгонбаярыг яагаад заавал хориулах гээд байгаа юм бэ” гэж асуухад тэр хүн “Сонгуулиар бид нарыг ямар байдалд оруулсныг чи санаж байгаа биз дээ. Болох ёстой юм болдгоороо болж байна” гэж хэлээд явсан байдаг юм. Миний нэр дэвшсэн Налайх дүүрэгт Ерөнхий сайд Н.Энхбаяр намынхныгаа дагуулаад очиход нь “Та ямар сонирхлоор энэ хүмүүсийн амьдралыг хохироон байж Налайхад байгуулах нефтийн үйлдвэрийн ажлыг зогсоож байгаа юм бэ” гэж асуугаад орох газаргүй болгож байсан. Налайхынханд хөөгдөх шахам буцсан юм, түүндээ л өс санадаг юм байна.

-Гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудал дээр яагаад намын бүлгийнхэн нь биш, та ганцаараа тэгж их эсэргүүцсэн юм бэ?

-Тэр үед чинь намынхан нь бүгд Н.Энхбаяраасаа айгаад хөдөлж чадахгүй болчихоод байсан юм шүү дээ. Хууль, шүүх, прокурор бүгд Н.Энхбаярын гарт байсан. Ардчилсан намынхан өмнө нь өөрсдөө гурван гишүүнээ казиногийн хэргээр шоронд суулгачихсан болохоор МАХН-ын гурвыг болж өгвөл явуулчих гээд байдаг. Тийм болохоор надаас өөр дуугарах хүн байгаагүй. 

-Та хамгийн сүүлд, жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “Намайг хилсээр ялласан хүмүүс хэзээ нэгэн цагт ажил албан тушаалаа өгөөд, жирийн иргэн болох цаг ирнэ. Тэр цагт би асуудлыг гаргаж тавина” гэж байсан. Одоо тэр цаг нь ирсэн гэж тооцож байна уу?

-Тийм. Тэр цагт нь асуудлыг яривал шударга болно оо л гэж хэлсэн шүү дээ. Түүнээс биш ажил албан тушаалгүй болсон, нэр төр нь унасан байгааг ашиглаж байгаа хэрэг биш шүү. Та нар ч гэсэн бас үүнийг сайн ойлгоорой.

-Гэвч тэд ажил албан тушаалаа өгсөн учраас одоо таны хэрэг дээр хариуцлага хүлээх хүн алга байна шүү дээ?

-Тэр хүмүүс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж, төрд албан тушаал хашиж байхдаа, төрийн нэрээр энэ хэргийг зохион байгуулсан. Төрийн нэрээр гаргасан шийдвэрийн хариуцлагыг төр хүлээдэг юм. Тийм учраас би Монголын төрд шаардлагаа тавина. ҮАБЗ-ийн дарга, Улсын ерөнхий прокурор гээд бүгдэд нь би гомдлоо гаргасан. Яагаад намайг ингэж хилс хэрэг гүтгэх болсон бэ, хэн зоион байгуулсан бэ, эзнийг нь олж хариуцлага тооцож өгөөч ээ гэж. Нэлээн ч олон сар хариугаа хүлээж байна. Өмнө манай өмгөөлөгчид үүний араас явж байсан, одоо би өөрөө явах болно.

-Хэрэг хийсэн, хууль гажуудуулсан, хилсээр ялласан хүмүүст хариуцлага тооцож болно. Гэхдээ танд учирсан хохирлыг хэн, юугаар төлж барагдуулах юм бэ? Нэр төр, албан тушаал, эрүүл мэндээ алдсаны нөхөн төлбөрийг яах юм?

-Би Монголын төрөөс нэхнэ. Хүний нэр төр, албан тушаалыг хилсээр үгүй хийснийхээ төлөө Монголын төр надаас эхлээд уучлал гуйх ёстой. Монголын төрийн хуулинд хүний нэр төрийг хилсээр гутааж болохгүй гэсэн зүйл байдаг байх гэж бодож байна. Мэдээж материаллаг зардлаа ч гэсэн нэхэмжилнэ. Бүтэн дөрвөн жил би энэ өвчнийг эмчлүүлэх гэж гадаад дотоодгүй явж байна.

-Яг ямар онош гарсан бэ? Юунаас үүдэлтэй юм бол?

-Солонгосын урдаа барьдаг эмнэлэгт нь удаа дараа харьцуулсан шинжилгээ өгч байж онош нь тодорсон. Элэгний үрэвсэлт хордлого гэдэг огош гарсан. Гаднын нөлөөтэй огцом хордлогын үед элэг задрах шинж тэмдэг илэрдэг юм байна. Тийм л зүйл болсон шүү дээ. Зүгээр нэг миний нэр төрийг гутаагаад, эрүүл мэндээр хохироосон хэрэг биш. Хүний амь настай холбоотой асуудал. Намайг хордуулсан байхгүй юу, хэн нэг нь.

-Та хорихын эмнэлэгт хэд удсан юм бэ, яагаад анх эмнэлэгт хэвтсэн юм?

-Найм хоносон. Анхандаа бол сэтгэл санааны хямралаас болоод даралт өгсч унаад байсан болохоор л “хэвтэх хэрэгтэй” гээд хэвтүүлсэн шүү дээ. Гэтэл эмнэлэгт хэвтсэнийхээ дараа гэнэт муудаад, ухаангүй сар гаран болсныг та нар ч мэдэж л байгаа. Арга буюу хорихын эмнэлгээс гаргаж, гадуур улсын эмнэлгүүдээр явсан. Солонгост очиж хэд хэдэн давхар шинжилгээ хийлгэж байж онош нь тодорсон. Хориход орохоос өмнө надад элэгний ямар ч өвчин, шинж тэмдэг байгаагүй. Тийм учраас би хэн нэг нь намайг санаатай хордуулсан л гэж боддог. Хэзээ, яаж вэ гэдгийг мэдэхгүй ч ямар нэг байдлаар надад элэг задлах эм ч юм уу, тариа шахсан л байна.

-Өнөөдөр /маргааш/ зургадугаар сарын 14-ны өдөр. Дөрвөн жилийн өмнө яг энэ өдөр Сэлэнгэ аймагт Онцгой байдлын газрын аврагч нар түймэр унтраахаар яваад нисдэг тэрэгтэйгээ унаж, олон хүний амь эрсэдсэн. Одоо ч гэсэн олон гэр бүлийн сэтгэлийн шарх аниагүй байгаа. Ослын улмаас сайдыг нь огцруулсан асуудлын мөн чанарыг олж чадсан юм уу, дахиад тийм явдал гарахгүй гэх баталгаа бий болов уу?

-Үер ус, гал түймрийн гамшиг хэлж ирдэггүй. Сайд огцорсон төдийгөөр энэ салбарын ажлыг дээрдүүлж ч чадахгүй. Ямар ч улс үндэстэн гамшгийн өмнө бэлэн байх ёстой. Техник технологи, хүн хүчний хувьд ч, хөрөнгө санхүү, хөдөлмөр хамгааллын хувьд ч тэр. Тиймээс л би ОБЕГ-т очсон даруйдаа энэ салбарт хуваарилсан мөнгө хөрөнгө зориулалтын дагуу зөв, үр ашигтай зарцуулагддаг байгаасай, ажилтан албан хаагчиддаа хүрдэг, ядахдаа хувцас хэрэглэлийг нь байх ёстой түвшинд нь байлгаад, томилолтынх нь мөнгийг цаг хуцагцаанд өгчихдөг байгаасай гэдэг үндсэн дээр тэнд ажиллаж байсан албан тушаалтнуудтай тэмцэл хийж эхэлсэн. Улсын мөнгийг хувийн юм шиг идэж ашигладаг бүхэл бүтэн бүлэглэл үүсчихээд байсан юм шүү дээ. Тэдэнд хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад хандсаныхаа хариуд би өөрөө гэмт хэрэгтэн болоод ял авсан. Одоо ажил нь ямар явааг би хэлж мэдэхгүй байна.

-Бороо орж, манантай байхад түймэр унтраахаар явуулдаг гээд таныг хамгийн их буруутгасан. Гэтэл нисдэг тэргийг хөөргөх тушаал өгсөн хүн нь та биш, ИНЕГ байсан ч та сайдын хувиар ганцаараа хариуцлагаа хүлээсэн. Одоо харахад гомдолтой биш үү?

-Би бол зөвхөн захиалагч гэдгийг би тэр үед ч хэлж байсан. ОБЕГ бие бүрэлдэхүүнээ түймрийн голомтод хүргэхийн тулд ХХЕГ-ын нисдэг тэргийг хөлсөлсөн. Хүмүүс миний оруулж ирсэн нисдэг тэрэг гэж андуураад байдаг юм. Би бизнес эрхэлж байхдаа, Монголд хөдөлдөг ганц ч нисдэг тэрэг байхгүй байхад 1993 онд нэг нисдэг тэрэг оруулж ирсэн. Хямдхан ч өгсөн, хил хамгаалах ажилд тэр нь олон ч жил зүтгэсэн, дарга цэрэггүй үгд л унадаг байсан. Сэлэнгэд осолдсон тэрэг бол 2006 онд Оросоос авсан, их засвар хийсэн тэрэг байсан шүү дээ. Надтай огт хамаагүй эд.

Үнэндээ бол нислэгийн аюулгүй байдлыг хангах, хөөрөх, буух зөвшөөрлийг өгдөг газар нь ИНЕГ. Түүнээс биш сайд тушаал өгөөд онгоц хөөргөдөг юм  биш. Гэхдээ би хариуцлагаас зугатаагүй. Энэ асуудлаас болж Батлан хамгаалах, Хууль зүй дотоод хэргийн гээд гурван ч сайдыг огцруулах шаардлагыг УИХ-ын гишүүд тавьчихаад байсан учраас хэргийн шалгалтын явцыг хүлээх цаг хугацаа надад байгаагүй. Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулахын тулд өөр дээрээ хариуцлагыг бүхэлд нь авахаас өөр зам байгаагүй. Үүндээ ч би харамсдаггүй.

-Тэр үед Сэлэнгийн онцгой байдлын хэлтсээс “Бороо орж түймрийн голомт хумигдсан тул нэмэлт хүч хэрэггүй” гэсэн факс ирүүлснийг танайхан авч нуучихаад, зориуд Сэлэнгэ рүү ниссэн” гэдэг яриа бас хожим гарч байсан. Энэ үнэн үү?

-“Өөрсдийн хүчээр түймрийг голомтыг хумисан тул нэмэлт хүч явуулах шаардлагагүй боллоо” гэсэн факсыг манай шуурхай албанд ирүүлсэн байдаг юм. Гэвч ямар зорилготойг бүү мэд, тэр мэдээллийг гаргаж өгөлгүйгээр аврагчдыг тийш нь явуулсан байсан. Би Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, нисдэг тэрэг хөөргөхөөр бэлтгэчихсэн байхад гадаадаас ирсэн. Өглөө нь сайдын зөвлөл хуралдаад, аврагчдыг явуулахаар болсон. Тэр болтол “Сэлэнгийнхэн түймрээ унтраасан” гэдэг мэдээллийг сайдын зөвлөлд ч танилцуулалгүй тас нууж байгаад нисдэг тэргийг хөөргөсөн байдаг. Хожим нь УИХ дээр асуудал яригдаж байх үед зарим нь тодорхой болсон л доо.

-Сэлэнгэ рүү ниссэн аврагчдаас амьд эргэж ирсэн заримынх нь яриа, шинжилгээний дүнгээс харахад багийнхан замдаа архи уусан, маршрутаасаа хазайсан, загас барих зорилгоор уг нислэгийг хийсэн гэх мэт зөрүүтэй мэдээллүүд сонсогдож байсан. Өөрөөр хэлбэл, сахилга хариуцлагын асуудал. Та үүнийг зөвшөөрөх үү?

-Би амьд үлдсэн аврагчидтай уулзаж ярилцаж байсан. Сахилга хариуцлагын асуудал ч мэдээж байсан. Гэхдээ тийм зүйлийг яг энэ өдөр, олон айлын сэтгэлийн шархыг сэдрээж ярих шаардлага байхгүй.

-Сургамж болоосой гэдэг үүднээс л үнэнийг хайж байгаа хэрэг л дээ?

-Хэрэгтэй бол дараа энэ асуудлыг гаргаж тавьж болох л байх. Гэхдээ лав өнөөдөр биш. Үнэнийг мэдье гэвэл тэр үед ажилласан шинжээчдийн дүгнэлт, баримт мартериалуудыг үзэж болно. Би бол энэ асуудлаар ямар нэг эрэл хайгуул хийж яваагүй.


Б.СЭМҮҮН 

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж