Г.Өлзийбүрэн: Газрын тосыг АМГ-т нийлүүлэх бус төсвийн орлогыг нэмэх даалгавар өгсөн бол улсын нэр хүндэд халгүй байх байлаа
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнг “Чухал сэдэв” булангийнхаа хойморт урьж ярилцлаа.
-Ажлын шинэ өглөө эхлээд хэдхэн минут өнгөрч байна. Өнөөдрийн тухайд та бид хоёроос өөр хүн сонсч амжаагүй шинэ, содон мэдээлэл юу байна?
-БНМАУ 1950-иад оны сүүл 1960 –аад оны эхэн үеэс газрын тосоо олборлож эхэлсэн түүхтэй. Гэвч удалгүй эдийн засгийн үр өгөөж тааруухан байна гэх үндэслэлээр хэсэн хугацаанд хаасан байдаг. Бас тухайн үед үйлдвэр дээр осол гарсан нь хаах үндэслэл болсон байж мэднэ. Ийн хэсэг завсарлаад 1991 онд Газрын тосны хуультай болж улмаар Газрын тосны нэгтгэл, пүүс байгуулагдан 1993 оноос Тамсагийн сав газарт АНУ-ын Соко компанитай анхны Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан хайгуулын ажлыг эхлүүлэн хамтарч ажилласнаар 1997 онд шинэ цагийн Монгол Улс анхны тосоо олборлож байлаа. Энэ үндсэн дээр газрын тос олборлож болох юм гэж үзсэн. Ер нь газрын тосны салбарын үүсэл хөгжлийг аваад үзэхэд манай улсад тээврийн хэрэгсэлтэй болж эхэлсэн 1941 оноос хангамжийн салбар бий болж, Союз нефть хэмээх Оросын компани манайд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр энэ салбарыг хөгжих үндэс суурь тавигдсан гэж үздэг. Бид анх газрын тос олборлоод Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээлийнхээ энгэрийг мялааж байсан тэр үеийг бодоход энэ жил сая тонн газрын тос олборлож, түүнийгээ экспортолно гэсэн төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. Биет байдлаар төлөвлөгөөгөө сайн биелүүлнэ. Өнгөрсөн жил, тосны үнэ сайн байх үед манай салбар 290 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Энэ жилийн тухайд 286 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөсөн байсан. Ингэхдээ тосны үнийг өнгөрсөн жилийнхтэй дундажлан 87 ам.доллараар тооцоолсон байв. Он гарсаар дэлхийн зах зээлд тосны үнэ уналт, бууралттай байна. Оны эхэнд 45, 46–тай байснаа тав, зургадугаар сараас баррель нь 65 ам.доллар хүрээд саяхнаас эргээд 47-48 болж буурсан байх жишээтэй. Эндээс харахад, орлогын төлөвлөгөө бага зэрэг 40 орчим хувиар тасарч мэднэ. Гэсэн хэдий ч оны төгсгөлд 180 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. Эцэст нь дүгнэж хэлэхэд, улсын төсвийн тодорхой хувийг газрын тосны орлогоос төвлөрүүлдгийг хэн бүхэн мэддэг байхад гэмгүй. Дээрээс нь нефтийн бүтээгдэхүүний хангамжийн чиглэлээр чамгүй ололттой яваа. Ямар агуулгаараа вэ гэвэл гадны томоохон эх үүсвэрүүдтэй дэлхийн зах зээлийн ханш дээр суурилсан тулгуурласан маш сайн гэрээ хэлцлүүдийг хийсэн. Үүний үр дүнд валютын урсгалыг хэмнэж чадсан. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унасан явдал Монгол Улсад хожоо болсон. Жилд тэрбум 600-700 сая орчим ам.долларыг нефтийн бүтээгдэхүүний худалдан авалтын эргэлтэд зарцуулдаг байсан бол энэ жилийн тухайд 750-800 сая орчим ам.доллар зарцуулах болов уу гэсэн таамаглалыг хийж байгаа. Ингэж чадвал 800 сая орчим сая ам.доллар хэмнэгдэж, улсын эдийн засагт тэр хэрээр сайнаар нөлөөлөх юм.
-Уучлаарай, таны яриаг таслах нь. Улстөрчид хийгээд хэрэглэгчид нефтийн үнэ буучихаад байхад дотооддоо шатахууны үнийг буулгасангүй гэлцдэг. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханш маш өндөр өсөлттэй үед савлагаа гаргахгүйн тулд Онцгой албан татварыг тэглэх, хөнгөлөлттэй зээл өгөх, валютын ханшны форвард хэлцлүүдийг хийх /валютыг тодорхой хугацааны дараа худалдан авах/, тогтворжуулах, гаалийн татварыг нэг хувь болгох гэх мэтээр зохицуулалтуудыг хийсээр ирсэн. Ийм тохиолдол бүрийг хэрэглэгчид маань өөрсдийгөө татваргүй барааны дэлгүүрээр үйлчлүүлж байжээ гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн тухайд дэлхийн зах зээлд нефтийн үнэ буусантай холбогдуулан улс холбогдох бүх татваруудаа эргүүлэн авч буй. Нөгөөтэйгүүр, нефтийн бүтээгдэхүүн хийгээд нефтийн бүтээгдэхүүн тойрсон татваруудаас төсвийн орлогоо бүрдүүлдэг олон улсын практик бий. Үүний дагуу бид энэ ажлыг зохион байгуулсан. Үндсэндээ хэрэглэгчид нефтийн бүтээгдэхүүн худалдаж авахдаа литр тутмаас 520-530 төгрөг нь НӨАТ, гааль, онцгой албан татварт төлөгдөж байдгийг ойлгох хэрэгтэй. Улс орны эдийн засагт цочроо үүсгэлгүй, эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахын тулд нефть импортлогч компаниудтай саяын хэлсэн менежментийн дагуу ажиллаж байна. Үнийг тогтворжуулна гэхээр манайхан ямар нэг өөрчлөлт орохгүй нь гээд ойлгочихдог. Тийм биш. Буух үедээ бууна, өсөх үедээ өснө. Гэвч энэ нь улсын эдийн засагт ямар нэг байдлаар цочроо өгөхүйц 200, 300 төгрөгийн өөрчлөлт гарахгүй гэсэн үг. Ер нь бид үнийн өсөлт бууралттай ийм үед дундуур нь явах бодлого баримтлан ажлаа зохион байгуулан ажиллаж байгаа. Ийм маягийн зохицуулалтыг Газрын тосны газар хийсээр ирсэн.
-Нийлүүлэлт хийгээд хайгуул, олборлолтын төвшинд та бүхэн санасандаа хүртэл ажиллаж байна уу. Хэчнээн аж ахуйн нэгжтэй Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинээр байгуулсан бэ?
-Ерөнхийдөө нийлүүлэлт болоод гэрээ хэлцлүүд боломжийн, хэвийн яваа гэж ойлгож болно. Хайгуулалтын хувьд энэ жил чамлахааргүй. Хайгуулын чиглэлээр ажилладаг барууны нефть хийн “Бридж газ” гэх компани манайд хөрөнгө оруулан хамтран ажиллахаар орж ирлээ. Түүнчлэн дэлхийн топ -10 аж ахуйн нэгжийн нэг Петро чайна Дачин тамсаг гэх мэтийн нэлээд хэдэн компани ажиллаж байгаа. Өмнө нь барууны компани орж ирж байсангүй. Дунд зэргийн компаниуд орж ирж ажиллаад үр дүнгээ компаниудад зарах байдлаар үйл ажиллагаа явуулж байсан. Анхны барууны томоохон хөрөнгө оруулагч орж ирж байгаа нь талархууштай үйл явдал юм аа. “Бридж газ” маань булган сүүлтэй байх болов уу гэж найдаж суугаа. Баруун талдаа Увс-1, Хар ус-2 талбайд хайгуулын ажил эхэлсэн. Талбайнууд маань Хятадын Шинжаан Уйгарын нутаг дахь Зүүн гарын хотгорын ордуудтай геологийн тогтоц, бүтцийн хувьд ойролцоо учраас тос байх өндөр магадлалтай гэж үзсэн. Хайгуул хийж байгаа хөрөнгө оруулагчид маань ч энэ өнцгөөс хандсан. Одоогоор өрмийн ажил дөнгөж эхэлсэн учраас үр дүн нь хараахан гараагүй байна. бусад талбайн хувьд ч амжилт арвинтай. Хөх нуур-18 талбайн хоёр ч цооногт тос гарсан. Гарсан тосоо өнөөдрийн байдлаар 19 дүгээр талбай буюу тос ангилан ялгах хэсэг рүү өгч байгаа. Энэ жил нэмээд дөрвөн аж ахуйн нэгжтэй Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Хэрлэнтохой-28, Увс-1 Хар ус-2, Онги -4, Богд-5 талбайн эрх үүрэг шилжүүлэх гэрээ гэх мэтчилэнгээр гэрээнүүд хийгдсэн. Энэ хэрээр хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх нь дамжиггүй. Ер нь хайгуулын чиглэлээр 80 гаруй сая ам. долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Олборлолтын чиглэлээр жилд 350-370 –аад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Үйл ажиллагааны зардлын 120-140 сая ам.доллартай нийлээд жилд 510 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа, энэ оны байдлаар. Нэмж хэлэхэд, 19, 21 дүгээр талбай дахь олборлолтын хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа. Энэ хэмжээгээр манай салбар улсын төсөвт мэдэгдэхүйц байдлаар нөлөөлж байгаа гэж үздэг. Ирэх жил газрын тосны орлогын төлөвлөгөөг 260 орчим тэрбум төгрөг байхаар тооцоолсон. Бид хэлсэндээ, ярьсандаа, зорьсондоо хүрч ажиллана гэдэгт итгэл дүүрэн ажиллаж байна. Монгол Улс тостойн давуу талаа ашиглах бүрэн бололцоотой.
-Боловсруулах үйлдвэртэй болох асуудал арваад жилийн өмнөөс яригдаж байсан. Сонгууль ойртох тусам онцгой сэдэв болон хувирдаг. Тиймээс цаасан дээрх төлөвлөгөө хэзээ бодит зүйл болох вэ гэж танаас зориуд асууж буй хэрэг?
-Боловсруулах үйлдвэрийн асуудал бол нийгэмд хүлээлт бий болгосон сэдэв. Энэ сэдвийг ярихын өмнө Монгол Улс эхлээд тостой байх, найдвартай олборлолт хийх эх үүсвэртэй, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн нөөц нь хангалттай байх ёстой. Ийм нөхцөл бүрдсэний дараа ярих сэдэв. Үнэнийг хэлэхэд, бид чинь одоо л тос найдвартай эх үүсвэртэй болж эхэллээ шүү дээ. Сая тонн тос боловсруулах үйлдвэрийн тухай ярих цаг нь ч болж байх шиг байна. Нөөцийн хувьд ойрын хоёр гурван жилийн дотор 1,6-1,7 сая тонн болох юм.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авав?
-Нийтдээ 12 аж ахуйн нэгж хайгуулын болон олборлолтын тусгай зөвшөөрлийг авсан байдаг юм. Судалгааны шатанд ажлаа эхлүүлсэн байгаа, ихэнх нь. Бага оврын үйлдвэрийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас болоод технологийн хувьд 50 орчим хувь нь тунгалаг бүтээгдэхүүн гарахаар, үлдсэн хувь нь хоёрдогч түүхий эд болох мазут, битум байдаг. Монголын зах зээл жижигхэн учраас яалт ч үгүй тосноос хямд үнээр экспортлох нөхцөл байдал үүсдэг. Эдийн засгийн үр өгөөж талаасаа манайх аж хуйн нэгжүүд, хувийн хэвшлүүд маш сайн тооцсоны үндсэн дээр энэ зах зээл рүү орох ёстой. Тийм ч үндсэн дээр тооцоо судалгаагаа хийдэг байх. Мэдээж тооцоо судалгаа нь үнэхээр сайн, эдийн засгийн өгөөж нь үр дүнтэй байх аваас банкны салбаруудаас босгох хөрөнгө мөнгөний асуудал нь хялбар байх нь дамжиггүй. Ойрын үед асуудал шийдэгдэх ёстой. Нөгөөтэйгүүр, бид тостой улс орон давуу гэдгийг сүүлийн хэдэн жилд ойлгож, үүнийгээ хэлэлцээрүүдийнхээ гол углуурга сэдэв болгож, дээр нь нефть импортлогч компаниудтайгаа нэг баг болон ажиллаж чадсаны хүчинд олон улсын зах зээлийн ханшаар бүтээгдэхүүнээ худалдаж авдаг . Мөн гэрээний нөхцөл болох төлбөрийн болон нийлүүлэлтийн нөхцлийг сайжруулж чадсан. Энэ бол цэвэр газрын тостойн буян юм аа. Үүнийгээ давуу талыг маш сайн гаргаж ажиллаж чадах явдал. Жишээ авъя, 19 дүгээр талбайгаас олборлосон тос Монгол дотроо140 хил даваад 200 орчим км яваад хоолой руу шахагддаг. Хоолойноосоо эргээд Сайхан талын төмөр замаар дамжин Хөх хотын боловсруулах үйлдвэрт очин боловсруулагдан бүтээгдэхүүн болдог. Бид жилд 500 гаруй мянган тонн түүхий тос нийлүүлдэг. Хөх хотын боловсруулах үйлдвэр жилд таван сая тонн тос боловсруулах хүчин чадалтай гэхээр манайх 10 орчим хувийг бид нийлүүлж байгаа биз. Бид мөн жилдээ 60 гаруй мянган тонн бүтээгдэхүүн худалдаж авдаг. Монгол-93 бинзенийг авдаг. Монголын тал ямар нэг байдлаар бүтээгдэхүүн нийлүүлэлтээ тасалдуулахад боловсруулах үйлдвэрийн хоолойнуудад технологийн болон горим алдагдахад Монгол Улс хариуцлага хүлээнэ. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл тосны эх үүсвэр байна гэдэг цаад утгаараа олон улсын өмнө маш өндөр хариуцлага хүлээдэг. Тиймээс бид давуу талаа маш зөв ашиглах учиртай. Хамгийн ойрын жишээ гэхэд Монгол Улс газрын тостойн давуу талаа Орос улстай хийсэн гэрээ хэлцлүүддээ ашигласан. Тэд ч биднийг зарим талаар хааж, боож үнэрхэж болохгүй юм байна гэдгээ мэдэрсэн. Өнөөдрийн байдлаар бид 45 хоногийн шатахууны нөөцтэй гээд толгой гэдгэр сууж байна. Өмнө нь 2012, 2011 онд 11 хоногийн нөөцтэй болчихоод, сандардаг байлаа шүү дээ. Сүүлийн хоёр гурван жилд тасалддаг, хомсдол бий болсон нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Энэ бүхэн тостой улсын буян, ач холбогдол юм аа.
-Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламж хэзээ ашиглалтад орох вэ. Энэ байгууламж хугацаандаа ашиглалтад орж чадахгүй байгаагийн улмаас Монгол-93 шатахуун зах зээлийг хангаж чадахгүй байгаа гэх тайлбарыг ШТС-ууд өгч байна лээ?
-Энэ бол стратегийн асар ач холбогдолтой байгууламж. Анх Германы төслийн хүрээнд хийгдсэн обьект. Хүчин чадлын хувьд 6000 тоннын савтай байсныг нь нэмэгдүүлж 20 мянга болгосон. Нэвтрүүлэх хүчин чадлыг нь ч нэмэгдүүлж, сард 40 мянган тонн байхаар зохицуулсан. Өмнө нь ганцхан ар талаасаа авах бололцоотой байв. Өөр газраас авах бололцоогүй байсан юм. Ингэж өөрчилж чадсаны үр дүнд хэлэлцээрийн явцад тоглолтод оруулж, ашиглаж чадсан. Нефтийн бүтээгдэхүүн оруулж ирж байгаа чимээ, орж ирж байга нөхцөл байдал яах аргагүй алив хэлэлцээрт сайнаар нөлөөлсөн. Ирэх долоо хоногт шилжүүлэн ачих байгууламжийнхаа автоматжуулалтынхаа ажлыг дуусган улсын комисст хүлээлгэн өгнө. Ингэснээр Монгол Улс урд хилээр оруулж ирж байгаа нефтийн бүтээгдэхүүний хэрэглээний 60 хувийг зовлонгүйгээр хангах нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ бол маш том үзүүлэлт. Үүнийг ажиглан суугаа орос ах нар маань дотроо нэгийг бодож байгаа нь дамжиггүй. Энэ бүхнийг ажил хэрэг болгоод зогсохгүй хооронд нь уялдуулан шат болгонд ашиглаж ирсэн. Үүний үр дүнд нефтийн бүтээгдэхүүний импортод ямар нэг доголдол гарсангүй. Урьд нь наадам, хаврын тариалалт, намрын ургац хураалтын үеэр байнга шахам шатахууны хомсдол манайд үүсдэг байсан. Өнөөдөр бид тэр тухай мартсан. Манай импортын бүтээгдэхүүний 60 орчим хувийг нефть эзэлдэг. Орос ах нар хэрхэн загнах бол гэж бэмбэгнэх явдалгүйгээр дэлхийн зах зээлийн ханшаар гээд том дуугараад сууж байх нөхцөл бүрдсэн. Бас ирээдүйгээ томоор харж эхэллээ. Эцэст нь хэлэхэд, газрын тосны салбарын үйл ажиллагаа боломжийн түвшинд яваа, учраас нэг улсын хараат байдлаас ангижирч чадсаны илэрхийлэл энэ мөн.
-Газрын тос салбарын хөгжил зогсонги байсны улмаас саяхныг хүртэл БНМАУ-ын хуулиар зохицуулагдаж ирсэн байдаг. 2007 оны шинэ хууль өнөөдрийн хэрэглээ, шаардлагыг хангаж чадаж байна уу?
-БНМАУ-ын тодотголтой 1991 оны дөрвөн хуудас бүхий хууль саяхныг хүртэл бидэнд үйлчилж байлаа. Маш энгийн, хөрөнгө оруулагчдыг татах зорилготой хууль байлаа. Хууль маань тухайн цаг үедээ хөрөнгө оруулагчдыг татаад зогсохгүй, тосоо хайж олоод тосны эхний экспортууд эхэлж, үүн дээрээ дөрөөлөөд хайгуул, олборлолтын чиглэлээр хөгжих нөхцлийг бүрдүүлсэн гэхээр үүргээ маш сайн гүйцэтгэсэн гэж дүгнэж болно. Эрх зүйн зохицуулалтыг холбогдох журмуудаар зохицуулж ирсэн. Үүнийгэ хуульчлах ёстой гэж үзээд Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгыг Газрын тосны газар болон Уул уурхайн яам боловсруулаад Засгийн газарт өргөн барьж улмаар 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр батлуулж авсан. Хуульд шинэ соргог зүйл байхгүй. Өмнө нь журмаар зохицуулагдаж байсан зүйлүүдээ хуульчилж өгсөн. Агуулга нь ерөөсөө бидэнд үйлчилж байсан эрх зүйн орчноо чамбайруулж чадсан. Энэ нь Монгол Улсад ямар ач холбогдолтой юм, түүнийгээ хэрхэн сайжруулж болох юм гэдэг асуудлыг хуульд тусгасан. Нөгөөтэйгүүр, ганц манай улсын эрх ашиг биш хөрөнгө оруулагчийн эрх ашгийг тусгаж өгсөн.Үүний үр дүнд жилийн хугацаанд Бүтээгдэхүүн хуваах гэрээг дөрвөн аж ахуйн нэгжтэй байгуулсан байх жишээтэй. Хөрөнгө оруулагчийг татах, учирч болзошгүй эрсдэл зэрэг нь тодорхой болж нэг үгээр хэлбэл тэднийг эрх ашигт нийцсэн хууль болж чадсан байна гэж бид үзэж байгаа. Үүнийг дагаад хөрөнгө оруулалтын хэмжээ ч нэмэгдсэн. Манай газрын тосны хайгуул, олборлолтын салбарын хувьд геологийн тогтоц нь газрын тос байх тийм ч таатай тогтоц биш юм билээ. Гэсэн хэдий ч бидэндээ таарсан хөөрхөн , дунд хэмжээний нөөцтэй орд байх магадлал өндөр. Энэ үүднээс бид хайгуулын талбайнуудаа зохицуулж, хуваарилт хийн зарласан байгаа. Нөгөөтэйгүүр, дутагдалтай тал бидэнд бий. Тосны маань үр өгөөж тухайн орон нутагт хэрхэн хүрч байгаа талаар бодох зүйл байгаа. Газрын тосны ашиг шимээс Монголын ард түмний хүртэх ёстой гэх үүднээс аваад үзвэл орхигдсон гээдсэн зүйл байгаа. Гэхдээ тосны өгөөжийг орон нутаг хэрхэн хүртэх чиглэлээр ажиллах шаардлага бидний өмнө тулгарч буй. Үүнийг цаашид хэрхэн шийдэх, одоо байгаа хуульдаа хэрхэн суулгаж өгөх чиглэлээр ажил зохион байгууллах шаардлага бий юу гэвэл бий.
-Дорнодын талаар хөндлөн гулд давхиж яваа цөөн хүний нэг нь та. Ажил үүргийн хувиар л даа. Би ч бас Мэнэнгийн талыг нэг удаа туулсан. Мэнэнгийн зах руу хөл тавихад л шил дараалан боссон дохиур, ар араасаа давхилдах хүнд даацын машинууд тааралдах нь түвэгтэй ч юм шиг. Байгаль орчны нөхөн сэргээлт хийгддэг болов уу гэх хардалт төрсөн. Нутгийн иргэдтэй уулзахад энэ талаар гомдол мэдүүлэх хүн таараагүй. Тэр хавьд айл өрх оршин суудаггүй болоод хэл үг гарахгүй байна уу эсвэл дорнодчууд тийм тайван юм болов уу?
-Байгаль орчин нөхөн сэргээлтийн чиглэлээр жил бүр 2-4 сая ам.доллар тусгагдаад ажлууд хийгддэг. Бидний тухайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн хүрээнд хяналт тавьдаг. Түүнчлэн Байгаль орчны яам, орон нутгийн байгаль орчны байцаагч хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Энэ бүхэн төлөвлөгөөний дагуу явагддаг. Тэрхүү төлөвлөгөөг Байгаль орчны яам баталдаг. Шинэ гарсан хуулиар тодорхой хэмжээний мөнгийг тодорхой дансанд хийж байршуулдаг. Хэрэв нөхөн сэргээлтийг хийхгүй бол байршуулсан мөнгийг нь орон нутгийн байгаль орчны газар захиран зарцуулж, нөхөн сэргээлтийг нь хийж байхаар хуульд тусгагдсан байдаг. Сүүлийн үед энэ талаар хэл үг, олны анхаарлыг татахуйц томоохон доголдол гарсан зүйл байхгүй. Аж ахуйн үйл ажиллагаа явж байгаа тохиолдолд аар саар, жижиг сажиг зүйл гардаг л юм. Замын тухайд 2011 оноос хойш л яригдаж буй. Тодруулбал, 19 дүгээр талбайгаас Өвдөг баянхошууны боомт хүртэл хатуу хучилттай хоёрдугаар зэргийн зам тавигдах ёстой. Замын барилгын ажил 2013 оноос эхэлсэн ч төр, засгийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа муутайгаас саатсан, зогссон асуудал бий. Шулуухан хэлэхэд, Зам тээврийн яам холбогдох зөвшөөрлийг нь ганцхан нэгдүгээрг хэсэгт өгчихөөд үлдсэн дөрвөн хэсэгт нь өгөхгүй өндөөрийг хүрсэн. Гэхдээ барилгын ажил явуулж байгаа компани нь эхний 140 км замаа барьж ашиглалтад оруулчихсан. Одоо гурав, дөрөвдүгээр хэсгийн газар шорооны ажил маш өндөр төвшинд гүйцэтгэгдэж байгаа. Үүн дээр ажлын уялдаа муу байгаа нь яах аргагүй харагдсан. Миний тооцоолж байгаагаар 2016 оны арванхоёдугаар сарын сүүл гэхэд бүрэн дуусах учиртай. Энэ замаар технологийн тээвэр, багахан хэмжээний тосны тээвэр явах байх. Ер нь бол тос хоолойгоор явж гэмээнэ ашгаа өгдөг эд. Дэлхийн улс орнууд газрын тосыг хоолойгоор, төмөр замаар, усан онгоцоор тээвэрлэдэг учраас эдийн засгийн хувьд ашигтай байдаг. Бид энэ талын холбогдох тооцоо судалгааг хийсэн. Автотээврээр 2029 он хүртэл тээвэрлэхэл тэрбум орчим доллар зарцуулах бол хоолойгоор 250 орчим сая доллар зарцуулах жишээтэй. Зөрүү нь маш их байгаа биз. Тэр зөрүүг хоёр тал Бүтээгдэхүүн хуваах гэрээ ёсоор 60:40-өөр хуваагаад л авна. Монголын талд 300 сая орчим доллар ноогдоно гэвэл түүгээр хэчнээн цэцэрлэг барих билээ. Тиймээс ойрын үед холбогдох шийдэл, шийдвэр дээр нь ажиллана. Нөгөөтэйгүүр, манай зарим хүн хоолойгоор тээвэрлэх гэлээ гэж ирээд л эмзэглэдэг юм. Манай сав газрын нөөц 100 жил. Мэдээж улс орон хоолойгоор тээвэрлэлт хийсэн тохиолдолд өөрийн нутаг дэвсгэр дээгүүр яваа хоолойд хяналт тавих эрх нь нээлттэй. Тэр байтугай онцгой хяналт дор төр хариуцах ёстой. Түүнчлэн хил, гаалийн хяналтууд нь маш нарийн байх ёстой. Дусал ч нефть гадагшаа үнэгүй урсах учиргүй. Мэдээж крантаа нээж хаах эрх бидэнд байна. хэрвээ гэрээ хэлцэл хийхэд хүртэл ийм нөхцөл, шаардлагыг бид тавина. Одоогоор энэ талаар яриа төдий байгаа. Эдийн засгийн үр өгөөжөө харвал хүссэн ч хүсээгүй ч энэ замыг сонгоно. Хамгийн гол нь нефтийн үнэ өндөр байхад валютын нөөцтэй, эх үүсвэртэй болж авах явдал юм шүү дээ. Замын тухайд тодорхой цаг хугацааны дараа орон нутгийн иргэд л ашиглах байх.
-Газрын тостой холбоотой гэрээ хэлцлүүд өнөө ч үргэлжилсээр байгаа. Хоолойн асуудал хэдэн оноос яригдаж эхлэв. Саналыг анх аль талаас тавив?
-Санал санаачлагын тухайд С.Баярын Засгийн газрын үеэс эхтэй. Тухайн үед улс төрийн нөхцөл байдлыг улмаас ямар нэгэн шийдвэрийг гаргаж байгаагүй юм билээ. Петрочайнагийн зүгээс асуудлыг байнга тавьсаар ирсэн. Бидэнд ч бас өөдөөс нь тавих асуудлууд бий. Ер нь эдийн засгийн үр өгөөжийн хувьд хоолойн асуудлыг шийдэх ёстой юм байна гэдэг дээр хоёр тал нэг байр суурьтай. Бидний зүгээс асуудал тавиагүй, одоохондоо төслийнхөө хүчин чадалд хүрээгүй, өргөжих, хөгжих шатандаа яваа. Үнэнийг хэлэхэд манайх сая л 21 дүгээр талбай руугаа эрчим хүч татаж дууслаа шүү дээ. Тэгэхээр холбогдох дэд бүтцээ шат шатанд нь шийдэхийг шаардсаар байгаа. Цаашдаа яах аргагүй энэ сэдвийг хөндөж л таарна. Мэдээж хоолой тавьсан тохиолдолд тээврийн зардлыг хэмнэхээс гадна Монголын Засгийн газарт ямар өгөөжтэй вэ гэх шинэ сэдэв тодорхой цаг хугацааны дараа гарч ирэх нь мэдээж. Энэ бүхэн нууцын зэрэглэлд багтах учраас надад ярих эрх байхгүй. Ер нь бол цаг хугацаа шаардсан тал талаасаа маш их судалгаа хийхийг шаардсан түвэгтэй хэлэлцээ байдаг.
-Монгол Улсын 2016 оны төсвийг яг одоо хэлэлцэж буй. Ирэх жилийн төсвийн төсөөлөлд зарим агентлагийг нэгтгэх тухай асуудал хөндөгдсөн. Газрын тосны тухайд Ашигт малтмалтайгаа нэгдэхээр хийгдсэн байна лээ. Таны хэлснээр нарийн түвэгтэй хэлэлцээрүүдийг хийдэг, улс орны эдийн засагт чамгүй үүрэг гүйцэтгэж яваа танай гентлагийг хэлтэс болгох нь зөв шийдвэр мөн үү?
-Газрын тос, Ашигт малтмалын салбар хоёр урьд нь нэгдэж байсан удаатай, 2008оны үед. Харамсалтай нь тэр үед газрын тосны салбар хаягдсан. Үйл ажиллагааны цар хүрээний хувьд жижигхэн ч байсан. Хайгуул, олборлолтын чиглэлээр ач холбогдолтой болоод улс орны эдийн засагт тодорхой хэмжээний үүргийг гүйцэтгээд ирэхийн цагт бусдын бөөрөнд наалдах нь харамсалтай л зүйл. Гэхдээ төр, засаг эцсийн шийдвэрийг гаргах учраас миний хувьд хэлэх зүйл алга. Хувь хүний хувьд бодоход оновчтой шийдвэр биш гэж хэлнэ. Газрын тосны нэрийн өмнөөс хоёр талтайгаа гэрээ хэлцлийг хийдэг. Хоёрдогч, гуравдагчийн байр сууриас гэрээ хэлцлийг хийхэд нөгөө тал хэрхэн хүлээж авахыг хэлж мэдэхгүй. Орост нефтийн салбар нь эдийн засагт нөлөө үзүүлэхүйц гэх байр сууриасаа нэгдүгээрт бичигддэг. Төсвийнх нь 40 хүртлэх хувийг бүрдүүлдэг. Хятадад ч эрчим хүч гэдэг талаараас стратегийн өндөр ач холбогдлыг өгдөг. Энэ үүднээс бид Хятадын томоохон корпорациудтайгаа холбогдон хэлэлцээ хийж, тунг нь тааруулж авч явдаг. Бие даасан бус салбар болохоор тэдний хувьд бидэнтэй хэлэлцээ хийх нь инээдэмтэй зүйл болох байх даа. Нөгөөтэйгүүр, эдийн засаг таатай бус байгаатай холбогдуулан ийм арга хэмжээг авсан байх гэж бодож байгаа. ийм арга хэмжээг авсны оронд бидэнд улсын төсөвт төвлөрүүлэх төсвийн хэмжээг нэмэгдүүлэх даалгавар өгсөн бол Монгол Улсын нэр хүндэд халгүй байлаа.
Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ
Эх сурвалж: “МОНГОЛЫН МЭДЭЭ”сонин