”Seabury” Ази дахь гараагаа ”МИАТ”-ээс эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

”Seabury” Ази дахь гараагаа ”МИАТ”-ээс эхэлнэ

Монголын иргэний агаарын тээвэр буюу
“МИАТ” компанийн менежментийг АНУ-ын “Seabury” компанид шилжүүлэх нь
бараг тодорхой бол­жээ. Энэ нь нэлээн эрт зарласан тендерийн дүнд
шийдэгдэж буй асуудал бөгөөд мэдээллийг олон нийтийн анхааралд тавихыг
албаны хүмүүс чухалч­лаагүй тухай эх сурвалж мэдээллээ.

“Тендерт урьж байна” гэдэг зарын шинжтэй урилга гадаадын нэр хүнд бүхий
компаниудад очиж байх үед буюу гуравдугаар сард ТӨХ-ны дарга Д.Сугар
“МИАТ-ийг хувьчлах гэсэн хүн алга” гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгч
байсан юм. Гэвч менежментийн баг сонгон шалгаруулах тен­дерийн саналыг 
Монголын талаас тавьсан нь үнэн болж, өнөөдөр ялагчийн талаар ярилцаж
байна.

Тендерт хоёр компани санал ирүүлснээс нэг нь техникийн санал дээр
бүдэрч, нөгөөх үлдсэн нь АНУ-ын “Seabury” хэмээх компани аж. Зарим эх
сурвалж тендерт хоёр компани санал ирүүлсэн гэж байгаа бол, зарим нь
сүүлийн шатанд хоёр компани тунаснаас “Seabury” шалгарсан гэж ч
тайлбарлаж байна.

Юуны өмнө олон улсын зөвлөх компаниар үнэлгээ хийлгэж, менеж­ментийн
багийн шалгуу­рыг тогтоосон гэнэ. Тэрхүү шалгуурын дагуу өрсөл­дөгчдийг
шүүн тунгаасан хэрэг аж. Харин шалгуур үзүүлэлтэд юуг голло­сон талаар
албаны хүмүүс ямар нэгэн тодорхой, барин тавин хариул­тыг өгсөнгүй.     

АНУ-ын “Seabury APG” групп нь 10 гаруй  жилийн туршлагатай нисэх хүчний
менежмент, төлөв­лөлтийн бүх төрлийн үйлчилгээний талаар зөвлө­гөө өгдөг
байгууллага аж. Тус групп нь олон улсын агаарын тээврийн сүл­жээ­ний
төлөвлөлт, нис­лэгийн хуваа­рийг гар­гаж, шаардлагатай үед зөв­лөгөө 
өгдөг байна.

“Seabury APG”-гийн төв байр нь Австрийн Вена, АНУ-ын Виржиниад байдаг
бол нэлээн хэдэн газарт салбар нь байрладаг ажээ. Тус группийн
мэргэ­жилтнүүд АНУ болон олон улсын иргэ­ний агаарын тээврийн зах зээлд
арвин туршлага хуримтлуулсан албан хаагчид байдаг гэж сайтдаа мэдээлсэн
байна.

Одоогийн байдлаар тэд АНУ-ын “United Airlines”,”American Airlines”,
“Delta Airlines”,”Northwest Airlines”, “US Airways”, Шинэ Зеландын “Air
New Zealand”, Швейцарийн “Swiss Air” болон Австралийн “Austrian
Airlines” зэрэг агаарын тээврийн компаниудын зөвлөхөөр ажилладаг юм
байна. Энэ жагсаалтад Монголын “МИАТ” компанийн нэр бичигдэх эсэх нь
хараахан эцэслэгдээгүй гэж хэлж болохоор байгаа. Учир нь тендерийн дүн
гарсан ч процедур дуусаагүй байна. Үнэлгээний хороо асуудлыг
хэлэлц­сэний дараа хоёр тал хэлэлцээр хийх ёстой, улмаар ТӨХ гэрээ
байгуулах зөв­шөө­рөл олгосноор үйл ажиллагаа албан ёсоор эхлэх гэнэ.

АНУ-ын “Seabury APG” группийг үндэслэгч, ерөнхий захирал Стивен Стилл 
“Seabury APG”-ийг 1997 онд байгуулсан. Тэрбээр агаарын тээв­рийн
системийн  менежментийг боловс­ронгуй болгоход 25 жилийн туршлага
ху­римт­луулсан юм байна. Зөвхөн агаа­рын тээврийн төлөвлөлтийг 20 жил
гардан гүйцэтгэжээ. “Seabury APG” олон улсын агаарын тээврийн
ком­па­ниудын санхүүжилт, тоног төхөө­рөм­жийн үйлдвэрлэл болон зөвлөх
олон төс­лийг хэрэгжүүлжээ.

АНУ-ын нисэх хүчний томоохон компаниудын зөвлөхөөр ажилласан
турш­лагадаа үндэслэн Азийн агаарын тээврийн компаниудын төлөвлөлтийг
боловсронгуй болгож, Америкийн ни­сэх хүчний үйлдвэрлэлийн арга барилыг
нэвтрүүлэхээр ажил­лаж бай­гаагаа сайтдаа онцолсон байна. Ази дахь анхны
түнш нь тэгэхээр “МИАТ” компани болж буй бололтой. Уул уур­хайн тэсрэлт
хийх гэж байгаа Монголыг сонгосон нь алсыг харсан алхам биз ээ.

“МИАТ“ компани нь өнөөдрийн байдлаар БОИНГ 737-800, БОИНГ 767-300 гэсэн
нийт гурван онгоцоор Бээжин, Сөүл, Токио, Хонгконг, Бер­лин, хотуудын
чиглэлд тогтмол нис­лэг үйлдэж байна.

Тус компанийн үйл ажиллагаа, аюулгүй байдалтай холбоо­той шуугиан дэгдэх
бүрт хувьчлалын асуудал сөхөгддөг ч өнөөдрийг хүртэл оновчтой шийдэлд
хүрээгүй. Өмнө нь менежментийг нь гадаадын багт өгч байсан ч дорвитой
өөрчлөлт, амжилтад хүрээгүй гашуун туршлага бий юм.

З.БОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Ардын эрх сонин"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж