
“МИАТ” компанийн менежментийг АНУ-ын “Seabury” компанид шилжүүлэх нь
бараг тодорхой болжээ. Энэ нь нэлээн эрт зарласан тендерийн дүнд
шийдэгдэж буй асуудал бөгөөд мэдээллийг олон нийтийн анхааралд тавихыг
албаны хүмүүс чухалчлаагүй тухай эх сурвалж мэдээллээ.
“Тендерт урьж байна” гэдэг зарын шинжтэй урилга гадаадын нэр хүнд бүхий
компаниудад очиж байх үед буюу гуравдугаар сард ТӨХ-ны дарга Д.Сугар
“МИАТ-ийг хувьчлах гэсэн хүн алга” гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгч
байсан юм. Гэвч менежментийн баг сонгон шалгаруулах тендерийн саналыг
Монголын талаас тавьсан нь үнэн болж, өнөөдөр ялагчийн талаар ярилцаж
байна.
Тендерт хоёр компани санал ирүүлснээс нэг нь техникийн санал дээр
бүдэрч, нөгөөх үлдсэн нь АНУ-ын “Seabury” хэмээх компани аж. Зарим эх
сурвалж тендерт хоёр компани санал ирүүлсэн гэж байгаа бол, зарим нь
сүүлийн шатанд хоёр компани тунаснаас “Seabury” шалгарсан гэж ч
тайлбарлаж байна.
Юуны өмнө олон улсын зөвлөх компаниар үнэлгээ хийлгэж, менежментийн
багийн шалгуурыг тогтоосон гэнэ. Тэрхүү шалгуурын дагуу өрсөлдөгчдийг
шүүн тунгаасан хэрэг аж. Харин шалгуур үзүүлэлтэд юуг голлосон талаар
албаны хүмүүс ямар нэгэн тодорхой, барин тавин хариултыг өгсөнгүй.
АНУ-ын “Seabury APG” групп нь 10 гаруй жилийн туршлагатай нисэх хүчний
менежмент, төлөвлөлтийн бүх төрлийн үйлчилгээний талаар зөвлөгөө өгдөг
байгууллага аж. Тус групп нь олон улсын агаарын тээврийн сүлжээний
төлөвлөлт, нислэгийн хуваарийг гаргаж, шаардлагатай үед зөвлөгөө
өгдөг байна.
“Seabury APG”-гийн төв байр нь Австрийн Вена, АНУ-ын Виржиниад байдаг
бол нэлээн хэдэн газарт салбар нь байрладаг ажээ. Тус группийн
мэргэжилтнүүд АНУ болон олон улсын иргэний агаарын тээврийн зах зээлд
арвин туршлага хуримтлуулсан албан хаагчид байдаг гэж сайтдаа мэдээлсэн
байна.
Одоогийн байдлаар тэд АНУ-ын “United Airlines”,”American Airlines”,
“Delta Airlines”,”Northwest Airlines”, “US Airways”, Шинэ Зеландын “Air
New Zealand”, Швейцарийн “Swiss Air” болон Австралийн “Austrian
Airlines” зэрэг агаарын тээврийн компаниудын зөвлөхөөр ажилладаг юм
байна. Энэ жагсаалтад Монголын “МИАТ” компанийн нэр бичигдэх эсэх нь
хараахан эцэслэгдээгүй гэж хэлж болохоор байгаа. Учир нь тендерийн дүн
гарсан ч процедур дуусаагүй байна. Үнэлгээний хороо асуудлыг
хэлэлцсэний дараа хоёр тал хэлэлцээр хийх ёстой, улмаар ТӨХ гэрээ
байгуулах зөвшөөрөл олгосноор үйл ажиллагаа албан ёсоор эхлэх гэнэ.
АНУ-ын “Seabury APG” группийг үндэслэгч, ерөнхий захирал Стивен Стилл
“Seabury APG”-ийг 1997 онд байгуулсан. Тэрбээр агаарын тээврийн
системийн менежментийг боловсронгуй болгоход 25 жилийн туршлага
хуримтлуулсан юм байна. Зөвхөн агаарын тээврийн төлөвлөлтийг 20 жил
гардан гүйцэтгэжээ. “Seabury APG” олон улсын агаарын тээврийн
компаниудын санхүүжилт, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон зөвлөх
олон төслийг хэрэгжүүлжээ.
АНУ-ын нисэх хүчний томоохон компаниудын зөвлөхөөр ажилласан
туршлагадаа үндэслэн Азийн агаарын тээврийн компаниудын төлөвлөлтийг
боловсронгуй болгож, Америкийн нисэх хүчний үйлдвэрлэлийн арга барилыг
нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа сайтдаа онцолсон байна. Ази дахь анхны
түнш нь тэгэхээр “МИАТ” компани болж буй бололтой. Уул уурхайн тэсрэлт
хийх гэж байгаа Монголыг сонгосон нь алсыг харсан алхам биз ээ.
“МИАТ“ компани нь өнөөдрийн байдлаар БОИНГ 737-800, БОИНГ 767-300 гэсэн
нийт гурван онгоцоор Бээжин, Сөүл, Токио, Хонгконг, Берлин, хотуудын
чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.
Тус компанийн үйл ажиллагаа, аюулгүй байдалтай холбоотой шуугиан дэгдэх
бүрт хувьчлалын асуудал сөхөгддөг ч өнөөдрийг хүртэл оновчтой шийдэлд
хүрээгүй. Өмнө нь менежментийг нь гадаадын багт өгч байсан ч дорвитой
өөрчлөлт, амжилтад хүрээгүй гашуун туршлага бий юм.

Зохиогчийн эрх: "Ардын эрх сонин"