Байгалийн гамшиг нүүрлэсээр байна

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Байгалийн гамшиг нүүрлэсээр байна

Хятадын 13 муж үерт автлаа

 
Сүүлийн хэдхэн хоногийн дотор Хятадын 13 муж үерт автаад байна. Зөвхөн зургадугаар сарын 11-ний мэдээгээр үет 94 хүн амиа алдаж, 78 хүн сураггүй болжээ. Хятадын үер ба гантай тэмцэх албаны мэдээнээс иш татан энэ тухай Жунго синьвэнь агентлаг мэдээлсэн байлаа. 

Агаарын хүйтэн урсгалын улмаас Шар ба Хөх мөрний сав нутагт энэ сарын 9-10-нд усан бороо асгарсан байна. Аньхой, Хубэй, Хунань, Жянсу, Гуанси-Чуаны  автономийн районд унасан хур тунадасны хэмжээ 200 миллиметрээс давсан байна. Гол мөрний төвшин эрс нэмэгдэн үер бууж эхэлжээ. Энэ үерийн улмаас 8,48 сая хүн хэлмэгдээд байна. Үер 465 мянган га талбайн газар тариаланг сүйтгэн 27 мянган байр сууцыг урсгалаа. Үерийн эдийн засгийн шууд хохирол 7,5 тэрбум юань гэж тооцогджээ.

Цаг уурчдын мэдээгээр зургадугаар сарын 13-15-нд Шар мөрний дунд ба доод хэсгээр хүчтэй бороотой. Энэ мөрний сав нутгийн үерийн байдал ноцтой болж байна.

“Адриан” салхи шуурганы хэмжээнд очлоо

 
Энэ улиралд анхных  нь болох Мексикийн Номхон далайн эрэг хавийн халуун орны далайн шуурга “Адриан” Саффир-Симпсоны шаталбараар гуравдугаар зэрэглэлийн хар шуурганы ангилалд орохоор хүчтэй болсон тухай Мексикийн үндэсний цаг уурын алба мэдээлэв.

Одоо “Адриан” шуурга Мансанильо гэх амралтын хотоос өмнө зүгт 520 км-ийн зайд байгаа бөгөөд цагт 15 км-ийн хурдтайгаар Калифорнийн хойгийн зүүн хойд зүгт ирж явна. Салхины хурд нь 185 км/цаг заримдаа 220 км/цаг хүрч байна. Даваа гаригаас эхлэн салхины хурд 195-240 км/цаг болох гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн дундаас эхлэн Мексикийн Колима, Мичоакан, Герреро, Оахака, Чиапас зэрэг таван мужид онц байдал зарлаад байгаа гэнэ. Аврах албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ороод байна.

Мексикийн үндэсний цаг уурын албаны эрдэмтдийн урьдчилсан мэдээгээр энэ онд нийт 17 удаа далайн хар шуурга болно гэсэн урьдчилсан мэдээ байна. Тэдний найм нь тус орны Номхон далайн эрэгт, ес нь Атлантын далай ба Карибийн тэнгист болох ажээ.

Атлантын далайн экваторын бүсийн өндөр хэм нь Номхон далайн дундаж дулаантай харшилдах учраас энэ жилд шуурганы улирал  хүчтэй байх болно гэж эрдэмтэд мэдэгдлээ. Мөн өнгөрсөн жилийнхээс илүүтэй хур тундас орох гэнэ. Тэдний дүгнэлтээр зөвхөн зургадугаар сарын хур тундас нь ердийнхөөс 19 хувиар их байх аж.

Чилийн галт уулын улмаас нислэг цуцлагдав

 
Зургадугаар сарын 4-нөөс дэлбэрч эхэлсэн Чилийн  Пуйеуэ галт уулын  агаар мандалд хаягдсан үнсэн үүл Австрали ба Шинэ Зеландын ням гаригаас хойш төлөвлөгдсөн олон улсын болон дотоодын олон зуун нислэгийг хойшлуулахад хүргээд байна гэж Австралийн ABC мэдээллийн корпараци мэдээлжээ.

Өмнө нь Австралийн Qantas Airways нисэх компани мэдээлэхдээ Шинэ Зеланд Тасманийн арлуудын хооронд дөнгөж 22 нислэгийг хойшлуулсан гэж байв. Одоо нислэгийг түр хаагаад байгаа компаниудад Tiger Airways, Virgin Australia ба бусад төсвийн агаарын тээвэрчид хамрагдсан байна. Үнсний районд нислэг хийх нь үнсний бичил хэсгүүд онгоцны хөдөлгүүрт орон тэднийг ажиллагаанаас гаргах аюултай. Зөвхөн Qantas ба Jetstar компанийн нислэгүүд хойшлогдсон нь 16 мянга гаруй хүний эрх ашигт харшлав. Өмнө нь хаагдаад байсан нислэгүүдээ сэргээсэн тухай Урагвайн нисэх компаниуд мэдээлж байна. Одоо Монтеовидео-Буэнос-Айресийн чиглэлийн олон улсын нислэгийг сэргээгээд байна. Гэхдээ Урагвайн өмнөд нутгийн нисэх буудлууд хаагдсан хэвээр байгаа ажээ.

Пуйеуэ галт уул нь Чилийн нийслэлээс өмнө зүгт 800 км-ийн зайд Андын ууланд байдаг.

Орост түймрийн талбай энэ жил 3,3 дахин өсчээ

 
Ой, хээрийн түймрийн нийт талбай энэ жилд өмнөх оныхоос 3,3 дахин өсчээ гэж Оросын Онцгой байдлын яам ням гаригт мэдээлжээ. “Оросын газар нутагт түймрийн аюул өндөр байдаг цагаар 12,1 мянган (өнгөрсөн жилд 11,6 мянга) түймрийн голомт бүртгэгдсэн байна. Түймэр нийт 752,5 мянга га (228,4 мянга) талбайг хамарлаа” гэж тус яамны мэдээнд өгүүлжээ. Өнгөрсөн хоногуудад Орост нийт  16,7 мянган га талбайд шинээр 186 түймэр гарчээ. Нийт 37,8 мянган га талбайн 186 түймрийг унтраасан байлаа.

“Өмнө бүртгэгдсэн галын хамт нийт 317 түймрийн голомт 479 га талбайд шатсаар байгаа бөгөөд тэдний 24 нь том хэмжээнийх гэнэ. Өнгөрсөн хоногуудад түймрийн талбай 2,9 мянган га-гаар нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилийн ер бусын халууны улмаас гарсан ой хээрийн түймэрт Оросын холбооны 19 субъектын 199 суурин нэрвэгдэж, 3,2 мянган байр сууц шатсан юм. Нийт 62 хүний аминд хүрсэн тэр гамшгийн хохирол нь 12 тэрбум рубль болсон байв.

Ш.Мягмар
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж