Шатахуун нь дууссанаас замын голд зогссон машиныг түрж буй замын цагдаа. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл замын голд зогсох цагдаад талархан тэвэрч буй эмэгтэй. Замын голд жолоодлогогүй болсон машиныг хааж аюулгүй болгосон цагдаа… Энэ агшнуудын зургийг та олон нийтийн сүлжээнээс хараа биз. Энэ мэт эерэг хандлагатай цагдаа нарын зургийг харсан иргэдийн үнэлэмж ч тэр хэрээр дээшилсэн гэх хэсэг бий. Иргэдийн хувьд ч баяр ёслол, бүх нийтийн амралтын үеэр цаг наргүй ажилладаг цагдаа нараас талархлын үгээ тэр бүр харамлахаа больжээ.
Цагдаагийн алба хаагчдын иргэдтэй харилцах харилцаа нэг үеэ бодвол үнэхээр дээшилсэн үү. Эсвэл ганц нэгхэн үйлдлийг нь зурагжуулан дөвийлгөж олон нийтэд шуугиан тариад байна уу.
Тэгвэл “Шударга Монгол” ТББ-аас цагдаагийн алба хаагч, иргэний харилцаанд тулгуурласан судалгаа явуулжээ. Энд цагдаагийн 1300 гаруй алба хаагч, 700 гаруй иргэнийг хамруулсан байна. Тэгвэл судалгаагаар цагдааг үнэлэх иргэдийн үнэлэмж дээшилсэн болох нь харагджээ. Өөрөөр хэлвэл, иргэдийн зүгээс үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдын хандлага, харилцаанд “А” дүн өгсөн байна.
Гэхдээ иргэдийн зүгээс цагдаагийн алба хаагчдын хэд хэдэн асуудалд одоо ч бухимдалтай байдгаа илэрхийлжээ. Иргэд цагдаагийн газарт хүсэлт гаргасан тохиолдолд олон дахин дуудаж ажил цалгардуулах, ажил алдуулах нь хүндрэлтэй. Мөн жижиг хэрэгт ач холбогдол өгдөггүй зэрэг нь иргэдийг бухимдуулдаг хэмээн хариулжээ.
Иргэдийн зүгээс цагдаагийн алба хаагчдын харилцааг үнэлэх үнэлэмж нь нэг үеэ бодвол дээшилснийг энэ судалгаа харуулжээ. Гэхдээ ингэлээ гээд цагдаагийн алба хаагчдын харилцаа, хандлага 100 хувь “А” гэсэн үг биш. Иргэдийн зүгээс хэд хэдэн асуудалд анхаарах хэрэгтэй гэжээ.
Цагдаагийн алба хаагчдын уялдаа холбоог сайжруулах, тэдэнд сэтгэлзүйн болон зан харилцааны сургалтыг тогтмол явуулж байх, цаашлаад ёсзүйн дүрмийг нь шинэчлэн тогтоох хэрэгтэй хэмээн иргэд зөвлөжээ.
М.КЕЙТ