Зөнд нь орхичих, дэлхий өөрөө эргэдэг юм!

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Зөнд нь орхичих, дэлхий өөрөө эргэдэг юм!

NEWS агентлаг философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Либертари булан”-г хэрэглэгчиддээ хүргэж байгаа билээ. Либертари сэдвээрх асуулт, хариулт, ярилцлагуудыг та бүхний хүртээл болгоно.


АГУУЛГА: (Эдийн засгийн талаарх либертари онол) (“Зөнд нь орхи!” Аяндаа тогтсон эмх журам. Адам Смитийн “үл үзэгдэх гартай” гар барин мэндэлцгээе! Протекционизм буюу төрийн хормой доор шургалсан гөлөг”. Капитализм хэмээх “мангаа”. Даяаршил. Харьцангуй давуу талын зарчим. Арвилан хэмнэлт. Бастиагийн “алдагдсан бололцоо”. “Худалдаачин хүний хуруу хазайвал хулгайч болдог уу?” Эдийн засгийн Австри сургуулийнхан)


ЯРИАНЫ СЭДЭВ:

Хэсэг хугацаанд номын дэлгүүр ороогүй тул Х.Х бид хоёр хэрэг болгож “Интерном” болоод Их дэлгүүрийн (“Номин”-гийн) VI давхар дахь “Майжэстик” номын дэлгүүрээр хэсүүчиллээ. “Нэпко” хэвлэлийн газрынхан Кэйнсийн Ерөнхий онол номыг орчуулан гаргажээ. Кэйнс! Манай экс-коммунистуудын эдийн засгийн онолын шүтээн. Учир нь энэ хүн зах зээлийн эдийн засгийг үгүйсгэж, эдийн засаг дахь төрийн оролцоог хамгаалж байв. Экс-коммунистууд мэдэж байгаа л даа, одоо Маркс, Ленинийг яриад унавал амьтны элэг доог болно гэдгийг. Тиймээс Кэйнст хайртай гэж жигтэйхэн. Товчхондоо, Кэйнс бол либертари үзлийн эсрэг зогсогч сэтгэгч. Ингээд бид хоёрын энэ удаагийн ярианы сэдэв эдийн засгийн асуудлууд дээр төвлөрлөө.

Гэхдээ зөвхөн Кэйнсийн номоос болж, эдийн засгийн асуудал ярих болсон юм биш. Сүүлийн үед манай стэйтистүүд аливаа эрх чөлөөг боомилж байдгаа ухаарсан уу, эсвэл ээлжит жүжиг тавьж байгаа нь тэр үү, “эдийн засгийн эрх чөлөө” гэж их ярих боллоо. Гэхдээ ямагт уул уурхай, пүүс компани, гадаадын хөрөнгө оруулалтын тухай том, том юм ярьцгаах юм. Гэтэл эдийн засгийн эрх чөлөө гэдэг ТҮЦ ажиллуулдаг, гудамжинд гутал тосолж буй хүмүүст ч хамаатай зүйл шүү дээ. Хамгийн ядуу хүнд хамгийн их хамааралтай ойлголт. Хэрэв хэн нэг хүн ТҮЦ ажиллуулах юм уу хаа нэг газар суугаад гуталчны ажил хийж мөнгө олох гэтэл татварын албанаас хэн нэг хүн эсвэл цагдаа ирээд дарамтлаад байвал эдийн засгийн эрх чөлөөгүй байгаа хэрэг.


Х.Х: Та нар эдийн засгийн сэдвээр ярих бүрдээ “Хөндлөнгөөс бүү оролц!”, “Зөнд нь орхи!” гэсэн Адам Смитийн үгийг эшилдэг. Үүнийг либертари үзлийн хамгийн гол зарчмуудын нэг гэдэг байх аа?

Б.Б: Тийм ээ, Laissez nous faire! (“Биднийг зөнд нь орхи!” буюу “Хөндлөнгөөс бүү оролц!”); Le monde va de lui meme! (Дэлхий өөрөө эргэдэг юм!); Pour gouverner mieux, il faudrait gouverner moins! (Илүү сайн удирдъя гэвэл аль болох бага зохион байгуулах хэрэгтэй!) Францын эдгээр онч мэргэн үгс төрийг өөрсдийн амьдралд оролцуулахгүй гэсэн бидний чин эрмэлзлийг маш сайн илэрхийлдэг юм.

Х.Х: “Төр гэдэг зүйлийн үндсэн утга эдийн засаг болоод хувь хүмүүсийн амьдралд оролцох (зохицуулах, журамлах) явдал. Тэгэхгүй бол төр оршин байгаагийн утга алдагдана, нийгэм дэх рудимент (үүрэг функцигүй мухар олгой шиг илүүдэл) эрхтэн шиг зүйл болно” гэж зарим нь үздэг шүү дээ. 

Б.Б: Зах зээлийн журам буюу хөндлөнгөөс үл оролцох зарчмыг (laissez-faire) бид “нийгмийн хууль” гэж үздэг. Үнэндээ, шууд ил харагддаггүй болохоос төрийн оролцсон бүх юм дандаа уруудан доройтож байдаг. Ер нь эдийн засагт төрийн оролцоо хамгийн бага байсан цагт түүний үр өгөөж ихсэнэ.

Төрийн оролцоо буруу болох нь хожим илэрдэг бөгөөд түүний уршигт үр дагаврыг ямагт жирийн иргэд үүрдэг. Тэгэхээр аливаа зүйл, түүний дотор эдийн засгийн амьдралд оролцох төрийн оролцоог хамгийн минимум хэмжээнд байлгах нэг үндэслэл энэ юм.

            Төр зайлшгүй боловч  муу-муухай зүйл учраас түүнийг хязгаарлаж байх ёстой гэсэн 17-18-р зууны сэтгэгчдийн үзэл зөв! Ийм ч учраас АНУ-ын Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг хязгаарлах гэж оролдсон. Локк, Монтэскью нар төрийг задалж, эрх мэдлийг нь хязгаарлах тухай ярьж байв. Төрийн эрх мэдлийг хязгаарлах өөр нэг оролдлого бол орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх явдал болох тухай бид ярьж байсан.

            Төр ер нь хязгаарлагдмал эрх мэдэлтэй байх ёстой. Түүний эрх үүрэг ердөө иргэддээ үйлчлэх явдал.

Х.Х: Харин тэгээд л төрийнхөн чинь бидэнд туслах гээд байгаа юм биш үү?

Б.Б: “Наран хаан” хэмээн өөрийгөө нэрийдсэн Францын XV Луи хэсэг бизнес эрхлэгч болон худалдаачдад хандан (өөр нэг хувилбараар, XVIII зуунд Францын Сангийн сайд хэсэг бизнесмэнийг хүлээн аваад) “Би та нарт яаж туслах вэ?” гэхэд нь “Биднийг зөнд нь орхичих!” буюу “Хөндлөнгөөс бүү оролц! Тэгвэл хамгийн том тус болно” гэсэн гэдэг. Түүнээс хойш үүнтэй утга нэг “Дэлхий өөрөө эргэдэг юм!”; “Илүү сайн удирдъя гэвэл аль болох бага зохион байгуулах хэрэгтэй!” гэсэн хэллэгүүд гарсан байдаг.


Өөрийгөө “Наран хаан” хэмээн нэрийдсэн Францын хаан XV Луй


Х.Х: Энэ хаан яагаад өөрийгөө “Наран хаан” хэмээснийг мэдэх үү?

Б.Б: Үгүй шүү.

Х.Х: Тэрээр гариг эрхэс нарыг тойрон эргэлддэг гэсэн Коперникийн сургаалаас санаа авсан тэр хаан өөрийгөө “Наран хаан” гэсэн юм гэнэ лээ. Нар ертөнцийн төв, харин би Францын төв гэсэн утгатай. Бүр цаашлаад “Би бол төр” (L’ etat, c’ est moi) гэсэн гэнэ лээ. Энэ бол ерөөсөө ганцаар эзэрхэх ёс (авторитарианизм).

Монголын төр энэ хаан лугаа “Та нарт яаж туслах вэ?” гээд байдаг. Гэтэл “тус болохоосоо илүүтэй ус болдог”. Эдийн засгийн хямрал! Тэдний бодлогын лай ланчиг шүү дээ. Тэгээд энэ хямралыг даван туулах гол арга зам нь ард түмний бүсийг чангалах явдал. Төрийнхөн буруугаа ингэж л, бусдаар үүрүүлэх юм даа.   

Б.Б: Тийм учраас л либертариуд төрд хандаж “Тус хүргэхгүй байх чинь хамгийн том тус болно”, “биднийг зөнд маань орхичхооч” гээд байдаг юм шүү дээ.

Х.Х: Гэхдээ л нийгэмд эмх журам гарцаагүй хэрэгтэй. Эмх журам байхгүй бол либертариуд хүртэл хохирч л таарна. Тэгэхээр эмх журмыг төр тогтоохгүй юм бол өөр хэн тогтоох юм бэ?

Б.Б: Ер нь, юмс хөндлөнгийн оролцоогүй аяндаа цэгцэрвэл маш сайн. Өөрийнхөө аяар байх юм бол илүү сайн эмхлэгдэн цэгцэрдэг. Ингэж тогтсон эмх журам, сахилга бат, тогтолцоо, систем төгс төгөлдөр зүйл болдог. Түүнээс бус төр дээрээс, хөндлөнгөөс албадлагаар эмх цэгц тогтоовол олигтой юманд хүрэхгүй. Хүн ер нь, өөрийнх нь хүслээр бус төр, хууль гэх мэт зүйлийн албадлагаар тогтсон эмх журам, тогтолцоонд тийм дуртай байдаггүй бөгөөд ая эв нь таарвал түүнийг зөрчих хандлагатай байдаг. 

Х.Х: Аяндаа тогтсон эмх цэгцтэй зүйл, зөнгөөрөө тогтсон журам гэж байдаг юм уу?

Б.Б: Байлгүй яах вэ. Хэл-яриа байна. Хүмүүний харилцааны хэрэгсэл болсон энэ зүйл бол маш цэгцтэй. Англи, герман, франц, монгол гээд ямар ч хэлийг хэн нэгэн ухаантан ширээний ард сууж байгаад зохиочихдог, тэгээд хүмүүс түүнийг нь сураад, хоорондоо ярилцдаг юм биш. Хэл яриа нь хар аяндаа эмхэрч цэгцэрдэг. Хууль байна. Харахад л хүмүүс, УИХ-ын гишүүд зохиож байгаа юм шиг харагддаг болохоос жинхэнэ хууль бол амьдралын шаардлагаар л гарч ирдэг. Түүнийг нь хүн бичмэл хэлбэрт оруулдаг гэж яривал өөр хэрэг. Үнэ байна. Бараа, таваарын үнийг хэн нэг нь дээрээс биш зах зээл тогтоодог. Тэгсэн цагт бүх юм жам ёсоороо явна. Мөхөх ёстой нь мөхөж, цэцэглэх ёстой нь цэцэглэнэ.

Х.Х: Энэ эмх цэгцийнхээ талаар арай дэлгэрүүлж тайлбарлаач?     

Б.Б: Либертари үзлийн нэлээд гол терминий нэг. Үүнийг “аяндаа гарсан эмх журам” гэж орчуулахад болохгүй зүйл байхгүй. Гэхдээ хэн нэг эрх мэдэлтэн ч юмуу, төрөөс гаргаагүй гэсэн утгаар нь “тулган хүлээлгээгүй эмх журам” гэж ч бас болно. Энэ хоёр орчуулга spontaneous order гэсэн нэг л үгийн орчуулга. Анх энэ санааг Шотландын сэтгэгч Адам Фэргусон, либертари онолын үндсийг тавигчдын нэг Адам Смит нар гаргасан юм.

Зах зээлийн эдийн засгийг магтан дуулж байсан хүний хувьд Смит, хүмүүсийн дунд эмх журам аяндаа тогтдог тухай хэлж байв. Смитийн санаа ойлгомжтой: зах зээл гэдэг бол хөндлөнгөөс оролцоогүй, “зөнд нь орхисон”- laissez-faire зүйл гэсэн үг. Хөгжингүй орнууд дахь зах зээл маш цэгцтэй байдаг. Тэр эмх цэгц, тулган хүлээлгээгүй эмх журмын үр дүнд бий болдог. Зах зээл дээр эмх журмыг “үл үзэгдэх гар” журамлах болохоос өөр хэн нэг ухаантай, сайхан сэтгэлт хуульч тогтоочихдог юм биш.

Адам Смит

Одоо ихэнх хүн нийгэм дэх эмх цэгцийг хэн нэг дарга, удирдлага бий болгодог гэж боддог. Энэ бодол санаа социализмын үед бүгдийг дээрээс удирдаж, зохион байгуулж, төлөвлөж байсан практикаас үүсэлтэй бодомж. Нийгэмд хувь хүмүүсийн амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байхад таатай нөлөө үзүүлэх эмх журам байх ёстой гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ ийм эмх журам төрийн албадлагаар биш, аяндаа тогтвол бүр ч таатай нөлөө үзүүлнэ. Ийм тулган хүлээлгээгүй эмх журам хүмүүсийн өөрсдийн сайн дурын хүсэл зориг дээр тулгуурласан (хөндлөнгөөс тулгаагүй), иргэдийн эрх ашигт нийцсэн, нийгмийн амьдралаар шалгагдсан байдаг учраас маш тогтвортой. Энэ нь хуулийн тогтоосон ямар ч эмх журмаас илүү байдаг тул хуулиас хамаагүй урт насална.

Ер нь хуульд фетишист маягаар хандагч стэйтист үзэлтнүүд хууль гэж зүйл байхгүй бол дэлхий ертөнцийн хөл толгой нь мэдэгдэхээ больж, хүн бүр нэг нэгнээсээ хулгайлаад, нэгийгээ дээрэмдээд, алаад эхэлнэ хэмээн боддог. Энэ бол “Хүн, хүндээ чоно” гэсэн хоббсч сэтгэхүйтэй хүмүүсийн бодол мөн. Тийм ээ, манай дэлхий ариун сахиусан тэнгэрүүдийн орон биш, эрээнтэй бараантай энэ ертөнц дээр янз бүрийн л хүмүүс амьдарч байна. Гэхдээ, хүмүүс ер нь хулгайлах, дээрэмдэх, алах сэдэлтэй биш, хэрэгцээт зүйлсээ өөрсдөө бүтээх, эсвэл хөдөлмөрийн хөлсөөр солилцох сонирхолтой байдаг. Угаасаа л хулгайлж, дээрэмдэж амьдарна гэсэн ломброзч сэтгэхүйтэй хүмүүс хүн амын дотор тун бага хувь эзэлнэ (хүн амын 5%-иас хэтрэхгүй л болов уу).

Х.Х: Уг нь, та нар эмх журам огт байдаггүй, тэр нь ерөөс хэрэггүй гэж хэлэхгүй байгаа юм байна. Түүнийг төрөөс, тэр тусмаа манайх шиг төрөөс тогтоохыг л эсэргүүцээд байх шиг санагддаг, зөв үү?

Б.Б: Тийм ээ, чи зөв хэллээ. Эмх журам тогтоодог тийм зүйл байдаг, тэр нь үл үзэгдэгч гар.

Х.Х: Адам Смитийн “үл үзэгдэх гар” юм биз дээ. “Үл үзэгдэх гар нь яагаад үзэгддэггүй вэ гэвэл байдаггүй учраас үзэгддэггүй юм” гэсэн яриа байдаг юм билээ. Энэ тухай ярилцъя!

Б.Б: Кэйнсчүүдийн гаргасан хэллэг. Байдаг атлаа үзэгддэггүй зүйл олон шүү дээ. (Формаль логикт бол хийсвэр ойлголт гэдэг юм. Эсрэг ойлголтыг нь “бодит ойлголт” гэнэ): Өртөг, хөдөлмөр, үнэт чанар, сайн, муу, сайхан, муухай гээд. Хийсвэрлэл нь хөгжсөн хүмүүс л ийм ойлголтоор хоорондоо харилцдаг бол хийсвэрлэхүй нь хөгжөөгүй хүмүүс бодит ойлголтоор харилцдаг. За энэ бүхэн ч яахав, гол асуудалдаа оръё.

Зах зээлийн эдийн засаг яагаад төлөвлөгөөт эдийн засгаас илүүтэйгээр хүмүүсийн хэрэгцээг хангадаг юм бэ? “Үл үзэгдэх гарын” ачаар тэгдэг болохыг Хаек ойлгомжтой жишээ татаж үзүүлсэн юм. Түүнийг өөрийн орны жишээн дээр тайлбарлая л даа.

Адууны мах 1 кг нь 5000 төгрөг байжээ. Гэтэл өвлийн улиралд хүн амын дунд их гардаг ханиад томууны үеэр адууны мах эмчилгээний их үр дүнтэй болохыг баталсан эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдэв. Адууны махны эрэлт ихсэж, хурдан борлогдсоноор үнэ нь өслөө. Улмаар адуу маллах явдал малчдад их ашиг өгөх болов. Олон малчин адуу маллаж, өсгөж эхэлжээ. Ингэснээр зэх зээлд адууны мах элбэгшиж, үнэ нь эргээд буулаа. Тэгэхээр ашиг хэзээ ихсэж байна вэ? Эрэлт ихэссэн үед ашиг ихсэж байна. Энэ энгийн жишээ зах зээлийн өөрт нь байдаг асар их хүч чадлыг харуулдаг. 1-д, үнэ нь зах зээлийн талаар мэдээлэл дамжуулж, дохио өгч байна. Үнэ ихсэж байна гэдэг бол тухайн бараа ховор, эрэлт ихтэй байна, үнэ багасах юм бол тухайн барааны нийлүүлэлт хэтэрчээ гэсэн үг. 2-т, хүмүүсийн ашиг олох гэсэн хүсэл энэ мэдээллийг ашиглахад хүргэдэг. Үнэ өндөр байвал эрэлттэй байна гэсэн үг учраас олон үйлдвэрлэгч тухайн салбарт татагдана. “Үнэ” хэмээх энэ мэдээлэгч үгүй тохиолдолд хүмүүс юуг, хэр хэмжээгээр хүсэж байгааг мэдэх аргагүй. Нийлүүлэлт ихэссэнээр үнэ унаж, тухайн үйлдвэрлэл ашиггүй болон, зарим нь тэр салбараас шахагдана. Ингэснээр зах зээлд тэнцвэрт харьцаа тогтоно. Эндээс харахад, үнэ бол хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёрт хоёуланд мэдээлэл дамжуулдаг маш чухал зүйл аж. Үнэд эрэлт, нийлүүлэлтийн тухай төдийгүй бараа бүтээгдэхүүнд шингэсэн хөдөлмөр, материалын талаарх мэдээлэл шингэсэн байдаг. Хамгийн гол нь үнэ, худалдан авагчдын хүсэж буй зүйлийг хэлж өгдөг. Ингэж л “үл үзэгдэх гар үл үзэгдэх байдлаар зохицуулж байна.”              

Х.Х: Явж, явж эрэлт нийлүүлэлтийн хуулиар явахыг л “үл үзэгдэх гарын” зохицуулалт гээд байгаа юм байна шүү дээ. Нэг хүний худалдан авах хүсэл нөгөө хүний үйлдвэрлэх хүслийг төрүүлж байгаа хэрэг байх нь.

Б.Б: Яг үнэн. Зах зээлийн эдийн засаг гэдэг ердөө л энэ. Төр биш “үл үзэгдэх гар” ингэж үр дүнтэй зохицуулчихдаг болохоор төрийнхөн үүнд их дургүй байдаг. Ө.х. төр бол илүүц зүйл, түүний оролцоо хэрэггүй болохыг тод, томруун харуулдагт нь “үл үзэгдэр гарт” дургүй байдаг. Төр болдог сон бол өөрийнх нь оролцоо утга учиргүй болохыг харуулдаг Смитийн “үл үзэгдэх гарыг” аль хэдийн тас цавчих байсан. Даан ч нөгөөдөх нь “үл үзэгдэх гар” юм даа.

Х.Х: Тэгэхээр зах зээлийн журамлалт гэдэг бол мөн л үл үзэгдэх гарын журамлалт юм байна.

Б.Б: Тийм. Гэхдээ энэ журамлалтыг арай өөр талаас ч тайлбарлаж болдог: өөрийгөө бодсон хүн өөрийн эрхгүй бусдыг бодохоос өөр аргагүй байдалд ордогт капитализмын ид шид оршино. Капиталист систем, өөрийн сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд бусдад үйлчилж буй хүнд ашиг өгч урамшуулдаг.   

Х.Х: Зах зээл өөрөө бүрэлддэг, төр юм уу, хэн нэг ухаантны оролцоогүй бий болж, тогтдог зүйл болох нь ойлгогдлоо.

Б.Б: Сайтар эргэцүүлбэл эндээс эрх чөлөө гэсэн улс төрийн нэр томьёо, зах зээл гэсэн эдийн засгийн нэр томьёо хоёрын цаад утга ижил гэсэн оюун дүгнэлт хийж болно.

Х.Х: Гэхдээ, зах зээлийн нийгэмд төрийн оролцоо байгаад л байх шиг байдаг. Жишээ нь, АНУ-д гэхэд маш олон банк, аж ахуйн нэгжийг дампуурахаас төр аварсан баримт бий.

Б.Б: Энэ бол зах зээлийн үйл явцад төр хөндлөнгөөс оролцож байгаагийн маш тод жишээ. Социализмд ингэдэг болохоос капитализмд ийм зүйл байх учиргүй. Капитализмд чинь сүйрэх ёстой нь сүйрч, босох ёстой нь босдог л байхгүй юү. Эдийн засгийн австри сургуулийн төлөөлөгч Иосиф Шумпитэр “сүйрүүлэн бүтээх” гэсэн нэр томьёо гаргасан. Түүний шүүмжлэлээр, улс төрчид лоббидсоноор төр зах зээлд эрэлтгүй, үр дүнгүй бизнесийг дэмждэг. Энэ нь нийгэмд хоёр хор хөнөөл учруулна. Нэгд, Ашиг өгөхөө больж, сүйрэх ёстой зүйлийг барьж байснаараа нийгэмд илүүдэл ачаа, дарамт үүрүүлдэг. Хоёрт, Ашиггүй ажиллаж буй компанийг хамгаалалтдаа авахдаа амжилттай яваа бизнесийн ашгаас авч нөгөөх “илүүдэл компанийг” зохиомлоор хөл дээр нь барьдаг. Үр дүнд нь хоёулаа ашиггүй болно. Милтон Фридман ийм үзэгдлийг шүүмжилж “Хийж байгаагаас нь авч, хийгээгүйд нь өгдөг систем” гэсэн байдаг. 


Нобелийн шагналт, эдийн засагч Милтон Фридман, 1912.7.31-2006.11.16. ХХ зууны хамгийн том либертари үзэлтний нэг. Эхнэр Роза Фридмантайгаа хамтран олон зохиол туурвиснаас Хувь заяагаа сонгох нь, Капитализм ба эрх чөлөө номуудыг “Непко” хэвлэлийн газраас монгол хэл дээр гаргасан. Милтон Фридманын хүү Дэвид Фридман нь анархо-капитализмыг үндэслэгчдийн нэг гэж тооцогддог.


Энэ бол төрийнхөн зах зээлд хөндлөнгөөс оролцон, түүнийг амжилтгүй болгон унагааж авдгийн тод жишээ. Нийгмийн аль нэг хэсэг, тусгай хүмүүст (танил талдаа) төрөөс протекционизм үзүүлж, “ивээн тэтгэх бодлого” явуулсанаар бусдыг нь боолчилж буй хэрэг мөн. Нийгмийн аль ч салбарт монопольчлол байлгахыг төр хүлээн зөвшөөрөх ёсгүй, өөрөө ч улс төрийн эрх мэдэл дээр тулгуурласан монополь тогтоож болохгүй.

Х.Х: Протекционизм доор орсон бизнес гэдэг чинь бараг социализмын үеийнх шиг төрийн ивээл доор байдаг зүйл шив дээ?

Б.Б: Тийм ээ, төрийн хормой доор шургалсан бизнес хэзээ ч жинхэнэ капиталист бизнес байж чадахгүй л дээ. Төрийн “тэжээвэр гөлөг” л гэсэн үг. Бизнесээ иймэрхүү маягаар эрхлэгчдийг Ф.Бастиа шоолон тохуурхаж Лаа үйлдвэрлэгчдээс нарны эсрэг гаргасан гомдол гэсэн эссэгээ бичсэн юм: нар байгаа учраас лаа үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн  борлогдохгүй байна гэж хаандаа гомдол гаргаж буй тухай.

УБ хотын захиргаа гэхэд л хогийн уутанд зориулж, мөнгө төгрөгийг хэдэн тэрбумаар цацсан. Энэ бол хэн нэг гялгар уут үйлдвэрлэгч юм уу, гялгар уут гаднаас зөөгчийг төрөөс дэмжиж, түүний бизнесийг өрсөлдөөнөөс хамгаалан, хөрөнгө мөнгийг түүнд бэлнээр шууд олгож байна гэсэн үг. Хэн ч, хаанаас нь ч харсан протекционизм. Нэг хэсэг нь шударгаар бизнес хийх гэж хөлс хүчээ шавхаж байхад, нөгөө хэсэг нь хэн нэг төрийн эрх мэдэлтний ивээлд орж баяждаг энэ байдал бол капитализмд үнэхээр харш. Ийм хулхи бизнесмэн, албан тушаалаа ашиглан ивээл үзүүлэгч эрх мэдэлтэн хоёрын хооронд тогтсон протекционист холбооноос хэн, хэн нь асар их завшдаг, завшсан хэмжээгээр нь олон түмэн хохирдог.

            Протекционизм нь танил талынхаа бизнесийн хувьд төрийн ивээл байдаг бол өрсөлдөгч бизнесийн хувьд ялгаварлан гадуурхалт гэсэн үг: төрийнхөн танилынхаа бизнесээс бусад бизнесийг ялгаварлан гадуурхаж байна.


“Хийж байгаагаас нь авч, хийгээгүйд нь өгдөг системд бид амьдарч байна.”        Милтон Фридман


Х.Х: Танил талсаг явдал аль ч нийгэмд байдаг байх л даа. Тэр тусмаа манай монголчууд нутаг нугасаг, хамаатан садан, үр хүүхдээ л гэдэг хүмүүс шүү дээ?

Б.Б: Капитализм бол яг үнэндээ, ийм үзэгдлийн эсрэг нийгэм. Сүүлийн үед либертари номуудад crony capitalism гэсэн нэр томъёо гардаг болоод байна. Яг л, манайд буй капитализмыг хэлсэн хэрэг. Би энэ нэр томьёог танил талын капитализм гээд орчуулчихсан. Өөрөөр хэлсэн ч болно. “Арын хаалганы капитализм”, “найзан дундаа капитализм”, “нутаг нугын капитализм”, “жалга довны капитализм” гээд. Гол нь, нэг улс төрч өндөрлөгт гарахаараа найз нөхөд, хамаатан саднаа төрийн албан тушаалуудад зоож, өөрийн танилын бизнесийг тэтгэж эхлэхийг хэлж байгаа юм. Чадвартай, боловсролтой, шударга, ажил хэрэгч нь биш, танил талтай л бол захын дүнхүү толгой ямар ч албан тушаал эрхэлнэ. Улс-орны хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийн нэг ерөөсөө энэ шүү дээ. Ийм жалгархаг үзлээсээ салах ёстой. Шведийн залуухан либертари үзэлтэн Жохан Норбэрг Даяаршиж буй капитализмыг хамгаалахуй (2007 онд монгол хэлнээ орчуулагдсан) бүтээлдээ танил талын хүлээснээс ангижирсан “капиталын интернационалч шинжийг” магтан дуулсан юм.


 

Шведийн автор Ж.Норбэрг өөрийн Даяаршиж буй капитализмыг хамгаалахуй бүтээлдээ орчин үеийн капитализм болоод капитализмын тархалт болох даяаршлыг хамгаалжээ.


Х.Х: Протекционизмын хор уршгийг хамгийн товчоор илэрхийл гэвэл …

Б.Б: Нийгэм хөгжин дэвжих үндэс, уг сурвалж болдог өрсөлдөөнийг үгүй хийдэг.

Х.Х: Өрсөлдөөн хэрхэн нийгмийн хөгжил дэвшлийн үндэс, уг сурвалж болдог юм бэ?

Б.Б: Өрсөлдөөн! Үүнийг зах зээлийн эдийн засгийн хувьд хамгийн чухал хүчин зүйл. Зах зээлийн нийгэмд хүмүүс ашиг олохын тулд нэгэндээ бараа худалдах юмуу, үйлчилгээ үзүүлж, түүгээрээ орлого олдог. Гэтэл нийгэмд ганц хүн нэг л төрлийн бараа үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлээд байна гэж байхгүй. Ижил төрлийн бараа үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлдэг үй олон хүн байдаг. Тэд хэрэглэгчдийг татахын тулд хоорондоо өрсөлддөг.

Х.Х: Тэгээд? Энд өрсөлдөөн яагаад хөгжлийн уг сурвалж болдог нь харагдахгүй байна шүү дээ?

Б.Б: Жаахан ахиулаад хар. Өрсөлдөөний явцад үйлдвэрлэгч болон нийлүүлэгчид бусдаасаа олон хэрэглэгчийг татахын тулд бараа, үйлчилгээгээ чанаржуулж, үнийг нь буулгадаг. Худалдаа арилжаагаар мэргэшсэн хуульч Бринк Лэндсэйгийн хэлснээр “Японы өрсөлдөгчид гарч ирсний ачаар Америкийн машин үйлдвэрлэл 20 жилийн өмнөхөөс хамаагүй сайжирсан”.

Өрсөлдөөн нь ямар ч үйл ажиллагаа, бизнесийг зөвхөн өөрөөс нь шалтгаалах болгодог. Чөлөөт өрсөлдөөний явцад хөндлөнгөөс хүчээр оролцох явдал хумигдан, бизнес өөрөө уян хатан байж, өөрөө өөрийгөө засварлах боломж гардаг.

Х.Х: Өрсөлдөөний явцад хэн нэгний бизнес зах зээлээс шахагддаг гэж бодохоор нэг л харгис хатуу юм шиг?

Б.Б: Тийм ээ, зах зээлийн өрсөлдөөн шударга бөгөөд хатуу уралдаан байдаг учраас нийгмээс илүүдэл бизнесийг шахаж, үр дүнтэй бизнесийг цэцэглүүлэх хандлагатай. Өрсөлдөөний явцад 100-гаас 10 нь үлддэг гэсэн яриа ч байдаг. Түрүүний ярьсан “сүйрүүлэн бүтээх” гэсэн категорид хамаарах ойлголт л доо. Бизнесмэнүүд ч өрсөлдөөний явцад ашиггүй салбараас хөрөнгөө түрүүлж татах мэдрэмжтэй байх ёстой болдог.               

Х.Х: Та нарын тухайд, “эд нар дандаа иймэрхүү эгзэгтэй зүйл ярьж, өөртөө дайсан хурааж байдаг юм” гэсэн яриа сонстдог л юм.

Б.Б: Либертари үзэлтнүүд “төр бол бусдын хүчээр амьдрагсдын гэр орон мөн”, “татвар бол луйвар” гэх мэт илэрхийллүүдээрээ ганц л юмыг хүсдэг: монголчуудын иргэний ухамсрыг сэргээх. Төрийн нэрэн доор бүгсэн хэдэн хүнд “боолчлогдож” байдгаа болиосой, ядахад тийм байдлаа ойлгоосой, тэдэнд өгч буй мөнгөнийхөө хойноос санаа зовж байгаасай гэсэндээ энэ бүхнийг хэлээд байгаа хэрэг.

Х.Х: Чиний номд капитализмыг, түүхийн шалгуурыг давсан нийгэм гэсэн байсан шиг?

Б.Б: Тийм ээ, капитализмаас бусад бүх нийгэм түүх болсон гэдгийг бид өөрсдөө харлаа шүү дээ. Капитализм бол хэн нэг “ухаантны” бодож олсон нийгмийн зохиомж биш, хүн төрөлхтний туулж, туршиж ирсэн нийгмийн байгууламж дотроос хамгийн шилдэг нь болохоо амьдрал дээр харуулсан нийгэм. Хүмүүний мөн чанар л энэ нийгмийг бүрдүүлдэг. Хүний хувьд сайн зүйл энэ нийгэмд сайн, хүний хувьд муу зүйл энэ нийгэмд муу.

Х.Х: Тиймгүй байх аа, капитализмыг чинь аминч байдлыг их өөгшүүлдэг, энэ тэр гээд л ярьдаг шүү дээ.

Б.Б: Хүн чинь ерөөсөө, өөрийгөө боддог амьтан шүү дээ. Өөрийгөө бодохуйг эсзөвшөөрөх юм бол хамт олныг бодох. Ө.х. аминч байдлын антоним (эсрэг) үг бол хамт олонч байдал. Тэгвэл хамт олонч нийгмийн хамгийн тод жишээ гэвэл коммунист, фашист нийгмүүд. Энэ хоёр нийгмийг хамтач ёсон дээр тулгуурласан, бас тэгээд коллективист зарчмаасаа болоод ямар их зовлон зүдгүүр авчирсан нийгэм болохыг бид түүхээс мэднэ дээ.

Х.Х: Капитализм гэхээр муу муухайн туйл, хамгийн харгис ширүүн, алаан хядаан, дээрэм тонуул ноёрхсон нийгэм хэмээн ой тойнд буудаг сан: нэг талд нь бортгон малгай өмсөж, бүдүүн янжуур зуусан, фрактай бүдүүн мөлжигч эр, нөгөө талд нь яс арьс болтлоо турсан, уранхай ноорхой хувцас эгэлдрэглэсэн, сахал үсэндээ баригдсан ажилчин хоёрын бие, биенээ яахаас ч буцахаа больтол үзэн ядсан дүр зураг. Бидний үеийнхний ихэнхэд ийм төсөөлөл байдаг. Ер нь ч, тэгээд эдийн засаг талаасаа хайр найргүй шинж бий байх аа?

Б.Б: Тийм ээ, түрүүнд хэлсэн шүү дээ, өрсөлдөөн дээр тулгуурласан нийгэм гэж. Гэхдээ шударга өрсөлдөөн. Маш шударга. Одоо манайх шиг танил тал, арын хаалгатай нь биш, авхаалж самбаа, бүтээлч, хөдөлмөрч нь илүү гардаг нийгэм. Гэхдээ капитализмыг дан ганц эдийн засаг талаас нь харах хандлага их байна. Гэтэл капитализм гэдэг бол 1/ соёл, 2/ аж төрөх ёс, 3/ нийгмийн байгууламж, 4/ улс төрийн тогтолцоо, 5/ эдийн засгийн арга хэв маяг, 6/ шинжлэх ухаан-техникийн дэвшил, 7/ элбэг тансаг байдал, 8/ хүний эрхийг дээдлэх ёс, 9/ шударга ёс, 10/ эрх чөлөөний халдашгүй дархан байдал гэх мэтчилэн маш олон зүйлийг тоочоод, тус бүр дээр нь тайлбар хэлж болно. Гэтэл манайд өөрийн чинь хэлдгээр капитализмын талаарх коммунист үзэл суртлын тайлбарын инерци оршсоор байна.

Үүн дээр нэрмээс болж, төрийн хөндлөнгийн оролцоо, улс төрийн эрх мэдлийг “хувьчилж” авсан олигархиудын зан авираас шалтгаалан, манай нийгэмд капиталист шударга зарчим жинхэнэ ёсоор хэрэгжиж чадаагүй. Тиймээс түүний эерэг үр нөлөөг ойлгох бололцоо бага байна. Энэ бол Монголын төр, улс төрчидтэй холбоотой сөрөг үзэгдлүүд болохоос капитализмын уг чанартай холбоогүй юм.

            Эдгээр сөрөг нөлөөллөөс болоод, хүмүүс зах зээлийн нийгэм, капитализмаас айж, түүнд сэжиглэнгүй хандсан хэвээр байна. Капитализмд бүгд хоорондоо өрсөлддөг, “хүн, хүндээ чоно” байдаг юм гэнэ лээ гэсэн ойлголт байдаг учраас хэн ч хажуудахдаа итгэхгүй, бараг хүн бүр дэргэдэхээ хулгайч, луйварчин дээрэмчин шиг үзэж, улмаар өөрсдөө ч тийм төрхтэй болж байна. Ийм нийгэм бол улс төрчдийн үйл ажиллагааны үр дүн юм.



Х.Х: Гэхдээ л, капитализмд сөрөг талууд байдаг биз дээ? “Хүн, хүндээ чоно” гэсэн нэр томьёо энэ нийгмээс гараагүй гэж үү? Одоо манай нийгэм тэр чигээрээ стресстэй хүмүүсийн нийгэм болоод байна шүү дээ?  

Б.Б: Юуны түрүүнд хэлэхэд, Хоббс Ливайфан зохиолдоо “хүн, хүндээ чоно” гэсэн үгийг хэлж байх тэр үе бол 1650-иад он, Англи орон тэгэхэд жинхэнэ капитализмд орж амжаагүй, иргэний дайны хөлд нэрвэгдээд байсан. Хүмүүс хоорондоо ёстой л алалцаж байсан үе.

Харин өнөөгийн Монголын капитализмын хувьд бараг бүх сөрөг үзэгдэл нь төр хийгээд улс төрчидтэй холбоотой гарч байна. Түүнээс биш капитализмын уг чанартай холбоогүй. Ер нь, капитализмыг сайн гэж магтах, муу гэж ад үзэхийн аль, алинд баримт түших ёстой. Коммунизм, капитализм хоёрын аль нь хүн төрөлхтөнд ач тусаа их өгсөн бэ? Аль нийгэмд ард иргэд хамгийн их зовж тарчилж байв? Тэгээд социализм, коммунизм юу болж дууслаа, гэтэл капитализм яаж байна? Одоо коммунизм ноёрхож буй Хойд Солонгос, Кубад ард түмнийх нь амьдрал ямар байна вэ? Гэтэл капитализмын орнуудад ямар байна!

Нэгэн цагт (1960-70-аад онд) тусгаар тогтнолоо зэрэг олсон Ази, Африкийн орнуудын зарим нь капитализм, зарим нь коммунизмыг тухайн үед чиг баримжаагаа болгосон. Гэтэл зах зээл, капитализмыг чиг баримжаагаа болгосон улсад амьдралын түвшин ихээхэн дээшилчхээд байхад коммунист замаар явсан орнуудын хөгжил яаж доройтсон нь нүдэн дээр илт байдаг. Энэ бол баримт, яах ч аргагүй, маргах, булзах аргагүй баримт.  

Х.Х: Сүүлийн үед даяаршил гэсэн үзэгдэл дэлхий нийтийг хамарч, түүнийг капитализмын түрэлт хэмээн үздэг болж байх шиг …

Б.Б: “Түрэлт” гэсэн үгийг хэрэглэж буй хүмүүс эерэг, сөрөг ямар утгаар ингэж хэлж буйг бүү мэд. Гэхдээ энд нэг үнэн зүйл байна. Капитализм бол ихээхэн интернациональч үзэгдэл. Капитализм гэдэг нь чөлөөт зах зээл тул төрөөс хил гааль дээр тавьдаг элдэв төрлийн хориг, журам, тарифийн эсрэг байдаг.

Капитализм даяаршсанаар дэлхийн хамгийн алс орших, үгээгүй улсад ч хөгжил дэвшил очоогүй гэж үү?! Даяаршлыг аваачсан хийгээд хүртсэн хүмүүсийн аль, алин нь хождог. Даяаршил гэсэн нэр томьёо ч хэрэггүй, зүгээр л “капитализмын тархалт” (хэрэв эерэг утгаар хэлж байгаа бол “түрэлт” гэсэн ч яах вэ) гээд нэрлэчих хэрэгтэй. Даяаршил гэдэг чинь интернэт, гар утас, телевиз, Ай-Пад гээд дэлхийн хөгжилтэй улс-оронд хэрэглэж буй барааг алс холын бөглүү улсуудад ч хэрэглэнэ гэсэн үг. Үүнд муу юм огт байхгүй. Харгис дэглэмтэй улс орон, ард түмнээ бүдүүлэг дорой, мэдээллээс хол байлгах гэсэн улс төрчид л  даяаршлаас айдаг байх. 

            Ер нь, сайтар тунгаагаад үзвэл, чөлөөт зах зээл, даяаршил, эрх чөлөө, капитализм гэсэн үгнүүд чинь хоорондоо салшгүй холбоотой, нэг л утга  илэрхийлж байдаг юм.

Х.Х: Даяаршил гэдэг чинь олон улсын худалдаа наймаатай холбоотой үзэгдэл юм аа даа. Чиний хэлж байгаад олон улсын худалдаатай холбоотой санаа байх шиг? Аливаа наймаа, залилантай холбоотой байдаг биз дээ?

Б.Б: Улс хоорондын гэсэн утгаар нь “олон улсын худалдаа” гэсэн үг хэрэглээд байгаа болохоос жирийн нэг худалдаа наймаа шүү дээ, хоёр хүний хоорондын наймаанаас ялгаагүй. Харамсалтай нь, манай монголчуудын хувьд, худалдаачдын хувьд ам муутай байдаг. Манай худалдаачдад, өөрсдөд нь болдоггүй тал бий л дээ. Хүний авсан зүйлийг дутуу жинлэх, жиндээ хүндрүүлэгч хийх, хариулт мөнгө дутуу өгөх, үнээ үндэслэлгүй нэмэх гээд. ХХ зууны эхээр Монголд ирж байсан Оросын шинжээч И.Майский худалдаачдын тухайд “Мэхлэхгүй бол борлохгүй” гэсэн байдаг. Үүнээс бүр эрт гарсан “Худалдаачин хүний хуруу хазайх төдийд хулгайч болдог” гэсэн зүйр үг ч бий.

Х.Х: Даяаршил гэснээс энэ үзэгдэл чинь тусдаа нэг үндэсний оршихуйд халгаатай юм биш үү, ер нь либертари үзэлтнүүд үндэсний асуудалд хэрхэн ханддаг вэ?

Б.Б: Үндэсний үзлийн талаар баримталдаг үзлээ Мизэсийн Либерализм номоос шууд эшлээд хэлчихье. “Хэрэв энэ талаар (“үндэсний асуудлаар” гэсэн үг. Б.Б) асуулт гарах юм бол бид космополитууд”. [Космополитэн гэдэг нь “дэлхийн иргэн” гэсэн утгатай үг. Энэ үг аль нэг тусдаа үндэстэн гэдгийн эсрэг утгаар хэрэглэгдэнэ. Б.Б]

Х.Х: Асуудалдаа оръё. Тэгэхээр худалдаачид явдалтай байдаг юм бол олон улс хоорондын наймаа ч бас явдалтай байж таарна. Иймд төрөөс хянаж, хил гааль дээр шалгаж, тариф татвар тогтоож байх нь зөв биз дээ?

Б.Б: Бид яагаад хил, гаалийн татвар, тарифаас чөлөөлөгдсөн худалдааны тухай ярьдаг вэ? Үнэндээ, худалдаа нь мөн чанараараа либертари агуулгатай үзэгдэл юм шүү дээ.

Х.Х: Яагаад?

Б.Б: Учир нь, наймаа хийж буй хоёр хүнд хоёуланд ашиггүй бол талууд сайн дураар наймаа хийнэ гэж хэзээ ч байхгүй. Хэн нэгэнд нь ашиггүй бол наймаа явагдахгүй. Тэгэхээр өмчлөх эрх байна уу, үгүй юү гэдгийг харуулах гол шалгуур нь худалдаа-наймаа юм. Хүн өөрийн өмчийг өөрт хэрэгтэй ямар нэг зүйлээр солин авч болж байвал өмчлөх эрх байна гэсэн үг. Тэгэхээр энд хоёр гол зүйл харагдаж байна. Нэгд, өмчлөх эрх; хоёрт,  сайн дурын зөвшөөрөл.

Х.Х: Худалдаачдын хөдөлмөр амархан, тэд хөнгөн хялбар замаар мөнгө олдог гэж үздэг учраас хүмүүс тэдэнд таагүй ханддаг байх. Тэгэхээр үйлдвэрлэгчид давуу эрхтэй байх ёстой юм биш үү?

Б.Б: Худалдаачдад тулгардаг бэрхшээл болон худалдааны эерэг талыг хүмүүс олж харахгүй байгаад оршдог юм шиг санагддаг. Зах зээлийн нийгэмд хаана л бол хаана худалдаа явагддаг. Дэлгүүрт орж бараа авахаас эхлээд, хаана нэг газар үйлчлүүлэх, ажилд орж хөдөлмөрөө худалдах, нийтийн тэээврээр үйлчлүүлэх гээд бүх зүйл худалдаа. Энэ бүхнийг хүмүүс төдийлөн ажигладаггүй. Гэтэл үйлдвэрлэгчдийн гаргаж буй бараа бүтээгдэхүүн нүдэнд ил харагддаг тул тэдэнд хүндэтгэлтэй хандаад, худалдаачдын хөдөлмөрийн үнэлэмжийг багасгадаг.

Үнэндээ, худалдаачдын хөдөлмөр зах зээлийн нийгэмд маш чухал. Худалдааны үндсэн агуулга нь бараа бүтээгдэхүүнийг бага үнэтэй газраас аваад их үнэтэй газар аваачиж зараад, дундаас нь ашиг унагах явдал. Бараа таваарыг илүү үнэтэй ашиглах бололцоог олж хардаг гэсэн үг шүү дээ. Иймээс нийгмийн хөгжилд их тустай. Бараа таваарыг хэрэгцээтэй газар, хэрэгтэй цагт нь аваачна гэдэг бол эрсдэлтэй ажил. Их цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө заран байж аваачсан бараа нь борлогдохгүй  бол “шатах” эрсдэл ихтэй.

Х.Х: Тийм байж. Тэгвэл олон улсын худалдаа мөн ийм үү?

Б.Б: Олон улсын худалдаа харьцангуй давуу талын зарчим дээр үндэслэдэг.

Х.Х: “Харьцангуй давуу талын зарчим” гэдэг чинь юу билээ?

Б.Б: Маш энгийнээр илэрхийлэх юм бол нэг хүн бүх юмыг хийх гэж оролдох бус, хийж чаддаг ганц зүйлээрээ дагнах явдал. Ингэвэл хөдөлмөрийн бүтээмж хамаагүй их болдог. Намайг гутал засахдаа, чамайг юм оёхдоо сайн гэж бодъё л доо. Би өдөрт чам шиг олон цамц оёж чадахгүй, чи над шиг олон гутал засаж бас чадахгүй. Тэгэхээр өөрсдийн чаддаг, чаддаг зүйлээ хийвэл хөдөлмөрийн бүтээмж их байна.

Үүний адил, нэг улс-орон сайн хийж чаддаг бараагаа нөгөө улсын сайн бараагаар арилжих явдал. Олон улсын ийм худалдаа хоёр сайн талтай: нэгд, өрсөлдөөнийг өдөөж өгдгөөрөө хоёр талын аль, алины хөгжлийг өдөөгч болно; хоёрт, ямар ч улс-орон худалдаа арилжаа хийдэг найрсаг харилцаатай оронтойгоо сөргөлдөх нь бага байдаг. Худалдаа хийхгүй боож хаагаад байвал, сөргөлдөж эхэлнэ. Ф.Бастиа энэ тухай анхааруулж хэлэхдээ “хилээр бараа оруулж ирэхийг хориглочих юм бол оронд нь цэрэг орж ирдэг” гэж байв. Манай “Мандухай цэцэн” кинон дээр ч гардаг даа. Мандуул хаан хэлэхдээ “хэрвээ худалдаа арилжаагаар боогоод, хил гаалиар нэвтрүүлэхгүй байх юм бол бид цэрэглэн хөдлөх нь зохистой” гэж. Тэгэхээр чөлөөт худалдаатай улс орнуудын хооронд дайн байлдаан гарна гэж бараг байдаггүй. Ер нь “чөлөөт худалдаа” гэдэг бол улс төрийн төдийгүй эдийн засгийн асар их ач холбогдолтой үзэгдэл. Аль, аль талдаа ашгаа өгдөг. Мөн ард түмнүүдийн хооронд соёлын үнэт зүйлсийг зөөдөг. 

Х.Х: “Харьцангуй давуу талын зарчим” дээр тулгуурласны өөр ач тус юу байна ?

Б.Б: Харьцангуй давуу тал дээрээ тулгуурлах буюу чаддаг юмаа дагнан хийж буй хоёр хүний аль, алинд хуримтлал бий болдог.

Х.Х: Хурааж цуглуулахын дон шүглэнэ гэсэн үг үү?

Б.Б: Хураах гэж хурааж байгаа юм биш шүү дээ. Ямар нэг зүйлийг хураана гэдэг бол өөр зүйл хийх бололцоотой болно гэсэн үг. Загас их барьж хураасан хүн, тор нэхэх бололцоотой болно, хангалттай тортой болсон хүн, анжис хийх бололцоотой болдог, анжистай болсон хүн газар хагалж чадна, хангалттай газар хагалсан хүн их тариа ургуулна гэх мэт. Хуримтлалтай болсон хүн өөр баялаг бүтээх бололцоотой болдог аж.

Х.Х: Хуримтлалыг зөвхөн харьцангуй давуу талын зарчим дээр тулгуурлаж бий болгохгүй байх аа.

Б.Б: Өөр яаж бий болгоно гэж?

Х.Х: Арвилан хэмнэлт буюу хэрэглээгээ багасгах замаар бий болгож болно биз дээ?

Б.Б: Яг үнэн. Хүн арвич байна гэдэг бол зарлагаа багасгана гэсэн үг. Хэмнэлт нь хуримтлалыг бий болгоно. Нэгэнт хуримтлал бий болсноор илүү баялагтай болно. Энэ утгаар “нэг мөнгийг хэмнэснээр нөгөө мөнгийг олно”, “мөнгөний эцэг бол мөнгө” гэсэн үгнүүд гарсан биз.

            Арвилан хэмнэлтийг “ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хэрэг” гэсэн нь маш оновчтой тодорхойлолт юм. Хүн өнөөдөр ухаалаг, тэвчээртэй, арвич байснаараа маргааш ихийг хэрэглэнэ. Арвилан хэмнэлтэд хоёр талын ач холбогдол байдаг аж: 1/ чухал хэрэгцээ гарсан үед бэлэн зүйлтэй байх; 2/ арвилан хэмнэсний үндсэн дээр ирээдүйд бүр их зүйл хийх бололцоо гарна.

Х.Х: Либертари үзэлтнүүд эдийн засгийн талаарх иймэрхүү санааг Адам Смитээс авдаг уу? Харьцангуй давуу талын зарчмыг чинь Адам Смит хөдөлмөрийн хуваарийн тухай санаагаараа гаргасан юм биш үү?

Б.Б: Үнэн, үнэн. Харьцангуй давуу талын зарчим яах аргагүй хөдөлмөрийн хуваарьтай холбоотой. Ер нь, либертари үзлийн эдийн засгийн үндсэн санаанууд Адам Смитэд буй. Гэхдээ, хожим 19-р зууны сүүл, 20-р зууны эхээр “Эдийн засгийн Австри сургуулийнхан” гэж гарч ирсэн. Мөн эднээс гадна Ф.Бастиа (Франц, 1801-1850 он), Ж.Б.Сэй (Франц, 1767-1832 он), Л.Мизэс (Австри-АНУ-ын эдийн засагч, 1881-1973 он), Ф.Хайк (Нобелийн шагналт Австри-Английн эдийн засагч, 1899-1992 он), Хэнри Хаазлит (АНУ, нийтлэлч, эдийн засагч, 1894-1893 он), Мөррэй Ротбард (АНУ, 1926-1995 он), Фридманынхан (Аав, ээж Фридманууд насан эцэслэсэн, одоо хүү, анархо-капитализмыг үндэслэгч Дэвид Фридман л амьд буй), К.Скүланд (Одоо Хавайн Их сургуульд багшилж байна) гээд либертари эдийн засагчид олон бий л дээ. Дашрамд хэлэхэд, “Чикагогийн хөвгүүд” гэсэн нэр авсан Фридманын үндэслэсэн сургаалтнууд бол бас л либертари эдийн засагчид. Чикагогийн хөвгүүд л 1970-аад оны сүүлээр Чилийн эдийн засгийг хөл дээр нь босгож, 1980-аад онд АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рэйган, Английн Ерөнхий сайд М.Тэтчэр нар эдний онолыг удирдлага болгож байж, улс орныхоо эдийн засгийг сэргээсэн юм шүү дээ.

Х.Х: Энэ хүмүүс зөвхөн Смитийн сургаалыг үргэлжлүүлдэг юм уу? Эсвэл өөрсдөө шинээр санаа гаргасан юм уу?

Б.Б: Эд, бүгд смитэч сургаалтнууд. Гэхдээ өөрсдөө бүтээлчээр хөгжүүлсэн онол, байлгүй яах вэ. Тухайлбал, эдийн засгийн ухаанд их шуугиан тарьсан “үнэт чанарын субъектив онол” байна.

Х.Х: Энэ онолоо ойлгомжтой илэрхийлж болох уу?

Б.Б: Болно оо. Аливаа зүйлд үнэт чанар гэж зүйл байх бөгөөд түүгээр түүний үнэ тодорхойлогддог.

Тэр үед эдийн засагчид бараа таваарыг хийхэд зарцуулсан хөдөлмөр, цаг хугацаа, хийсэн материалаар үнэ нь тодорхойлогдоно хэмээн үздэг байв. Харин австричууд тэс өөр зүйлийг олж харсан байна. Юу вэ гэвэл, эрэлт бол үнэт чанарыг тодорхойлох гол хүчин зүйл гэдгийг олж харжээ. Тухайн зүйл ховор бөгөөд эрэлттэй байвал их үнэтэй байдаг аж. Алмааз яагаад уснаас үнэтэй вэ? Усыг бодвол маш ховор болоод тэр. Арабын элсэн цөлд ус үнэтэй байдаг учир нь тэнд ус ховор.

Х.Х: Эдийн засгийн талаарх бид хоёрын яриа арай сунжирчихлаа. Ингээд дуусгах уу?

Б.Б: Хоёр санаа, нэг шүүмжлэл хэлээд дуусгая. Нэг, эдийн засгийн талаарх либертари онолын тухай ярьж байхад орхигдуулж болохгүй нэг сэдэв бол “алдагдсан бололцооны” тухай санаа юм. Ямар нэг гай гамшиг тохиолдож, ихээхэн эвдрэл сүйрэл учрах нь ажлын байрыг нэмэгдүүлдэг мэтээр үздэг үзлийг либертариуд хүчтэй шүүмжилдэг. Лав л Бастиа, Хаазлит нар үүн дээр их анхаарсан юм даг. Хүүхэд чулуу шидээд цонх хагалчихвал, шилчин ажилтай болно, шилчин олсон мөнгөөрөө оёдолчноос хувцас авна (ингээд оёдолчин мөнгөтэй болов), оёдолчин мөнөөх мөнгөөр ширээ авна. Ширээг хийсэн мужаан мөнгөжнө гэх мэтээр үргэлжлэх жишээтэй. Энд, харагдаж буй хийгээд үл харагдах гэсэн хоёр зүйл байна. Харагдаж буй нь хагарсан цонхыг шиллэснээс үүдэлтэй мөнгөний эргэлт. Үл харагдах нь болохоор цонх хагараагүй бол тухайн мөнгөөр шинээр юу хийж болох байсан тухай асуудал болно. Либертариуд хоёр дахь асуудлыг онцолдог.

            Ярихгүй бол болохгүй нөгөө асуудал нь, төлөвлөлт болно. Ф.Хаек төлөвлөлтийг маш хүчтэй шүүмжилсэн. Социализмын үед “төлөвлөгөө бол хууль” гэсэн зарчим ноёрхож “ордны эдийн засагчид” бүхнийг төлөвлөхийг оролддог байсан. Төлөвлөлт гэдэг бол хар аяндаа тогтох эмх журам, өрсөлдөөн, улмаар зах зээлийн эсрэг зүйл. “Дэлхий хэний ч төлөвлөснөөр биш харин аяндаа эргэж байдаг юм” гэдгийг давтъя.


“Төлөвлөгөө, төлөвлөлтийг хамгийн хүчтэй шүүмжилсэн бүтээлийн нэг.”


Х.Х: Нэг шүүмжлэл хэлнэ гэсэн байх аа?

Б.Б: Миний шүүмжлэл биш юм аа. Социалист хандлагатай эдийн засагчдыг шүүмжилсэн Ротбард, Хаазлит зэрэг сэтгэгчдийн гол санааг хэлэх гэсэн юм. Социалистууд буюу төрийнхний алддаг зүйл бол эдийн засгийн бодлогынхоо ойрын үр дагаврыг харахаас ирээдүйн үр дагаврыг харж чаддаггүйд оршино гэж. Мөн, тэд асуудлыг явцуу хүрээнд л харна, харин түүнтэй холбоотой салбаруудтай уялдуулан өргөн хүрээнд харж чаддаггүй. Хаазлит энэ бүх дутагдлыг Эдийн засгийг нэгэн хичээлд номдоо сайн харуулсан. Ротбард, Хаазлит нарын ном монгол дээр орчуулагдсан, харчих хэрэгтэй.

 


Эхний яриа: Нэгэн “хачин жигтэй” үзлийн тухай

Хоёр дахь яриа: Төр бага бол зардал бага

Гурав дахь яриа: Хууль хэрхэн гууль болдог вэ?

Дөрөв дэх яриа: Зөнд нь орхичих, дэлхий өөрөө эргэдэг юм!

Тав дахь яриа: Хувийн өмч vs улсын өмч

Зургаа дахь яриа: Олонхийн дарангуйллын эсрэг хувь хүн

Долоо дахь яриа: Амиа бодоход учир бий

Найм дахь яриа: Намайг хэн мэдэх ёстой вэ, төр үү эсвэл би өөрөө юү?

Ес дэх яриа: Эрх чөлөө, эрхийн талаарх өмнөх сэдвээ үргэлжлүүлье

Арав дахь яриа: Либертари үзэл улс төрчдийн багийг хуу татдаг

Арваннэг дэх яриа: Эс сонголт нь өөрөө сонголт мөн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж