Сибирьт түймрийн гамшиг нүүрлээд байна

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Сибирьт түймрийн гамшиг нүүрлээд байна

Сибирийн тайгад зун эхэлсээр ойн түймэр дээд цэгтээ хүрлээ. Өнгөрсөн бямба гаригийн байдлаар ердөө 24 цагийн дотор 200 орчим голомтод ойн түймэр асч, Оросын удирдлагууд онцгой байдлын гал түймэртэй тэмцэх ангийг яаралтай тийш нь илгээгээд байна. Үүнээс өмнө 22 голомтод гал түймэр гарсан тухай мэдээлж байсан бөгөөд зун эхэлснээс хойш Сибирьт 5,500 гаруй ойн түймэр гарч, түймрийн уршгаар 210,000 га газар түймэрт автсан нь өнгөрсөн 2010 онтой харьцуулахад гурав дахин том газар нутаг юм.

Гал түймэрт хамгийн их нэрвэгдээд байгаа бүсүүдэд Сибирийн төв ба зүүн хэсэг мөн Алс Дорнодын бүс нутгууд орж байна. Жил дараалан тасралтгүй ган нүүрлэж байгаагийн улмаас хуурайшилт ихээр явагдаж байгаа нь гал түймрийн гол шалтгаан болж байна. Ойн түймрийн уршгаар энэ онд 60 гаруй хүн амиа алдаж, ОХУ үр тарианыхаа гуравны нэгийг алдаад байгаа юм. Тиймээс гадны улс орнуудад үр тариа экспортлохыг түр хоригложээ.

ОХУ гал түймэртэй тэмцэхээр И1-76 онгоц, газар уснаа явагч Бе-200, Ми-8 нисдэг тэрэг зэргийг дайчлаад байгаа ба Сибирийн захирагч Дмитрий Мезенцев тус мужид онц байдал зарлаад байна. Сибирийн хүрээлэн буй орчны өөрлөлтийн гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт гэдгийг эрдэмтэд онцолж, өөрчлөлттэй хэрхэн тэмцэх талаар хэлэлцэж байгаа ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж