Хөдөлмөрийн биржийн удирдлагыг сайд томилохгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн биржийн удирдлагыг сайд томилохгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өчигдрийн хуралдаанаар үндсэн хоёр асуудлыг  хэлэлцжээ. Үүнд Н.Энхболд Г.Батхүү, Г.Баярсайхан нарын  гишүүдийн санаачлан боловс­руулсан Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал,  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл багтсан аж.

Уг нь хэлэлцэх асуудлын дараалалд Засгийн газраас төмөр замтай холбоотой Үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах УИХ-ын тогтоолын төслийн мэдээллийг сонсох тухай байсан боловч уг асуудлыг байнгын хороо, чуулганаар  хэзээ хэлэлцэх  нь тодорхойгүй байсан учраас хойшлуулсан байна.

Хуралдааныг хурц болгосон асуудал нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт ажлын хэсгээс оруулсан санал байв. Нилээдгүй шүүмжлэл өрнүүлсэн энэ санал нь “Хөдөлмөрийн биржийн удирдлагыг сайд томилно” гэсэн заалт аж. Шүүмжлэл гаргасан гишүүд энэ саналыг хэлэлцэх эсэх болон  эхний хэлэлцүүлгийн үед яриагүй атлаа гэнэт шинэ зүйл оруулж ирсэнд нь дургүйцэж буйгаа илэрхийлжээ. Иймд  анхны хэлэлцүүлгийн үеэр ярьж, шийдсэн асуудлыг тэр чигээр нь явуулах чиглэл өгсөн байна.

Үүний дараа Хадгаламж зээлийн хоршооны хуулийг хэлэлцэв. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль нь 2002 онд  шинэчлэгдэн батлагдсан бөгөөд шинээр үүсээд буй нөхцөл байдлыг зохицуулах боломжгүй болсон тул энэ хуулийг дахин боловсруулах болсон аж.

Энэ хуулийн үндсэн зарчмийг зөрчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өндөр хүүтэй хадгаламж авах тухай зар сурталчилгаа явуулж иргэд хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны жинхэнэ мөн чанарыг бүрэн гүйцэд ойлгохгүй, гишүүнийхээ бүрэн эрхийг эдэлж чадахгүй зөвхөн өндөр хүүтэй хадгаламж өгөх, хурдан шуурхай зээл авах зорилгоор хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнчлэгдэж байсан нь хадгаламж, зээлийн хоршооны удирдлага анх үүсгэн байгуулсан хэсэг бүлэг этгээдүүдийн гарт төвлөрч, санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх, хувийн бизнесээ дэмжсэн ашиг олох арга хэрэгсэл болсон талаар хууль санаачлагч танилцуулав.

Түүнчлэн 2006 онд хадгаламж, зээлийн хоршоодын хямрал болсон шалтгааныг “хадгаламж, зээлийн хоршоо нь зөвхөн гишүүдийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн Хоршооны тухай хуулийн заалтыг зөрчин, ашгийн төлөө бус, нийгмийн чиг баримжаатай байх сонгодог утгаасаа гарч мини-банк, хөрөнгө оруулалтын сан хэлбэрт шилжиж, компани, аж ахуйн нэгжийн санхүүгийн эх үүсвэр бэлтгэгч болон хувирсан, нөгөө талаар хадгаламжийн болон зээлийн бодлогын мөн чанар алдагдаж зохиомлоор хадгаламжийн хүүг нэмэгдүүлсэн, хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй хоршоодыг хянах зохицуулах төрийн захиргааны байгууллага байгаагүй, хууль эрх зүйн орчин боловсронгуй бус байсан зэргээс үүдсэн” гэдгийг ч хуралдаанд оролцогчдод мэдээллэжээ.  Үүний дараа бүлгийн хуралдаанд оруулсан уг хуулийн төслийг гишүүд “хэлэлцэх нь зүйтэй” хэмээн шийдвэрлэсэн байна.

Б.МАНД

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж