-Макмахон компанитай байгуулсан гэрээний үр хөврөл “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийг өнөөдрийн байдалд хүргэжээ-
“Эрдэнэс-Таван Толгой” ХК-нд үүсээд буй өнөөгийн асуудлыг бодитоор тунгаахын тулд бяцхан түүх сөхөх нь зүйтэй юм.
2011 оны 07-р сард байгуулсан Чалкогийн, 2011 оны 11 сард байгуулсан Цанхийн зүүн уурхайд гэрээт олборлогчоор шалгарсан Австралийн “Макмахон” компанитай байгуулсан гэрээний үр хөврөл “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийг өнөөдрийн байдалд хүргэжээ.
2011 он бол дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ дээд цэгтээ хүрсэн үе байв. Австралид үер болж нүүрсний уурхайнууд нь хаагдаж, хятад улс гангийн хэрэглээгээ нэмсэн зэрэг нүүрсний үнэд нөлөөлөх хүчин зүйлс нэг биш байлаа.
Энэ үед “Макмахон” компани “Эрдэнэс-Таван Толгой” ХК-тай гэрээ байгуулахдаа зардал гаргах болгондоо ЭТТ ХК-иас төлбөр авна гэж заажээ. Гаргасан зардлыг нь нэг тонн уулын ажлын зардалд шилжүүлэхээр 40 орчим ам.доллар болж байгаа юм. Мөн ЭТТ ХК-иас үл хамааран ажил зогссон болон өөрсдийн буруугаас ажил тасалдсан тохиолдолд сул зогсолтын мөнгө авахаас гадна гаргасан зардал болгоных нь төлөө ЭТТ мөнгө төлөх байв. Естой нөгөө алтан загасны үлгэр дээр гардаг эмгэн шиг. Гэтэл ЭТТ “Макмахон”-ы гаргасан зардал болгоных нь төлөө мөнгө төлдөг хэрнээ тэдэнд харицлага тооцох нэг ч механизм гэрээнд тусгагдаагүй байна. Энд нэг зүйлийг тодруулахад Макмахон 2011 оны 10-р сард ЭТТ ХК-тай гэрээ байгуулсан байдаг. Харин 5 сарын дараа буюу 2012 оны 03-р сард гэрээнийхээ эрх, үүргийг өөрийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Five Hills” компанийн охин компани болох “TTJVCo”-д шилжүүлсэн байдаг. “Five Hills” нь “TTJVCo”-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг. Нэг үгээр хэлбэр “Макмахон” өөрийн 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг охин компанийнхаа охин компанид гэрээнийхээ эрх, үүргийг шилжүүлсэн гэсэн үг. Тэгэхээр энэ өдрөөс хойш “Макмахон” бус “TTJVCo”-той ЭТТ ХК хамтарч эхэлсэн юм.
Харамсалтай нь, дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ аажмаар унаж 2011 онтой харьцуулахад өнөөдөр даруй 70 орчим хувиар уначхаад байна. Тиймээс ЭТТ ХК-ийн ТУЗ-өөс 2014 оны 08-р сард Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж “TTJVCo”-той Цанхийн баруун уурхайд орлборлолтын үйл ажиллагаа явуулж буй үндэсний олборлогчтой хийсэн гэрээний нөхцөлд ойртуулж гэрээг шинэчлэх үүргийг өгчээ. Цанхийн баруун уурхайн гэрээний үндсэн нөхцөл бол 1 м куб уулын ажлын хөлсөнд л төлбөр төлөх. Бусад зардлыг тухайн компани өөрөө хариуцах нөхцөлтэй.
2014 оны 08-р сараас эхэлсэн хэлэлцээр дөрвөн сарын турш үргэлжилж 2014 оны 12-р сард үндсэндээ хоёр тал тохиролцож 1 м куб уулын ажлын хөлсөнд 5 орчим ам.доллар төлөх буюу хуучин гэрээний үнийг 40 гаруй хувиар бууруулах тохиролцоонд хүрч чадсан байна. Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагаа зогссон өдөр буюу 2014 оны 08-р сараас хойш өнөөдрийг хүртэл ЭТТ ХК нэг ч ажилтнаа халалгүй 60 хувиар цалинжуулж байгаа.
Он гарч, хугацаа явсаар 2015 оны 04-р сард ЭТТ ХК-ийн ТУЗ-өөс “TTJVCo”-ын удирдлагуудтай уулзаж гэрээг батлах эс бөгөөс цуцлах хүртэл арга хэмжээ авахыг компанийн удирдлагуудад үүрэг болгожээ. Гэтэл “Макмахон” “TTJVCo”-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг “Five Hills” компаниа өөр компанид зарсан талаарх мэдээ цацагдав.
Энэ үед “TTJVCo” дахин шинээр гэрээ байгуулах саналыг ЭТТ ХК-ийн удирдлагуудад хүргүүлсэн байна. Үндсэндээ “TTJVCo”-ын толгой компанийг эзэмшдэг эзэд солигдсоноос биш “TTJVCo” хэвээр байв.
ЭТТ ХК-ийн удирдлагууд “Макмахон” компанийн дээрх үйлдэл Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, коневенцийг зөрчсөн эсэхийг судалж үзсэний үндсэн дээр “TTJVCo”-той гэрээгээ шинэчлэн байгуулахаар болов.
Ингээд 2015 оны 8-р сард ЭТТ ХК-ийн толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар ахлуулсан ажлын хэсэг “TTJVCo”-той гэрээ байгуулах хэлэлцээрийг эхлүүлэв. Ингэхдээ 2014 оны 12-р сард тохирсон үндсэн нөхцөлөөр буюу 1 м куб уулын ажлын хөлсөнд нь 5 орчим ам.доллар төлөхөөс өөр төлбөр төлөхгүй буюу Цанхийн баруун уурхайн гэрээний нөхцөлөөр гэрээ байгуулж 2015 оны 09-р сарын 29-нд гарын үсэг зуржээ. Ингэхдээ гэрээнд хэд хэдэн ашигтай заалт оруулж чадсан гэдгийг эх сурвалж онцолж байгаа. Тухайлбал цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан ажилчид болох 200 орчим хүнийг жилийн хугацаанд өмнө нь байсан ажлын байрыг дордуулахгүй, цалин мөнгийг нь хасахгүй“TTJVCo”-дшилжүүлэхээр тохиролцож чадсан аж. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим компаниуд ажилчдаа цомхтгож байхад Цанхийн зүүн уурхайг 2014 оны 8-р сард зогсоосноос хойш ЭТТ ХК нь тэдгээр ажилчдадаа өнөөдрийг хүртэл 60 хувийн цалинг өгсөөр иржээ. Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл ЭТТ ХК нь 2-3 сарын дараа хаалгаа барих нөхцөл байдал үүсээд буй аж. Тиймээс өнөөдрийн нөхцөлд хэн хэндээ ашигтай шийдэл бол энэ гэдгийг ЭТТ ХК-ийн удирдлагууд хэлж буй юм.
Г.АНАР
Холбоотой мэдээ