Дарга оролцохгүй бол ажил урагшлахгүй юу

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Дарга оролцохгүй бол ажил урагшлахгүй юу

УИХ-ын чуулганы хуралдааны дэг тодорхойгүй шалтгааны улмаас зөрчигдсөн байж болох нөхцөл байдал өчигдөр үүслээ. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд “Нам, эвслийн бүлгийн хуралдааныг долоо хоногийн Даваа гаригт, Байнгын, дэд, түр хороодын хуралдааныг Мягмар, Лхагва гаригт, шаардлагатай бол энэ хуулийн 4.2-т заасан журмыг баримтлан бусад ажлын өдөрт зохион байгуулж болно” хэмээн заажээ. Шаардлагатай бол гэдэг заалтыг нь хөөж харвал ажлын зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга хуваарьт өдрөөс бусад өдөр зарлан хуралдуулах боломжтой аж.

Гэвч өчигдөр хуралдаж эхлээгүй шалтгааныг намын бүлгийн албанаас “Ирц бүрдэхгүйгээс хуралдаан зарлаж чадахгүй байна, жич зарлана” гэж тайлбарлажээ. Гэвч Төрийн ордны дотуур холхилдох зарим гишүүд “Дарга нар байхгүй юм чинь бидний хэдэн гишүүд хуралдах хэрэггүй юм байлгүй дээ” гэж тунисан өнгөөр дурамжхан хариулах юм. Мөн “хуралдаанд оруулах асуудлын бэлтгэл ажлыг хангаж байгаа байлгүй дээ” гэх бүлгийн гишүүнтэй ч таарав. Үнэхээр дарга нар өөр ажилтай байгаа шалтгааны улмаас хуралдаагүй бол дээрх хуулийг зөрчсөн болж таарах нь. Үгүй гэвэл бүлгийн хуралдааныг хойшлуулах талаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл нууцаар хуралдсан байх нь. Шийдэх асуудал ихтэй, ажил шахуу үед тодорхойгүй шалтгаанаар хурлаа цуцлаад баймааргүй л юм. Байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцүүлэх гэхээр “бүлэг дээр яриагүй” гэж хэлээд хойшлуулаад л байдаг гэдгээ бодолцсон л гэж найдахаас.

Б.ЭНХМАА

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж