Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

 

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.10.21/ хуралдаан 9 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор, Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон ажлын хэсгийн гишүүд, байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцов.

Төсвийн тодотголын тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл энэ удаагийн төсвийн тодотголд оны эцэс хүртэлх хугацааны төсвийн орлого, зарлагыг хэр тооцсоныг тодруулахад Сангийн сайд Б.Болор 2015 оны төсвийн тухай хуулийг 2014 онд батлахдаа нэлээд өөдрөгөөр тооцсон. Харин 2015 оны эхэнд төсөвт тодотгол хийхэд төсвийн орлогыг 900 тэрбумаар бууруулах санал оруулж ирсэн боловч Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад 500 тэрбум байхаар батлагдсан. Үүнээс үүдэлтэйгээр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах хууль эрх зүйн үндэслэл бий болсон. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.0 их наяд орчим төгрөгөөр тасрахаар байгаа учраас 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, батлагдсан хэмжээг бууруулан, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож төсөвт тусгасан. Тодотголоор төсвийн орлого, зарлагын тооцоог бодитой тусгасан, хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байгаа гэлээ. Мөн Гадаад хэргийн яамны тухайд цалин хөлстэй холбоотойгоор төсвийн тодорхой хэмжээний дутагдал байгаа гэсэн, үүнийг хэрхэн шийдэж буйг тодруулахад тус яамны тухайд валютын ханшийн зөрүүгээс үүдэлтэйгээр тодорхой хүндрэл гарч байсныг тухай бүрт нь зохих ёсоор шийдэж ирсэн. Энэ оны хувьд гадаад оронд суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудын цалин, бусад төлбөртэй холбогдсон валютын ханшийн зөрүүд 7.9 тэрбум төгрөгийг нэмж тусгахаар төсвийн тодотголд суулгасан гэдгийг хэллээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын даатгалын үйлчилгээтэй холбогдсон зардал багагүй өссөн, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогыг бууруулж тооцсоны учир шалтгааныг ажлын хэсэг болон холбогдох албан тушаалтнуудаас тодруулсан юм. Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Валютын ханшийн зөрүүгээс болж Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын цалин, даатгалын үйлчилгээ, төлбөр, байрны түрээс, томилолтын зардал зэрэг нь нэмэгдэж байгаа. Даатгалын үйлчилгээний зардлын тухайд гадаад оронд суугаа 350 орчим дипломат ажилтнууд тухайн суугаа орныхоо эрүүл мэндийн даатгалд хамрагддаг, Дипломат төлөөлөгчийн 7 газрын ажиллагсад даатгалд хамрагдаагүй байсныг нэмж тусгасан” гэсэн хариулт өгөв. Харин Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтсийн дарга Ц.Ганбат “Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогоос цэргийн албан хаагчдын хувцас, сургалтын зардал гэж 5 тэрбум төгрөг хасагдсан” гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд 2015 оны төсвийн тодотголын тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Зэвсэгт хүчнийн хөгжлийн сангаас 5 тэрбум төгрөг хасахаар оруулж ирснийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжив. Тэрээр зэвсэгт хүчний албан хаагчдын хувцас, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх үүрэгтэй, үүнийг аль нэг санд даатгаж болохгүй. Иймээс энэ нь хуулийн зөрчилтэй учраас зарчмын зөрүүтэй санал гаргаж буй үндэслэлээ тайлбарласан юм. Үүгээр 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон сангуудын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

 

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Байнгын хороо дараа нь Засгийн газраас энэ сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэнOлон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулсан юм.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталж, 1998, 2012 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэлээ ч энэ хуулийн үйлчлэх хүрээ тодорхойгүйн улмаас олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулах арилжааны гэрээ, хэлцлийн орчуулгын хяналтыг Гадаад хэргийн яам хийдэг, олон улсын гэрээ үйлдэх хэл, гэрээний орчуулга хийх, орчуулгын хяналт хийх харилцааны зохицуулалт бүрхэг учраас мөн тус яам бүх гэрээний орчуулгыг хянан баталгаажуулдаг байна. Мөн Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенциор зөвшөөрсөн олон улсын гэрээ байгуулах аргуудыг бүрэн тусгаагүй, үүний улмаас нэг гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах зэрэг хоёр аргаар нэгдэн ордог, хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, хүчин төгөлдөр олон талт гэрээнд нэгдэн орох процедурын зааг ялгааг нарийвчлан гаргаагүйн улмаас хүчин төгөлдөр гэрээнд нэгдэн орох асуудлыг Засгийн газар, Улсын Их Хурлаар хоёр удаа хэлэлцдэг. Түүнчлэн гарын үсэг зурах шаардлагагүй, эсхүл боломжит хугацаа нь дууссан байхад гарын үсэг зурах үүргийг Улсын Их Хурлаас өгөх, гэрээг хэвлэн нийтлэх харилцааны зохицуулалт хангалтгүйгээс гэрээнүүд хэвлэн нийтлэгддэггүй зэрэг олон хүндрэл учирдаг байна.

Иймээс дээрх нөхцөл байдлыг арилгах, хуулийн зохицуулалтыг тодорхой болгох үүднээс Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, батлуулах үүрэг, зөвлөмжийг Засгийн газарт өгсний дагуу уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь 8 бүлэг, 37 зүйлтэй юм.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авсны зэрэгцээАюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой хамтран 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг тусган төслийг эцэслэн боловсруулсан гэдгээ хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Д.Дэмбэрэл нар Гадаад хэргийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдээс санал гарсангүй. Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

 

УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж