"Исламын улс” террорист байгууллага Сирийн нефтийн ордуудын ихэнхэд хяналт тогтоож чаджээ. Террористууд ийн стратегийн хөрөнгөтэй болсны дараа тэдэнд нефтийн түүхий эдийг боловсруулах, худалдах, нийлүүлэх системтэй болох шаардлага гарч ирсэн нь мэдээж.
ИУ-ын террористуудын гарт орсон нефтийн ихэнхийг Сирийн Дейр-эз-Зор мужаас олборлож байна. "Financial Times" сонины сэтгүүлчдийн олж авсан баримтуудад тэдгээр нутгаас террористууд өдөрт дундажаар 34-40 мянган баррель нефть олборлож байна.
Үүний зэрэгцээ террористууд Иракийн Мосул хотын ойролцоох Кайярын ордыг хяналтдаа авчээ. Тэндээс өдөрт 8000 баррель нефть олборлодог бөгөөд энэ нь зөвхөн асфальт хийхэд тохирох нефть аж. ИУ-ын хяналтад орсон газруудаас олборлож байгаа “хар алт"-ны нийт хэмжээ одоогоор тодорхой бус байна. Энэ нь мэдээж ордуудыг эзэлсний дараа дэд бүтэц сүйтгэгдсэн, шаардлагатай технологи байхгүй, террористууд мэргэжлийн ажилчдыг татаж чадахгүй байгаа зэрэгтэй холбоотой. Гэсэн хэдий ч эдгээр нефтийн ордууд ИУ-ыг нефтиэр хангаж, худалдаанаас ашиг авчран, тэдний террорын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд тус болсоор байна.
Нефтийн чанараас үнэ шалтгаалж байна. Зарим ордуудын нэг баррелийн үнэ 25 ам.доллар хүрч байхад Сирийн ордуудын нефтийн баррель 40 ам.доллараар зарагддаг гэнэ. Ерөнхийдөө ИУ нефтийн наймаанаас өдөрт 1,53 сая ам.доллар олж байгаа тооцоо гарчээ.
ИУ-ын тухай гол ярианы нэг нь хөрш орнуудад нефть экспортлох тус бүлгийн санхүүгийн модель юм. "Financial Times" сонин террористууд нефтийн үндсэн орлогоо дотоод зах зээлээсээ авдаг гэж бичжээ. Нефть олборлох газарт бие даасан трейдерүүд буюу худалдаачид байнга байдаг бөгөөд олборлосон нефтийг худалдаж авдаг аж. Ингээд түүнийгээ цааш нэмэлт үнээр зардаг байна. Энэ систем нь сайтар зохион байгуулагдсан бөгөөд сири, ирак худалдаачид ордуудад ойрхон боомтоос тээвэрлэгч танкеруудад нефтийг юүлдэг ажээ. Худалдаачид авсан нефтиэсээ ашиг олох хэд хэдэн аргатай. Тухайлбал,
-Нефтийг ойр хавийн боловсруулах үйлдвэрт өгч, бэлэн бүтээгдэхүүнийг нь ордын ойролцоох зах зээлд нийлүүлдэг;
-Мөн нефтийг жижиг оврын машинаар Сирийн хойд нутаг, эсвэл Иракийн зүүн нутгийн босогчдод нийлүүлдэг хүмүүст худалдах;
-Томоохон боловсруулах үйлдвэрт худалдах, мөн Сири-Иракийн хил орчмын Аль-Каим хотод байдаг дотоодын зах зээлд нийлүүлэх боломж тэдэнд байдаг ажээ.
Ихэнх худалдаачид хамгийн эхний аргыг илүүд үздэг бөгөөд тэр нь эрсдэл багатай, нэг баррелиас 10 ам.доллар унагах боломжтой гэнэ.
ИУ-ын хяналтын Нефть боловсруулах үйлдвэрүүдийн ихэнх нь Сирийн зүүн нутагт байдаг бол СЧА, "Исламын фронт", "Жебхат ан-Нусра" бүлгийн дайчдын хяналтын баруун хойд нутагт хэд хэдэн үйлдвэр байна. Гэхдээ тэдний боловсруулалт чанар муутай аж. Нефтийг голчлон бензин, мазут болгодог бөгөөд мазут нь хүн амын дунд эрэлттэй байдаг ажээ.
Одоо ажиллаж байгаа нефть боловсруулах үйлдвэрүүд нутгийн иргэдийн гараар цуглуулсан жижиг төхөөрөмжүүд бүхий үйлдвэр байгаа аж. Учир нь террористуудын гарт орсон том үйлдвэрүүдийг агаарын цохилтоор устгажээ. Жижиг төхөөрөмжийн эзэд ИУ бүлгийнхэнтэй нефть боловсруулах урт хугацааны гэрээ байгуулан ажилладаг гэнэ. Хэвлэлүүдэд бичсэнээр бол ИУ нь хэд хэдэн нефть тээвэрлэгч хөлөг эзэмшдэг бөгөөд тэдгээр нь нефтийг боловсруулах үйлдвэрүүдэд хүргэдэг ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР