УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, дэмжив.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталж, 1998, 2012 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хууль батлагдаад олон жил болсон тул цаг үеийн нөхцөл байдалтай нийцүүлэн өөрчлөх шаардлага үүсээд байгааг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.
Тэрбээр, "Өмнөх хуульд Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенциор зөвшөөрсөн олон улсын гэрээ байгуулах аргуудыг бүрэн тусгаагүй, иргэд олон улсын гэрээний талаар ойлголт муутайн улмаас ташаа мэдээлэл түгээх зэрэг зэрэг олон хүндрэл гардаг. Эдгээр нөхцөл байдлыг залруулах үүднээс УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах зөвлөмжийг Засгийн газарт өгсөн” гэлээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Оюун "Олон улсын гэрээнд нэгдэхэд орчуулгын асуудал үүсдэг. Хэрэв буруу орчуулснаас болж асуудал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ" гэдгийг тодруулав. Уг асуултад ГХЯ-ны Хүний эрхийн хэлтсийн дарга Н.Анхбаяр "Орчуулгад тавих хяналт, хариуцлагыг өндөржүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Тухайлбал, олон тал гэрээг Хууль зүйн яам, Сангийн яам хамтран орчуулна. Энэ орчуулгад ГХЯ нэгдсэн хяналт хийнэ" гэсэн хариулт өглөө.
Мөн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "Орчуулгын асуудлыг ГХЯ дээр төвлөрүүлж болох уу" гэдгийг тодруулахад ГХЯ-ны Хүний эрхийн хэлтсийн дарга Н.Анхбаяр "Хууль, тогтоомжийн тухай хуулийн 34 дүгээр зүйл дээр орчуулгын асуудлыг ГХЯ дээр төвлөрүүлэхгүй байхаар заасан. Ер нь бол эрүүл мэнд, эдийн засаг, соёл урлаг гэх мэт бүхий л салбарт олон улсын гэрээ байгуулдаг тул энэ хэмжээнд ажиллаж чадах болосон хүчин дутмаг. Тиймээс тухайн салбарт нь мэргэшсэн хүмүүс орчуулга хийвэл илүү амьдралд нийцнэ" гэсэн хариулт өглөө.
Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь дэмжлээ.
Т.ДАВААНЯМ