Ихрүүдийн ээж хорвоог орхилоо

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Ихрүүдийн ээж хорвоог орхилоо

Ихрүүдийн ээж дөрвөн сар ухаангүй байсаар хорвоог орхилоо

“Хөөрхөн алаг үртэй болчихоод хотоор гурвуулаа зугаалах болно оо”… гэж дуулалдаж явсан залуу хос ихэр хүүхэдтэй болсноо мэдээд  магнайгаа хагартал баярласан цаг саяхан. Гэтэл одоо хатуу орчлонгийн хар сүүдэр тэднийг нөмөрчээ. Юугаа ч мэдэхгүй хоёр нялх амьтан тэвэрсээр Ганбаатар ганцаараа хоцорч. Дөрвөн сарын өмнө ихэр охин, хүү төрүүлсэн хань нь эсэн мэнд амаржсан хэр нь орой нь ухаан алдаад сэргэхгүй байсаар өчигдөр өглөө амьсгал хураажээ.

Дөрвөн сар ухаангүй… Хоёр ихрээ угжингаа ханийгаа ухаан орохыг нь хүлээх хань, аавынхаа энгэрийг бяцхан гараараа тэмтчин мээмээ хайж, олоогүйдээ тэнхээ мэдэн уйлах ихрүүд ижийгээ сэрнэ гэж л 120 хоногийг эмнэлэгт өнгөрүүлсэн.  

Хөөрхий эх хэрхэн өвдөж, шанал­сан бол гэхээс илүүтэй бяцхан хүү, охиныхоо уйлах дууг сонсч, ангир уургаа амлуулж чадахгүй байгаадаа хичнээн их зовж шаналсан бол оо. Үрсээ тэврэх сэхээ ороогүйдээ хичнээн өр нь эмтэрч, хэлж ч чадах­гүй зовоо бол. Гэхдээ хөөрхий та­лийгаач хүйн холбоогоороо үрсээ хажуудаа байгааг мэдэрч байсан.

Бяцхан үрсийг нь ойртуулах тоолонд тэр өмөлзөн, уйлж байсан. Есөн сар тээж төрүүлсэн үрсээ зөн совингоороо мэдэрч, ойртуулахад нь өмөлзөж, холдуулахад нь нүд нь анисагандаа дэмий эргэлдүүлж байсан түүнийг харахад зүрх зүсэгдэх шиг болсон. Хэдий тийм ч түүнийг сэхээ орж, хоёр хүүхдээ хараад баярлана гэсэн итгэлийн галаар багахаан хугацаанд нь ч болов тэр дөрөв дулаацсан байх.
Дөрвөн сарын турш тохь, тухгүй эмнэлгийн өрөөнд эхнэрээ сахингаа хүүхдүүдээ угжиж хүн болгож буй Ганбаатар тэр хэцүү шөнүүдийг сайн сайхан төсөөллөөр, итгэл, сэлтгэлээр давсан гэсэн. Дөрвүүлээ тусдаа гарч орон гэртэй болж, хүн шиг амьдарна гэсэн зорилго нь тэр өдрүүдийг ну­галж гарахад түүнд тус болсон биз.
Улаан нялзрай хорвоод ирснээ мэдэгдэх гэсэн юм шиг дуу хадааж байсан ихрүүд өнөөдөр хүн болчихжээ. Хүү л юм хойно гартаа дайралдсанаа амандаа хийнэ, “ховдог” гэж жигтэйхэн, сайхан ааштай амьтан. Харин охин нь ааштай. Хавийн юмыг хамж амандаа хийх нь битгий хэл өөрийнхөө угжнаас өөрийг амандаа хүргэх ч үгүй. 

Ганбаатарын гэр оронтой болох хүсэл нь ч сайн санаатай хүмүү­сийн ачаар эхнээсээ биелж, та­ван ханатай гэрийг “Sunday” групп хандивласан гэ­сэн. Тэрээр ханиа, хүүхдүүдээ ас­рахын хажуугаар Хан-Уул дүүргээс газар хүссэн юм билээ. Газар нь одоохондоо бүтээгүй л дээ. Гэх­дээ бүтнэ. Эхнэрийгээ ухаан оро­ход нь ихрүүдээ божийтол нь бондойлгочихсон, халуун ам бү­лээрээ хашаатай, гэртэй болчих­сон гээд зогсч байвал хичнээн баяр­лах байсныг төсөөлөх ч юм биш. Ха­рамсалтай нь тэр сайхан цагийг эх­нэр нь үзэж чадсангүй. Чадсангүй бай­саар буцлаа.

Хэрвээ “Найдвар” эмнэлгийн ор­ны мөнгийг төлчих мөнгөтэй байсан бол тэд халуун бүлээрээ эмнэлгээс харих байсан байж магадгүй. Хэрвээ Монголын эмнэлэг ядарсан иргэдээ онцгойлон анхаарч шаардлагатай эм­чилгээг цаг алдалгүй хийдэг тог­толцоотой байсан бол тэд элэг бү­тэн харьж болох байлаа. Хэрвээ арай л эрт элэг нэгт монгол түмэнд мэ­дэгдээд эмчилж, аварч чадах эмнэлэгт нь хандсан бол ихрүүд ээжтэйгээ, нөхөр нь эхнэртэйгээ эмнэлгээс гарах байлаа. Хэрвээ ийм хүнд нөхцөлд эрүүл мэндийн салбарынхан маань жаахан ч гэсэн сэтгэл гаргаад даргаасаа эхлээд сайдад уламжлаад хоёр хүүхдийг өнчрүүлэхгүйн төлөө арга чаргаа хэрэглэсэн бол…

Хэрвээ, хэрвээ, хэрвээ… Хүний амьдрал хатуу ч гэлээ тэдний хатуу хувь заяаг зөөллөж чадах л байсан.  Үгүй ядахнаа, хөөрхий эх хоёр ихрийнхээ хэрхэн бойжиж буйг харж чадахгүй ч хажууд нь тавихад өмөлзөж буйг харсан эмч нар дусал хийхээс өөр эмчилгээ хийсэнсэн бол гэх харуусал эрхгүй төрнө. Дөрвөн сар ухаангүй байсан хэрнээ есөн сар тээж төрүүлсэн хоёр үрийнхээ уйлах дууг сонсоод, тэднийг ойртуулах тоолонд өмөлзөхөөс өөрийг хийж чадахгүй ухаангүй хэвтэх бүсгүйн хажууд… Наран гэрлээр, тэнгэр одоор дутав.

Ард нь хоёрын хоёр бяцхан үрсээ тэврээд аав нь хоцорлоо. Эвий бяцхан ихрүүдийн амьдралын зам дардан байгаасай. Элэг нэгт монголчууд ихрүүдэд, аавд нь тусламжийн гараа сунгаж эхэлсэн. Хэрэв та ч бас хувь нэмрээ оруулахыг хүсвэл Голомт банкны 5587 5223 2921 5274 хандивын дансанд хандаж болохоос гадна 9913 2270 дугаарын утсаар холбоо бариарай.

Л.НАРАНТӨГС

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж