“Хүрхрээ” үндэсний дээд лигийн шилдэг хагас хамгаалагч болсон “ФС Улаанбаатар” багийн тамирчин О.Баяржаргалтай уулзаж ярилцлаа. Түүний хувьд ирэх 11 дүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдох Футзалын Ази тивийн АШТ-ий хэсгийн урьдчилсан шатны тоглолтонд эх орноо төлөөлөн оролцохоор шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан бэлтгэлээ базааж байгаа юм.
-"Хүрхрээ" үндэсний дээд лигийн шилдэг хагас хамгаалагч болсонд дахин баяр хүргэе.
-Маш их баярлалаа.
-О.Баяржаргал энэ улирал 10 гоолыг оруулж 13 ашигтай дамжуулалтыг багийнхандаа өгчээ. Ихэнхи гоол нь хаалттай цохилтоос орж байсан санагдах юм ? Бэлтгэлийн үед стандарт цохилтыг хичнээн тоогоор бэлддэг бол?
-Багийн бэлтгэл тарсны дараа хаалгачтайгаа хоёулаа үлдэж байгаад давхар хаалгачийн бэлтгэл хийнгээ өөрийнхөө цохилтыг сайжруулахыг хичээдэг. Дасгалжуулагчаас болон багийн зүгээс асууж зөвлөгөө авч хаалттай цохилт хийж байгаагүй.
-Багийнхантайгаа бэлтгэл сургуулилтаа хаана хийдэг байсан бэ? Энэ улирал яахын аргагүй “ФС Улаанбаатар” хүн бүрийн анхаарлын төвд байлаа?
-Багийн хувьд тоглолт ойртоод ирэхээр төв цэнгэлдэхэд бэлтгэлээ хийдэг байлаа. Эхний тойрогт 1 дүгээр хороололын 82 дугаар сургууль дээр бэлтгэлээ хийдэг байсан.
-Зөвхөн Япон улсын легионерүүд танай багт байдаг шүү дээ? Яагаад Япон улсын тамирчдыг илүүд үзсэн бэ ? Өөр орны легионер тамирчин авах боломж байсан уу?
-Миний хувьд Япон улсад ажиллаж амьдарч байсан. Дасгалжуулагч маань Япон хүн. Би өөрөө Японд амьдарч тоглож байсан болохоор илүү хөдөлмөрч хүмүүс гэж боддог. Африк болон Европын орноос тамирчин авж болох байсан ч арай залхуу болов уу гэсэн бодол байсан. Япон хүн илүү шударга, дайчин, хичээл зүтгэлтэй болохоор илүү багт нөлөөлөх байх гэж бодсон. Тэмцээний туршид ч энэ бодол минь өөрчлөгдөөгүй. Ирэх жил манай тамирчид мэдээж багийн удирдлагатай тохиролцож чадвал ирэх байх. Энэ жилийн тухайд сэтгэл хангалуун буцсан гэж бодож байна.
-"Хоромхон" клубыг энэ улирал хоёр хожчихсон хоёрдугаар тойргийг ч сайн эхлүүлж чадсан. Гэвч наймдугаар сарын 30-нд болсон Дерби тоглолтод ялагдаад үүнээс хойш “СэлэнгэПресс”, “Эрчим” гээд гол багууддаа дараалаад ялагдсан. Хэрвээ эдгээр тоглолтуудын аль нэгт нь ялалт байгуулсан бол байдал өөр байх байлаа?
-Биднийг хоёрдугаар тойрогт дөрвөн эвгүй учраа дараалаад хүлээж байлаа. “Хангарьд” багаас эхлээд “Улаанбаатарын унаганууд”, “Эрчим”, “СэлэнгэПресс” гээд. Мэдээж дараалсан хүнд тоглолтууд бидэнд хэцүү байлаа. Тамирчдын ядралт мөн давхар картын торгуулын улмаас чухал тоглолтыг өнжих гээд. Эрдэнэт хотод зочлоод Хангарьдыг буулгаж аваад жаахан бардам байсан болов уу. Оноо тасраад ирсэн болохоор багийнхан ч мөн ялгаагүй тайвширч ирсэн. Сэтгэлзүйн бэлтгэл туршлага дутлаа. Гэхдээ энэ ялагдлууд бидэнд ирэх жил илүү сайжирч нягт байж, сайн тоглолтыг үзүүлэх том туршлага урам зориг болсон.
-Сая ингээд ярьж байхад тод саналаа. Хангарьд багийн талбайд болсон тоглолт ширүүн болсон. Байдал хаашаа ч эргэж болох нөхцөлтэй байхад та 84’ болон шүүгчийн мэдлийн 95 дахь минутад хоёр гоолыг оруулж багтаа хожлыг авчирсан?
-Тус тоглолтод бид хожихоос өөр аргагүй байлаа. Ялж байж л аваргын төлөөх өрсөлдөөнд үлдэх боломжтой байсан учир бүгд хичээсэн. Багаараа довтолсон, найзууд минь надад итгэж дамжуулалт өгснийг үр дүнд хүргэж чадсандаа баяртай байдаг.
-Хагас хамгаалагч хүн бөмбөгийг найруулж бүтэн талбайг мэдэрч багийнхнаа удирдан залах ёстой байдаг. Таны хувьд талбайн бүх хэсэгт бөмбөгөнд хүрж хамт олноо удирдаж байдаг. Таны үгийг хэр хүлээж авдаг вэ?
-Бэлтгэл дээр ч гэсэн ярих нь их байдаг. Ингээд багийнхнаа харж байхад ихэнх нь залуу тамирчид. Хамгийн ахмад нь 1987 онд төрсөн, одоо 28 настай тамирчин байна. Би ч мөн ялгаагүй ахимаг насандаа л орж байна. Насаараа бол би дээрээсээ гуравт ордог. Тийм болохоор багийнхандаа зааж сургах, туршлагажуулах зүйлс бий. Тэндээсээ авахыг нь аваад хаяхыг нь хаяарай гэж захидаг. Хэрэгтэй зүйлийг нь хэлсэн бол баяртай байна. Буруу юм ч бас ярьсан байж магадгүй. Энэ дашрамд бас багийн хамт олноосоо намайг ойлгодогт баярлалаа. Хэрвээ гомдоож буруу зүйл хэлсэн бол уучлаарай гэж хэлэхийг хүсэж байна.
-Үндэсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компани хөлбөмбөгийн холбоотой 4 жил хамтран ажиллах гэрээг байгуулж улмаар шагналын санг огцом нэмэгдүүлсэн. Тамирчдад энэ нь яаж нөлөөлж байна?
-Бодит байдал дээр маш их өрсөлдсөн. Мөнгөн дүн тоо нь их том болохоор хүний зорилго тэмүүлэл маш өөр болж байна. Тамирчдын хоорондын өрсөлдөөн, найз нөхөд талбай дээр гараад өөрийн багийг бодож маргах үе гарж байна. Тамирчид бид бүхэн амжилтын төлөө, шагналт байрын төлөө л тоглож байгаа. Хэн хэндээ бууж өгөх гэсэн зүйл байхгүй. Гэхдээ талбайн гадна бол сайн найзууд. Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн Үндэс” компанитай хамтран ажиллаж шагналыг нэмсэн нь их үр дүнтэй болж байна. Тамирчдын ур чадварыг ахиулсан сайхан улирал боллоо. Талархаж байгаагаа илэрхийлье.
-“ФС Улаанбаатар” зөвхөн “Хүрхрээ” дээд лигт дэд байранд ороод зогссонгүй. Давхар “Холбооны Цом-2015” тэмцээний мөнгөн медалийг мөн хүртэж давхар амжилтыг гаргалаа. Шагналын дүнгээр бодвол 38 сая төгрөг багт цуглажээ. Шагналын мөнгөө юунд зарцуулж байна вэ?
-Энэ бол тамирчдын шагналын мөнгө учир багт зарцуулсан зүйл одоогоор алга. Мэдээж бэлтгэлд хэрэгтэй зүйл худалдаж авна. Гэхдээ дийлэнх хувийг тамирчид хувааж авна гэж бодож байна. Яаг одоогоор бол шагналын мөнгөө хувааж амжаагүй л байна. /инээв/
-Бэлтгэл сургуулилт, тэмцээн гээд 5-6 сарын хугацаанд хөлбөмбөгөөр амьсгалалаа. Ажил төрөл хаягдах цалгардах хугацаа их байдаг болов уу. Хөлбөмбөгийн спортоор амьдраад явах боломж танд харагдаж байна уу?
-Япон тамирчид хоёрдугаар сард ирсэн. Түүнээс хойш бэлтгэлдээ гарж эхэлсэн. Бид бүгд нэг зүйлийн төлөө тэмүүлж түүний төлөө явсан учир зарим нэг нь ажлаасаа гарсан байна. Зарим нь хичээл сургуулиасаа чөлөө авах жишээтэй. Үүний үр дүнд бид хоёр ч том тэмцээнд амжилт үзүүлээд үр дүнг нь харж чадлаа. Ажилтай нэг нь ажлаа давхар хийгээд цаг заваа зохицуулаад ирсэн хүмүүс байгаа. Эдгээр хүмүүсдээ мөн баярлалаа гэдгээ хэлье. Дуртай зүйлдээ сэтгэл зүрхээрээ хандаж, үзэгчдээс уухайн түрлэг сонсож урам авж, холбоо нь дэмжиж шинэ зүйл рүү хамтдаа тэмүүлж байгаа болохоор тэгж их мөнгө бодогдохгүй л байна. Хожоод авж байгаа юм бүхэн амттай байдаг шүү дээ.
-Ирэх улирал дээд лигт 10 баг өрсөлдөнө. Мэдээж тоглолт илүү хийнэ. Танай баг үүнд хэрхэн бэлдэж байна ? Ирэх жилийн лигийн өнгийг таны нүдээр харвал?
-Ирэх жилийн өнгийг Монгол тамирчдаараа бодвол “Хоромхон”, “Хангарьд”, “Улаанбаатарын Унаганууд”, “Эрчим”, “Сэлэнгэпресс” мэдээж манай “ФС Улаанбаатар” гээд эдгээр багууд өрсөлдөнө гэж бодож байна. “Континенталь” болон “Хангарьд Сити” багууд ямар легионер тамирчин аваад ямар бүрэлдэхүүнтэй орж ирэхийг мэдэхгүй байна. Гоё өрсөлдөөнтэй болвол тамирчдын тэмцэл сайжраад түүн дундаас авах шагнал ч мөн үнэ цэнэтэй болох болов уу гэж бодож байна.
-Энэ улирал сэтгэлд тань хоногшин үлдсэн мартагдашгүй тоглолтыг нэрлээч гэвэл?
-Нээлтийн тоглолт юм. Өнгөрсөн жилийн аварга "Хоромхон" багийг 2:1-ээр буулгаж авсан. Тухайн тоглолтонд миний хувьд нэг гоол оруулж мөн нэг ашигтай дамжуулалт өгж үр дүнтэй тоглолтыг гаргасан. Энэ нь бид бүхний дотор үлдэж маш их урам зоригийг өгж тэмцээний сүүлийн тойрог хүртэлх ассан оч дөл болж мандан бадарсан хожил юм даа.
Монголын хөлбөмбөгийн лигийн 9 багт олон ч чадварлаг хагас хамгаалагчид байна. Хагас хамгаалагч хүн гэдэг талбайг бүхэлд нь мэдэрч оновчтой дамжуулалтыг бусад тамирчдадаа гаргаж өгдөг, найруулга ур ухаан өндөртэй, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргадаг хүнийг хэлэх болов уу. Тэгвэл энэ жил “Хүрхрээ” дээд лигийн оролцсон бүх л тоглолтондоо тийм л найдвартай тоглолтыг үзүүлж, багийнхаа уураг тархи нь байж чадсан хүн бол “ФС Улаанбаатар” багийн #10 дугаартай хагас хамгаалагч О.Баяржаргал билээ. Тиймдээ ч шилдгийн шилдэг гэсэн эрхэм шагналыг хүртсэн нь гарцаагүй. Нээлтийн тоглолтонд тооны харьцаа тэнцүүхэн байхад хожлын гоолыг 40 дэх минутанд Баяржаргал оруулж байлаа. Тоглолтын дараа Хүрхрээ дээд лигийн анхны ярилцлагтаа: Бидний өрсөлдөгч өнгөрсөн жилийн аварга хүнд баг байсан. Тиймээс чадах бүхнээ дайчлан тоглож хожил байгуулсандаа баяртай байна хэмээн ярьж байлаа. Түүний ярианаас л харахад аргагүй Японд сурч амьдарч байсан, тухайн улсын дэг жаяг суусан гэдэг нь харагдана. Улирлын туршид нийтдээ 10 гоолыг оруулж 13 оновчтой дамжуулалтыг өгсөн тэрээр яахын аргагүй өөрийн байрлалдаа лигийн шилдэг. Үүнийгээ сүүлийн тоглолтонд батлаж 2 гоолыг оруулсан бөгөөд түүний стандарт цохилт мэдрэмжийг шагширан магтах үзэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр. Ийм л нэгэн авьяаслаг тамирчин лигийн тоглолт бүрийг чимж үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглогч болж чадсан нь гайхалтай. “Арвайн Үндэс” компаниас ивээн тэтгэж байгаа “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2-р байрыг эзлэж багаараа 30 сая төгрөгийн эзэн болсоноос гадна улирлын шилдэг хагас хамгаалагч болон 2 сая төгрөгийн мөнгөн шагналын хүртсэн билээ. Ирэх улирал гоёмсог тоглолтоороо олон ч хөгжөөн дэмжигчдээ баясгаарай гэж хүсэн ерөөе.
ЭХ СУРВАЛЖ: WWW.THE-MFF.MN
Холбоотой мэдээ