Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос санаачлан сагсан бөмбөгийн “TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цомын аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ.
Спортын төв ордонд өчигдөр эхслэн “Үндэсний цом-2015” тэмцээнд 15 аймгийн баг тамирчид 4 хэсэг болон өрсөлдөж байна.
Аймгуудын баг бүрт Үндэсний супер лигийн 4 хүртлэх тамирчин төрөлх нутгаасаа оролцон тоглох боломжтойгоороо тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болгож байна. Мөн аймгийн баг бүрт тухайн аймгийн алдартнуудаас оролцон тоглож байгаа нь тэмцээнийг бас улам сонирхолтой болгож байна.
1.Архангай аймгийн баг:
Архангай аймгийн харьяат алдартнуудаас Монгол улсын начин, Даншигийн арслан Пүрэвдагва, ТВ Коктейл хамтлагийн жүжигчин МУСТА Э.Цолмонбаяр нар байгаа бол Сагсан бөмбөгийн сонирхогчдоос амьд домог хэмээн хүндлэгддэг Дээд лигт 12 жил тоглохдоо 12 жил багаа Финалд шалгаруулж лигийн 6н удаагийн аварга, 6н удаагийн дэд аварга, 2 удаагийн тэргүүн тоглогчийн шагналт ОУХМ Тагарвайн Түвшинбаяр аавынхаа нутгаа даган Архангайн багт тоглож байна.
ОУХМ Т.Түвшинбаярын тоглолтыг үзэж амжаагүй залуусын хувьд түүний тоглолтыг үзэх алтан боломж. Мөн л аавын нутгаа даган Моносоникийн Баярхүү, Цэвэгмэдийн Баярхүү нэрээр алдаршсан ОУХМ Ц. Баярхүү тэдний эгнээнд оржээ.
Үндэсний супер лигийн 4н тоглогчоор: 3н багийн ахлагч болох Архангай, Ирвэсүүд, Үндэсний 2-р шигшээ багийн ахлагч Э.Цэвэлдорж, Э.Дорж-Арилд, Танан Гарьдын Түмэнжаргал, Гэгээнхангай Лидерийн Очирбат нар багтаж байна.
Өчигдөр тэд Өвөрхангай багтай ширүүхэн тоглолтыг хийж, эхний хожлоо байгуулсан ба тэднээс төвийн тоглогч Очирбат аргагүй л Дэлхийн Универсиад наадамд өрсөлдсөн тамирчин, илт сайжирснаа харуулж тоглолт нь онцгой байлаа.
Сонирхогчдын Спрайт лигт өрсөлддөг Архангай багийн залуусаас бусад тоглогчид бүрэлдэж байна. Туршлага, чадвар, эрч хүч бүгд цогцолсон нэгдмэл хүчтэй баг. Жүжигчин Э.Цолмонбаяр хоёр дараалсан дундын зайн шидэлтийг амжилттай болгосон нь ойрхон өрсөлдөж байсан багуудын тоглолтын хэмнэлд нөлөөлж Архангайн баг хожил авахад бас нэгэн чухал оноо байлаа.
2. Өвөрхангай
Нутгийн хүчит арслан Д.Ганхуяг тэдний давуу тал. Учир нь Арслан оюутан ахуйдаа дээд лигийн Генералууд багт хүчин зүтгэж, сагсан бөмбөгийн Спортын мастер цолны болзол хангасан. Одоо ч Үндэсний супер лигийн үнэнч үзэгч, дэмжигчийн нэг. Өвөрхангай залуус нутгаа Гэгээнхангай нэрээр төлөөлөн Спрайт супер лигт хүчтэй өрсөлддөг, өсөх ирээдүйтэй олон тамирчидтай. Тэднийг дасгалжуулдаг ОУХМ Ш.Сэдбазар энэ удаа шавь нартайгаа нутгийнхаа өмнөөс хүчин зүтгэж байгаа бол тэдэн дээр Залуучуудын шигшээ болон Мон-Алтиус Шонхорууд багийн Э.Цэрэнбаатар, Б.Дархантөгс нар хүч нэмж байна. Архангайд өнөөдөр хожигдсон ч медалийн тавцанд зогсож байхыг үгүйсгэхгүй эрч хүчтэй баг.
3.Орхон
Орхон аймаг буюу Эрдэнэтийн ТОМЧУУД. Томчууд хэмээсний учир нутгийн суугуул өндөр Очирбатаа арга буюу Архангайд алдсан ч багийн дундаж өндөр 190см!!
Эрдэнэтийн залуусыг Танан Гарьд болон Үндэсний 2-р шигшээ багийн төвийн тоглогч М.Дорждагва ахалж байна. Үзэгчдийн таашаалд нийцсэн олон киноны гол дүрийг бүтээж талархалыг хүлээсэн жүжигчин Батзаяа төрөлх хотынхоо багт нэгджээ. Эрдэнэт хот ч олон сайн сагсан бөмбөгчидтэй. Нуруулаг залуус ямар ч амжилт үзүүлэх боломжтой. Хэсгийн эхний тоглолтоо тэд Хэнтий багийг хожиж эхний ялалтаа аваад байна.
4.Хэнтий
Супер лигийн тоглогчгүй Супер баг. Б зэрэглэлийн тэмцээний аварга Хэнтийн залуус нутгийнхаа Оюутны лигийн залуусаар хүчээ зузаатган өрсөлдөж байна.
Нутгийн залуу арслан Оюунболд тэдэнтэй хамт өрсөлдөх байсан ч Хан-Уулын барилдаанд бэртэл авсны улмаас эмчилгээ хийлгэхээр Солонгос улсыг зориод байгаа дуулдсан.
Арсланг орлож багийн эзэн, ЭБЭГ ХХК-ийн захирал Энхбаатар өрсөлдөж байна. Өнгөрсөн жил Хэнтийнхээ лигийг нутагтаа зохион байгуулж улмаар Хэнтийн шигшээ багийг байгуулсан залуу дасгалжуулагч Дожоодорж битүү морьдоо Спрайт хөгжлийн лигт сойн ногоон гэрлээр Аварга авч олныг цочроосон. Улмаар Спрайт супер лигт дэвшин тоглож плэйоффт шалгарч туршлага хуримтлуулсан. 8-р сард зохион байгуулагдсан Б зэрэглэлийн 21 аймгийн Үндэсний цомд аваргалсан амжилттай яваа залуус.
5. Сэлэнгэ
Монгол хүний оюун ухаан, ой тогтоолтын гайхамшгийг дэлхийд гайхуулж буй Хатанбаатар Сэлэнгэ нутгийн уугуул аж. Тэрээр мөн хэдэн жилийн өмнө Спрайт лигт тоглож байсан шаггүй сагсан бөмбөгч ба энэ удаа Сэлэнгийнхээ залуустай нэгджээ.
Хэдий нутгийнхаа нэр дор Спрайт лигт оролцдоггүй ч Спрайт лигийн шаггүй тамирчид дээр Их Өргөө Аравтуудын Батбямба, Хэнтий Чингис Сити багийн Улаанхүү, Даваасамбуу зэрэг тоглогчид багтаж байна. Тэд өчигдөр Төв аймгийн багтай үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн тоглолтыг хийн ялагдал хүлээсэн. Төв аймгийн багийн хувьд Спрайт лиг, Үндэсний супер лигт бүтэн багтай, олон жил хамтдаа тоглож нэгнээ нүднийхээ булангаар л харж мэдэрдэг болсон хүчтэй баг.
6. Төв аймаг
Төв аймгийн уран барилдаант заан Батмөнх аргагүй уран барилдаант заан гэсэн шиг хөнгөн шингэн, хурдан хөдөлгөөнтэй зүлэг ногоон дэвжээнээ элдэвтэй байдаг шигээ сагсан бөмбөгийн талбай дээр ч элдэвтэй аж. Спрайт лиг, Үндэсний супер лигт нутгаара овоглосон багтай Төв аймгийнхан олон жил нэг багт хүчин зүтгэсэн НЭГ ГЭР БҮЛ. Спрайт лигийн тоглогчид дээрээ тэд ОУХМ Д.Дэлгэрням, Ганболд, Мөнхтөр Үндэсний аварга Альянс Тех Харцагуудын Дорждамба нарыг нэмжээ.
7. Дорноговь
Үе үедээ олон шилдэг сагсан бөмбөгчидтэй Дорноговийн залуусыг Үндэсний шигшээ багт хүчин зүтгэж, Дээд лигийн аварга цолыг хэдэнтээ хүртсэн Ж.Отгондарь дасгалжуулагч ахалж байна. Нутгийн хүчтэн Цацабшир сагсан бөмбөгийнхөө багтай нэгдсэн. Тэдэнд Үндэсний шигшээ багийн төвийн тоглогч ОУХМ С.Өрнүүнбилэг, Үндэсний 2-р шигшээ багийн холбон тоглогч Б.Баярбат, Ригсийн Нямбаяр, Мэндбаяр нар нэгджээ. Өнөөдөр тэд Хөвсгөлийн Тэргүүнүүдэд ялагдал хүлээсэн ч үнэн хүчийг үзэн, шилдэг өрсөлдөөнийг үзүүлж үзэгчдийг баясгаж чадсан.
8.Хөвсгөл
Олон улсууд буюу Тэргүүнүүдийн баг гээд нэрлэхэд ч болохоор. Учир нь тэдэнд Монгол Жордан, Лигийн Тэргүүн тоглогч ОУХМ Ж.Майбаяр, Тэргүүн тоглогч ОУХМ Б.Пүрэвдорж, ОУХМ Г. Наранбаатар, ОУХМ Т.Санчир, ОУХМ М.Отгонмөнх, Залуучуудын шигшээ багийн О. Цэлмэг нар байна. Хөвсгөл аймгийн харьяат Улсын начин Баянмөнх нутгийнхаа багийг дэмжин мөн өрсөлдөж байна. Туршлага+залуучууд+эрч хүч, ур чадвар цогцолсон хүчирхэг баг хүндхэн тоглолтын эцэст Дорноговь аймгийг өнөөдөр буулган авсан.
Хөвсгөлийнхөн ч Спрайт лигт өөрийн залгамж халаа сагсан бөмбөгчдөө бэлтгэж багаа амжилттай өрсөлдүүлдэг билээ.
9. Баянхонгор
Чөлөөт бөхийн нэгэн үеийн Монгол шилдэг тамирчдын нэг Халтмаагийн Баттуул төрөлх нутгийнхаа багт тоглож байна. Чөлөөт бөхийн шилдэг тамирчин, бизнесмэнээс гадна Ахмадын сагсан бөмбөгийн УАШТ-нд амжилттай оролцдог ухаалаг, дайчин сагсан бөмбөгч.
Тэдэнд Монгол Пиппен ОУХМ П.Батзаяа туршлага нэмж өөрийн хүү Б.Эрхэсээр эрч хүчийг нэмж байна. Залуучуудын шигшээгийн Бямбадорж хурд нэмж, Их Өргөө Аравтуудын Б. Мөнхбат самбарыг нь бат найтвартай манаж байна. Баянхонгорын залуус нутгийнхаа лигийг маш амжилттай зохион байгуулж шигшээ багаа Спрайт хөгжлийн лигт өрсөлдүүлж буй.
Өмнөговийн ганц ОУХМ Б.Мөнхболд эхний үед гурван онооны шугамын ардаас аадар бороо оруулсны улмаас 26 онооны зөрүүг бий болгосныг 4 болтол ойртуулсан ч онооны давамгайллыг авч чадалгүй ялагдал хүлээсэн. Гэвч тэдний тоглолт өнөөдрийн онцлох, өрсөлдөөнтэй тоглолтуудын нэг яалт ч гүй байлаа.
10. Өмнөговь
Зэрэглээ суунагласан говийн ээрэм талд ганц тэмээ зогсож буй мэт Өмнийн говиос төрөн гарсан цор ганц Сагсан бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер Батаагийн Мөнхболд төрөлх нутгийнхаа зон олны магнайг нь 3 онооны шугамны араас шидсэн шидэлт бүрээ байндаа тусгаж тэнийлгэж байна. Өмнөговийн харьяат улсын начин Одбаяр багийнхаа залууст итгэл нэмж хүчин зүтгэж байна. Өмнөговийнхон нутгийнхаа уугуул, суугуул сагсан бөмбөгчдийг сайтар цуглуулж жигдхэн сайн багийг байгуулжээ. ХҮДС-ээр овоглон сагсан бөмбөгийн ертөнцөд тэсрэлтийг хийж байсан туршлагатай сагсан бөмбөгч Данкер, ОУХМ Бат-Орших ээжийнхээ нутгийг даган тэдэнд элссэн бол лигт хүчин зүтгэж явсан туршлагатай, чадварлаг ахан дүүс Энхзориг, Зоригоо нарыг нэмжээ. Тэд өнөөдөр ОУХМ Б.Мөнхболдын эхний үед авсан 17 онооны давамгайллыг хадгалсаар Баянхонгор аймгийг хожсон.
11. Ховд
Ховдын хөгжлийн төлөө сангийн залуус сүүлийн 2 жил нутгийнхаа лигийг маш амжилттай зохион байгуулж Алтайн Аргаль багаа Спрайт лигт өрсөлдүүлж байгаа. Нутгийн уугуул Үндэсний шигшээ баг болон СБЛ Хасын Хүлэгүүд багийн довтлогч, Үндэсний супер лигийн Үнэ цэнэтэй тоглогч ОУХМ Б.Билгүүн, Альянс Тех Харцага багийн довтлогч ОУХМ Ц. Азбаяр, 2014-2015 оны Үндэсний супер лигийн Үнэ цэнэтэй тоглогч Мөнхтүвшин, Хэнтий Чингис Сити багийн тоглогч Алтансоёмбо зэрэг тоглогчоор хүчээр зузаатгасан тэднийг тэмцээний гол фаворитоор олон сагсан бөмбөг дэмжигчид нэрлэж байгаа.
Гэвч тэд өнөөдөр буюу тэмцээний эхний өдөр дайчин Увсын багт ялагдал хүлээж үзэгчдийн тааврыг эвдсэн. Хүчирхэг Ховдын баг дараагийн тоглолтууддаа даалгавраа амжилттай биелүүлж медалийн төлөө өрсөлдөж чадах болов уу?!
12. Увс
Увсын залуусыг “Дайчин” гэдэг үгээр тодорхойлмоор. Монгол улсын залуу аварга Мөнхбат нутгийнхаа залуусыг удирдан хийморийг нь өргөж байна. Талбайд гарсан тоглогч бүр бөмбөгний төлөө Дайчин тэмцэж байсан нь тэднийг ялалтанд хөтөлсөн.
Үндэсний аварга, Альянс Тех Харцагуудын төвийн тоглогч ОУХМ П.Болортулга Увс аймгийн багийн гол ноён нуруу. Боогий үүргээ ягштал биелүүлж, багийнхаа тоглолтыг найруулснаар багаа хожилд хөтөлсөн. Эхний гарааны тавтад Лигийн тоглогчгүй Спрайт лигт өрсөлддөг тавтаа илгээж байгаа Увсын тоглогчдыг хүчирхэг Ховдын багийг буулган авсан гэхээр тэд талбайд ямар “Дайчин” байсныг илтгэнэ. Бөмбөг бүрийн төлөө тэмцэлдэх нь Увс аймгийн багийн хамгийн том давуу тал.
13.Дархан
Сагсан бөмбөгийн амжилтын арвин түүхтэй, үеийн үед шилдэг сагсан бөмбөгчидтэй хот. Жүдо бөхийн домогт тамирчин, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дэлхийн аварга Х. Цагаанбаатар багаа ахалж, амжилт үзүүлэх бүх нөхцөл бололцоог хангаж байна. Мэдээж Дарханы шилдэг тамирчдыг өлгийдөн авч, сагсан бөмбөгийн эрдэмд сургаж гараасаа гаргасан дасгалжуулагч ОУХМ Д.Гүржав унаган шавь нараа удирдаж байна. Өнөөдөр тэд Завханы жигдхэн залуусыг нэмэлт цагт хожсон.
Монгол гайхамшиг хэмээн нэрлэгдэх авьяас, мэдрэмж нь бялхсан сагсан бөмбөгч Үндэсний шигшээ баг болон Танан Гарьд багийн холбон тоглогч ОУХМ Г.Ихбаяр, Үндэсний шигшээ баг, Танан Гарьд багийн тоглогч ОУХМ О.Ууганбаяр, Танан Гарьд болон Үндэсний 2-р шигшээ багийн довтлогч Цэрэнбат, СБЛ Хасын Хүлэгүүдийн Энхтүвшин нар нутгийнхаа багт нэгджээ.
Тэднээс оноо тасарахад хэцүү, тоглолтын төгсгөлд оноо ойрхон очих бүр хэцүү. Хожил салгахад хамгийн ярвигтай баг.
14.Завхан
Өндөр гарьд Баяржавхлан нутгийнхаа өмнөөс босч байна. Маш жигд, хүчтэй баг.
Залуучуудын шигшээ багийн А.Гансүх, Альянс Тех Харцагын Г.Цэнгүүнбаяр, Энхцогтын Дөлгөөн, Сентоза Арслангуудын Даваасүрэн нар Завханд байна. Тэдэн дээр туршлагатай холбон тоглогч Төрмөнх, Ууганбат, довтлогч Нямдорж, Алтан-Очир нар байна. 3 онооны давуутай явсан ч оноо тэнцэн улмаар нэмэлт цагт Дархан багт хожигдол хүлээсэн Завханчууд үлдсэн тоглолтууддаа нягт тоглож өндөр амжилт үзүүлэх потенциал дүүрэн баг.
15. Сүхбаатар баг
Монгол банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Жавхлан нутгийнхаа сагсан бөмбөгчдийг зүрх сэтгэлээрээ дэмжин ажиллаж байна. Тэрээр мөн Үндэсний цомд Сүхбаатарын залуустайгаа хамт өрсөлдөнө. Спрайт лигийн хүчтэй багуудын нэг Сүхбаатар аймгийн багт Залуучуудын шигшээ багийн тоглогч Энхбатын Дөлгөөн, Б.Батзолбоо нар нэмэгдэнэ.
Мягмар гаригийн тоглолтын хуваарь:
1. 09.00 Хөвсгөл-Сэлэнгэ
2. 10.30 Төв-Дорноговь
3. 12.00 Увс-Баянхонгор
4. 13.30 Өмнөговь-Ховд
5. 15.00 Хэнтий-Дархан
6. 16.30 Завхан-Орхон
7. 18.00 Өвөрхангай-Сүхбаатар
Багийн тэмцээнүүд үргэлжилнэ. Үүнд:
Багийн эзэн, олны танил тоглогч, Үндэсний супер лигийн тоглогч, нутгийн тоглогчид оролцоно. Мөн ур чадварын болон холын зайн шидэлтийн тэмцээнүүдэд аймгаа төлөөлж нэг нэг тоглогчид өрсөлдөнө.
Д.ЛХАГВА