"Өршөөлийн хууль 10 гаруй хүнээс болж гацчихаад байна"

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

"Өршөөлийн хууль 10 гаруй хүнээс болж гацчихаад байна"

"Өршөөлийн хууль 10 гаруй хүнээс болж гацчихаад байна"

УИХ энэ долоо хоногт Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Өнгөрсөн наймдугаар сард уг хуулийг баталсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Хоригийг УИХ хүлээж авсан учир хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар намрын чуулганы эхэнд хэлэлцэж эхэлсэн ч намын бүлгүүд хоёр долоо хоног дараалан завсарлага аваад буй.

Уг хуультай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд намын бүлгүүд хоёр удаа завсарлага авлаа. Аль наймдугаар сард батлагдсан уг хууль хоёр сар гаруй хугацаанд гацчихлаа. Асуудал юундаа байна вэ?

-Өршөөлийн хуулийн процесс маш тодорхой байгаа. Хууль батлагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулж, нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Нэмэлт өөрчлөлт оруулах процесс дээр явж байна. Энэ асуудлаар Байнгын хороо хэлэлцүүлэг хийлээ, одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.

-Нэмэлт өөрчлөлтөд чухам юуг тусгасан бэ. Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авсан учир тэдгээр нэмэлт өөрчлөлтийг бүрэн утгаар нь хийж чадсан уу?

-УИХ дахь МАН, “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авснаас энэ асуудал нэг тийш болж чадахгүй 14 хоног хойшлогдож байна. Намуудын завсарлага авсан шалтгааныг би мэдэхгүй. Бодвол, илүү нарийвчилж хэлэлцэх шаардлага гарсан юм байлгүй. Ямартай ч энэ долоо хоногт эцэслэн шийдэгдэх ёстой. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахгүй нөхцөл байдалд оруулах ёстой. Мөн тодорхой зүйл ангиудаас ялын хэмжээнээс нь хоёр хүртэлх жилээр хасах санал юм. Ерөнхийлөгчийн энэ саналыг олонх гишүүд хүлээж авах байр суурьтай байгаа.

-Хоригийг зарим гишүүн хаалттай горимоор хэлэлцэх саналтай байсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Хоригийг нээлттэй, ил тод хэлэлцэх ёстой. Энэ үеэр гишүүд байр сууриа тодорхой илэрхийлэх байх.

-Хэдийгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа ч агуулгын хувьд өөрчдлөгдөөгүй байна гэдгийг зарим гишүүн хэлж байсан. Таны хувьд хуулийн төсөлтэй танилцсан байх?

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулж, хэлбэрийн хувьд бус агуулгын нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Зарим гишүүн хэлбэрийн өөрчлөлт хийж, нүглийн нүдийг гурилаар хуурах гэж оролдож байгаа. Гэхдээ энэ бүтэлгүй оролдлого. Холбогдох байнгын хороо нэмэлт өөрчлөлт оруулсан 2-3 янзын хуулийн төсөл оруулж ирсэн. Заримыг нь буцаасан. Одоо Ерөнхийлөгчийн тавьсан хоригоор зүйл бүрээр нь санал хураалт явуулна. Гишүүдийн олонх нь эрүүл ухаантай хүмүүс учраас зөвөөр шийдэх байх.

-УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Шударга ёс” эвсэлд хоёр удаа завсарлага өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл боллоо гэж үзэх хүмүүс байна. Хуульч гишүүний хувьд энэ үнэхээр хууль зөрчсөн үйлдэл мөн юм уу?

-Намууд аливаа асуудлаар нэг удаа завсарлага авах эрхтэй. “Шударга ёс” эвслийн хувьд нэмэлт өөрчлөлт оруулаагүй Өршөөлийн хуульд завсарлага авч байсан. Энэ удаагийнх нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төсөл учраас хоёр өөр гэж ойлгож болно.

-Өршөөлийн хууль ганц хүнд зориулсан хууль гэж үзэх хүмүүс бий. Маш олон хоног гацааж байгаагаас ч ингэж дүгнэж болохоор байна л даа?

-Ганц хүнд зориулсан хууль биш. Олон мянган хүн энэ хуульд хамрагдана. Харин ганц хүнээс болж энэ хуулийг гацааж болохгүй. Ганц ч биш 10 гаруй хүнээс болж энэ хууль гацаад байгаа юм.

С.ЗАЯА

ЭХ СУРВАЛЖ: WWW.EAGLE.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж