Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Японы иргэд жагсав

Японд цунамигийн гамшиг нүүрлээд гурван сарын хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн бямба гаригт Японы иргэд хор хөнөөлгүй, найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болохыг уриалан орон даяар жагсчээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас Фүкүшима Дайчигийн атомын цахилгаан станцад цөмийн хямрал нүүрлэж, мянган мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болсон. Гамшиг нүүрлэснээс хойш бүтэн сарын хугацаа өнгөрсөн ч цацрагийн идэвхит бодисын алдагдлыг зогсоохоор онцгой албаныхан чөлөө завгүй ажилласаар байсан юм.

Бямба гаригт болсон жагсаалын гол зорилго нь цахилгаан эрчим хүчний илүү найдвартай эх үүсвэрийг бий болгохыг шаардахад оршиж байв. Цацраг идэвхт бодис бүхий материалыг байгаль орчинд булшилж байгаа нь олон улсад Японы нэр хүндийг унагаж байгаа тул Фүкүшимагийн атомын станцыг аль болохоор хурдан хугацаанд хаах хэрэгтэй байгаа тухай ч жагсагчид мэдэгдэж байжээ. Жагсагчдын зарим хэсэг нь ТЕПКО-ийн төв байрны гадна цуглаж, үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Цунамигийн гамшигт зөвхөн атомын цахилгаан станц, түүний ойр хавийн газар нутаг өртөөд зогсолгүй хөдөө аж ахуй, газар тариалан, загас агнуурын аж ахуй эрхэлдэг иргэд давхар хэлмэгдэж, элдэв хориг тогтоолгуулаад байсан ч тавдугаар сарын сүүлээс эхлэн тэдгээр хоригуудыг дэс дараатайгаар цуцалж эхэлжээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж