Чанаргүй гэхээсээ чанартай киног тоолж болно

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

Чанаргүй гэхээсээ чанартай киног тоолж болно

Найруулагч Г.Жигжидсүрэн “Монгол киноны нэвтэрхий толь”-ийн хоёрдугаар ботио гаргажээ. Энэ талаар найруулагч Г.Жигжидсүрэнтэй ярилцлаа.


-Таны хувьд хамгийн сүүлд “Монгол киноны нэвтэрхий толь” ботийн хоёрдугаар дэвтрийг гаргасан байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

-“Монгол киноны нэвтэрхий толь” номын нэгдүгээр ботийг арван жилийн өмнө гэр бүлийнхээ хүнтэй хамтарч бичсэн юм. Монголын кино урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан бичиж байсан. Энэ номонд 1935-2000 он хүртэлх дэлгэцийн бүтээлийг багтаасан л даа. Киноны түүх, уран бүтээлчдийн талаар дэлгэрэнгүй оруулсан байдаг. Тэр ном маань өдгөө ховор номны тоонд ороод олдохоо байсан. Тиймээс энэ номны хоёрдугаар ботийг бичих хүсэлтийг “Тэнгис” кинотеатрынхан маань тавьсан. Эхэндээ ч би халширч байсан л даа. Сүүлийн жилүүдэд дэлгэцийн бүтээл, кино ихээр гарч байна. Тэр бүгдийг олж, судалж оруулна гэдэг нүсэр ажил байдаг. Тэр үед эхнэр Цэцгээ маань “Нэгэнт нэгдүгээр ботийг нь гаргасан юм чинь хоёр дахийг нь гаргая” гэсэн. Тэгээд бид жил гаруйн хугацаанд суусан.

Эхний ботид орсон 300 гаруй киноны хувьд, Монголкино үйлдвэр байх үед хийгдсэн юм. Өөрөөр хэлбэл, эдгээр кинонуудын түүх, намтар баримтыг нэг дороос авах боломжтой байсан. Гэтэл 1990 оноос хойш кино студи, продакшнууд энд тэнд байгуулагдсан. Нэг кинонд хамт ажилласан хүмүүс хүртэл нэгнийхээ овог, нэрийг мэдэхгүй байгаа юм. Тэгэхээр тэр олон кино, бүтээл, түүнд ажилласан хүмүүсийн мэдээллийг энд тэндээс цуглуулах томоохон ажил бид хоёрын өмнө тулж ирсэн. Жилд л гэхэд кино бүтээл 20, 30-аараа төрж байна гэд боддоо. Ямар ч байсан тэр бүгдийн хойноос эрэл сурал болж, судалгаа хийсний дүнд хоёрдугаар боть номоо гаргасан.

-2000-2015 оны хооронд кино бүтээл олноороо гарах болсныг таны гаргасан боть бэлээхэн нотолсон байна. Тоо ихсэхийн хэрээр чанарын асуудал яригдах байх. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Тийм. 2000-2015 оны хооронд гарсан кинонууд дунд урлагийн бүтээл гэж хэлэхэд хэцүүхэн зүйлс ч байна. Сүүлдээ би “Ийм кинонуудыг ботьдоо оруулахаа больё” гэсэн л дээ. Цэцгээ маань харин “Хүн мөнгө, цаг заваа гаргаж хийсэн. Кинотеатрт аль хэдийн гараад хүмүүст хүрсэн учраас чи бид хоёр энэ киног хасч болохгүй” гэж байсан.

-Энэ мэтчилэн чанаргүй уран бүтээл хэр их байсан бэ?

-Тоо тоймгүй. Чанаргүй кино хэд байна вэ гэхээс илүүтэй урлагийн бүтээл болохоор чанартай нь хэд вэ гэдэг дээр л тоо хэлж болохоор байна.

Харин сүүлийн тав, зургаан жилд кино уран бүтээлийн чанар сайжирсан дүр зураг ажиглагдсан. 2010 оноос хойш хийсэн кинонуудыг хараад ирээдүй маань гэрэлтэж эхэлж байна гэж харсан. Чадалтай залуу уран бүтээлчид гарч ирж байна. Зохиолч, найруулагч, жүжигчин, оператороос эхлээд сайхан уран бүтээлчид бий. Гадаадад сургууль соёл төгсөөд дэлхийн кино урлагийн түвшинг өөрийн биеэр мэдрээд ирсэн авьяаслаг залуус эргээд ирсэн нь харагдсан. Тэднийг нэрлээд яах вэ. Нөгөө хэсэг нь гомдох байх. Ямар ч байсан Монголын кино урлагт сайхан ирээдүй харагдаж эхэлж байна.

Би 1974 оноос Улсын багшийн сургуулийн кинодрамын ангид багшилж эхэлсэн. Ц.Төмөрбаатар, Б.Батзаяа, Д.Цэрэндагва, Ч.Үржинбадам гээд шавь нар маань бий. Тэд нар маань ч гэсэн бор зүрхээрээ сайн кино хийгээд шагнал авч байгаад баяртай явдаг.

-Зарим хүн чанартай ч бай, үгүй ч бай кино урлаг ингэж явсаар хөгжинө гэдэг. Харин нөгөө талаас чанаргүй кино олноор хийж энэ салбарын хөгжлөөс хойш татаж байна гэж шүүмжилдэг. Таны хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Тэр үнэн. Гэхдээ хүсэл, мөнгө, боломж байвал хийхээс яах вэ. Хүмүүс ч гэсэн надад хэлдэг л дээ. “Та нарын үеийн кинонуудыг одоо ч гэсэн үзэхэд уйддаггүй. Гэтэл сүүлийн үеийн олон киног үзээд ч толгойд үлдэхгүй юм. Ямар учиртай юм бэ” гэдэг. Хэд хэдэн асуудал бий.

Мэргэжлийн бус хүмүүс хэт олноор орж ирсэн. Тэгээд зохиолгүйгээр кино хийж байна. Зохиолгүй кино хийнэ гэдэг хундаамгүй байшин барьж буйтай адил. Хоёрдугаарт, мэргэжлийн продюссер байдаггүй. Нэг мөнгө төгрөгтэй хүн нь “За яахав би хийе” гэх жишээний. Продюссер гэдэг киног яаж хэрхэн хийх, хийсний дараа хаана яаж гаргах вэ, олон улсын аль наадамд оруулах вэ, сүлжээнд хэрхэн яаж оруулах вэ гэдгээс эхлээд мэргэжлийн ажил хийдэг.

Мөн киног маш том бизнес гэж хараад орж ирэх хүмүүс олширсон. Кино гэдэг бол уран бүтээл. Гэхдээ киног яг номоор нь хийх юм бол маш том бизнес болж чадна. Харин өнөөдөр номоор нь кино хийж чадахгүй байна.

Гурав дахь асуудал нь киноны судлал, шүүмж байхгүй. Одоо гарч буй шүүмжүүдийг уншихаар зүгээр л үзэгчийн сэтгэгдэл. Эсвэл мэдэгдэхүйц захиалгын магтаал. Мэргэжлийнхэн бол дэлхийн киноны түвшин, урсгалтай зүйрлүүлэн шүүмжилдэг.

-Мөн хуулбар киноны асуудал ч их байна?

-Маш их. Гадны кинонуудыг тэр чигээр нь хуулж байна. “Монгол киноны нэвтэрхий толь” хоёрдугаар ботид орсон кинонуудын ихэнх нь хуулбар байсан. Ингэж хэлснээрээ залуусыгаа гомдоож байгаа байх. Гэхдээ бодит байдал ийм л байна.

Гэтэл монгол зан заншил, ахуйг харуулсан сайхан уран бүтээл үгүйлэгдсээр л… Нэг үйл явдал болоход монгол хүн нэг өөрөөр, америк хүн, солонгос хүн өөр өөрөөр ханддаг. Тухайн улс үндэстний соёл, зан заншилтай холбоотойгоор өөр байдаг. Гэтэл одоогийн кинонуудад тэр онцлог нь байхгүй.

Сүүлийн жилүүдэд би энэ талаар их ярьж байна. Тэгээд Ч.Лодойдамбын “Солонго” өгүүллэгээр кино хийх гээд хөөцөлдөж байна.

-Таныг монгол зан заншлыг харуулсан томоохон уран бүтээл дээр ажиллах гэж байгаа гэж сонссон?

-Мөн Монголын кино урлагийн 80 жилийн ойд зориулаад “Кино мэндэлсэн түүх” нэртэй ном хийж байна. Үүнийгээ дуусгаад нэг кино зохиол дээр сууна. Монгол зан заншил үнэртсэн их сайхан зохиол гарч ирсэн. Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” романаар монгол зан заншил, ахуйг харуулсан сайхан кино хийхээр төлөвлөсөн. Гол дүрд нь Д.Сосорбарамыг тоглуулна. Зохиолоо уншуулсан. Д.Сосорбарамыг тоглохгүй бол би тэр киног хийхгүй гэдгээ ч хэлсэн. Сүүлд Гадаад хэргийн яаманд таарахдаа Д.Сосорбарам “Би тоглоно” гэж байсан.

Б.ЗОЛЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж