Дэмчог дацангийн суурийг тавилаа

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Дэмчог дацангийн суурийг тавилаа

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Цэцэрлэг хот дахь нутгийн зөвлөлүүд сумын ИТХ болон Засаг дарга, түүний Тамгын газар, Ахмадын хороотой хамтарч 2012 онд тохиох Халхын анхдугаар Зая гэгээн Лувсанпэрэнлэйн мэлмий гийсний 370 жилийн ойг угтан Дэмчог дацангийн суурь дээр шашин соёлын цогцолбор барихаар зуны эхэн сарын шинийн гуравны билэгт өдөр шав тавилаа. Ёслолын ажиллагаанд тус сумын харьяат УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Батбаяр нар оролцон хуран цугларсан олонд хандан баяр хүргэж, ерөөл өргөв. Эрдэнэмандал сум бол Халхын анхдугаар Зая гэгээнтэн Лувсанпэрэнлэйн мэндэлж, тодорсон хожим түүний шавь нарын унаган нутаг билээ.

Мөн сүүлчийн XVII Зая гэгээнтэн Лувсанданзанпүлжинжигмэдийн тодорсон адис жинлавтай нутаг. Иймээс Зая гэгээнтэн Лувсанданзанпүлжинжигмэд бараа болон лам нарын хамт шинээр бүтээгдэх шашин-соёлын цогцолборын шавыг биечлэн тавьж ном айлдсан нь сүсэгтэн олны талархлыг хүлээв. Эрдэнэмандал сумын төвд орших Өлзийт дэнж хэмээн уужим өндөрлөг тэгш сайхан талбайд одоогоос 350 гаруй жилийн өмнө анхдугаар Зая гэгээнтэн 19 жил Төвдөд номд суралцаж буцаж ирээд Дэмчог дацанг байгуулж Дэмчог бурханыг залсан түүхтэй ажээ. 1930-аад оны хар шуурганд Дэмчог дацан сүйдэж, Дэмчог бурхныг нэгэн сүсэгтэн аварч хадгалан бидний үед авчирсан байна. Дэмчог дацангийн суурийн 20 м диаметртэй чулуун суурийг хамгаалан ойн төгөл болгон мод тарьсан С.Рэнцэнбал даргатай худалдааны хамт олныг сайшаан бахдаж байгаа. Хуран цугларагсдын дунд байсан 100 насыг зооглож яваа Дэндэвийн Гонгорсүрэн эмээ хэлэхдээ “Би залуухан байхдаа Дэмчог бурхандаа мөргөж Дэмчогийн дугандаа хурал даган баясаж явлаа. Дэмчогийн дуган нь мөн ч том сайхан дацан байсныг нурааж устгах үед шүтэх юмгүй боллоо” гэж уйлж байсан. “Нутгаа гэсэн сайхан хүүхдүүд дуганыг сэргээх болсонд баярлаж байна. 100 мянган төгрөгийг хандивлана гэж бодож байна. Дацандаа орж Дэмчог бурхандаа мөргөтөл амьд саруул байхыг хичээж маани, мэгзэмээ уншиж хүлээж сууна” гэв. Сум даяар Дэмчог дацанг сэргээх, шашин-соёлын цогцолборыг бүтээхэд хандив өргөх нэг сарын өрнөж байгаа юм. Шашин-соёлын цогцолборын шав тавих ёслолд зориулан үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан болж, СУИС-ийн оюутан, тус сумын иргэн О.Доржжанцан, Б.Батцэцэг нар шашины мөргөл, тарнийн дуугаар ая өргөж чимэв. Мөн өдөр сумын залуучуудын урлаг-спортын наадам болж зургаан багийн 300 гаруй залуус урлаг, спортын 10 төрлөөр өрсөлдөв.Тус тэмцээнд Б.Жанцандорж Засаг даргатай “Өлзийт” баг тэргүүлж, Д.Батдорж Засаг даргатай “Эрдэнэ-Уул” баг удаалав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж