Надтай хүний өөрийнгүй л үзэлцэж байна…Э.Бат-Үүл
Өрсөлдөгчидтэйгээ ханилж, өөрсдийнхнөө намнадаг энэ байдал чинь бүр 1996-2000 оноос эхтэй. Тэр үеийн улс төрийн туршлагаараа өнөөдөр амьдрах гэж оролдож байгаа энэ хүмүүс бол АН доторхи томоохон хорт хавдар л даа… Х.Тэмүүжин
Энэ бол Ардчилсан намын гишүүдийн төлөөллөөс хоёрынх нь хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан үгс. Засгийн эрхийг барьж байгаа өнөөдрийн Ардчилсан намыг өчигдрийн эрх мэдэлгүй АН-тай харьцуулбал их олон зүйл өөрчлөгдсөн байх. Бүгдээрээ шахуу сайд болсон, бас бүгдээрээ биш юм аа гэхэд олонх нь баяжсан.
Гэвч, өнгөрсөн 25 жилийн туршид Ардчилсан намд ганцхан зүйл өөрчлөгдөөгүй үлджээ. Тэр нь Х.Тэмүүжин гишүүний хэлсэнчлэн өрсөлдөгчидтэйгөө нийлж өөрсдийгөө намнах явдал…
Үнээн, өнгөрсөн гурван жилийн хугацаанд өрсөлдөгчдөөсөө илүү “өвдөлт” мэдэрсэн нь Ардчилсан намынхан өөрсдөө юм. Өөрсдийн лидерээ олж хардаггүй, хүлээн зөвшөөрдөггүйгээсээ болоод өчигдрийн Ардчилсан нам ч алдсан, өнөөдрийн Ардчилсан нам ч алалдаж байна. Өөрийн хүнээ дэгээдэж унагадаг, шарх сорви үлдээж, гэмтээдэг тэдний тэмцэл ужгирсаар АН-ыг өвтгөх хэмжээний хорт хавдар болон сэдэрчээ.
Европын улс төр судлаачид болох Ричард Катц, Петер Мейр нар “Олигархи бүтэцтэй удирдлага тогтох хандлага ардчиллын ахицтай цөөн улсуудын дунд ажиглагдсан ба тэдгээр нь өөр намуудтай өрсөлдөх бус хуйвалдах замыг сонгодог байна” гэж дүгнэснийг МУИС-ийн багш Э.Гэрэлт-Од нэгэн судалгааны бүтээлдээ иш татжээ. Тэгвэл энэхүү ишлэлийг өнөөдрийн эрх барьж байгаа Ардчилсан намын сонорт хүргэмээр байна. Өөрөөр хэлбэл, олигархи бүтэцтэй удирдлага тогтох хандлага нь өнөөгийн АН-ыг өвчлүүлж, улмаар өөр намуудтай өрсөлдөх бус хуйвалдах замыг сонгоход хүргэж байгааг!
Үнээн, өнгөрсөн гурван жилийн хугацаанд өрсөлдөгчдөөсөө илүү “өвдөлт” мэдэрсэн нь Ардчилсан намынхан өөрсдөө юм. Өөрсдийн лидерээ олж хардаггүй, хүлээн зөвшөөрдөггүйгээсээ болоод өчигдрийн Ардчилсан нам ч алдсан, өнөөдрийн Ардчилсан нам ч алалдаж байна. Өөрийн хүнээ дэгээдэж унагадаг, шарх сорви үлдээж, гэмтээдэг тэдний тэмцэл ужгирсаар АН-ыг өвтгөх хэмжээний хорт хавдар болон сэдэрчээ.
Хорин таван настай Ардчилсан нам ингэхэд лидерийн хомсдолд орсон уу?
Үгүй ээ, Ардчилсан нам өөрөө өөрсдийгөө хүлээн зөвшөөрч чаддаггүйдээ, өөрсдөөсөө лидер төрүүлж чадахгүйдээ бүгдээрээ лойдор болчихсон юм шиг харагдаад байгаа юм. Өрсөлдөгчдөдөө өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх хэмжээний итгэлцэл, ядахнаа асуудлаа дотроо эвээр яриад шийдэх нэгдэл бий болоогүй, төлөвшөөгүй учраас Ардчилсан намд лидер “алга” байна. Лидер болох гэсэн тэдний тэмцэл лидерээ төрүүлж, хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байгаа юм.
Түүнээс энэ намд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний улстөрч олон бий. Ардчиллын анхны алтан хараацайнуудаас эхлээд, ахмад, залуу үеийнхэн дотор нь ч олон нийт үгийг нь олж сонсдог,хүлээн зөвшөөрдөг, үйлдлийг нь дэмждэг манлайлагч олон бий. Гагцхүү АН өөрөө л тэднийгээ олж харахгүй, харахыг ч хүсэхгүй байгаа юм.
Тэгвэл эндээс АН-ын лидер хэн бэ гэсэн нэг асуулт тавигдаж байна. Ардчиллын анхны хараацай Э.Бат-Үүл үү эсвэл намын дарга З.Энхболд уу, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үү, 27-хон насандаа Үндсэн хуулийг батлалцаж явсан өнөөгийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт уу, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг уу? Яг үнэндээ хэн нь АН-ын лидер юм бэ. Хэн нь намдаа болоод олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чадсан манлайлагч болж чадах вэ?
Хуулийн дагуу намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг эс тооцвол шүү дээ.
“Засаг унагаах сонирхол газар аваагүй”-г Ардчилсан намын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж. Гэхдээ Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаах асуудлыг Ардын нам хөндөөгүй юм шүү. Аль эртнээс гарын үсэг цуглуулж яваа Г.Уянгын улс төр дээр АН-ынхан харин хүслээрээ өөрсдөө л бүжиг дэглэсэн. Түүн дээр генсекийнх нь хэлсэн “Ч.Сайханбилэг огцрох үгүй нь өөрөөс нь хамаарна” гэсэн үг даарин дээр давс үрсэн явдал болсон ч биз… Тавантолгойн гэрээний төсөл яаж боловсруулахаас Ч.Сайханбилэг сандал дээр үлдэх эсэх нь хамаарна гэж шууд хэлчихээгүй ч УИХ-ын даргын амнаас унасан үг яг л ингэж ойлгогдож байна билээ.
Засаг унагаах тоглолтод хамгийн сүүлд С.Баярцогтыг оруулж ирлээ. Ч.Сайханбилэгийн засгийн хүчийг сулруулахын тулд түүний хамгийн том түшиг болох мэдлэг боловсрол, үзсэн сурсан, улс төрийн хүрээн дэх нэр нөлөөгөөрөө Шийдлийн засгийн танхимдаа л лидер нь болох С.Баярцогт руу О.Баасанхүү гэх зуудаг нохойг тавьж суугаа эзэн нь Ардчилсан нам өөрөө бус уу. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас шагшрах вэ гэж… Үнэндээ “офшор” данснаас эх авсан С.Баярцогтыг чиглэсэн сүүлийн гурван жилийн улстөржилтийн цаана Ардчилсан намынхан нөгөө л өрсөлдөгчидтэйгөө хавсайдаж өөрсдийгөө “зоддог” тактик байсныг батлах аргагүй шиг бас үгүйсгэх аргагүй юм. Тухайн үедээ намын дарга, цаашлаад Ерөнхий сайд болох хамгийн шаанстай хүн үнэн хэрэгтээ бол С.Баярцогт байгаагүй гэж үү?
З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар бүгд нэг үеийнхэн. Бүгдээрээ улстөрд өөрийн гэсэн зам мөртэй, өнгө төрхтэй. Араас нь М.Батчимэг, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр гээд залуу үеийнхэн жагсч байна. Ардчилсан намынханд л залуу үе шиг харагдаж байгаа болохоос угтаа тэд аль хэдийн улс төрд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчид болчихсон шүү дээ.
Улс төрд эдэлж байгаа эрх мэдэл, намынхаа нэгдүгээр хүн гэдэг утгаараа З.Энхболд яах аргагүй манлайлагч. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй шиг бас хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь Ардчилсан намд олон байна. Хэтэрхий шазруун зан, дээрэнгүй хандлага, хатуу яхир зангаасаа болоод тэрбээр намдаа лидер хэмээн хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа шиг Ч.Сайханбилэг хэдийгээр гүйцэтгэх засаглалын тэргүүн гэлээ ч бодлогоо зоригтойгоор хэрэгжүүлж чадахгүй, УИХ-ынхаа барьцаанд орсноороо мөн адил лидер болж харагдахгүй байна. Энэ боломжийг эцсийн эцэст нь өнөө л өөрийнх нь Ардчилсан нам нь олгохгүй байгаа нь үнэн билээ.
АН-д өнөөдөр лидер үнэхээр үгүйлэгдэж байна. Тус намд лидер байхгүйдээ биш байгаа тэднийгээ хүлээн зөвшөөрч чадахгүйдээ намаа, улсаа хэвтэрт оруулах хэмжээнд хүртэл хүндээр өвчлүүлжээ. Энэ л тэдний туссан хүнд өвчний онош. Хэрэв энэ өвчнөө эдгээж чадахгүй бол лидерийн эрэлд мордсон тус намд задрал нүүрлэхэд тун ч ойрхон болсныг сануулахад буруудахгүй биз. Тиймээс хотыг хот шиг болгохын төлөө өрсөлдөгчдөдөө өдөр шөнөгүй нүдүүлэх болсон Э.Бат-Үүлийгээ эсвэл хатуу, хахир зантай ч улстөрийн стратегийн хувьд өөрийн гэсэн үзэл бодолтой намын дарга З.Энхболдоо, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийгээ, С.Баярцогт, Х.Тэмүүжин, Л.Гантөмөрийгөө, М.Батчимэгээ лидер болгон төрүүл л дээ. Өөрсдийгөө өрөөлтэй нийлж унагааснаараа тус намын фракциуд АН-ыг өвчлүүлээд зогсохгүй Монголын улс төр, эдийн засагт "идээ бээрээ" цацаж байгааг олж харах ёстой болов уу. Учир нь хүн хэлэхээс нааш ойлгодоггүй гэдэг дээ.
Нэг үгээр хэлбэл, Э.Бат-Үүлийн хэлсэн шиг хүний өөрийнгүй нийлээд бие, биеэ “барьж идээд” байхаар АН яаж арван зургаан оны сонгуульд ялалт байгуулж чадах юм бэ? Ахиад гудамжиндаа лааз өшиглөхгүй юм бол АН-ынхан өөр хоорондоо "хутга" бариад дайрах бус өөрсдийгөө өөрсдөө хүлээн зөвшөөрөх цаг болсон юм биш үү. Өөрсдийгөө өөрсдөө хүлээн зөвшөөрч чадна гэдэг үнэндээ бол асар том харилцааны ухаан, ихээ мундаг соёл шүү дээ.
Ж.НЯМСҮРЭН