Философийн салбарынхан 50 жилийн ойгоо тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.18-нд нийтлэгдсэн

Философийн салбарынхан 50 жилийн ойгоо тэмдэглэлээ

Монгол Улсад Философийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний 50 жилийн ой өнгөрсөн Баасан гаригт тохиож, тус салбарынхан 50 жилийн ойгоо угтсан олон арга хэмжээ, хурлыг зохион байгуулсан байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Философийн салбарын хөгжил хэрхэн явагдсан тухай МУИС-ийн философи, шашин судлалын тэнхмийн эрхлэгч, доктор Б.Дагзмаатай ярилцсаныг уншигч танд хүргэе.


-МУИС-ийн Философийн салбарын 50 жилийн ой болж байна. Энэ хугацаанд танай тэнхим 700 орчим мэргэжилтэн бэлтгэжээ. Эдгээр төгсөгчид тань  философи мэдлэгийг түгээх, эзэмшүүлэх ажлыг хийж байгаа нь лавтай.  Ер нь төгсөгчид тань нийгмийн аль салбарт илүү түлхүү ажиллаж байна вэ?

-1965 онд философийн салбар байгуулагдсанаас хойшхи 34 удаагийн төгсөлтөөр  687 философич, нийгэм судлалын багш мэргэжилтэй бакалавр, 94 магистр бэлтгэн гаргажээ. МУИС-ийн Философийн тэнхмийн орчин цагийн монголын нийгэмд гүйцэтгэсэн нэгэн чухал үүрэг бол их дээд сургуулиудад философи, нийгмийн ухааны багш, Шинжлэх ухааны академи, хүрээлэн, институтүүдэд эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэн нийлүүлсэн явдал юм. Монголын их, дээд сургуулиудад 80 гаруй багш, ШУА болон эрдэм шинжилгээний байгууллагад 50 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, хот хөдөөгийн ерөнхий боловсролын дунд сургуульд 300 гаруй багш, төрийн захиргааны байгууллагад 80 гаруй төгсөгч ажиллаж байна.

-Ер нь энгийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд философи мэдлэг ямар хэрэгцээтэй байдаг юм бэ? Хүмүүс энэ мэдлэгийг хэрхэн яаж үр дүнтэй ашигладаг юм бол?

-Философи гэж юу вэ, түүний ач холбогдол юунд оршдог юм бэ гэсэн асуулттай адил юм уу гэж би ойлголоо. Философи гэж юу вэ гэсэн асуудлыг философийн ном сурах бичгийн хамгийн эхний бүлэгт авч үзэн, философийн хамгийн анхны хичээл дээр ярьдаг учир энэ нь хамгийн хялбар асуудал мэт олон хүнд санагддаг. Харин үнэн хэрэг дээрээ энэ асуудал бол хамгийн хүнд асуудал юм. Философичдын санал болгосон философи мэдлэгийн олон тодорхойлолт байдаг. Тэдгээрээс надад орчин үеийн алдартай философич Г.Г.Гадамер философийг ойлголтуудын түүх гэж тодорхойлсон нь сэтгэлд ойр байдаг. Философи мэдлэгт суралцснаар хүн юуны өмнө зөв цэгцтэй сэтгэн бодох чадвартай болохын зэрэгцээ бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгэлгээний үүднээс нэгэнт хуримтлагдсан мэдлэг болон үзэл бодлын аливаа стереотипуудад (урьдаас тогтсон хандлага) эргэлзэх суурь дадалтай болдог. Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлэхэд философийн янз бүрийн онол, баримтлалын үлэмж олон төрлийг шууд утгаар нийгмийн практик зориулалттай гэж бас үзэх үндэсгүй юм. Өөрөөр хэлбэл философи мэдлэгийн практик ач холбогдол онолоор дамжин илэрдэг учир түүнд шууд меркантилист зарчмын үүднээс хандах боломжгүй шиг санагддаг. Гегелийн хэлснээр философи бол цаг үеийнхээ оюунлаг квинтэссенци, эрин үе өөрийгөө ухамсарлах явдал юм. Философи бол шүүмжлэлт сэтгэлгээ юм.

-Хүний сэтгэлгээг хөгжүүлэхэд ийм  чухал хувь нэмэр оруулдаг философийн салбарын  сургалтын агуулга, чанар, хичээлийн хөтөлбөр өнөөдөр дэлхийн жишигтэй харьцуулахад ямар төвшинд байна вэ?

-1990 оноос өмнөх үед философийн сургалтын агуулга  эрх баригч намаас тавьж буй шаардлагын түвшинд марксист-ленинист философийн хүрээнд байж ирсэн. Харин 90-ээд оны үе бол бүхэлдээ шилжилтийн үе байсан бөгөөд энэ үед философийн хөтөлбөр бүтэц, агуулгын хувьд эрс өөрчлөгдсөн, тэрхүү өөрчлөлтийн үйл явц нэлээн урт хугацаанд /бараг 20 жил/ үргэлжилсэн байна.  2014-2015 оны хичээлийн жилд МУИС-ийн хэмжээнд хийгдсэн бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд Философи, шашин судлалын тэнхмийн багш нар философи, шашин судлал гэдэг хоёр хөтөлбөрийг дахин боловсруулж, шинэчилсэн юм. Энэ ажлын хүрээнд философийн салбарын багш нар гадаадын өндөр хөгжилтэй орнуудын философийн хөтөлбөрүүдийг харьцуулан судлаж, философийн хөтөлбөрт хамаарах мэргэжлийн заавал судлах хичээлүүдийн нэр, багц цагийг тогтоохыг оролдсон болно. Хэдий тийм боловч философийн сургалтын агуулга, болон арга зүйг дэлхийн тэргүүлэх их сургуулиудын стандартад хүргэх ажил бидний өмнө байгааг энд хэлэх хэрэгтэй.

-Философийн мэргэжлийн бахархал юу вэ? Та өөрөө энэ мэргэжлийг эзэмшсэн хүний нэг төлөөллийн хувьд бодлоо хуваалцаач?

-Философи өөрөө аливаа мэдлэгийн онолоос урган гарч тэдгээрт үнэлгээ өгч бий болдог, тийм учраас философийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн хүн бол эргээд тэдгээр мэдлэг рүүгээ хөрвөж орох бололцоо өргөн байдаг учир энэ нь хувь хүнд холбогдох утгаар ч мөн нийгмийн утгаар ч философийн мэргэжлийн сайн тал нь байдаг гэж би боддог юм.

-Салбарынхаа 50 жилийн ойн хүрээнд та бүхэн ямар ямар ажлуудыг хийж амжуулав?

-Манай тэнхмийн хамт олон салбарынхаа ойг утган өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн эрдэм судлалын болон сургалтын олон ажил санаачлан гүйцэтгэж ирсэн юм. Тухайлбал салбарын бакалаврын болон ахисан түвшний оюутнуудын дунд зориулж гадаадын профессоруудыг урьж лекц, ярилцлага хийснээс Германы Чөлөөт Берлиний их сургуулийн профессоор Себастьян Лалла “Communist fairytale” сэдвээр, АНУ-ын Нью-Иоркийн Канисиус /Canisius College/ коллежийн профессор  М.Форест “The Cult of the Dead & the Ever Sanative Conscience: American Philosophy and the Use of the Past” сэдвээр лекц уншсан.  Мөн шинэ хичээлийн жил эхэлснээс хойш манай тэнхмийнхэн МУИС-ийн Философийн салбарыг төгсөгчдийн холбоотой хамтран салбарын оюутан, төгсөгч, багш нарын дунд урлаг, спортын наадам зохион байгуулаад байна. Мөн өнгөрсөн Баасан гаригт 50 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болон салбарынхаа төгсөгчдөд зориулсан баярын хурлыг хийсэн.

-Ярилцсанд баярлалаа.  

 

Ж.ХАТАНБААТАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж